Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 02740

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн хотхоны 903 тоотод байрлах, регистрийн дугаар 5742382, А.Ф Г ББСБ ХХК нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Ганзамын 210 тоотод байрлах, регистрийн дугаар 5086418, П.О ХХКомпанид холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 741 400 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдин-Од, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Отгонтуяа нар оролцов.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч:А.Ф.Г ББСБ, ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:П.О ХХКомпани 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 09/10/15/01 тоот зээлийн гэрээ, 02/10/15/02 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж 400 000 000 төгрөгийг, 30 хоногийн 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан.П.О ХХКомпани өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрөөс огт төлөөгүй тул бидний зүгээс 2016 оны 1 сарын 13-ны өдөр зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн 584 000 000 төгрөг болсон тухай мэдэгдэл хүргүүлсэн.Иймд П.О ХХКомпаниас үндсэн зээл 400 000 000 төгрөг, зээлийн хүү 40 000 000 төгрөг, алданги 144 000 000 төгрөг нийт 584 000 000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн тооцоо нийлснээс хойш 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг дуустал 45 хоногийн алдангид 90 000 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 67 400 000 төгрөг нийт 741 400 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:А.Ф.Г  ББСБ, ХХКомпани 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр П.О ХХК-тай Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 453 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангасан гэрээ байгуулсан бөгөөп уг гэрээнд  зээлдэгч талаас П.О ХХК-ийн захирал Цолмон, зээлдүүлэгч талаас А.Ф.Г  ББСБ ХХК-ийг төлөөлж О.Эрдэнэ нар гарын үсэг зурж баталгаажуулсан.Зээлийн гэрээгээр 400 000 000 төгрөгийг, нэг сарын 10 хувийн хүүтэйгээр, 2 сарын хугацаатайгаар барилгын ажлын санхүүжилтын зориулалтаар зээлсэн, зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дууссан.Зээлийн барьцаанд Хан-Уул 10 дугаар хороо Буянт-Ухаа наадамчдын зам гудамжны 202 тоот 3400 м.к талбайтай орон сууцны зориулалттай 60 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалсан.Гэрээ байгуулснаас хойш хариуцагч тал төлбөрийг төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр зээл болон зээлийн нэмэгдүүлсэн хүү 584 000 000 төгрөг болсон талаар мэдэгдэл хүргүүлсэн.Хариуцагч компанитай манай байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, нэмэгдүүлсэн хүүг тооцохгүй байх гэх мэт санал тавьсан ч зөвшилцөлд хүрээгүй.Хэрэгт авагдсан 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн тооцоо нийлсэн акт, 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн мөнгөн төлбөрийн үүрэг гүйцтэгэх гэрээ, мөн зээлийн гэрээнд үндэслээд манай компанийн зүгээс үндсэн 400 000 000 төгрөг, үндсэн зээлийн хүү 40 000 000 төгрөг, алданги 234 000 000 төгрөг нийт 674 000 000 төгрөгийг нэхэмжилж байна.Манайх өмгөөлөгчийн зардал 67.400.000 төгрөгийг татгалзаж байна.Барьцаа хөрөнгө болох Хан-Уул 10 дугаар хороо Буянт-Ухаа наадамчдын зам гудамжны 202 тоот 3400 м.к талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс нэхэмжлэлийн үнийн дүнгээр шаардлагыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа гэв.

 

Хариуцагч П.О ХХКомпанийн итгэмжлэгдсэн В.Мандах шүүхэд гаргасан тайлбартаа:П.О ХХКомпани нь зээлдэгчийн өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд А.Ф.Г  ББСБ, ХХКомпани нь нэхэмжлэл гаргах эрхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдин-Од шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч байгууллага нь А.Ф.Г  ББСБ банк бус санхүүгийн байгууллага,  А.Ф.Г  ББСБ ХХКомпани гэж байгаа нь эргэлзээтэй байна.Нэхэмжлэгч байгууллага банк бус санхүүгийн байгууллага мөн бол санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлдэг тул бүртгүүлсэн баримт алга, үл хөдлөх эд хөрөнгийн газар барьцаалбарыг бүртгүүлээгүй байна.Иймээс А.Ф.Г  ББСБ-тай П.О ХХКомпани гэрээ байгуулаагүй байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Ф.Г  ББСБ, ХХК-ийн яригдаж байгаа 400 сая төгрөг бол О.Эрдэнэ гэдэг хүний хувийн хөрөнгө болохыг цагдаагийн байгууллага тогтоосон байдаг.Иймээс А.Ф.Г  ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа:Маргаж байгаа 400 000 000 төгрөгийг би П.О ХХКомпанид зээлдүүлсэн.Өөрөөр хэлбэл А.Ф.Г ББСБ, ХХКомпанид ямарч хамаагүй мөнгө болно.Энэ талаар нэхэмжлэгч хариуцагч нар мэдэж байгаа бөгөөд хэрэгт авагдсан баримтаар давхар нотлогдоно гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Гансүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 400 000 000 төгрөгийн зээлийн маргаан нь нэхэмжлэгч А.Ф.Г ББСБ-д ямар ч хамааралгүй ба энэ мөнгийг О.Эрдэнэ өөрийн Төрийн банкин дахь  хадгаламжаас авч П.О ХХК-ийн захирал Цолмонд бэлнээр өгсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог.Тухайн үед А.Ф.Г ББСБ-ын хувьцаа эзэмшигч болох Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн У Жиан Гу, Монгол улсын иргэн О.Эрдэнэ нар компанид мөнгө байхгүй байна, тиймээс П.О ХХК-ийн хүссэн зээлийг О.Эрдэнэ өгөөд, зээл, зээлийн хүүг О.Эрдэнэ өөрөө буцааж авахаар харилцан тохиролцсон.Энэ тохиролцоог хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр баталгаажуулсан байдаг.Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн агуулга нь П.О ХХК-д олгосон зээлийн гэрээ, бусад банк бус санхүүгийн байгууллагаас зээл чөлөөлөх, шилжүүлэх эрхийг олгоно.Олгосон зээл нь бүхэлдээ О.Эрдэнийн хувийн өмч болох, мөн зээлтэй холбоотой бүх асуудлаар байгууллагыг төлөөлж оролцох этгээдийг томилох эрхийг О.Эрдэнэд олгосон.Иймд энэ мөнгийг нэхэмжлэгч байгууллага биш О.Эрдэнэ авах ёстой гэдэг тайлбарыг илэрхийлж оролцож байгаа.Яг энэ асуудлаар нэхэмжлэгч байгууллага Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээрт хэлтэст О.Эрдэнэд холбогдуулан гомдол гаргасныг шалгаж, Улсын ерөнхий прокурорын орлогчын гарын үсэгтэй тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн.Иймээс нэхэмжлэгч А.Ф.Г ББСБ, ХХКомпани нь авах ёсгүй мөнгийг авах гэж нэхэмжилж байгаад гомдолтой байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ф.Г ББСБ, ХХКомпани хариуцагч П.О ХХКомпанид холбогдуулан үндсэн зээлийн 400 000 000 төгрөг, зээлийн хүү 40 000 000 төгрөг, алданги 234 000 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 67 400 000 төгрөг нийт 741 400 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буян-Ухаа наадамчдын гудамж 202 тоот хаягт байршилтай, 3400 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн зардалд 67 400 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзан  нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр А.Ф Г ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын бүртгэлийн 9015003058 дугаартай А.Ф Г ББСБ ХХК захиралаар 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр О.Эрдэнэ, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр О.Дашпүрэв томилогдсон болох нь нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээнд хийгдсэн өөрчлөлтийн бүртгэлээр нотлогдож байна.

 

А.Ф.Г ББСБ, ХХКомпани нь 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хариуцагч П.О ХХКомпанитай зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд энэхүү зээлийн гэрээгээр А.Ф.Г ББСБ, ХХКомпани нь П.О ХХКомпанид 400 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр талууд тохиролцож, гэрээнд зээлдүүлэгч талыг төлөөлж О.Эрдэнэ, зээлдэгч талыг төлөөлж Г.Цолмон нар гарын үсэг зурсан байна.

 

А.Ф.Г ББСБ, ХХКомпани О.Эрдэнэд дээрх зээлийн гэрээ хийх бүрэн эрхийг олгосон тухайгаа баримтаар нотлоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А.Ф.Г ББСБ, ХХКомпани нь О.Эрдэнэд П.О ХХКомпаниас зээл авах, улмаар зээлийн гэрээ хийх тухай хуульд заасан итгэмжлэлийг түүнд олгоогүй байна.

 

О.Эрдэнийн А.Ф.Г ББСБ, ХХКомпанийг төлөөлөгч П.О ХХКомпанитай зээлийн гэрээ хийсэн үйлдэл нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байна.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч байгууллагын 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зээл шийдвэрлэх бүрэн эрхийн тухай гэх А.Ф Г ББСБ ХХК хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр О.Эрдэнийг П.О ХХКомпанитай зээлийн гэрээ байгуулах эрхийг олгоогүй байна.

 

Харин энэхүү шийдвэрээр А.Ф Г ББСБ ХХК хариуцагч байгууллагатай хийсэн гэрээг бусад ББСБ-д зээл чөлөөлөх, шилжүүлэх, факторингийн үйлчилгээ хийх эрх болон бусад эрхийг О.Эрдэнэд олгосон байна.

 

А.Ф Г ББСБ ХХК дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “...Гүйцэтгэх захирал нь ТУЗ-ын хурлаар батлагдсан журам болон ТУЗ-ын даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутамын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 9.5-т “Гүйцэтгэх захирал нь ТУЗ-ын хурлаас олгосон эрхийн үндсэн дээр компанийг Монгол улсад болон хилийн чанадад төлөөлөх бөгөөд гэрээ хэлцэл байгуулах, компанийн нэрээр шүүх арбитрын ажиллагаанд оролцох, компанийн санхүүгийн бичиг баримтад гарын үсэг зурах эрхтэй” гэж заасан байна.

 

Гэтэл О.Эрдэнэ А.Ф Г ББСБ ХХК захирлын үүрэгт ажлаас 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр чөлөөлөгдсөн атлаа 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр П.О ХХКомпанитай зээлийн гэрээ байгуулсан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нөгөө талаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байхад нэхэмжлэгч байгууллага нь мөнгөн хөрөнгийг хариуцагч байгууллагад шилжүүлэх үүргээ биелүүлсэн тухайгаа баримтаар нотлоогүй байна.

 

Мөн нэхэмжлэгч байгууллага нь алдангид шаардаж байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж заасан үндэслэлд нийцэхгүй байна.

 

А.Ф.Г ББСБ, ХХКомпани нь 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хариуцагч П.О ХХКомпанитай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан байх ба зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буян-Ухаа наадамчдын гудамж 202 тоот хаягт байршилтай, 3400 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай, 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг барьцаалсан байна.

 

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 102/ШЗ2017/04777 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буян-Ухаа наадамчдын гудамж 202 тоот хаягт байршилтай, 3400 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай, 60 хувийн гүйцэтгэлтэй, Y-2206048094 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хориглох арга хэмжээ авсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна” гэж заасан байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А.Ф.Г ББСБ, ХХКомпани нь улсын тэмдэгтийн хураамжид 3 864 950 төгрөг төлөхөөс 3 560 000 төгрөг төлж, 304 950 төгрөг дутуу төлсөн байгааг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар П.О ХХКомпаниас 674 000 000 /зургаан зуун далан дөрвөн сая/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай  А.Ф Г ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 560 000 /гурван сая таван зуун жаран мянган/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, А.Ф.Г ББСБ, ХХКомпаниас 304 950 /гурван зуун дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    З.ДОРЖНАМЖИН