Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/00068

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/00068

 

 

 

Альяанс Финанс Групп ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19ий өдрийн 102/ШШ2017/02740 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Альяанс Финанс Групп ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Пирамид орд ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 741 400 000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдин-Од, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Альяанс Финанс Групп ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Пирамид Орд ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 09/10/15/01 тоот зээлийн гэрээ, 02/10/15/02 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж 400 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, барилгын ажлын санхүүжилтын зориулалтаар зээлсэн, зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дууссан. Зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо Буянт-Ухаа наадамчдын зам гудамжны 202 тоот 3400 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 60 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалсан. Пирамид Орд ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрөөс огт төлөөгүй тул бидний зүгээс 2016 оны 01 сарын 13-ны өдөр зээл, зээлийн хүү, алдангид нийт 584 000 000 төгрөг болсон тухай мэдэгдэл хүргүүлсэн. Иймд Пирамид Орд ХХКас үндсэн зээл 400 000 000 төгрөг, зээлийн хүү 40 000 000 төгрөг, алданги 144 000 000 төгрөг нийт 584 000 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн тооцоо нийлснээс хойш 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуустал 45 хоногийн алдангид 90 000 000 төгрөг, нийт 674 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Пирамид Орд ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Пирамид Орд ХХК нь зээлдэгчийн өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд Альяанс Финанс Групп ББСБ ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч байгууллага нь Альяанс финанс групп банк бус санхүүгийн байгууллага, Альяанс финанс групп ББСБ ХХК гэж байгаа нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч байгууллага банк бус санхүүгийн байгууллага мөн бол санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлдэг тул бүртгүүлсэн баримт алга, үл хөдлөх эд хөрөнгийн газар барьцаалбарыг бүртгүүлээгүй байна. Иймээс Альяанс финанс групп ББСБ-тай Пирамид Орд ХХК гэрээ байгуулаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Альяанс финанс групп ББСБ ХХК-ийн яригдаж байгаа 400 000 000 төгрөг бол О.Эрдэнэ гэдэг хүний хувийн хөрөнгө болохыг цагдаагийн байгууллага тогтоосон. Иймээс Альяанс финанс групп ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Эрдэнийн шүүхэд гаргасан тайлбарт: Маргаж байгаа 400 000 000 төгрөгийг би Пирамид Орд ХХК-д зээлдүүлсэн. Өөрөөр хэлбэл Альяанс Финанс групп ББСБ ХХК-д ямарч хамаагүй мөнгө болно. Энэ талаар нэхэмжлэгч хариуцагч нар мэдэж байгаа бөгөөд хэрэгт авагдсан баримтаар давхар нотлогдоно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар Пирамид Орд ХХКомпаниас 674 000 000 /зургаан зуун далан дөрвөн сая/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай Альяанс Финанс групп ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 560 000 /гурван сая таван зуун жаран мянган/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Альяанс Финанс групп ББСБ ХХКомпаниас 304 950 /гурван зуун дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас Альяанс финанс групп ББСБ ХХК, Пирамид орд ХХК-ын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээнд үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн тухай мэдэгдэл явуулсан, компанийг төлөөлж О.Эрдэнэ шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч мөнгө хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, мөнгө өгсөн авсныг нотлох баримт авагдсан. О.Эрдэнэ нь манай компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн хэдий ч үүсгэн байгуулагчийн хувиар компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцсоор байсан тул уг зээлийн гэрээнд гарын үсэг зурсныг бид хүлээн зөвшөөрсөн. Манай компанийн зүгээс О.Эрдэнэ гарын үсэг зурсан нь буруу, гарын үсэг зурах эрхгүй этгээд гэж маргаагүй бөгөөд хариуцагчийн татгалзал нь үндэслэлгүй, татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Альяанс финанс групп ББСБ ХХК нь хариуцагч Пирамид-Орд ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 741 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Тэрээр татгалзлын үндэслэлээ зээлийн гэрээний үүргийг О.Эрдэнэд бүрэн төлж барагдуулсан, Альяанс финанс групп ББСБ ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тайлбарласныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хэрэгт Альяанс финанс групп ББСБ ХХК-ийг төлөөлж О.Эрдэнэ, Пирамид-Орд ХХК-ийг төлөөлж Г.Цолмон нарын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 400 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлэх тухай зээлийн гэрээ авагдсан байна.

 

Дээрх гэрээнд гарын үсэг зурсан О.Эрдэнэ нь нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирлаар 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс ажиллаж байгаад дээрх гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр уг албан тушаалаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон.

 

Гэрээний зүйлийг гуравдагч этгээд О.Эрдэнэ 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төрийн банкин дахь өөрийн хадгаламжийн данснаас 395 000 000 төгрөг, 5 000 000 төгрөг, нийт 400 000 000 төгрөг авч, хариуцагчид шилжүүлсэн болох нь тус банкны хадгаламжийн зарлагын мэдүүлэг, мөн өдрийн мөнгө хүлээлцсэн хэлцэл, Альяанс финанс групп ББСБ ХХК, Пирамид-Орд ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 400 000 000 төгрөг бүхлээрээ хувьцаа эзэмшигч О.Эрдэнийн хувийн мөнгө тул уг зээлийн орлогыг О.Эрдэнэ хүлээн авна гэсэн Альяанс финанс групп ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэр зэргээр тогтоогдсон, уг баримтуудыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна.

 

Нэхэмжлэгч Альяанс финанс групп ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тохирсон мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээ нотолсон баримтгүй байх ба уг мөнгөн хөрөнгийг өөрийнх нь өмчлөлийнх болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлоогүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамтай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19ий өдрийн 102/ШШ2017/02740 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 3 870 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.МӨНХЗУЛ