Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Занагийн Доржнамжин |
Хэргийн индекс | 183/2016/01370/И |
Дугаар | 02621 |
Огноо | 2017-10-06 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 02621
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:......... тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар .........., Ц.Д-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч:....... тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар .........., Их А.А,
Хариуцагч:.......... тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ............., Б.С-д,
Хариуцагч:...байрлах регистрийн дугаар ............., Ү ХХКомпани,
Хариуцагч:.......... тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ............, А.Д- нарт холбогдох
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоотод байрлах өрөө орон сууцнаас А.А, Ү ХХКомпани, А.Д нарыг албадан нүүлгэх, уг орон сууцыг А.А, Ү ХХКомпани, А.Д нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорын давхарын 20 тоотод байрлах авто зогсоолыг Б.Сын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагатай,
Ц.Д Ю.Эрдэнэсувд нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорын давхарын 20 тоотод байрлах авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох Б.Сын сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагч Ү ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхтуул, хариуцагч А.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр О.Намнандоржид 54 000 000 төгрөгийг бэлнээр төлж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоотод байрлах, 1 өрөө орон сууц болон зоорын давхарын 20 тоотод байрлах авто зогсоолыг худалдан авч, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр О.Намнандорж, авто зогсоолын өмчлөгч Ю.Эрдэнэсувд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяртай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж, нотариатаар гэрчлүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, уг орон сууц болон авто зогсоолын өмчлөгч болсон. Тухайн үед О.Намнандорж энэ байранд түр хүн суулгаж байгаа, 6 дугаар сард гарна гэхээр нь би зөвшөөрсөн бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр орон сууцны түлхүүрийг авах гэтэл О.Намнандорж утсаа авахгүй байсан тул хэд хоногийн дараа орон сууцандаа очиход эрэгтэй хүн гарч ирээд би энэ байрнаас гарахгүй гэсэн тул ойлголцож чадаагүй. Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоотод байрлах, 1 өрөө орон сууцнаас А.Аийг албадан нүүлгэх, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорын давхарын 20 тоотод байрлах авто зогсоолыг А.Аийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүхэд гаргасан тайлбарлахдаа:О.Намнандорж нь Ц.Дтай 2015 оны 6 дугаар сард Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоотод байрлах 38,74 метр квадрат талбайтай, нэг өрөө орон сууц болон зоорын давхарын 20 тоот хаягт байрлах авто зогсоолыг зарж гэж үзүүлсэн, орон сууц болон зогсоолыг биетээр үзэхэд шинэ баригдсан, хоосон, сайхан байр байсан тул О.Намнандоржтой 2015 оны 12 дугаар 28-ны өдөр 54 000 000 төгрөгийг бэлэнээр төлж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоотод байрлах, 1 өрөө орон сууцыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорын давхарын 20 тоотод байрлах авто зогсоолын хамт худалдан авч, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр О.Намнандорж, авто зогсоолын өмчлөгч Ю.Эрдэнэсувд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяртай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2206041040, Y-2206043634 дугаарт бүртгүүлж, уг орон сууц болон авто зогсоолын өмчлөгч болсон бөгөөд 2016 оны 6 дугаар сард орон сууцны түлхүүрээ авах гэтэл О.Намнандорж утсаа авахгүй болохоор нь орон сууцандаа ирэхэд эрэгтэй хүн гарч ирээд би энэ байрнаас гарахгүй гэсэн байдаг.Ц.Д өөрийн өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмших, ашиглах аливаа халдлагаас хамгаалах боломжгүй байдалд хүрч, бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба хариуцагч нар бусдын өмчлөлийн орон сууц, зогсоолыг чөлөөлөх үүрэгтэй болно.Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заснаар Ц.Дын өмчлөлийн орон сууцанд хууль бусаар амьдран сууж, эзэмшилдээ байлгаж байгаа хариуцагч А.А, Ү ХХКомпани, А.Д нарыг албадан нүүлгэж, уг орон сууцыг А.А, Ү ХХКомпани, А.Д нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорийн давхарын 20 тоотод байрлах авто зогсоолыг Б.Сын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ц.Дд О.Намнадорж 2015 оны 6 дугаар сард Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 74 тоот 38 метр квадрат 1 өрөө орон сууцыг авто зогсоолын хамт зармаар байна гэж үзүүлсэн, тухайн орон сууц болон авто зогсоолыг очиж үзэхэд хүн амьдраагүй байсан ба Ц.Д 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр О.Намнандоржид бэлнээр мөнгөө төлөөд 1 өрөө орон сууц, зоорийн давхрын авто зогсоолыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.Тухайн үед уг орон сууц О.Намнандоржийн өмчлөлд байсан.Харин гарааш Ю.Эрдэнэсувдын өмчлөлд байсан, худалдах худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүргэлийн газарт бүртгүүлэн өмчлөлдөө авсан.О.Намнандорж одоо хүнд түрээслүүлсэн байгаа, түрээсийн гэрээний хугацаа 6 дугаар сард дуусна гэж хэлсэн, 6 дугаар сард байранд очиход хүн амьдарч байсан.О.Намнандоржтой уулзах гэхээр зугтаагаад байсан. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргах болсон. Анх тус байранд амьдарч байсан А.Аийг хариуцагчаар татсан.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.А байрыг суллаж Ү ХХК-ийн захирал А.Д уг орон сууцанд орсон байдаг.Иймд Ү ХХКомпани болон А.Д нарыг орон сууцнаас албадан нүүлгэх, уг орон сууцыг Ү ХХКомпани, А.Д нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорын давхарын 20 тоотод байрлах авто зогсоолыг Б.Сын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргаж байна, хэрэгт А.Аийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан байгаа гэв.
Хариуцагч А.А шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2015 оны 8 дугаар сард барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг Ү ХХКомпаниас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд шинээр баригдсан 93 дугаар байрны 10 тоот буюу 38,4 метр квадрат нэг өрөө байрыг худалдаж авахаар тохиролцож 50 000 000 төгрөгийн урьдчилгаа өгч 8 дугаар сард байрандаа орсон.Ү ХХКомпаниас ордер болон бусад зүйлийг асуухад захирал Даваадорж нь 93 дугаар байрны захилагч эзэн болох О.Намнандоржоос Ү ХХКомпани нь уг барилгыг барихад төмөр хийц, бетон зуурмаг, тоног төхөөрөмж бусад материалууд болон ажил үйлчилгээний төлбөрт 400 гаруй сая төгрөгийн авлагад 3 ширхэг байрыг бартер хийж зах зээлийн ханшаар тохиролцож авсан.О.Намнандорж уг байрыг давхар хүнд шилжүүлж мөнгө авсан байна.Би дээрх байрыг материал, ажил үйлчилгээнд төлсөн мөнгөнийхөө авлагад авсан учир давхар зарсан, бусдад шилжүүлсэн О.Намнандоржийн асуудлаар гомдол гаргасан ба Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч эрүү үүсгэн шалгаж байгаа гэх тайлбарыг өгсөн.Би энэ байрыг худалдаж авахдаа Ү ХХКомпанитай гэрээ хийсэн, Ц.Дыг танихгүй, энэхүү хэрэг маргааныг эрүүгийн хэрэгтэй нь нэгтгэж Ү ХХКомпанийн хохирлын асуудлыг шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Хариуцагч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2014 онд байр худалдаж авахаар хайж эхлэхэд манай хүргэн дүү Б.Цогтсайхан манай найз чанартай материалаар байр барьж байгаа гэж дуулаад тус байрыг барьж байсан О.Намнандоржтой 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр уулзаж байрыг үзсэн. Зайсанд байрлах тус байр нь тухайн үед дөнгөж 4 давхар байсан ба байр болон үнийн санал боломжийн санагдсан тул 1 метр квадратыг 2,2 сая төгрөгөөр тооцон 76 метр квадрат байрыг мөн гражийг 25 сая төгрөгөөр авахаар тохирч гэрээ хийсэн.Байр болон машины зогсоолын нийт үнэ 193 000 000 төгрөг болсон ба тэр өдөр нь байрны урьдчилгаа болох 89 000 050 төгрөгийг бэлэнээр өгсөн.Ингээд нийт 12 удаагийн үйлдлээр 194 500 000 төгрөгийг төлж барагдуулан 2015 оны 2 дугаар сард байрандаа нүүж орсон.О.Намнандорж миний байрны гэрчилгээг гаргаж өгсөн ба харин зогсоолын гэрчилгээг гаргаж өгөлгүй надаас зугтаж эхэлсэн.Гэтэл удалгүй О.Намнандоржийг олон хүн залилсан Хан-Уул дүүргийн цагдаа дээр байцаагдаж байгаа гэж сураг сонсогдох болсон.Гэтэл 2016 оны 12 дугаар сард Ц.Д гэдэг өмгөөлөгч надтай холбогдож гражийн талаар асууж сурагласан.Би энэ гражийг худалдаж авснаа хэлэхэд надад иргэн Дэлгэрсайханы мэдэлд уг граж байдаг ба зогсоолын гэрчилгээ ч гэсэн уг хүний нэр дээр байдаг гэж хэлсэн.Энэхүү машины зогсоолыг Ц.Даас өмнө О.Намнандоржтой гэрээ хийж 25 сая төгрөгийг бүрэн төлж худалдаж авсан тул миний өмч юм.Энэ зогсоол дээр байранд нүүж орсон 2015 оны 2 сараас эхлэн машинаа тавьж байгаа.Ц.Д 39 метр квадрат байрыг зогсоолын хамт 54 сая төгрөгөөр худалдаж авсан гэдэг нь зах зээлийн ханшаас бага байна.Тус байранд дан зогсоол 25 сая төгрөг, давхар зогсоол 45 сая төгрөгөөр зарагддаг.А.Аийг би танихгүй ба байр болон машины зогсоол нь тусдаа байдаг гэжээ.
Хариуцагч Ү ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батболд шүүхэд гаргасан тайлбартаа:Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоотод байрлах 38,74 метр квадрат талбайтай, нэг өрөө орон сууц А.Дийн мэдэлд байгаа, Ү ХХКомпани О.Намнандоржтой 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр орон сууц захилан бариулах хэлцэл хийж уг орон сууцыг худалдаж авсан.Гэтэл О.Намнандорж уг хэлцлийг хүчин төгөлдөр байхад Ц.Дтай давхардуулан хэлцэл хийсэн байна.Иймд Ц.Д, О.Намнандорж нарын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авах хэлцэл нь эрхийн зөрчилтэй, хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэжээ.
Хариуцагч Ү ХХКомпанийн төлөөлөгч М.Мөнхтуул шүүх хуралдаанд тайлбарлахдаа:О.Намнандоржтой 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг А.Д байгуулсан.Ү ХХКомпанитай 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрээ дүгнэсэн акт байгуулсан, 2015 оны 3 дугаар сард манай компанийн захирал А.Дид орон сууц хүлээлгэн өгсөн. Тухайн үед гэрчилгээг гаргаж өгөөгүй байтал Ц.Дд зарсан байсныг сүүлд мэдсэн.Одоо энэ орон сууц манай компанийн эзэмшилд байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч А.Д шүүхэд гаргасан тайлбартаа:Ц.Д нь намайг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоотод байрлах 38,74 метр квадрат талбайтай, нэг өрөө орон сууцнаас албадан нүүлгэх нэхэмжлэл гаргасан байна.Би уг орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр орон сууц захиалан бариулах хэлцлээр худалдаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.Үүнийг О.Намнандорж гэрчлэнэ гэжээ.
Хариуцагч А.Д шүүх хуралдаанд тайларлахдаа:Анх О.Намнандорж манай байр хөрөнгө оруулалтгүй болчихлоо гэхээр нь бид ярилцаад 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр О.Намнандоржтой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, 2014 оны 12 дугаар сар гэхэд манай компаниас 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байсан ба уг мөнгөний оронд О.Намнандорж манайд 1 өрөө бүхий 38.6 метр квадрат 10 тоот, 16 тоот, 92 метр квадрат 27 тоот 4 өрөө байруудыг манай өмчлөлд шилжүүлэхээр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан.Манайх О.Намнандоржоос орон сууцыг авсны дараа 2015 оны 3 дугаар сард Ариунтөгстэй худалдах худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр авсан.Тухайн үед О.Намнандоржоос үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх талаар шаардаж байсан.О.Намнандорж хэлэхдээ манайх ББСБ-д өртэй энэ өрийг төлж дуусгачихаад танай гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлдэг байсан.Уг гэрчилгээг гаргаж өгөөгүйн улмаас 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр залилан хийсэн гэдэг үндэслэлээр О.Намнандоржид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байгаа, 2017 оны 4 дүгээр сард прокурор материалыг нь шүүхэд явуулсан байгаа.Одоогийн байдлаар А.А байранд амьдарч байгаа.Одоог хүртэл орон сууцны сөх, цахилгааны төлбөрийг А.А төлж байгаа.Бидний зүгээс Ц.Дын нэхэмжлэлтэй хэргийн талаар О.Намнандоржоос асуухад би Ц.Дд зараагүй, 38 000 000 төгрөг зээлээд эргүүлэн өгнө гэж хэлсэн.Ц.Дд буцаагаад мөнгөө өгье гэхээр би чамаас орон сууц худалдаж авсан гэдэг тайлбарыг надад хэлдэг гэж байсан.Тухайн үед Ц.Дд зогсоолыг 20 000 000 төгрөгт тооцож авч болно гэж хэлсэн байдаг.Ийм учраас О.Намнандоржийг гэрчээр асуулгах байсан.Мөн уг орон сууцтай холбоотой асуудлыг Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүссэн байгаа учраас эрүүгийн хэргийг шийдвэрлэсний дараа энэ хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж бодож байна гэв.
Хариуцагч Б.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Би О.Намнандоржтой 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Орон сууц захиалан бариулах” гэрээг байгуулсан, энэ гэрээний дагуу О.Намнандорж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах орон сууцны барилгын 10 дугаар давхарын А болон В блок 3 өрөө 76,5 метр квадрат орон сууц болон зогсоолыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч тал нь орон сууцы төлбөр 168 300 000 төгрөг болон зогсоолын төлбөр 25 000 000 төгрөг нийт 193 000 000 төгрөгийг худалдагч талд гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээсэн болно.Би гэрээний дагуу төлбөрийг зохих хугацаанд төлж, гэрээний зүйл болох орон сууц болон гражийн өмчлөгч болсон бөгөөд О.Намнандорж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг надад шилжүүлэн өгсөн боловч авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг өгөөгүй болно.Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах орон сууцны барилгын 10 давхар орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулсан, тухайн байрыг худалдан борлуулах эрх бүхий этгээд болох О.Намнандоржтой 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулж, гэрээний нөхцөлийн дагуу үүргээ биелүүлж, гэрээний төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан.Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ю.Эрдэнэсувдыг төлөөлж Б.Батбаяр болон Ц.Д нарын хооронд “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ байгуулагдаж мөн өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 000451628 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байна.Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-т зааснаар авто зогсоолыг ашиглалтад орсноос хойш би эзэмшиж байгаа бөгөөд миний өмчлөлд тэргүүн ээлжинд шилжих учиртай гэж ойлгож байна.Иймд Ц.Д Ю.Эрдэнэсувдын төлөөлөгч Б.Батбаяр нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000451628 тоот гэрчилгээг хүчингүйд тооцож, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорын давхарын 20 тоотод байрлах авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Сын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.Тухайн авто зогсоолыг Ц.Д худалдан авах үед Ю.Эрдэнэсувдын нэр дээр байсан.Ю.Эрдэнэсувдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяртай гэрээ байгуулан худалдан авсан байдаг.Б.Сын захиалгын гэрээнд 20 тоот авто зогсоолыг захиалсан гэж байхгүй, манайх өмчлөх эрхтэй холбоотой маргаан гаргаагүй.Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Д хариуцагч А.А, Б.С, Ү ХХКомпани, А.Д нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоотод байрлах, 1 өрөө орон сууцнаас А.А, Ү ХХКомпани, А.Д нарыг албадан нүүлгэх, уг орон сууцыг А.А, Ү ХХКомпани, А.Д нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорын давхарын 20 тоотод байрлах авто зогсоолыг Б.Сын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Аийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан байна.
Хариуцагч Б.С нь Ц.Д Ю.Эрдэнэсувдын төлөөлөгч Б.Батбаяр нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000451628 тоот гэрчилгээг хүчингүйд тооцуулах, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорын давхарын 20 тоотод байрлах авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг шаардлага гаргасан байна.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 93 дугаар байрны 10 тоот хаягт байрлах, 38,74 метр квадрат талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч О.Намнандоржид 000418183 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2015 оны 6 дугаар сарын 4-ны өдөр олгогдсон байна.
Нэхэмжлэгч Ц.Д 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр О.Намнандоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяртай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүнээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 93 дугаар байрны 10 тоот хаягт байрлах, 38,74 метр квадрат талбайтай, нэг өрөө орон сууцыг 46 000 000 төгрөгөөр худалдан авсан байна.
Ц.Дд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000451614 дугаар бүхий гэрчилгээ 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгогдсон байна.
Нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 93 дугаар байрны 10 тоотод байршилтай орон сууцыг хариуцагч Ү ХХКомпани, А.Д нар эзэмшиж байгаа болох нь баримтаар нотлогдоогүй байна.
Тухайлбал хэрэгт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 93 дугаар байрны 10 тоотод байршилтай орон сууцанд А.Д амьдарч байгаа, эсхүл Ү ХХКомпани байрлаж байгаа болохыг нотолсон баримтгүй байна.
Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 93 дугаар байрны 10 тоотод байршилтай орон сууцыг хэн эзэмшиж, ашиглаж байгаа нь тодорхой бус байхад уг хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлөх шаардлагыг шийдвэрлэх боломжгүй байна.
Нөгөө талаар Ц.Дын өмчлөх эрхийг хэн, ямар байдлаар зөрчиж байгаа нь тодорхой бус, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл ойлгомжгүй байх нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 93 дугаар байрны 10 тоотод байршилтай орон сууцнаас Ү ХХКомпани болон А.Дийг албадан нүүлгэх, уг хөрөнгийг тэдний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин дараах үндэслэлээр Ц.Дын машины зогсоолыг Б.Сын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, Б.Сын сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 93 дугаар байрны зоорын давхарын 20 тоот хаягт байрлах, 18 метр квадрат талбайтай, авто зогсоол Ю.Эрдэнэсувдын өмчлөлд бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000450515 дугаартай гэрчилгээ 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр олгогдсон байна.
Ц.Д 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ю.Эрдэнэсувдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяртай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүнээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 93 дугаар байрны зоорын давхарын 20 тоот хаягт байрлах, 18 метр квадрат талбайтай, авто зогсоолыг 8 000 000 төгрөгөөр худалдаж авсан байна.
Улмаар Ц.Дд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 93 дугаар байрны зоорын давхарын 20 тоот хаягт байрлах авто зогсоолын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000451628 дугаартай гэрчилгээг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгогдсон байна.
Хариуцагч Б.С нь О.Намнандоржтой 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулж, энэ гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах орон сууцны барилгын 10 дугаар давхарын А болон В блок 3 өрөө, 76,5 метр квадрат орон сууц болон машины зогсоолыг худалдан авахаар тохиролцсон байна.
Дээрх орон сууц захиалан бариулах 014/21 тоот гэрээнд 93 дугаар байрны зоорын давхарын 20 тоотод байршилтай авто зогсоолыг Б.Сд худалдсан гэж бичигдээгүй байна.
Хариуцагч Б.С хэдийгээр дээрх үл хөдлөх хөрөнгийг О.Намнандоржоос худалдаж авсан гэж тайлбарлаж байх боловч тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг О.Намнандорж бусдад шилжүүлэх эрхтэй байсан эсэх нь тодорхой бус байна.
Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 93 дугаар байрны зоорын давхарын 20 тоотод байрлах авто зогсоолыг О.Намнандорж өмчлөх эрхтэй болох нь баримтаар тогтоогдоогүй, эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй байхад түүнээс уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах боломжгүй байна.
Нөгөө талаар Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар Б.С О.Намнандорж нар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заасны дагуу Б.С өмчлөх эрхээ баталгаажуулаагүй байна.
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан байхад Б.С нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй байх тул түүний эзэмшил хууль ёсны байх боломжгүй байна.
Эрхийн улсын бүртгэл үнэн, зөв байх зарчимд тулгаарлан хийгддэг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөрт тооцогдоно гэж хуульд заасан байна.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан байх бөгөөд Ц.Дд олгосон өмчлөх эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байна.
Иймд хариуцагч Б.С нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 93 дугаар байрны зоорын давхарын 20 тоот хаягт байрлах авто зогсоолын өмчлөх эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж аваагүй байна гэж үзэхээр байна.
Иймд Б.С дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан гэдгээ баримтаар нотлоогүй байх тул түүнийг дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй байна.
Нөгөө талаар Ц.Дд олгосон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 93 дугаар байрны зоорын давхарын 20 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хууль зөрчиж олгогдсон байна гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Ц.Д Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хөрөнгөө Б.Сын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.
Хариуцагч Б.С, гэрч О.Намнандорж нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул тэдний эзгүйд хэргийг шийлвэрлэсэн болно.
Зохигч талуудын хүсэлтээр гэрч О.Намнандоржийг хуралдаанд оролцуулах үндэслэлээр шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байсан бөгөөд гэрчийг нэг удаа шүүх хуралдаанд ирэхэд хүсэлт гаргасан тал ирээгүйн улмаас гэрчээс мэдүүлэг аваагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг төлөх байтал 427 950 төгрөг төлж, 287 550 төгрөг илүү төлсөн, хариуцагч Б.С 283 350 төгрөг төлөхөөс 353 200 төгрөг төлж 69 850 төгрөг илүү төлсөн байгааг улсын орлогоос буцаан гаргаж олгох нь зүйтэй байна.
Мөн Ц.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Саас улсын тэмдэгтийн хураамжийн 70 200 төгрөгийг гаргуулан Ц.Дэлгэнямд олгож, Б.Сын төлсөн 283 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн106.1-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоотод байрлах, 1 өрөө орон сууцнаас Ү ХХКомпани, А.Д нарыг албадан нүүлгэх, уг орон сууцыг Ү ХХКомпани, А.Д нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Ц.Дын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорын давхарын 20 тоотод байрлах авто зогсоолыг Б.Сын эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.
2.Иргэний хуулийн Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 243 дугаар зүйлийн 243.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Ц.Д Ю.Эрдэнэсувдын төлөөлөгч Б.Батбаяр нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000451628 тоот гэрчилгээг хүчингүйд тооцуулах, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорын давхарын 20 тоотод байрлах авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427 950 төгрөгөөс 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 287 550 төгрөгийг, Б.Саас 70 200 төгрөгийг тус тус гаргуулан Ц.Дд, Б.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353 200 төгрөгөөс 283 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 69 850 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан Б.Сд тус тус олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН