| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 182/2019/00861/И |
| Дугаар | 001/ХТ2021/00199 |
| Огноо | 2021-03-11 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2021/00199
Х.Дашжаргалын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/01250 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1686 дугаар магадлалтай,
Х.Дашжаргалын нэхэмжлэлтэй,
Б.Жавхланд холбогдох,
Түрээсийн төлбөр, алданги, сейфний үнэ, засварын зардал 25.191.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.
Нэхэмжлэгч Х.Дашжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын МУИС-ийн 20 дугаар байрны 01 тоот 250 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд уг ажлын байрыг Б.Жавхлантай 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлсэн. Талуудын байгуулсан түрээсийн гэрээгээр 250 м.кв байрыг нэг м.кв-ийг 10,000 төгрөгөөр буюу сарын түрээсийн төлбөр 2.500.000 төгрөг, жилийн 30.000.000 төгрөг байхаар анх тохирсон. Ингээд 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр талууд харилцан тохиролцож түрээсийн төлбөрийг сард 5.800.000 төгрөг байхаар нэмэгдүүлж, хугацааг гурван жилээр сунгасан. 2016 оны 4 дүгээр сард хариуцагч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн бөгөөд 2016 оны 02, 3 дугаар сарын түрээсийн төлбөр 11,600,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд байр хүлээлгэж өгөөд гарахад байрны цонхны бариул эвдэрсэн, зарим цонхны шил хагарсан байдалтай, разетик, хана, таазны доголдолтой зүйл хүлээж авсан.
Байрнаас гарсны дараа цахилгааны мөнгөний тооцооны үлдэгдэл зэрэг асуудал үүсч байсан учраас түрээслэх явцад эд хөрөнгөд учруулсан доголдол гэмтлийг засч анх авсан байдлаар нь хүлээлгэн өгөхийг даалгах шаардлага гаргасан.
Хариуцагчийн түрээсэлж байсан объектыг засан сайжруулахад 7.541.500 төгрөгийн зардал гаргах нь үнэлгээгээр тогтоогдсон. Мөн талуудын байгуулсан түрээсийн гэрээнд түрээсийн төлбөрөө төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нь дээрх байрыг түрээслэхдээ 2 хаалгатай орос сейфийг худалдаж авахаар нэхэмжлэгчтэй тохиролцож гэрээндээ энэ талаар тохиролцсон бөгөөд түрээсийн талбайг чөлөөлөхдөө уг сейфийг Жавхлан нь авч явсан байдаг.
Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 11.600.000 төгрөг, алданги 5.800.000 төгрөг, сейфний үнэ 250.000 төгрөг, засан сайжруулалтын зардал 7.541.500 төгрөг, нийт 25.191.500 төгрөгийг Г.Жавхлангаас гаргуулж өгнө үү гэжээ.
Эд хөрөнгөд учруулсан доголдол гэмтлийг засч анхны байдлаар нь хүлээлгэн өгөхийг даалгах шаардлагаасаа татгалзаж байна.
Хариуцагч Б.Жавхлан шүүхэд гаргасан тайлбартаа: Би тухайн байрыг 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулан түрээсэлж эхэлсэн бөгөөд анх хүлээж авахад шууд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан учраас би өөрийн хөрөнгөөр засаж сайжруулсан. Анх түрээсийн гэрээг 3 жилийн хугацаатай, сарын төлбөр нь 2.500.000 төгрөг тогтмол байхаар байгуулсан боловч нэхэмжлэгч нь 1 жил 6 сарын дараа түрээсийн төлбөрийг 6.000.000 төгрөг болно гэж хэлснийг ярилцаад 5.800.000 төгрөг болгосон. Түрээсийн хугацаанд уг байранд байнга засвар үйлчилгээ хийж байсан бөгөөд нэхэмжлэгч тал хүртэл миний хийсэн засварын мөнгийг түрээсийн төлбөрөөсөө хасах байдлаар тооцдог байсан. Миний бие тухайн түрээсийн байрыг ашиглах хугацаандаа ямар нэгэн байдлаар хохирол учруулсан, эд хөрөнгийг эвдэлж гэмтээсэн зүйл байхгүй. Анхны байгуулсан гэрээний хугацаа дууссаны дараа бид 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 02 тоот түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн төлбөрийг сарын 4.650.000 төгрөг байхаар тохиролцсон. Нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 30-нд надтай тааралдаад түрээсийн төлбөрийн зөрүү нэхэж, тодорхойлолт бичүүлж авсан учраас миний хувьд энэ төлбөртэй холбоотой зөрүүг л нэхэмжилж байгаа юм байна гэж ойлгоод бичиж өгсөн. 2016 оны 4 дүгээр сард тухайн хөрөнгийг чөлөөлж өгөхөд надаас ямар нэгэн төлбөр нэхээгүй хүлээж авчхаад одоо 2016 оны 02, 3 дугаар сарын түрээсийн төлбөр 11.600.000 төгрөг, алданги 5.800.000 төгрөг, засан сайжруулалтын зардал 7.541.500 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
Сейфний хувьд бол анх уг байрыг түрээслэхэд дотор нь байсан бөгөөд нэхэмжлэгч өөрөө наадахаа аваарай гэж хэлээд өгсөн болохоор би авч явсан учраас буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/01250 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 298 дугаар зүйлийн 298.1, 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Жавхлангаас 14.200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Дашжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.991.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь түрээслэх явцад эд хөрөнгөд учруулсан доголдол гэмтлийг засч, анх авсан байдлаар нь хүлээлгэн өгөхийг даалгах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1686 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/01250 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 950 төгрөг, нэхэмжлэгчээс төлсөн 135.700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.Жавхлан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2019 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн 01250 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №1686 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “2011 оны 10 сарын 5 - ны өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээний дагуу 2016 оны 2 , 3 дугаар сарын түрээсийн төлбөр 11,600,000 төгрөг , алданги 5,800,000 төгрөг , сейфний үнэ 250,000 төгрөг , засварын зардал 7,541,500 төгрөг , нийт 25,191,500 төгрөг гаргуулах тодорхойлсон байдаг. Хуулиар зөвхөн нэхэмжлэгчид нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх , нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх , багасгах , нэхэмжлэлээс татгалзах эрх олгогдсон байдаг. Шүүхийн шийдвэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх учиртай. Нэхэмжлэгчийн шаардаагүй асуудлаар шүүх шийдвэр гаргах эрхгүй. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрчлөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах талаар хүсэлт гаргаагүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд хамаарахгүй гэрээний дагуу хариуцагчаас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 9,300,000 төгрөгийг алдангийг хамт гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүхээс хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл тогтоогдсон, нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангадаг. Хариуцагч нь анхнаасаа шүүхэд тайлбар гаргахдаа түрээсийн гэрээний төлбөрийг талууд бэлнээр өгөлцөж, авдаг байсан тул баримт үйлдэгдээгүй. Нэхэмжлэгчийн шаардлагаа нотолж шүүхэд гаргаж өгсөн “Тодорхойлолт” гэх баримт нь нэхэмжлэгчийн шаардаад байгаа 2016 оны 2, 3 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлнө гэсэн баримт биш. Тус тодорхойлолт нь 2015 оны 2, 3 дугаар сарын түрээсийн төлбөрийн зөрүүг төлөх талаар бичиж өгсөн баримт гэж маргадаг. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч нь 2016 оны 2 , 3 дугаар сарын түрээсийн төлбөр гэж 11,600,000 төгрөг, алданги 5,800,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэ шаардлагаа хариуцагч Б.Жавхлангийн 2017 оны 4 дүгээр сард бичиж өгсөн “Тодорхойлолт” , мөн харилцан ярианы бичлэгээр тогтооно гэж тайлбарлан ..." гэжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “... харин 2015 оны 2, 3 дугаар сарын түрээсийн төлбөрийн зөрүүг төлөх талаарх тодорхойлолтыг гаргасан нь хэрэгт баримтаар авагдсан байна" гэж дүгнэсэн байдаг. Хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд авагдсан “Тодорхойлолт” гэх баримт дээр ... 2015 оны 2, 3 сарын түрээсийн мөнгө зөрүүг ... " гэж ойлгомжтой бичсэн байтал анхан шатны шүүхээс тус нотлох баримтыг үндэслэн хариуцагчаас 2016 оны 2, 3 дугаар сарын төлбөрийг гаргуулан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүхээс 2016 оны 2, 3 сарын түрээсийн төлбөрийг төлүүлэх шийдвэрийн үндэслэл болсон баримтыг давж заалдах шатны шүүх нь 2015 оны 2, 3 сарын түрээсийн төлбөрийн зөрүүг төлөх талаарх баримт гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадсангүй. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа эргэлзээтэй буюу анхан, давж заалдах шатны шүүх нь өөр өөрөөр дүгнэсэн баримтаар л нотолсон байдаг. Туйлын эргэлзээтэй баримтыг үндэслэн бусдын эрх ашгийг ноцтой зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гаргах учиргүй. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Х.Дашжаргал нь Б.Жавхлангаас 25.191.500 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа түрээсийн төлбөрийн үлдэгдэл 11.600.000 төгрөг, алданги 5.800.000 төгрөг, сейфний үнэ 250.000 төгрөг, засан сайжруулалтын зардал 7.541.500 төгрөг гэж тодорхойлжээ. Хариуцагч сейфийг буцааж өгөхийг зөвшөөрч, бусад шаардлагаас татгалзжээ.
Анхан шатны шүүх хариуцагчаас түрээсийн төлбөр, алдангид 14.200.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй...” гэжээ.
Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1.Нэхэмжлэгч Х.Дашжаргал нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын МУИС-ийн 20 дугаар байрны 01 тоотын 34 ам.метр 3 өрөө орон сууцны өмчлөгч байна.
Зохигч талууд 2011 оны 10 сарын 05-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ажлын байрны зориулалтаар эзэмшүүлж ашиглуулахаар шилжүүлэх, хариуцагч сард 2.500.000 төгрөгийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцжээ.
Талууд 2013 оны 7 дугаар сард гэрээний хугацааг 3 жилээр сунгаж, төлбөрийг сард 5.800.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэрээний хугацааг 1 жилээр сунгаж, сарын төлбөрийг 4.650.000 төгрөг болгон тохирчээ /хэргийн 6-14, 48-50 дугаар тал/.
Нэхэмжлэгч түрээсийн гэрээ болон Б.Жавхлангийн гарын үсэг бүхий 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Тодорхойлолт гэх баримтыг нэхэмжлэлийн үндэслэлд дурджээ. Хариуцагч уг баримтыг үгүйсгээгүй боловч төлбөрийг сар бүр бэлнээр төлж байсан, төлбөрийн үлдэгдэлгүй, ...эд хөрөнгийг эвдэж гэмтээгээгүй гэсэн тайлбар гаргаж, маргажээ.
Гэрээний хугацаа дуусгавар болсон, нэхэмжлэгч орон сууцаа буцаан авсан, энэ талаар маргаагүй, харин түрээсийн төлбөр, алданги төлөх эсэх, эд хөрөнгийг бүрэн хүлээлгэн өгсөн эсэх нь маргааны зүйл болжээ.
Талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, хуульд заасан буюу хэлэлцэн тохирсон хэлбэрээр гэрээ хийсэн бол уг гэрээг байгуулагдсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч түрээсийн төлбөр, үүргээ хугацаанд гүйцэтгээгүйн алданги шаардаж буй тохиолдолд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр эсэхийг хуульд нийцүүлэн дүгнэх учиртай.
Хоёр шатны шүүх зохигчийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасан.
Талууд үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх тухай дээрх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, гэрээ Иргэний хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэж үзнэ.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр бус тохиолдолд нэхэмжлэгч түрээсийн төлбөр, алданги шаардах эрхгүй юм.
Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1.-т заасан, Б.Жавхлан нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд хүчин төгөлдөр бус гэрээний дагуу эзэмшин, ашиглаж байсан нь тогтоогдсон тул түүнийг энэ хугацаанд бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшиж хөрөнгөжсөн гэж үзнэ.
Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан “Тодорхойлолт”-д “Б.Жавхлан миний бие 2015 оны 2, 3 дугаар сарын түрээсийн мөнгө зөрүүг ойрын хугацаанд барагдуулж өгөх болно” гэжээ. Уг баримтад 2015 оны гэж бичсэн хэдий ч төлбөрийн үлдэгдэлгүй болохоо хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.
Хариуцагч 2016 онд сард 4.650.000 төгрөг төлж байсан тул энэ хэмжээгээр тооцон нэхэмжлэлээс 9.300.000 төгрөгийн шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-г зөрчихгүй.
Гэрээ хүчин төгөлдөр бус тохиолдолд нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй.
2. Сейфний үнэ 250.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч үгүйсгээгүй, шүүх уг шаардлагыг хангасныг буруутгах боломжгүй байна.
3. Засан сайжруулалтын зардалд 7.541.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.
Иймд гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлээс 9.550.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1686 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/01250 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-т заасныг баримтлан хариуцагч Б.Жавхлангаас 9.550.000 /есөн сая таван зуун тавин мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Дашжаргалд олгож, нэхэмжлэлээс 15.641.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын “...228.950...” гэснийг “167.750” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 228.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР
Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД