Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 377

 

 

                                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Т ХХК  холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс автомашин чөлөөлүүлэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Батболд овогтой Дэлгэрмаа нь Г.З ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд Б.Т ХХК-иас Г.З ХХК нь зээлээр худалдан авсан цементний төлбөрийн үлдэгдэл 19,197,700 төгрөгийг Б.Т ХХК нь Г.З ХХК-ийн захирал Б.Э болон надаас нэхэмжлэн шүүхэд нэхэмжлэл гарган улмаар талууд эвлэрлийн гэрээ байгуулан Б.Э нь 16,037,400 төгрөгийг, миний бие өөрийн өмчпөлийн Мицүбүши аутландер маркийн 1658 УБВ автомашиныг Нет капитал ББСБ-д барьцаанд тавьсан байсан 3,160,300 төгрөгийг Б.Т ХХК чөлөөлүүлсэн тул энэ мөнгийг тус тус  Б.Т ХХК-д төлөхөөр гэрээ байгуулсан. Миний бие өөрийн төлөх ёстой 3,160,300 төгрөгийг Бэлттрейд ХХК-д төлж ямар нэгэн тооцоогүй болсон боловч Б.Т ХХК нь  Б.Эын төлөх ёстой 16,037,400 төгрөгийг намайг төлөхгүй бол машиныг чинь өгөхгүй гээд өдийг хүртэл хашаандаа хадгалж байна. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс захирамж гарч бидний эвлэрлийн гэрээг баталж миний бие гэрээний дагуу төлбөл зохих төлбөрөө төлсөн байтал миний машиныг дур зоргоор хашаандаа хадгалж миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Миний бие удаа дараа өөрийн машинаа авахыг шаардсан боловч Б.Эын өрийг төлөхгүй бол өгөхгүй гэж дур зоргоороо аашилж байгаа тул иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1, 106.2, 106.3-р зүйлд заасны дагуу нэхэмжпэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Нэмж тодруулахад Энэхүү барьцаанд авч байгаа асуудал буюу 19,197,700 төгрөгийг асуудал өмнө нь шийдвэрлэгдсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй. Энд ямар нэгэн барьцааны гэрээ байхгүй, барьцаалах эрхгүй, шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар дурдаагүй байгаа.

 

 

Энэхүү машин нь Б.Дгийн эзэмшилд байж байгаад Нет Капитал ХХК  ББСБ барьцаанд тавьж мөн барьцааны гэрээгээ чөлөөлж, төлбөрийг төлсөн нь барьцааны гэрээ, Нэт Капитал ББСБ-аас гаргаж өгсөн албан бичгээр тогтоогдож байгаа. Автомашинаа өөрийн нэр дээр шилжүүлэх гэхээр бичиг баримт, машиныг Б.Т ХХК авчихаад өгөхгүй байсан учир шилжүүлэх боломжгүй байсан. Саяхан журамд өөрчлөлт орж тээврийн хэрэгсэлийг өмнөх гэрчилгээ бичиг баримтгүйгээр нэр шилжүүлэх болгонд шинээр гэрчилгээ гаргадаг болсон. Бид өчигдөр хууль ёсны дагуу өөрийн нэр дээр болгон авсан байгаа. Дэлгэрмаагийн өмчлөлд ББСБ-д барьцаалахаас өмнө байсан учир нэхэмжлэгч өмчлөгч, эзэмшигч мөн. Дэлгэрмаагийн өөрийн өмчлөлд автомашинаа шилжүүлэх эрхийг Б.Т ХХК нь өөрөө хязгаарласан байгаа. Ийм учраас хууль бусаар эзэмшиж байгаа 16-58УБВ маркийн машиныг Б.Т ХХК-ийн эзэмшилээс чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч В.Энхтөвшин шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч Б.Дгийн зүгээс манай Б.Т ХХК-д холбогдуулан гаргасан өөрийн өмч болох Мицүбүши аутландер маркийн 1658-УБВ улсын дугаар бүхий автомашиныг Б.Т ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг танилцаад, дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дараах тайлбараар илэрхийлж байна.

Анх 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Г.З ХХК нь манай Б.Т ХХК-иас цемент худалдан авахдаа урьдчилгаа 6,000,000 төгрөгийг төлөөд, үлдэгдэл 16,037,400 төгрөгийг нь 2 хоногийн дотор төлнө гэж хэлээд Г.З ХХК-ийн өмчлөлийн гэх Мицүбүши аутландер маркын 1658-УБВ улсын дугаар бүхий автомашиныг тооцооны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж дуусгах хүртэл хугацаанд манай компанийн эзэмшилд байлгахаар түлхүүр, бичиг баримтын хамт манай байгууллагын хашаанд үлдээгээд явсан юм.

Түүнээс хойш манай компанийн зүгээс удаа дараа үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан боловч огт төлбөр төлөөгүй. Гэтэл дараа нь Нэт капитал ББСБ-ын зүгээс манай компани руу яриад уг Мицүбүши аутландер маркийн 1658-УБВ улсын дугаар бүхий дугаартай автомашин нь манай нэр дээр өмчлөлийн гэрчилгээтэй автомашин тул манай байгууллага уг машиныг авна гэж шаардах болсон.

Бид тухайн үед уг машиныг манай компанийн хашаанд үлдээгээд явах үед нь машины бичиг баримтыг харж шалгаагүй бөгөөд Г.З ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг машин гэж ойлгосон юм. Гэтэл Нэт капитал ББСБ-иас манай компани руу холбогдож асуудал үүсгэсний дараа бичиг баримтыг нь харахад Нэт капитал ББСБ-ын нэр дээр гэрчилгээтэй буюу тус байгууллагын өмчлөлийн автомашин байсан юм.

Ийнхүү Г.З ХХК-ийн өмчлөлийн автомашин биш байсныг мэдээд манай компанийн зүгээс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Г.З ХХК- тай уулзалт хийж барьцаанд үлдээгээд явсан машины талаар тодруулж асуухад Г.З ХХК-н захирал Б.Э манай компани Мицүбүши аутландер маркын 1658-УБВ дугаартай машиныг Нэт капитал ББСБ-аас авсан зээлийн барьцаанд тавьсан байгаа бөгөөд уг зээлийн үлдэгдэл төлбөр нь 3,160,300 төгрөгийг төлөөгүй байгаа юм. Одоогоор манай компани Нэт капитал ББСБ-ын зээлийг төлөх боломжгүй байгаа тул танай компани манай компанийн өмнөөс Нэт капитал ББСБ-ын зээлийн үлдэгдэл 3,160,300 төгрөгийг төлбөл, манай компани дараа нь уг зээл болох 3,160,300 төгрөгийг танайд төлөх хүртэлх хугацааны хүүгийн хамт тооцож төлье, мөн танайхаас худалдаж авсан цементний төлбөр 16,037,400 төгрөгний хамт төлж барагдуулах болно гэж манай компанид хүсэлт гаргасан юм.

Иймд манай Б.Т ХХК нь Г.З ХХК-ийн хүсэлтийн дагуу тэдний Нэт капитал ББСБ-д төлөх төлбөр төлөх 3,160,300 төгрөгийг төлсөн юм. Гэтэл өнөөдрийн байдлаар Г.З ХХК болон Б.Т ХХК нарын хоорондох нийт 19,197,700 төгрөгний төлбөр тооцооноос шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд 3,160,300 төгрөгийг л төлсөн бөгөөд үлдэгдэл 16,037,400 төгрөг төлбөр төлөгдөөгүй хэвээр байгаа юм.

Иймд Г.З ХХК нь манайд 16,037,400 төгрөгний төлбөрийг төлөх үлдэгдэл тооцоотой байгаа тул анх тохиролцсон ёсоор энэхүү төлбөр тооцоог төлж дуусгах хүртэлх хугацаанд энэхүү нэхэмжлэлд дурдагдсан Мицүбүши аутландер маркийн 1658-УБВ автомашиныг манай компанийн зүгээс Г.З ХХК болон өөр ямар нэгэн этгээдэд өгөх үндэслэлгүй юм.

Мөн өнөөдрийн байдлаар Б.Д нь уг Мицүбүши аутландер маркийн 1658УБВ дугаартай автомашины өмчлөгч биш бөгөөд харин уг автомашин өнөөдрийн байдлаар Нэт капитал ББСБ-ын нэр дээрх өмчлөлийн албан ёсны гэрчилгээтэй эд хөрөнгө тул Б.Д нь энэхүү автомашинтай холбоотой ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй этгээд байгаа юм.

Иймд нэхэмжпэл гаргах эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Анх 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Г.З ХХК нь манай Б.Т ХХК-иас Цемент худалдан авахдаа урьдчилгаа 6,000,000 төгрөгийг төлөөд, үлдэгдэл болох 16,037,400 төгрөгийг нь 2 хоногийн дотор төлнө гэж хэлээд Г.З ХХК-н өмчлөлийн гэх 16-58 УБВ улсын дугаартай автомашиныг тооцооны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж дуусгах хүртэл хугацаанд манай компанийн эзэмшилд байлгахаар түлхүүр, бичиг баримтын хамт манай байгууллагын хашаанд үлдээгээд явсан юм. Нэт капитал ББСБ-иас  Б.Т ХХК-руу залгаж автомашиныг шаардах болсон. Энэ талаар Г.З ХХК-ийн захирал Б.Эаас тодруулж асуухад тухайн машиныг “Нет Капитал” ББСБ-д зээлийн барьцаанд тавьсан байгаа  автомашины зээлийн үлдэгдэл төлбөр 3,160,300 төгрөгийг төлөөгүй байгаа юм гэж байсан. Хэрвээ үүнийг төлсөн тохиолдолд бид нар хүүтэй нь хамт үлдэх төлбөрийг чинь хамт төлнө гэж хэлсэн байдаг. Тиймээс ББСБ-иас нэхсэн 3,160,300 төгрөгийг Б.Т ХХК төлсөн байгаа. Өнөөдрийн байдлаар Бэлт трейд болон Г.З ХХК хоёрын хооронд нийт 19,197,700 төгрөгийн төлбөр тооцооноос зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс 3,160,300 төгрөгийг төлсөн. Үлдэх 16.037.400 төгрөгийг төлөөгүй хэвээр байгаа. Энэ төлбөр тооцоог төлж дуусах хүртэл энэхүү автомашиныг өгөх үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс Б.Д дээрх автомашиныг өмчлөх өмчлөгч нь биш гэж үзэж байгаа учир  Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхнаасаа Б.Т ХХК болон Б.Д хоёрын хооронд ямар нэгэн харилцаа үүсээгүй  Б.Т ХХК болон Г.З ХХК хоёрын хооронд  худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсэж түүний үлдэгдэл төлбөр дээр энэхүү машиныг үлдээгээд явсан байдаг. Ойлгуулахдаа бол Г.З ХХК өмчлөлд байдаг гэж ойлгуулсан ч бичиг баримтын хувьд “Нет капитал” ББСБ нэр дээр байсан.  2018 оны 02 дугаар сарын 08 өдрийг хүртэл Нет Капитал” ББСБ-н  нэр дээр гэрчилгээ нь бүртгэлтэй өмчлөгчөөр “Нет Капитал” ББСБ байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч талд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байдаг.  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 106.2 106.3-д заасныг үндэслээд өмчлөгч нь өөрийнхөө өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшилээс шаардах эрхтэй гэсэн хуулийн зохицуулалтыг баримтлаад Б.Дгийн нэр дээр гээд  нэхэмжлэл гаргаад байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар бол нэхэмжлэгч талаас гаргаж өгч байгаа нотлох баримт нь өөрөө Б.Дгийн өмчлөл биш, нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд гэдгийг нотлож байх шиг байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэлийг гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-тзааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.    

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Б.Т ХХК-д холбогдуулан автомашиныг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...би өөрийн төлөх ёстой 3,160,300 төгрөгийг Б.Т ХХК-д төлж, ямар нэгэн тооцоогүй болсон боловч Б.Т ХХК нь Б.Эын төлөх ёстой 16,037,400 төгрөгийг намайг төлөхгүй бол машиныг чинь өгөхгүй гээд хашаандаа байлгаж байна...” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Г.З ХХК нь манайд 16,037,400 төгрөгний төлбөрийг төлөх үлдэгдэл тооцоотой байгаа тул анх тохиролцсон ёсоор энэхүү төлбөр тооцоог төлж дуусгах хүртэлх хугацаанд энэхүү нэхэмжлэлд дурдагдсан Мицүбүши аутландер маркийн 1658 УБВ автомашиныг манай компанийн зүгээс Г.З ХХК болон өөр ямар нэгэн этгээдэд өгөх үндэслэлгүй..., автомашин Нэт капитал ББСБ-ын нэр дээр байсан учир бид өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй..., мөн өнөөдрийн байдлаар Б.Д нь уг автомашины өмчлөгч биш бөгөөд харин уг автомашин Нэт капитал ББСБ-ын нэр дээрх өмчлөлийн албан ёсны гэрчилгээтэй эд хөрөнгө тул Б.Д нь энэхүү автомашинтай холбоотой ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй этгээд байгаа юм....” гэж тайлбарлан маргаж байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.

 

Б.Д нь өөрийн өмчлөлийн  Мицүбүши аутландер маркийн 1658 УБВ автомашиныг 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Нэт капитал авто” ББСБ-д барьцаалан 4,000,000 төгрөгийн зээл авсан ба уг зээлийн үлдэгдэл төлбөр болох 3,160,300 төгрөгийг түүний өмнөөс Б.Т ХХК төлж автомашиныг барьцаанаас чөлөөлжээ. Улмаар Б.Т ХХК нь Б.Дгаас уг төлбөрийг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ба тус шүүх 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00306 дугаартай “Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Шүүгчийн захирамжид дурдсанаар Б.Д нь Б.Т ХХК-д 3,160,300 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд улмаар уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан Б.Д, Б.Э нарын Нэткапитал авто ХХК-тай байгуулсан зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /хх-32-38-р тал/, Нэткапитал ББСБ-ын Баянзүрх дүүрэг дэх салбарын 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн НТ-05/046 дугаартай албан бичиг /хх-5-р тал/, Б.Т ХХК-иас шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн  2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 054 дугаартай албан бичиг /хх-ийн 6-р тал/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00306 дугаартай шүүхийн захирамж /хх-ийн 7-р тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргахгүй байна.

Улмаар Мицүбүши аутландер маркийн 1658 УБВ автомашин нь Нэткапитал авто ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн талаар талууд маргахгүй байна. Нэхэмжлэгч нь уг автомашины өмчлөгч бөгөөд зээлийн барьцаанд Нэткапитал авто ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн ба төлбөрөө бүрэн төлж барагдуулсан боловч өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй талаараа “...автомашиныг бичиг баримтын хамт Б.Т ХХК авчихаад өгөхгүй байсан учир нэр дээрээ шилжүүлж авч чадахгүй байгаа...” гэсэн тайлбарыг гаргадаг, үүнийг хариуцагч үгүйсгэхгүй байна.

Б.Д нь уг машины өмчлөгч биш, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж хариуцагч маргаж байгаа боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Нэткапитал авто ХХК-тай байгуулсан гэрээгээр өмчлөгч нь байсан болох нь тогтоогддог, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь уг автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлсэн авсан болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгч Б.Д нь уг автомашины өмчлөгч бөгөөд бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч тайлбартаа автомашиныг Б.Д, Г.З ХХК нь 16,037,400 төгрөгийн үлдэгдэл төлбөрт барьцаалсан гэх боловч үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй байна. Хавтаст хэргийн 19-р талд авагдсан Б.Эын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасан Б.Т ХХК-д хүсэлт гаргах нь” гэх бичгийн баримтад “...16,600,000 төгрөгийн цемент хэрэглэсэн ба үнийн дүнд барьцаа болгон Мицубиши Аутландер УБВ 16-58 барьцаалсан буюу уг машин одоогоор Net capital ББСБ-д барьцаалагдсан байгаа болно., ...машины зээлийг Б.Т ХХК-иар төлүүлж 2017 оны 2 дугаар сарын 25-нд ББСБ-ын төлөгдсөн мөнгийг Бэлт трейдэд өгөх 16,600,000 төгрөгийг нэгтгэн төлж барагдуулна.” гэж бичжээ. Энэ баримтаар Б.Э нь уг автомашиныг барьцаалах эрхтэй байсан болох нь тогтоогдохгүй байхаас гадна Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын31-ний өдрийн 183/ШШ2017/00306 дугаартай шүүхийн шийдвэрээр 19,197,700 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ барьцаа хөрөнгийн талаар дурдаагүй байгаагаас үзэхэд талууд энэ талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй байна. Уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа талаар талууд маргахгүй байгаа бөгөөд хэрэв уг төлбөрт дээрх маргаан бүхий автомашиныг барьцаалсан гэж үзвэл уг хөрөнгөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах боломжтой, энэ талаар Б.Т ХХК нь хүсэлт гаргах эрх нь нээлттэй байжээ. Үүгээр нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Б.Т ХХК-нд төлөх төлбөрийн барьцаанд уг автомашиныг барьцаалсан гэж үзэх боломжгүй, хариуцагчийн тайлбар тогтоогдохгүй байна.

 

Дээрх хөдлөх эд хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байгаа нь түүний шүүх хуралдаанд гаргасан “...төлбөрөө бүрэн төлж барагдуулсны дараа автомашиныг өгнө...” гэх тайлбараар нотлогдож байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагчид тухайн хөрөнгийг барьцаалсан гэж үзэх, мөн хариуцагчийг хуульд заасны дагуу эзэмших, өмчлөх эрхтэй гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй, энэ талаар баримтаар нотлоогүй тул хариуцагчийг уг хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан ба нэхэмжлэгч Б.Д нь  Мицүбүши аутландер маркийн 1658 УБВ автомашины өмчлөгч тул хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Т ХХК-иас Мицүбүши аутландер маркийн 1658 УБВ автомашиныг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т ХХК-иас 1658-УБВ улсын дугаар бүхий Mitsubishi Outlander /Мицүбүши аутландер/ маркийн автомашиныг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.НЯМСҮРЭН