Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2020/0271/З |
Дугаар | 128/ШШ2021/0039 |
Огноо | 2021-01-14 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2021/0039
2021 оны 01 сарын 14 өдөр | Дугаар 128/ШШ2021/0039 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,
Нэхэмжлэгч: Гадаад харилцааны яам
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: У ХК
Нэхэмжлэлийн шаардлага: ...Нийслэлийн Засаг даргын "Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай" 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/87 дугаарын захирамжийг хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын Гадаад харилцааны яам нь Монгол Улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагуудын хотхон байгуулах зориулалтаар Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутагт байрлах 80000 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 396 дугаар захирамжаар эзэмшиж, газар эзэмших гэрээ байгуулсан бөгөөд, гэрчилгээний хугацаа 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хүчинтэй болно. Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.6-д "тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.А 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/87 дугаар захирамж гаргаж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон, захирамжийн хуулбарыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01-06/886 дугаар сарын албан бичгээр ирүүлсэн болно. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийн хуулбар нь гарсан өдрөөсөө хойш хуанлийн 43 өдрийн дараа тус яаманд ирсэн .
Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т зааснаар "Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/87 дугаарын захирамжид урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаж Гадаад харилцааны сайдаас 08/1702 дугаартай албан бичгийг 2020 оны 4 дүгээр сарын 01-нд Нийслэлийн Засаг дарга С.А-д хүргүүлсэн.
Дээрх гомдлын хариуг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Э-аас 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 01-04/1647 дугаартай албан бичгээр ирүүлсэн байна.
Чингэхдээ уг хариу албан бичигт яамны албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй тул албан хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл, шалтгаан байхгүй тул гомдлыг хангах боломжгүй байна гэжээ.
Энэхүү хариу тайлбарыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлд заасан Гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа-г зөрчсөн байна. Тухайлбал, 95.1.3-д гомдол гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шаардлагатай бол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гуравдагч этгээдэд гомдлыг шийдвэрлэх он, сар, өдөр, газрыг урьдчилан мэдэгдэж, уг ажиллагаанд хүсэлтээр нь байлцуулах", 95.4-т "Гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцын талаар тэмдэглэл хөтлөнө, уг тэмдэглэлд дараахь зүйлийг тусгана", үүнд: 95.4.1-д заасан захиргааны акт гаргаж байгаа байгууллагын нэр, хаяг, албан тушаалтны эцэг/эх/-ийн нэр болон өөрийн нэр"; 95.4.2.захиргааны акт гаргасан, гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан он, сар, өдөр, газар; 95.4.3. гомдол гаргагч, хариуцагч, бусад оролцогчийн эцэг,/эх/-ийн нэр болон өөрийн нэр; 95.4.4. гомдлын агуулга, шаардлага; 95.4.5. мэргэжлийн байгууллага шинжээчийн дүгнэлт, гэрчийн бусад нотлох баримт; 95.4.6.тэмдэглэл хөтөлсөн болон гомдлыг шийдвэрлэсэн албан тушаалтан, захиргааны байгууллагын эрх баригчийн гарын үсэг" гэж тус тус заасан байх бөгөөд дээрх ажиллагааг огт хийгээгүй байна.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.9-д Гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага гомдлыг шийдвэрлүүлэхээр бусдад шилжүүлэхийг хориглоно" гэж заасныг зөрчсөн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д " хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын "Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай " 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/87 дугаарын захирамжийг дараах үндэслэлээр хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: Нийслэлийн Засаг дарга А/87 дугаарын захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 буюу "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэсэн заалтыг үндэслэсэн байна. Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн 2006 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай зөвлөмжид Зөрчил нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эсхүл мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр заавал урьдчилан тогтоогдсон байх бөгөөд түүнийг үндэслэж Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргасан байх ёстой гэжээ.
Гэтэл нэхэмжлэгч талын газар эзэмшихтэй холбоотой гаргасан зөрчил тогтоогдоогүй байхад шийдвэр гаргаж, газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
Түүнчлэн захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д ... газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэсэн заалтыг үндэслэсэн нь буруу байна. Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.9-д Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ...удаа дараа... " гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно гэжээ.
Газар эзэмшигч нь гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх нотлох баримт байхгүй болно.
1. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэснийг үндэслэл болгосон байна. Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн 2006 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн дээрх зөвлөмжид хүндэтгэн үзэх шалтгаан гэсэн заалт нь газрыг зориулалтаар ашиглаагүй, 2 жил ашиглаагүй гэдэг заалттай шууд хамааралтай юм. Эзэмшигч эзэмшиж буй газрынхаа зориулалтыг өөрчлүүлэх талаар эрх олгосон байгууллага, албан тушаалтанд албан ёсоор мэдэгдсэн эсэхийг шүүх тогтоосон байвал зохино" гэжээ. Үүнтэй холбогдуулан газар эзэмшигч нь эзэмшил газрынхаа зориулалтыг өөрчлүүлэх талаар эрх бүхий байгууллагад удаа дараа хандаж ирсэн бөгөөд газрыг ашиглах талаар сүүлийн 2 жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Гадаад харилцааны яам дээрх газрыг Монгол Улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагуудын хотхон байгуулах зориулалтаар эзэмшиж ирсэн боловч уг газарт ийм зориулалттай томоохон хотхон байгуулах эдийн засгийн хүчин чадал манай улсад хараахан байхгүй, нөгөө талаар манай улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрууд нь байршил, дэд бүтэц сайтай, аюулгүй байдлаа хангасан барилга байгууламж эзэмших сонирхол ихтэй тул уг газрын зориулалтыг өөрчлөн эдийн засгийн эргэлтэд оруулахаар шийдэн энэ асуудлыг судлан санал боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг тус Гадаад харилцааны сайдын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/28 дугаар тушаалаар байгуулан сүүлийн 2-3 жил судалгаа хийж ирсэн.
Учир нь газрын төлбөрийг тус яам жил бүр төлж байсан бөгөөд энэ нь эдийн засгийн хувьд үргүй зардал болж ирсэн тул зориулалтыг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 онд Азийн хүүхдүүд олон улсын спортын VII их наадмыг зохион байгуулахтай холбогдуулан тус наадмыг зохион байгуулах захиргаанаас 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 002 дугаар албан бичгийг Гадаад харилцааны сайд Д.Ц-ын нэр дээр ирүүлж, Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус яамны эзэмшил 80000 м.кв газар дээр хөл бөмбөг, хөнгөн атлетик талбай бүхий цэнгэлдэх хүрээлэн, усан спортын бассейн зэрэг спортын барилга, байгууламж барих зураг төслийг 2018 оны 3 дугаар улиралд багтаан эхлүүлэх шаардлагатай байгаа тул эзэмшил газраа Ш ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн юм. Ш ХХК-нь тус яамны газар эзэмших эрхийг шилжүүлэн авахтай холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 0173 дугаарын албан бичгээр 3 хувилбар бүхий санал ирүүлсэн. Үүнийг тус яамны ажлын хэсэг судлан яамны эзэмшлийн газрыг тухайн үеийн ханшаар тооцон тус компанийн барьж ашиглалтад оруулсан байрнаас 12 ширхэг орон сууцыг яамны нэр дээр шилжүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр /19/05 дугаартай/ байгуулсан.
Санамж бичгийн дагуу албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд тус яам, түүний системийн байгууллагад олон жил, үр бүтээлтэй ажилласан 12 албан хаагчдад олгуулах, чингэхдээ тухайн орон сууцны үнийн дүнгээс 30 хувийн урьдчилгаа төвлөрүүлж, түүнээс жагсаалтын 13-40-д эрэмбэлэгдсэн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр тооцоолж, уг асуудлыг яамны төв аппарат болон хилийн чанадад ажиллаж буй нийт албан хаагчдаар хэлэлцүүлж нэрсийн жагсаалтыг Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/158 дугаар тушаалаар албажуулаад байсан.
Гадаад харилцааны яам нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарлаж, улс орны бүтээн байгуулалт, ирээдүйн хөгжилд ашигтай гэж үзэж газраа шилжүүлэн өгөхийг зөвшөөрч Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүрт Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай урьдчилан зөвшилцөнө... гэж заасны дагуу энэ асуудлаар зөвшилцөх хүсэлтээ 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт албан бичгээр, мөн 3 дугаар сарын 31-ний өдрийн 08/1551 дугаарын албан бичгээр Барилга, хот байгуулалтын яаманд дахин хүргүүлсэн байдаг. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.О-аас Ш ХХК-ийн нэр дээр газрын эрхийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн албан бичгийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр тус яаманд ирүүлсэн. Ийнхүү Газар эзэмших эрхээ шилжүүлэх асуудлаар эрх бүхий байгууллагуудтай харилцан зөвшилцөж ирсэн нь Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2006 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн дээрх зөвлөмжид тайлбарласнаар "Эзэмшигч, эзэмшиж буй газрынхаа зориулалтыг өөрчлүүлэх талаар эрх олгосон байгууллага, албан тушаалтанд албан ёсоор мэдэгдсэн-ийг нотолж байна.
Мөн түүнчлэн Гадаад харилцааны яамны эзэмшил газар дээр Нийслэлийн өмчит "У" ХК нь эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан ч гэсэн Газрын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж /эрх бүхий байгууллагын зөвшөөрөл ирээгүй байсан тул газар эзэмших эрхээ Ш ХХК-нд шилжүүлээгүй байсан тул /2019 оны газрын төлбөрт нийт 13,2 сая төгрөгийг Газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн.
Газар эзэмшигчээс холбогдох хууль, тогтоомжид заасан эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж ирсэн дээр дурдсан бүхий л арга хэмжээг эзэмшил газраа ашиглах талаар хийсэн үйлдэл гэж үзэх үндэслэл болно. Гэтэл Гадаад харилцааны яам,
Ш ХХК-тай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт дурдсан хамтын ажиллагааг хэрэгжүүлэх боломжийг хааж, Нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлагын санаачилгаар Э ХК, Э үйлдвэр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Нийслэлийн өмчит У" ХК-г байгуулан тус яамны эзэмшил газар дээр 2019 оны 5 дугаар сараас эхлэн барилга, байгууламж барьж эхэлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яаманд мэдэгдээгүй. Ингээд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Д, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дэд захирал Б.Б, нэгдүгээр нарийн бичгийн дарга Ө.Ө нар 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг дарга С.А нэгдүгээр орлогч Ж.Б, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.У, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Э нартай уг газрын асуудлаар уулзаж ярилцсан бөгөөд уулзалтын үеэр Засаг дарга С.А нь "тус яам, Ш ХХК-тай байгуулсан санамж бичгийг өөрчлөх хүсэл сонирхол байхгүй, хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх гарцыг судалж үзнэ гэдгээ илэрхийлсэн.
Дараа нь мөн Гадаад харилцааны яамнаас газар эзэмших эрхээ хууль тогтоомжийн хүрээнд шилжүүлэх, эсхүл боломжит хувилбараар энэ асуудлыг шийдэхийг хүсэж 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 08/5521 дугаарын албан бичгийг Нийслэлийн Засаг дарга С.А-д хүргүүлсэн боловч тодорхой арга хэмжээ аваагүй болно. Гэтэл албан тушаал, эрх мэдлээ ашиглан өөрсдийн байгуулсан компаниар бусдын эзэмшил газар дээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэн, эцэст нь газар эзэмшигчийн эрхийг хүчингүй болгосон нь "албан тушаалаа ашиглан бусдад давуу эрх олгон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1-д заасан Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина гэсэн үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
Түүнчлэн захирамжийг гаргахдаа сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу явуулаагүй гэж үзэж байна. Учир нь дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д "Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна гэж заасныг тус тус зөрчсөн үзэж байна.
Иймд нэхэмжлэгч тал "Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/87 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй байхад газар эзэмшигчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 60 дугаар зүйлийн 60.1.4, 61 дүгээр зүйлд тус тус заасны дагуу уг захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 396 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт 80000 м.кв газрыг Дипломат төлөөлөгчийн болон олон улсын байгууллагуудын хотхон зориулалтаар нэхэмжлэгч байгууллагад эзэмшүүлсэн байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн үндэслэл бүрдсэн тул НГЗБА-ны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02-06/6286 дугаартай албан бичгээр мэдэгдэж сонсох ажиллагаа хийгдсэн ба нэхэмжлэгч байгууллагаас 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02-06/6286 дугаартай албан бичгээр хариу тайлбар ирүүлсэн. Хариу албан бичигт дурдсанаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох мэдэгдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа үндэслэлээ ... газрын төлбөрийг төлж ирсэн..." гэж тайлбарласан. Мөн тус яамны газар эзэмших эрхийг хуулийн хүрээнд шилжүүлэх, өөр байршилд газар олгох, эсхүл нөхөн төлбөр олгох зэрэг хувилбарыг санал болгосон байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/87 дугаартай Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжаар газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгож Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу тус яаманд мэдэгдэхийг даалгасан.
НГЗБА-ны даргын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01-06/886 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч байгууллагад мэдэгдэж захирамжийн хуулбарыг хүргүүлсэн.
Тус яамнаас ирүүлсэн Гомдол гаргах тухай албан бичигт дурдсанаар " ...таны захирамжийн улмаас тус яамны болон албан хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж уг захирамж /акт/-ийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна" гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагад тухайн газрыг Дипломат төлөөлөгчийн болон олон улсын байгууллагуудын хотхоны зориулалтаар ашиглах эрх олгогдсон тул зориулалтыг өөрчлүүлэх, хуулийн этгээдэд газар эзэмших эрхийг шилжүүлэх, ажилчин, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудал нь зориулалтын дагуу газрыг ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгаан, үндэслэл болохгүй юм. Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/87 дугаар захирамж зорилгодоо нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 376 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Олон улсын залуучуудын ногоон наадам"-ыг 2021 оны 9 дүгээр сард, 2017 оны 268 дугаар тогтоолоор Зүүн азийн залуучуудын II наадам-ыг 2023 онд тус тус зохион байгуулахаар тогтож олон улсын өмнө өндөр хариуцлагатай, эрхэм хүндэт үүргийг манай улс хүлээсэн билээ.
Энэхүү наадмын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 154 дүгээр тогтоолын 2-т Олон улсын залуучуудын спортын Ногоон наадам, 2023 оны Зүүн Азийн залуучуудын спортын наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалт, шаардлагатай зарим барилга байгууламжийг барих, техникийн шаардлага хангасан спортын хэрэглэл, тоног төхөөрөмж авах хөрөнгийг төвлөрүүлэн зохицуулах үүрэг бүхий нийслэлийн өмчит компанийг байгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.А-д даалгасугай" гэж заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн У ХК байгуулах тухай 65 дугаар тогтоолоор нийслэлийн өмчит тус компанийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны Хороо байгуулах тухай 27 дугаар захирамжаар дээрх наадмын зохион байгуулалтыг хариуцах үүрэг бүхий Хороог /Гадаад харилцааны сайд тус хорооны гишүүн/ тус тус байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Олон улсын төвшний олон төрөлт спортын наадмын хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилго 2030-ыг хэрэгжүүлж буй НҮБ-ын нийт 193 гишүүн орон нээлттэй оролцож тэдгээр улсуудын тамирчид, багш дасгалжуулагч, албаны зочид, төлөөлөгчдийн хамтаар хүрэлцэн ирэх бөгөөд энэ нь улс орны нэр хүндийг гадаад орчинд өсгөх, таниулан сурталчлах, олон улсын зүгээс хүлээлгэсэн итгэлийг бататган дараа дараагийн тив, дэлхийн хэмжээний спортын наадмуудыг эх орондоо зохион байгуулах, хүүхэд залуусаа спортын их амжилт, хүсэл тэмүүлэлд хөтлөх, аялал жуулчлалын салбарт түлхэц дэмжлэгийг үзүүлэх зэрэг олон талын үр дүнг бодитойгоор бий болгохын зэрэгцээ бэлтгэл ажлыг өндөр хэмжээнд зохион байгуулах нь туйлын чухал юм .
Энэхүү олон улсын наадмын бэлтгэл ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн өмчит У" ХК-ийн захиалгаар 2019 оноос эхлэн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор" Сагсан бөмбөг, волейбол, бөхийн бүх төрлүүд явагдах, хамтын ажиллагааны хүрээнд А ХХК-тай хамтран Усан спортын ордон", "М ТББ-тай "Хөлбөмбөгийн техникийн төв"-ийн барилга угсралтын ажил тэдгээртэй холбоотой барилгын хашаа татах, суурь тэгшлэх, холбогдох зураг, төсөв боловсруулах, геодези, байр зүйн зураглал хийх, ус зайлуулах шуудуу татах, байгаль орчны төлөв байдлын судалгаа хийлгэх, авто зам талбайн барилга барих, түр цахилгаан хангамжийн ажил зэрэг нийт 26,892,250,391 төгрөгийн санхүүжилтийг манай компанийн төсвөөс гарган хэрэгжүүлэхээр төлөвлөж өнөөдрийн байдлаар 9,438,795,125 төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэгч компанид олгосон байна.
Хамтын ажиллагааны хүрээнд А ХХК нь Усан спортын ордон" барихад зориулж нийт 12 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж өнөөдрийн байдлаар 3 тэрбум төгрөгийн, Мо" ТББ нь Олон улсын Хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр Хөлбөмбөгийн техникийн төв"-ийн барихад зориулж нийт 2,120,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж өнөөдрийн байдлаар 6,309,240,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хийж гүйцэтгэсэн байна .
Тус газарт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд нэгдсэн хашаа, харуул хамгаалалтгүй, ямар ч ажил хийгдээгүй байсан ба бид 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаартай, мөн оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 68 дугаартай албан бичгээр тус тус ... газар эзэмших эрхийг олгож өгөх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхэд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0114510 дугаар албан бичгээр Гадаад харилцааны яаманд олгосон Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 га газар эзэмших эрхийг танай байгууллагын нэр дээр шилжүүлэхээр болж зохих журмын дагуу холбогдох байгууллагатай зөвшилцөж, шийдвэр гаргахаар тогтсон мөн түүнчлэн ... бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн албан ёсны хариуг ирүүлж улмаар 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/88 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хуулийн дагуу олгосон болно. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/87 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл нь бодит байдалд нийцсэн, хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Гадаад харилцааны яамнаас тус шүүхэд хандан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн "Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай" А/87 дугаарын захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/87 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Гадаад харилцааны яамны газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл байдлыг тодруулалгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн хэмээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.
2. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно хэмээн хуульчилсан.
3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Гадаад харилцааны яам анх Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/396 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 802 дугаар бүхий 80000 м.кв газрыг дипломат төлөөлөгчийн болон Олон улсын байгууллагын хотхон зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2010 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн газрын албатай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулан, 2010 оны 8 дугаар сарын 09-ны өдөр 023 дугаар Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/396 дугаар захирамж, 2010 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн огноо бүхий Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 023 дугаар Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.
Үүнтэй холбогдуулан шүүх, нэг талаас 2010 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгч Гадаад харилцааны яаманд Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн эрх, үүрэг үүсэж, нөгөө талаас захиргааны байгууллага болох Нийслэлийн Засаг даргад Гадаад харилцааны яамыг Газрын тухай хуулиар хүлээсэн эрх үүргээ биелүүлж буй эсэхэд хяналт тавих бүрэн эрх үүссэн бөгөөд энэ үеэс эхлэн тухайн газрыг зориулалтын дагуу дараалан 2 жил ашиглаагүй гэх хугацааг тооцох ёстой хэмээн үзэв.
Улмаар, хариуцагчийн зүгээс маргаан бүхий акт болох 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн "Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай" А/87 дугаар захирамжтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд заагдсан нөхцөл байдлыг тогтоох болон сонсох ажиллагааг хэрхэн явуулсан, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийг хэрхэн шалган тогтоосон болохыг тодруулах зорилгоор хэргийн оролцогчдоос болон холбогдох бусад байгууллагаас лавлагаа, нотлох баримтыг гаргуулан, маргаан бүхий газарт газрын үзлэг хийхэд,
- маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/88 дугаар захирамжаар нийслэлийн өмчит У ХХК-нд олон улсын стандартад нийцсэн Хөлбөмбөгийн талбай бүхий цэнгэлдэх хүрээлэн, усан бассейн барих зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн,
Маргаан бүхий газарт У ХХК нь Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ГБМЗХ2020/03-004 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврын үндсэн дээр барилгын үйл ажиллагаа явуулж байгаа болох нь,
У ХХК нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 65 дугаар тогтоолоор байгуулагдсан, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 145, 2017 оны 354, 2019 оны 376 дугаар тогтоолоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2020 оны 8 дугаар сарын 14-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах Азийн хүүхдүүд 2020 олон улсын спортын VII их наадам, 2023 онд зохион байгуулагдах Зүүн Азийн залуучуудын спортын наадмын зохион байгуулалт, бэлтгэх ажлыг хангах, шаардлагатай зарим барилга байгууламжийг барих, техникийн шаардлагыг хангасан спортын хэрэглэл, тоног төхөөрөмж авах, хөрөнгийг төвлөрүүлэн зохицуулах үүрэг бүхий нийслэлийн өмчит аж ахуйн нэгж болох нь,
- хариуцагч Нийслэлийн Засаг даргын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл болон 27 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, оролцогчийг сонсох үүргийнхээ хүрээнд
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02-06/6286 дугаар албан бичгээр Гадаад харилцааны яаманд ...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бий болсон тул газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдэн энэ асуудалтай холбоотой тайлбар, санал, тодруулга гаргах, материал ирүүлэх тохиолдолд 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор тус албанд ирүүлэхийг мэдэгдсэн,
Хэргийн оролцогчид маргаан бүхий газартай холбоотой асуудлаар урьд нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 03/1235, Гадаад харилцааны сайдын 2019 оны 08/5521 зэрэг албан бичгүүдээр болон Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг даргатай уулзалт хийсэн зэргээр удаа дараа харилцаж байсан болох нь,
- хэргийн оролцогчдын тайлбараар нэхэмжлэгч Гадаад харилцааны яам нь маргаан бүхий газарт 2010-2019 оны хугацаанд ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй гэх нөхцөл байдал тус тус тогтоогдов.
4. Хэдийгээр нэхэмжлэгч Гадаад харилцааны яамны зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус газар дээр Ш ХХК-тай хамтран барилгын үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон байсан, төсөвт мөнгөн хөрөнгө тусгагдаагүйгээс газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан хэмээн тайлбарлан маргаж байх боловч энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болж чадахгүй.
Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон тайлбарлаж буй Ши ХХК-тай хамтран барилгын үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон байсан гэх асуудал нь хийгээд төсөвт мөнгөн хөрөнгө тусгагдаагүйгээс газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэх асуудал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан хийгээд гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газар ашиглах гэх ойлголтод хамаарахгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 заасныг үндэслэн нэхэмжлэгч Гадаад харилцааны яамнаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн "Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай" А/87 дугаарын захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасанчлан нэхэмжлэгч Гадаад харилцааны яам нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА