Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 00311

 

 

 

 

 

 

 

 

  2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2018/00311

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 8-1 тоотод оршин суух, Монгол ургийн овогтой Э.Н-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТЭЦ-4, өөрийн байр, “Е” ХХК -д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2,800,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, хариуцагч “Е” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Н-ншүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Н-н би 2017 оны 04 сарын 08-ны өдрөөс эхлэн “Е”ХХК-д дизайнерийн ажилд орж ажиллаж эхэлсэн. Гэтэл тус компани ямар ч шалтгаангүйгээр 2017 оны 10 сарын 24-ний өдөр ажлаас халсан байна. Ажлаас халсан шийдвэрийг 2017 оны 11 сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч н.Мөнх-Эрдэнэ гэдэг хүнтэй уулзаж тайлбар өгөх үедээ мэдсэн. Миний бие ажлаас халсан тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр файл зэргээ нэхсэн боловч намайг тодорхой хэмжээний өр төлбөртэй учир асуудлыг дуусгаад өгнө гээд одоо болтой өгөөгүй. Иймд намайг эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Н-ннэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардагатаа: Намайг ажлаас халагдахад “Е”ХХК миний 650,000 төгрөгийн үнэтэй гар утас, нийгмийн даатгалыг чинь төлнө гэж 200,000 төгрөг авч үлдсэн. Тооцоогоо дуусгаад утсаа аваарай гэсэн. 200,000 төгрөгийг нийгмийн даатгалд оруулаагүй. Иймд нийт 850,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Н-н 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Евровүүд ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Э.Номин-Эрдэнийг ажлаас нь үндэслэлгүй халсан. Ажлаас халсан энэ тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тийм учраас ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагад хэрэгт цугларсан нотлох баримттай холбоотойгоор ялимгүй өөрчлөлт орсон, учир нь Э.Н-н нь тухайн үед ажлаас халагдсан тушаал болон халагдсан байдлын талаар мэдэхгүй, таамаглал төдий мэдээлэлтэй байсан учраас 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажлаас халагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагад бичсэн. Харин хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажлаас халсан гэдгийг мэдсэн. Евровүүд ХХК-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17/1001 тоот тушаалыг хүчингүй болгож, Э.Номин-Эрдэнийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 4 сарын хугацааны цалин болон 2,800,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү. Мөн 11, 12, 01, 02 дугаар сарын нийгмийн даатгалын бичилтийг нөхөн бичүүлэхийг Нийгмийн даатгалд даалгаж өгнө үү гэсэн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Н-н нь манай компанид 2017 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн дизайнераар ажилд орсон ба энэ хугацаанд үүрэгт ажлаа хангалтгүй хийж байсан. Энэ талаараа өөртэй нь уулзаж ажил сайжруулах үүрэг хүртэл өгч байсан. Мөн харилцагч байгууллага иргэдийнд очиж захиалгын тавилгын хэмжээ авахдаа алдаа гаргаж буруу хэмжээ авч байснаас болж тавилгыг дахин хийх материалын болон бусад зардал ихээр гаргаж байсан. Мөн уүгээр зогсохгүй манай компанид найз гэх А.Дөлгөөнийг дизайнераар ажиллуулах санал тавьж ажилд оруулсан ба Э.Н-н, А.Дөлгөөн нар нь хамтран бүлэглэж манай компаниар тавилгаа хийлгэхээр захиалга өгсөн иргэн Б.Тэгшжаргалын захиалгыг компаний тамга тэмдэг ашиглан авч өөрсдөө зарим компанийн ажилчдыг уруу татан оройн цагаар байрны подвол түрээслэн авч хийж байсан нь илчлэгдсэн. Э.Н-н нь иргэн Б.Тэгшжаргалын захиалгыг авч урьчдилгаа хэмээн 3,200,000 төгрөгийг компаниин нэхэмжлэх тамга тэмдэг ашиглан иргэдииг төөрөгдүүлэн өөрийгөө уг компании захиралын хүүхэд нь хэмээн худал хэлж өөрийн хувийн дансандаа урьдчилгаа төлбөрийг шилжүүлэн авсан байдаг. Ингээд бусадтай хамтран иргэн Б.Тэгшжаргалын захиалгын тавилгыг хийсэн боловч уг тавилга нь чанарын шаардлага хангахгүй, хугацаандаа ирээгүй захиалснаас өөр загвар хийцтэй байна гэх олон шалтгаанаар иргэн Б.Тэгшжаргал нь манайд ирж гомдол гаргах үед бид Э.Н-н, А.Дөлгөөн нарын хууль бус бусармаг үйлдлийн талаар мэдсэн. Мөн иргэн Б.Тэгшжаргалыг Э.Н-н, А.Дөлгөөн нартай уулзуулж хамтран хэлэлцэж харилцагч Б.Тэгшжаргалыг хохиролгүй болгох, төлбөрийг буцаан төлөх үүргийг Э.Н-н, А.Дөлгөөн нар нь хариуцахаар болсон. Иргэн Б.Тэгшжаргал нь цаашид манай компаниар үйлчлүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн ба бичгээр гомдлоо гаргахаар болсон. Дээрх бүх үйлдлээс шалтгаалан бид Б.Тэгшжаргалыг Э.Номин-Эрднэ, А.Дөлгөөн нартай цаашид хамтран ажиллах боломжгүй болсон ба энэ тухайгаа 2017 оны 10 сарын 16-ны өдөр мэдэгдэж ажлаа хүлээлгэн өгөх, тойрох хуудсаа зуруулж тооцоогоо хийж дуусгахыг өөрсөдөд нь мэдэгдсэн ба хөдөлмөрийн хууль, компаний дотоод журамд заасны дагуу 2017 оны 10 сарын 17-ны өдөр ажлаас халсан тушаал гаргасан. Гэвч Э.Н-н нь нь энэ өдрөөс хойш ажилдаа нэг ч ирээгүй ажлаа хүлээлгэн өгөөгүй, тойрох хуудсаа зуруулж өөрийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр зэргээ аваагүй байгаа ба шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр ажлаас халагдсанаа мэдээгүй явсан мэтээр худал бичсэн байна. Бид Э.Н-нтэй утсаар ярьж ажлаа хүлээлгэн өгөхийг хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлгэн өгөхгүй зугтаж байна. Иймд иргэн Э.Н-нгаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадрах шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.Н-н ажлаас халагдсан тухайгаа мэдээгүй, цагдаа дээр мэдсэн гэдэг талаар тайлбар өгч байгаа нь худлаа. Э.Н-н 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа ирээд тус өдөр болсон хурлаар өөрийг нь ажлаас халсан талаар мэдсэн. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй. Энэ талаарх нотлох баримт нь цагийн бүртгэлээр тогтоогдоно. Үүнээс хойш ажилдаа ирээгүй учраас тушаалтайгаа танилцаагүй. Гэхдээ тушаал гарсан талаар мэдсэн. Тушаал гарсан талаар мэдсэн нь манай ажилтантай харилцаж байсан захианаас харагдана. 2017 оны 10 дугаар сард нийт 7 удаа ажилдаа ирсэн. Бусад үед нь тасалсан. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй ажлаа хүлээлгэж өгөөгүй байж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь харамсалтай байна. Э.Н-н буцаж ажилдаа орохгүй зөвхөн мөнгөө авах гэж байгаа гэсэн яриа гарсан байсан. Манай байгууллага тушаалтайгаа танилцаагүй, мөнгө нэхэмжлээд байгаа асуудлыг хүлээн авах боломжгүй. Мөн нийгэмд иймэрхүү буруу ойлголт байж болохгүй. Э.Н-н зөрчил гаргаад зогсохгүй манай 2 ажилтанг цалинжуулж ажлуулсан байсан. Энэ талаарх тайлбар хэрэгт байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Н-н нь хариуцагч “Е”ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2,800,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гар утасны үнэ, нийгмийн даатгалын шимтгэлд нийт 850,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардагаа нэмэгдүүлсэн боловч нэмэгдүүлсэн шаардагаасаа 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр татгалзжээ.

 

Хариуцагч нь Э.Н-н компанийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах тушаал үндэслэлтэй гарсан гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.  

 

Нэхэмжлэгч Э.Н-н нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхэлэн “Е”ХХК-д дизайнераар ажилласан байх бөгөөд түүнийг “Е”ХХК-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 171001 дугаар тушаалаар компанийн тамга, тэмдэг, эд хөрөнгө ашиглан харилцагчдыг хуурч мэхлэн компанийн эд хөрөнгө, нэр хүндэд хохирол учруулсан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.1.в, 8.2.1.д заалтыг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасны дагуу ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй.

 

 Нэхэмжлэгч 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ажлаас халах тушаалыг эс зөвшөөрч гомдлоо 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан боловч хариуцагч ажлаас халах тушаалыг хэзээ танилцуулж, хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт авагдсан байримтгүй байх тул нэхэмжлэгч гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно” гэж, хариуцагч “Е”ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.2.1-д “Дараах тохиолдолд хөдөлмөрийн гэрээг компанийн удирдлагын санаачлагаар цуцална”, 8.2.1.в-д “...албан тушаалаа урвуулан ашигласан, компаний нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан, эд хөрөнгөд хохирол учруулсан”, 8.2.1.д-д “...мөнгө буюу эд хөрөнгө хариуцсан ажилтан компанийн удирдлагын итгэлийг алдагдуулсан” гэжээ.

 

Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах бөгөөд хөдөлмөрийн гэрээнд гэрээ цуцлах болон бусад нөхцөлийг тусгана. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлөмөрийн гэрээ байгуулсан гэх боловч талууд уг гэрээ одоо байхгүй болсон тул гаргаж өгөх боломжгүй гэж тайлбаралжээ.

 

Захиалагч Б.Тэгшжаргалаас 2017 он 10 сарын 23-ны өдөр “Е”ХХК-д захиалсан гэр ахуйн тавилгын чанар, хийц, хугацааны талаар гомдол гаргснаар нэхэмжлэгч Э.Н-н нь хариуцагч “Е”ХХК-ийн дезайнераар ажиллаж байсан боловч хариуцагч байгууллагад ирсэн гэр ахуйн тавилга хийх захиалгыг байгууллагын нэрээр хүлээн авч, энэ талаараа байгуулага, захиалагч нарт мэдэгдэлгүйгээр захиалсан зүйлийг ажлын бус цагаар хийж, төлбөрийг өөрийн дансаар авсан болох нь мэдэгдсэн байна.

 

Захиалагчаас гомдол гаргаснаар ажил олгогч мэдэж, холбогдох тооцоог хийж, захиалагчийн гаргасан гомдолыг шийдвэрлэсэн талаар зохигч маргаагүй байна. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар Э.Н-нн нь өөрийн дарсаар захирлгын төлбөрийг авсан болох нь “Е”ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, Хас банкны цахим гүйлгээний баримт зэргээр нотлогдож байна.  

 

Хөдөлмөрийн гэрээ байхгүйгээс ажил олгогч нь ажилтайнтай ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохоор тохирсон нь тодорхойгүй боловч нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчил хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.2.1.в-д заасан компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, итгэлийг алдсан ноцтой зөрчилд хамаарч болох тул ажил олгогч өөрийн санаачлагаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсаныг үндэслэлгүй, хууль бус гэж үзэх боломжгүй.

 

Иймд хариуцагч “Е”ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2,800,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Э.Н-ннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч “Е”ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2,800,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Э.Н-ннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Э.Н-н нь хариуцагч “Е”ХХК-иас гар утасны үнэ, нийгмийн даатгалын шимтгэлд нийт 850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Э.Н-н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР