Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 755

 

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00755

 

 

Э.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/00311 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Е” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 850 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Галбадрах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Н-э нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн “Е” ХХК-д дизайнерийн ажилд орж ажиллаж эхэлсэн. Гэтэл тус компани ямар ч шалтгаангүйгээр 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажлаас халсан байна.

Ажлаас халсан шийдвэрийг Э.Н-э нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчид тайлбар өгөх үедээ мэдсэн бөгөөд ажлаас халсан тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, файл зэргийг тодорхой хэмжээний өр төлбөртэй учир асуудлыг дуусгаад өгнө гээд ажил олгогч одоо болтол өгөөгүй.

Иймд Э.Н-ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж өгнө үү.

850 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Н-э нь манай компанид 2017 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн дизайнераар ажилд орсон ба энэ хугацаанд үүрэгт ажлаа хангалтгүй хийж байсан. Харилцагч байгууллага, иргэдээс очиж захиалгын тавилгын хэмжээ авахдаа алдаа гаргаж буруу хэмжээ авч байснаас болж тавилгыг дахин хийх материалын болон бусад зардал ихээр гаргаж байсан. Мөн Э.Н-э нь А.Дөлгөөнтэй хамтран иргэн Б.Тэгшжаргалаас компанийн нэрийг барьж компанийн тамга, тэмдэг ашиглан захиалга авч, хувиараа хийж өгсөн нь тогтоогдсон.

Дээрх үйлдлээс шалтгаалан Э.Н-э, А.Дөлгөөн нартай цаашид хамтран ажиллах боломжгүй болсон ба энэ тухайгаа 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэж ажлаа хүлээлгэн өгөх, тойрох хуудсаа зуруулж тооцоогоо хийж дуусгахыг мэдэгдсэн ба Хөдөлмөрийн тухай хууль, компаний дотоод журамд заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажлаас халсан тушаал гаргасан. Э.Н-э нь энэ өдрөөс хойш ажилдаа нэг ч ирээгүй, ажлаа хүлээлгэн өгөөгүй, тойрох хуудсаа зуруулж өөрийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр зэргээ аваагүй байгаа ба шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр ажлаас халагдсанаа мэдээгүй явсан мэтээр худал бичсэн байна.

Иймд иргэн Э.Н-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч “Е” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2 800 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Э.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Э.Н-э нь хариуцагч “Е” ХХК-иас гар утасны үнэ, нийгмийн даатгалын шимтгэлд нийт 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Э.Н-э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг талууд хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан байхыг шаарддаг. Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд ямар ямар зөрчлийг тооцох тухай талууд харилцан тохиролцсон.

Гэтэл анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээ нотлох баримтаар ирээгүй, ноцтой зөрчилд ямар зөрчлийг тооцохоор тохиролцсон нь тодорхойгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халсан шийдвэрийг хуульд нийцсэн хэмээн үзсэн нь хууль бус юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Э.Н-э нь хариуцагч “Е” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх болон 850 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь 850 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

 

            Э.Н-э нь “Е” ХХК-д 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн дизайнераар ажилласан байх бөгөөд хариуцагч байгууллагын захирлын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 171001 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, хөдөлмөрийн дотоод журмын 8.2.1.В, 8.2.1.Д заалтуудыг тус тус үндэслэн компанийн тамга, тэмдэг, эд хөрөнгө ашиглан харилцагчдыг хуурч мэхлэн компанид эд хөрөнгө, нэр хүндийн хохирол учруулсан гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

            “Е” ХХК-д 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр захиалагч Б.Тэгшжаргалын гаргасан өргөдөл /хх 26-27 дахь тал/, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн цахим гүйлгээний баримт /хх 24-25 дахь тал/, “Е” ХХК-ийн нэхэмжлэх /хх 23 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Э.Н-э нь хариуцагч байгууллагад ирсэн гэр ахуйн тавилга хийх захиалгыг компанийн нэрээр хүлээн авч, захиалагч болон компанид мэдэгдэлгүйгээр захиалсан зүйлийг хувиараа хийж төлбөрийг өөрийн дансаар авсан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байх тул ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

 

            Талууд хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч нотлох баримтаар өгөөгүй боловч нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчил нь “Е” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.2.1.В-д заасан компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан зөрчилд хамаарч байх тул ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг үндэслэлгүй, хууль бус гэж үзэх боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

            Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/00311 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул давж заалдах гомдол гаргахад төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                           М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА