Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2020/0812

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2020/0812

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: Ш ХХК .

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Х ОНӨААТҮГ,

Гуравдагч этгээд: Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/149 тоот захирамжийг хүчингүй болгуулах, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар Эрх шилжүүлэх тухай нэг дугаар бүхий хоёр захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Б.Ө, гуравдагч этгээд Х ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээд Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.О, өмгөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/453 тоот захирамжийн үндсэн дээр Сүхбаатар дүүргийн 1-р хороонд 136 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа билээ.

Энэхүү газарт үйлчилгээний зориулалтаар холимог карказан бүтэцтэй 25 давхар барилгын барихаар 2011 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн СБД-11/555/1.13 тоот Архитектур төлөвлөлтийн даалгавар-ыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргаар батлуулан улмаар У ХК-иас "Техникийн нөхцөл"-ийг тус тус аваад байсан юм.

Гэвч У Төрийн өмчит хувьцаат компаниас тухайн барилгыг барихад одоогоор төвлөрсөн дулаанаар хангах боломж бүрдээгүй, дулааны шинэ эх үүсвэр баригдаж дулаан үйлдвэрлэл нэмэгдэх хүртэлх хугацаанд техникийн хувьд хүндрэлтэй тул төлөвлөж буй барилгыг дулааны шинэ эх үүсвэртэй уялдуулахыг зөвлөсөн хариуг манайд ирүүлсэн. Энэхүү шалтгааны улмаас барилгын ажил хүлээгдэж улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/453 тоот захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгуулсан.

Газар эзэмших эрхийн хугацааг сунгуулснаас хойш тухайн газарт хашааг буулган шинэчилж үйл ажиллагаа явуулах гэсэн боловч С ХХК-ийн 1 талт 3 ширхэг тулгуурт байгууламжийг хууль зөрчин эзэмшиж уг байгууламжийн тал хэсэг нь манай эзэмшлийн газарт байршиж, хашааг буулгах, шинэчлэх, үйл ажиллагаа явуулахад саад болж байсан юм.

Энэхүү асуудлаар манай компани нь С ХХК, Улаанбаатар хотын захирагчийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэгт удаа дараа хандсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд уг самбарыг буулгаагүй байна.

Манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6. "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж заасан үндэслэл байх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан гэсэн заалт нь газрыг зориулалтаар 2 жил ашиглаагүй гэдэг заалттай шууд хамааралтай юм .

Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт бусдын буруутай үйл ажиллагааны улмаас газраа ашиглаж чадаагүй байх нөхцөл байдал хамаарахаар Улсын дээд шүүхийн 2006 оны Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай зөвлөмжид дурдсан байдаг. Нийслэлийн засаг дарга манай компани өөрийн эзэмшлийн газрыг ямар үндэслэлээр 2 жилийн хугацаанд ашиглаагүй талаарх нөхцөл байдлыг судалж үзэлгүй өөрөөр хэлбэл Хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх талаарх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Мөн Нийслэлийн засаг дарга 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр А/149 тоот захирамжийг гаргасан тухай Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж заасны дагуу мэдэгдээгүй бөгөөд манай компанийн хувьд газрын төлбөрийн тооцоо нийлэхээр 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр очихдоо мэдэж улмаар хуулбарлан авсан болно. Иймээс 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс тоолох үндэслэлтэй гэж үзэж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар Эрх шилжүүлэх тухай нэг дугаар бүхий 2 захирамжийг гаргаж, тус захирамжуудаар Нийслэлийн хөрөнгөөр буюу нэг захирамжид хавтас хэргийн 114 дүгээр талд 200,000,000 төгрөгөөр, мөн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаартай өөр нэг захирамжаар 543,900,000 төгрөгөөр уг төслийг гүйцэтгэхийг Х ОНӨААТҮГ-т үүрэг болгож, төслийг санхүүжүүлэх эрхийг нээхийг НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэст тус тус зөвшөөрсөн байдаг.

Мөн дээрх захирамжийн хавсралтад тусгагдсан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг Нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт тус тус даалгасан.

Дээрх эрх шилжүүлэх тухай захирамжийн дагуу 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр захиалагч Нийслэлийн Засаг даргын тамгын газар нь Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-тай НЗДТГ А/822-1 дүгээр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд хэрэгжүүлэх Блю скай зочид буудлын зүүн талын гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, төслийн ажлыг гүйцэтгэж дууссан. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/149 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад буюу шүүхийн шатанд хянагдаж байхад хариуцагч дээрх төслийн ажлыг хууль бусаар зохион байгуулж, хийж гүйцэтгэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх оролдлого гэж хардахаар байна.

Хариуцагчийн дээрх үйлдлээс болж, хэрвээ шүүх нэхэмжлэгч Ш ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн тохиолдолд хуулийн дагуу эзэмших эрхтэй газартаа зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахад саад учруулж болзошгүй нөхцөл байдал үүсч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т заасанчлан нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар захиргааны акт нь 2 янзаар гарсан байдаг нь хэрэгт авагдсан. Уг актын 1 дүгээр зүйлд зааснаар уг төслийг гүйцэтгэхийг Х ОНӨААТҮГ-т үүрэг болгосон ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна гэж заасан бөгөөд уг зүйлийн 7.1.1-7.1.14-д заасан журмуудыг алийг нь ч хэрэглэлгүй шууд гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгүүлэхээр захирамж гаргасан нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Маргаан бүхий захиргааны актын 3 дугаар заалтаар хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт тус тус даалгасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 75 дугаар зүйлийн 75.1, 77 дугаар зүйлийн 77.3-т заасанд нийцээгүй, хуулиар олгосон эрх хэмжээгүй этгээд буюу Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон тэргүүлэгчдийн эрх хэмжээг хэрэгжүүлсэн, өөрийн чиг үүрэг үл хамаарах асуудлаар тус захиргааны актуудыг гаргасан байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т "тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар Эрх шилжүүлэх тухай нэг дугаар бүхий 2 захирамжуудын 3 дугаар заалтаар хөрөнгө эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт тус тус даалгасан нь дээрх 2 захирамжийг гаргах гол үндэслэл болсон байх тул захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар Эрх шилжүүлэх тухай нэг дугаар бүхий 2 захирамжуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/149 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна.

Ш ХХК нь Сүхбаатар 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18643310479963 дугаартай газрыг Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамжаар 1116 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авсан байна .

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/294 дугаар захирамжаар Ш" ХХК-н эзэмшлийн Газрын талбайн хэмжээг нэмж 1136 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлснийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжаар тус газрын хугацааг сунгаж эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Ш ХХК-н Газар эзэмших эрх 2012 онд үүссэн бөгөөд өнөөдрийг хүртэл Газраа зориулалтын дагуу ашиглаагүй мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2-т Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх гэж заасныг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг тус тус зөрчсөн байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж зааснаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/149 дүгээр захирамжаар Ш ХХК-н эзэмшлийн 1136 м.кв газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Тус захирамж гарахаас өмнө иргэн Ш" ХХК-д Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хүчингүй болох үндэслэл бий болсон талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02-06/123 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн мөн маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/149 дугаар захирамжийг Ш ХХК-д Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02-06/620 тоот албан бичгээр тус тус хүргүүлж хуулийн хүрээнд шийдвэрлэсэн байна.

Иймд мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна.

Гуравдагч этгээд Х ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газар нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд хэрэгжүүлсэн Б" зочид буудлын зүүн талын гадна талбайн тохижилтын ажлын гүйцэтгэгчээр ажилласан. Дээрх ажлын захиалагч болох Нийслэлийн засаг даргын тамгын газартай Нийслэлийн засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаартай захирамжийг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр НЗДТГ-ын А/822-1 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 519,762,990 /таван зуун арван есөн сая долоон зуун жаран хоёр мянга есөн зуун ерэн/ төгрөгийн ажлыг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу чанартай гүйцэтгэснээр 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс хүлээн авсан.

Иймд Б зочид буудлын зүүн талын гадна талбайн тохижилтын ажил бүхий төсөл арга хэмжээг хэрэгжүүлж, иргэд олон нийтийн ая тухтай амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий бүтээн байгуулалтын ажил дууссан .

Тендертэй холбоотой асуудал нь энэ хэрэг маргаанд огт хамааралгүй гэж үзэж байна гэв.

 Гуравдагч этгээд Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компанид Нийслэлийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/294 дүгээр захирамжаар Ш ХХК нь эзэмшлийн газрын талбайн хэмжээг нэмж 1136 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлснийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжаар тус газрын хугацааг сунгаж эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Олон жилийн хугацаанд Ш" ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байна. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын А/149 дүгээр захирамжийг хуульд нийцсэн гэж үзэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх 549,3 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Б зочид буудлын зүүн талын гадна талбайн тохижилтын ажил / СБД, 1 дүгээр хороог төсөл арга хэмжээг дүрмээр хүлээсэн үүргийн дагуу гүйцэтгэхийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т үүрэг болгож, хөрөнгө оруулалтын ажлын үр дүнд бий болсон хөрөнгийг Нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшил, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг манай газарт даалгасан. Захирамжийн дагуу Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас ирүүлсэн 519,8 сая төгрөгийн өртөгтэй шинээр бий болсон нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэмшигч байгууллага Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэх асуудлыг зохион байгуулахаар манай газраас ажиллаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна гэж заасан. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/822 дугаар захирамжийн хүрээнд шинээр бий болсон 519,8 сая төгрөгийн өртөгтэй нийтийн эзэмшлийн эд хөрөнгө нь Нийслэлийн өмч юм.

Иймд Ш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээр хянан хэлэлцэхдээ нийслэлийн өмч буюу өмчлөгчийн эрх ашиг хангагдаж байгаа асуудлыг хянаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш ХХК-иас анх тус шүүхэд хандан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/149 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар Эрх шилжүүлэх тухай нэг дугаар бүхий хоёр захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох хэмээн нэмэгдүүлсэн.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэг зэрэгт үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/149 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/149 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ш ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл байдлыг тодруулалгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь цуцалсан нь хууль зөрчсөн хэмээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч компани тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.

2. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно хэмээн хуульчилсан.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Ш ХХК анх Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 18643310479963 дугаартай 1116 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмших эрхийг З ХХК-иас шилжүүлэн авч, 2012 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр Нийслэлийн газрын албатай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулан, 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 0232581 дугаар Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан.

Улмаар, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/294 дугаар захирамжаар эзэмшлийн газрын талбайн хэмжээг 1136 м.кв болгон нэмэгдүүлж, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжаар Ш ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн газрын албатай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулан, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 000321493 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/37, А/294 болон 2017 оны А/463 дугаар захирамж, 2012 болон 2017 оны Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 0232581 болон 000321493 дугаар Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

Үүнтэй холбогдуулан шүүх, нэг талаас 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч Ш ХХК-нд Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн эрх үүрэг шилжиж, нөгөө талаас захиргааны байгууллага болох Нийслэлийн Засаг даргад Ш ХХК-ийг Газрын тухай хуулиар хүлээсэн эрх үүргээ биелүүлж буй эсэхэд хяналт тавих бүрэн эрх үүссэн бөгөөд энэ үеэс эхлэн тухайн газрыг зориулалтын дагуу дараалан 2 жил ашиглаагүй гэх хугацааг тооцох ёстой хэмээн үзсэн болно.

Улмаар, хариуцагчийн зүгээс маргаан бүхий акт болох 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/149 дүгээр захирамжтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд заагдсан нөхцөл байдлыг тогтоох болон сонсох ажиллагааг хэрхэн явуулсан, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийг хэрхэн шалган тогтоосон болохыг тодруулах зорилгоор хариуцагч болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас холбогдох лавлагаа, нотлох баримтыг гаргуулан, маргаан бүхий газарт газрын үзлэг хийхэд,

- нэхэмжлэгч өөрийн эзэмшиж байсан газар дээр суурийн зориулалттай гэх нүх ухсанаас өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, дан хашаалсан байдалтай байсан,

- хариуцагч Нийслэлийн Засаг даргын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл болон 27 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, оролцогчийг сонсох үүргийнхээ хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02-06/123 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Ш ХХК-нд ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бий болсон тул газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдэн энэ асуудалтай холбоотой тайлбар, санал, тодруулга гаргах, материал ирүүлэх тохиолдолд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дотор Нутгийн захиргааны Хангарьд ордонд ирж тус албаны холбогдох мэргэжилтнүүдтэй уулзахыг мэдэгдсэн,

- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2020 оны 2/2748 дугаар албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн 2017-2019 оны маргаан бүхий газрын сансрын ортофото зургаар нэхэмжлэгч Ш ХХК нь маргаан бүхий газарт 2017-2019 оны хугацаанд ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй гэх нөхцөл байдал тус тус тогтоогдов.

4. Хэдийгээр нэхэмжлэгч Ш ХХК-ийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг газар дээр барилгын үйл ажиллагаа явуулахаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан, С ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны улмаас барилгын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан хэмээн тайлбарлан маргаж байх боловч энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болж чадахгүй хэмээн шүүх үзлээ.

Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон тайлбарлаж буй Архитектур төлөвлөлтийн даалгавар нь 2011 оны 8 дугаар сарын 03-ны өдөр З ХХК-ийн нэр дээр батлагдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд маргаан хянан шийдвэрлэх хугацаанд өөрийн нэр дээрх ямар нэг зураг төсөл, батлагдсан зөвшөөрөл, техникийн нөхцөлийг гаргаж өгөөгүй, маргаан бүхий газарт 2018, 2019 онуудад ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 2/2748 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна.

Үүнтэй холбогдуулан шүүх, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ш ХХК-ийн газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/149 тоот захирамж нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр хэмээн дүгнэж, цаг хугацааны хувьд тус захирамжаас хойш буюу 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гарсан Нийслэлийн Засаг даргын А/822 дугаар Эрх шилжүүлэх тухай захирамж нь нэхэмжлэгч Ш ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй хэмээн үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 заасныг үндэслэн нэхэмжлэгч Ш ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/149 тоот захирамжийг хүчингүй болгуулах, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар Эрх шилжүүлэх тухай нэг дугаар бүхий хоёр захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА