Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1580

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/01660 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХХХХ-ын, хариуцагч ХХХХ-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХХХ 

Хариуцагч ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХ 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ХХХХ-тэй харилцан тохиролцож, 5 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч үндсэн зээл болон зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүргээ гүйцэтгэхийг удаа дараа амаар болон утсаар шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Зээлийн гэрээнд зээлдэгч хугацаандаа зээлээ төлж чадаагүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд биелэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж заасны дагуу нэг өдрийн алданги 25 000 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн 714 хоногоор тооцоход 17 850 000 төгрөг болж байгаа ч Иргэний хуульд заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон, үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 100 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 7 600 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 онд ХХХХаас 5 000 000 төгрөгийг гэрээ байгуулахгүйгээр зээлж аваад, буцааж өгсөн нь үнэн. Тэрээр "банкнаас 17 000 000 төгрөгийн зээл авах гээд туслаач гэсэн учраас гэрээ байгуулсан. Миний гарын үсэг мөн боловч мөнгө өгч, авсан зүйлгүй. Шүүхээс нэхэмжлэлийг гардаж авсан өдрөөс хойш ХХХХтай уулзаж, ярих гээд утсаа авсангүй. Иймд би 7 600 000 төгрөгийг төлөхгүй гэжээ.

 

            Шүүх: ХХХХ-ын нэхэмжлэлтэй, ХХХХ-т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7 600 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 161 дүгээр зүйлийн 161.1, 161.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ХХХХ-тэй зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг 2 сарын хугацаанд, сарын 1 хувийн хүүтэй зээлсэн. Шүүхээс ХХХХ-т зээлийн 5 000 000 төгрөгийг бэлнээр, эсхүл дансаар шилжүүлсэн тухай баримт байхгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь талуудын тайлбар, хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Талуудын хүсэл зоригийн үндсэн дээр тус зээлийн гэрээг байгуулсан. Талууд нотариатаар баталгаажуулан гарын үсгээ зурсан байгаа нь энэ гэрээг ямар нэгэн зөрчилгүй, хуулийн хүрээнд хийгдсэн болохыг нотлож байна. Мөн шүүх хуралдааны шатанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэх санал тавьж 1 500 000 төгрөгийг төлнө гэж ХХХХ хэлсэн. Энэ нь хариуцагч мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тул үүгээр хангалттай нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэв мөнгө зээлж аваагүй байсан бол ХХХХ 1 500 000 төгрөгийг өгнө гэж хэлэх шаардлагагүй.

Гэтэл шүүх хэрэгт авагдсан хүчин төгөлдөр зээлийн гэрээг үнэлээгүй, зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэсэн. Мөн шүүх хуралдааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч 1 500 000 төгрөгийг өгөөд эвлэрэх санал гаргасан боловч шүүх үүнд дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн хариуцагч тайлбартаа "... мөнгө зээлж аваад, буцааж төлсөн нь үнэн" гэсэн боловч мөнгийг буцааж төлсөн талаарх баримт байхгүй. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар хариуцагчийн хариу тайлбарт дурдаж буй "мөнгө зээлсэн" гэх асуудалд шүүх дүгнэлт хийгээгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцох эрхийг нь хангаагүй шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

Нэхэмжлэгч ХХХХ нь ХХХХ-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч,  “... зээлийн гэрээ байгуулснаас мөнгийг өгч, авалцаагүй, ... банкнаас зээл авах гээд туслаач гэсэн” гэж маргажээ. /хх-21-22/

Дээрх маргаан бүхий хэргийг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй байна.

Хэргийн 13 дугаар талд авагдсан зохигчдод эрх, үүрэг танилцуулсан баримтаас үзэхэд шүүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүрэг тайлбарлаж өгсөн баримтад шүүх хуралдаан товлосон өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гарын үсэг зуруулжээ.

Хуулийн 25 дугаар зүйлд хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хэргийн оролцогч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлж өгчээ.

Шүүгч хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлалаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг тайлбарлан өгөх ёстой бөгөөд ингэснээр талууд шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд бие биенийхээ гаргасан нотлох баримтын эсрэг баримт бүрдүүлэх, тайлбар гаргах, танилцах, өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх, зарим тохиолдолд шинжээч томилуулах гэх мэт өргөн эрх эдэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх тэгш байх, мэтгэлцэх зарчим хэрэгжих юм.

 

Хэдийгээр шүүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр эрх, үүргийг тайлбарласан баримтад гарын үсэг зуруулсан байгаа боловч дээрх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан, зохигч талуудыг мэтгэлцэх эрхээр хангасан гэж үзэх боломжгүй байх бөгөөд уг зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байна.

Иймээс дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн анхан шатны шүүх хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой заах журмыг зөрчсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/01660 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХХ-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                  

                             ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

                                   

                                                                                    Ч.ЦЭНД