Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00144

 

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2018/00144

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Д-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д, хариуцагч Ө.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д нь 1998 онд Ө.Дтэй танилцан гэр бүл болсон. Бидний дундаас 1999 онд хүү, 2011 онд охин тус тус төрсөн. Манай нөхөр 2002 оноос гэр бүлээсээ гадуур Б гэх бүсгүйтэй гэр бүлийн харилцаатай болж охин төрсөн. Энэ бүсгүйтэй амьдарна гээд 2004 онд шүүхэд өргөдлөө өгч бид шүүхээр орж гэр бүлийн баталгааг салгуулсан. 2005 оны зун над дээр ирж уучлалт гуйж үр хүүхдээ бодъё би ахиж ийм асуудал гаргахгүй, би буруу зүйл хийж буруу шийдвэр гаргасан байна гэхээр би уучилж эвлэрч дахин амьдарч 2 настай охиноо аваад ирсэн. Охиныг би ээж шиг нь хайрлаж өсгөсөн. Бидний дундаас 2011 онд охин Н төрсөн. Ингээд бид 3 хүүхэдтэй болоод сайхан амьдарч байсан. Надтай амьдарч байх хугацаандаа хамт ажилладаг У гэх бүсгүйтэй гэр бүлийн гадуур харилцаатай болоод 3-4 жил болж хүүхэд төрсөн байсан. Энэ асуудлыг мэдээд би 2014 онд охиныгоо аваад гэрээсээ явсан. Одоо бид тус тусдаа амьдарч байгаа учир охин Нд эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ө.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөд эргэлзээтэй байдал үүсэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Дтай 1996 онд танилцаад 1998 онд гэр бүлээ батлуулж, хүү М нь төрсөн, одоо 18 настай, оюутан хүү байна. Энэ хүүхэнтэй хоорондоо таарамжгүй байдал үүссэн учраас тусдаа амьдарч байгаад 2002 онд өөр эмэгтэйтэй хамт амьдарсан юм. Гэвч энэ эмэгтэйтэй сууж байхад Д ирээд бидний дунд орж ирээд салгасан юм. Дтай хүүтэйгээ хамт амьдарсан боловч хоорондоо таарч тохирохгүй байдал улам даамжирч Д гэртээ тогтохгүй аав, ээж рүүгээ яваад өгчихдөг байсан юм. Тэгээд бид 2004 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Энэ угацаанд би гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хүүхдээ бодоод хамт амьдарсан боловч Д нь үе үе гэр лүүгээ явчихдаг нь хэвээрээ байсан ба 2011 оны 06 дугаар сарын сүүлээр Д нь гэртээ ирэхдээ 5 сартай жирэмсэн ирсэн юм. Тэгээд охин Н нь 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, одоо 6 настай болно. Тухайн үед би Дг миний хүүхдийг тээж байгаа гэдэгт эргэлзээтэй байсан ч хүүхдүүдээ бодоод элдэв юм ярьж үзээгүй. Охин маань 2 нас гарантай байхад Д нь дахиад хүүхдээ аваад гэрээс яваад өгсөн юм. Нтой уулздаггүй бөгөөд би уулзахыг маш их хүсдэг. Хүүхэд ч гэсэн надтай уулзаад намайг маш их санасан байдаг. Намайг хараад уйлаад байдаг. Би У гэдэг эмэгтэйтэй 2014 онд хамт амьдарсан ба одоо ч хамт амьдарч байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д нь хариуцагч Ө.Дд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

Нэхэмжлэгч Д, хариуцагч Ө.Д нар нь1996 онд танилцаж, 1998 онд гэр бүл болж, гэрлэлтээ албан ёсоор батлуулж, тэдний дундаас хүү хүү М 1999 онд төржээ. Хоорондын үл ойлголцол, таарамжгүй харилцааны улмаас 2004 онд гэрлэлтээ цуцлуулсан байна.

2005 онд дахин эхнэр, нөхрийн журмаар амьдарсан байх бөгөөд хамтран амьдрах хугацаандаа 2011 оны 12 дугаар сарын 15-нд охин Д.Нг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбараар, охин Д.Н нь эхийн асрамжинд эрүүл бойжиж байгаа, 4-р сургуульд суралцаж байгаа болох нь Баян-Өндөр цогцолбор сургуулийн тодорхойлолт, Мөнхсүндрэл өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.

Хариуцагч нь охин Д.Нгийн эцэг мөн эсэхэд маргаж, хариуцагчийн хүсэлтээр эцэг тогтоолгох шинжилгээ хийлгүүлэхэд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 314 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ө.Д нь охин Д.Нгийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж 99,99%-ийн магадлалтай байна гэж ирүүлжээ.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Ө.Дгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан Ө.Дгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэн, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 29,145 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Тодруулбал Ө.Д нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар охин Д.Нг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Д.Нгийн эцэг нь Долоон анчин овогт Өлзийхутагийн Дашренчин мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2-д зааснаар 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Д.Нг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Ө.Дгээс гаргуулан нэхэмжлэгч Дд олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ө.Дгээс 29,145 төгрөг гаргуулж Төрийн санд оруулсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

a