Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 405

 

 

 

                                                                                              

 

 

   2019          5               2                                          2019/ДШМ/405           

                                                                                     

 

Ц.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Бямбадагва,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Бт холбогдох 201525011508 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Ц-ийн Б, 1994 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Сүхбаатар дүүргийн .......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .............../,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

Ц.Б нь Б.Тэмүүжинтэй бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр иргэн Э.Тэгшээгийн “Samsung Galaxy S3” загварын, 360.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг “яриад өгье” гэж хуурч залилан авсан,

2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 5-107 тоотод оршин суух Н.Уугантуяагийн 500.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone 5s gold” загварын гар утсыг “яриад өгье” гэж хуурч залилан авсан,

Ц.Б нь ганцаараа 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 13 настай Энх-Орчлонг “ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, “Iphone 4” загварын гар утсыг дээрэмдэн, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Баянбулаг” дэлгүүрийн кассын хажуугаас П.Батбаатарын “Samsung Galaxy G5” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Хаан бүрээс ХХК-ийн байранд хохирогч Д.Цогзолмаагийн 630.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone 6” загварын гар утсыг “ярьчихаад өгье” гэж хуурч залилан авсан,

2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Терра” солонгос хоолны газарт “гар утсаар чинь яриад өгье” гэж хохирогч Д.Очирдуламыг хуурч 192.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone 5” загварын гар утсыг залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газар: Ц.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ц-ийн Бийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил найман сарын хорих ялаар, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жилийн хорих ялаар, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг зургаан жил найман сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Бт оногдуулсан зургаан жил найман сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийн цагдан хоригдсон 655 /зургаан зуун тавин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Боос 180.000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Э.Тэгшээ, түүний хууль ёсны төлөөлөгч /УЖ01081103/-д, 250.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Уугантуяа /ЗИ97020605/-д, 600.000 төгрөг гаргуулж хохирогч П.Батбаатар /ХВ69101619/-д, 630.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Цогзолмаа /НЮ77040502/-д, 192.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Очирдулам /ЙМ88032100/-д, 150.000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч С.Энх-Орчлон, түүний хууль ёсны төлөөлөгч /УК02240258/-д тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг нь 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарч байсан. Иймд миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Мөн Тэмүүжинтэй бүлэглэн Уугантуяа, Тэгшээ нарын гар утсыг залилан авсан гэж хохирлыг хувь тэнцүүлэн надаас гаргуулсан нь үндэслэлгүй. Учир нь, Б.Тэмүүжинд холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн ба тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг Б.Тэмүүжингээс 100 хувь гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн тул уг шийдвэрийг хянан үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Би Алгирмаа, Эрдэнэ-Очир нарын гар утсыг авсан бөгөөд уг хэрэг дээр шалгагдаж эхэлснээс хойш хохирогч Алгирмаад “Samsung note 1” загварын гар утсыг нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч Ө.Батбаяраар дамжуулан хүлээлгэж өгсөн. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хамтран амьдрагч Д.Саруулмөнх Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Цогзолбоод “Iphone 4” загварын гар утсыг дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өгч, тухайн өдөр хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэн, прокурорын зөвшөөрлөөр батлан даалтад гарч байсан. Энэ талаар прокурор, мөрдөгч нар мэдсээр байж ямар нэгэн тайлбар, мэдүүлэг өнөөдрийг хүртэл аваагүй байна. Би гэмт хэрэгт холбогдож бусдыг гомдоож, ар гэрээ зовоож өөрөө ийм байдалд орсондоо чин санаанаасаа гэмшин харамсаж байна, хоригдож байх хугацаандаа их зүйлийг бодож ухаарлаа. Хууль зөрчвөл ямар хүнд хариуцлага хүлээдгийг яс махандаа шингэтэл ойлгож, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, хулгайн болон өмчлөлийн эсрэг гэмт хэрэг үйлдэхгүй, ариун цагаанаар хөдөлмөрлөж, бусдад үлгэр жишээ болж нийгэмд тустай сайн хүн болж амьдрахаа амлаж байна. Иймд миний залуу нас, хүсэл мөрөөдөл, цаашид амьдрах урам зориг өөрчлөгдөнө гэсэн чин хүсэл зоргийг минь харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч У.Сайнбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Бийн холбогдсон хулгайлах гэмт хэрэг нь 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 2-д “эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол” гэж, 72.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ хуулийн 72.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд уг хугацааг сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолно” гэж заасан. Түүний хамгийн сүүлд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолоход хулгайлах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 1 жилийн хорих ял оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ц.Бийн холбогдсон бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн Ц.Бийн үйлдсэн 1 удаагийн дээрмийн үйлдэлд 4 жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдалд тохироогүй, хүнд ял шийтгэсэн гэж үзэж байна. Ц.Б нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, засарч хүмүүжихээ болон хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлдэг юм. Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “...Ц.Б нь 2015 оны 7 дугаар сарын 21, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд залилах гэмт хэрэг, 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр дээрэмдэх, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хулгайлах, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр залилах, 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр залилах гэмт хэргүүдийг үйлдсэн. Энэ хугацаанд тэрээр оргон зайлж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль батлагдаж 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Ц.Бт холбогдох хэргийн зүйлчлэлийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг баримтлан өөрчилж шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно.” гэж заасны дагуу тоолж шүүхэд шилжүүлсэн. Тийм учраас 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн. Яллах дүгнэлтийг 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр үйлдсэн. Прокуророос Ц.Бийг Б.Тэмүүжинтэй бүлэглэж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан. Ц.Б маш олон төрлийн гэмт хэрэг үйлдсэнээс зарим хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, зарим хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, шүүх рүү энэ 6 үйлдэлд  нь яллах дүгнэлт үйлдэж өгсөн. Анхан шатны шүүх дээр хэрэг нэг жил гаруй болоход Ц.Б ямар нэгэн байдлаар хохирол төлбөр төлөөгүй. Анхан шатны шүүх түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанарт тохирсон ял оногдуулсан тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч Ц.Б нь Б.Тэмүүжинтэй бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр иргэн Э.Тэгшээгийн “Samsung Galaxy S3” загварын, 360.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг “ярьчихаад өгье” гэж хуурч залилан авсан,

2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 5-107 тоотод оршин суух Н.Уугантуяагийн 500.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone 5s gold” загварын гар утсыг “ярьчихаад өгье” гэж хуурч залилан авсан,

Ц.Б нь ганцаараа 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 13 настай С.Энх-Орчлонг “ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, “Iphone 4” загварын гар утсыг дээрэмдэн, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Баянбулаг” дэлгүүрийн кассын хажуугаас П.Батбаатарын “Samsung Galaxy G5” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Хаан бүрээс” ХХК-ийн байранд хохирогч Д.Цогзолмаагийн 630.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone 6” загварын гар утсыг “ярьчихаад өгье” гэж хуурч залилан авсан,

2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Терра” солонгос хоолны газарт “гар утсаар чинь яриад өгье” гэж хохирогч Д.Очирдуламыг хуурч 192.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone 5” загварын гар утсыг залилан авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Тэгшээгийн “...2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр найз Эрдэнэ-Очирын хамт байрныхаа коридорт тоглож байхад манай байранд шинээр орсон хоёр ах, бид хоёр дээр хүрч ирээд “утсаа өгч бай” гэхээр нь Эрдэнэ-Очир “цэнэггүй, цэнэг нь дуусчихсан” гэж хэлэхэд өндөр биетэй ах  “ах нь ороод цэнэглээд яриад өгье” гээд аваад явсан. Жижиг биетэй ах нь интернет орж тоглоё, ах нь даая гэхээр нь бид хоёр дагаад явсан. Интернетэд ороод нөгөө ах “найз руугаа яриадхий, чиний дугаар хэд вэ” гэж Эрдэнэ-Очироос асуугаад миний гар утсыг авсан. Намайг Очироотой ярьж байхад тэр ах алга болчихсон байсан. Бид хоёр гараад хайсан боловч олоогүй байранд ч байгаагүй, гэрийнхээ гадна хүлээсэн боловч ирээгүй. ...” /1хх 8/,

хохирогч Н.Уугантуяагийн “...Би 2015 оны 8 дугаар сарын 25-ны орой 23 цагийн үед ээж Алгирмаагийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут амины орон сууц, 5-107 тоотод Отгончимэгийнд байж байтал хажуу өрөөний гэх хоёр залуу орж ирсэн. Б гэх залуу нь манай ээжийн “Note 1” загварын гар утсыг “найз охин ирж байгаа, тосох гэсэн юм, утсаа өгч байгаач” гээд аваад гарсан. Тэгтэл Тэмүүжин надаас “Iphone 5 gold” загварын гар утсыг ахтайгаа ярих гэсэн юм гээд авсан, ...тэр залуу миний гар утсыг аваад өрөөндөө орохоор нь би утсаа авъя гээд араас нь орох гэтэл өрөөнийхөө хаалгыг түгжчихсэн байсан, хаалгыг нь нүдсэн онгойлгохгүй байхаар нь гараад хартал цонхоороо гараад зугтчихсан байсан. ...” /1хх 73-74/,

насанд хүрээгүй хохирогч С.Энх-Орчлонгийн “...Би гэрээсээ гараад Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах “ХААН” банкны хажуу талын “Тавин ус” нэртэй эмийн сан орох гээд зам гараад явж байхад нэг ах замын хажууд зогсож байснаа намайг дуудахаар нь яваад очсон чинь надаас “гар утас байна уу” гэж асуухаар нь би “байхгүй” гэж хэлчихээд цаашаа эмийн сан руугаа явах гэтэл нөгөө ах араас ирээд “чамайг би нааш ир гэж хэлээд байгаа юм биш үү, пизда минь, дуугүй байгаарай, дугарвал ална шүү. Хоёулаа зам гараад манай найз дээр очино, дагаад яв” гэж хэлсэн. Тухайн үед би их айгаад дагаад явсан чинь тэр ах нэгдүгээр эгнээнд зогсож байсан хар өнгийн “марк 2” загварын автомашинд намайг хүчээр суулгах гээд байсан, ...би “ахаа би суухгүй. Танд утсаа өгье” гэж хэлээд зогсож байхад дээрх машинаас өөр нэг хүн бууж ирсэн. Тэгээд би өмдний халаасанд байсан “Iphone 4” загварын, хар өнгөтэй гар утсаа гаргаж өгсөн. ...Миний гар утасны кодыг сольж аваад  машиндаа суугаад яваад өгсөн. ...” /1хх 196-197/,

хохирогч П.Батбаатарын “...2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороололд байрлах “Баянбулаг” дэлгүүрээсээ өөрийн “Samsung Galaxy G5” загварын гар утсаа хулгайд алдсан. Тэр өдөр манай дэлгүүрт өмнө 2 удаа ирж захиалга авсан захиалгын менежер гэх залуу нэг залуутай хамт орж ирээд миний гар утсыг аваад гарсан байсан. ...Би камераа шүүж үзээд Бийн 95782223 дугаарын утас руу залгахад Б “ахаа бид хоёр таны утсыг авсан, орой аваачаад өгье” гэж хэлсэн. ...” /2хх 6/,

хохирогч Д.Очирдуламын “...2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр найзаараа дамжуулж танилцсан Зоригоо уулзъя, бөхийн өргөөний баруун талын “Терра” солонгос хоолны газарт 20 цагийн үед уулзаад сууж байхад Б утсаар чинь “түр яриад өгье” гэж авч гараад ирэхгүй болохоор нь араас нь залгасан чинь “удахгүй очлоо” гэж худлаа хэлээд ирээгүй. ...” /2хх 123-124/,

хохирогч Д.Цогзолмаагийн “...Б гэх манай хөрш орж ирээд надаас “эгчээ гар утсаа өгөөч, найз охинтойгоо ярьчихаад өгье. Би гэртээ очоогүй хэд хоног болсон чинь барьж идэх гээд байна” гэхээр нь би өөрийн “Iphone 6” загварын гар утсаа өгсөн чинь аваад ажлаас гарсан. Орж ирэхгүй 10 орчим минут болохоор нь утас руугаа залгахад холбогдохгүй боломжгүй болсон байсан. ...” /3хх 2-3/ гэх мэдүүлгүүд,

түүнчлэн, гэрч Ц.Эрдэнэ-Очир /1хх 28-29/, Ц.Бат-Эрдэнэ /3хх 73-74/ нарын болон шүүгдэгч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд /1хх 43-44/, /1хх 85-86/, /1хх 213-214/, /2хх 38/, /2хх 141-142/, /3хх 42/, эд зүйлийн үнэлгээ /1хх 24/, /1хх 61/, /1хх 193/, /2хх 7/, /2хх 6/, /2хх 133/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 103-107/, /1хх 106-107/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Бийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нар нь  “...дээрмийн гэмт хэрэгт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох, залилангийн гэмт хэргийн хохирлын тавин хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Харин гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанаас хамаарч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх зарчмын хүрээнд зарим хэргийн зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал, шүүгдэгч Ц.Б нь 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 13 настай С.Энх-Орчлонг “ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, “Iphone 4” загварын гар утсыг нь дээрэмдсэн, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр П.Батбаатарын “Samsung Galaxy G5” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан авсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй бөгөөд шинэ хуулиар “Хулгайлах” гэмт хэрэгт оногдуулах ял болон хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлсэн, “Дээрэмдэх” гэмт хэрэгт оногдуулах ялыг хоёроос найман жил болгож /2002 оны хуульд гурваас таван жил байсан/ ялын дээд хэмжээг нэмэгдүүлсэн нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг хүндрүүлж байх тул хууль буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Бийг гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг болгон өөрчилж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж зүйлчлэлийг өөрчилж байгаатай холбогдуулан 4 жилийн хорих ялыг 3 жилийн хорих ял болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Б нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр бусдыг залилан, эд хөрөнгийг нь авч 1682000 төгрөгийн хохирол учруулсан ба Б.Тэмүүжинтэй бүлэглэн Э.Тэгшээ, Н.Уугантуяа нарын гар утсыг залилан авч 860.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарын гаргасан  “...дээрмийн гэмт хэрэгт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Ц.Бийн “...залилангийн гэмт хэргийн хохирлын тавин хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Прокуророос Ц.Бийн дээрмийн болон хулгайн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг болгон тус тус өөрчилсүгэй. ...” гэсэн,

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Ц.Бт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. ...” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил найман сарын хугацаагаар хорих ялаар, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ялаар, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Ц.Бийг шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 1 жил 8 сарын хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг зургаан жил найман сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. …” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай. …” гэж,

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Бт оногдуулсан зургаан жил найман сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. …” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Бт оногдуулсан 4 /дөрөв/ жил 8 /найм/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарын гаргасан “...дээрмийн гэмт хэрэгт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, харин шүүгдэгч Ц.Бийн давж заалдах гомдлын “...залилангийн гэмт хэргийн хохирлын тавин хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН