Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00262

 

Б.Батцэцэгийн нэхэмжлэлтэй

                иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 138/ШШ2019/00475 дугаар шийдвэр,

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 201/МА2019/00021 дүгээр магадлалтай,

 

Б.Батцэцэгийн нэхэмжлэлтэй,

Д.Болдхүүд холбогдох,

 

Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1999 онд Д.Болдхүүтэй танилцаж, гэр бүл болоод 2006 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Хамт амьдрах хугацаанд 2001 онд охин Б.Мөнхзул, 2004 онд охин Б.Солонго, 2013 онд охин Номин, 2015 онд хүү Б.Баасандорж нарыг төрүүлж өсгөсөн. 2007 оноос эхлэн бидний хооронд таарамжгүй харилцаа үүсч, гэрийн дотор маргаан үүсч, өөрийн ээжийнхээ гэрт очиж амьдарсан. Гэтэл Болдхүү хүүхдүүдээ бодоод эргэж хамт амьдарна гээд гуйгаад эргэж хамт амьдарсан. Гэвч нөхөр маань удалгүй намайг зодож, цохин дарамтлах болсон. 2017 оны 6 сарын 23-ны өдөр, 24-ний өглөө зодсон. Би гэрээсээ хөөгдөж гараад түүнээс хойш бид тусдаа амьдарч байна. Хүүхдүүд эцгийнхээ асрамжид байгаа нэртэй боловч үр хүүхдүүдээ өөрөө харж асран халамжилдаггүй, хүүхдүүд эцэг, эх дээр нь  байдаг. Манайх өөрийн гэсэн малтай учир үр хүүхдүүдээ асран хамгаалах чадвартай. Иймээс гэр бүлийн хүчирхийлэлд үр хүүхдүүдээ өсгөх хүсэлгүй байгаа учир гэрлэлтээ цуцлуулж, 4 хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. 2 бага хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу гаргуулан авна гэжээ.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: Бид хоёр хамт амьдарч байхдаа өөрийн гэсэн гэртэй, хашаа байшинтай, газартай байсан. Д.Болдхүүд зодуулаад гэрээсээ явснаас хойш гэртээ очиж чадаагүй. Бидний амьдарч байсан гэр хуучны яс сайтай 4 ханатай гэр байсан. Мөн гэр бүлийн хэрэгцээний 0,7 га газартай, 3 тал бүхий мод төмрөөр барьсан хашаатай, гэр орны бүх хэрэгцээт тавилгатай айл байсан. Гэрийн тавилгад маргахгүй. Харин гэр бүлийн дундын өмч болох Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 12Б-02Б тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 0,7 га газраа, 3 тал хашаа, 4 ханатай гэрийг шүүхийн журмаар шийдүүлэн өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулан авна. 4 ханатай эсгий гэрээ 1.500.000 төгрөгөөр, 3 талт хашааг 1.000.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Бид өөрсдийн гэсэн малаа маллаж амьдардаг байсан ба би оёдол хийж малаар сольж арилждаг байсны үр дүнд малтай болж нэг сувай үнээ, 4 бяруутай үнээ, нэмж хоёр нь тугаллаад нийт 11 үхэр, 4 эм хонь, нэг адууг 2016 онд тоолуулсан. Адууг 800.000 төгрөг, хонь тус бүрийг 100.000 төгрөг, үнээ тус бүрийг 1.000.000 төгрөг, бяруу нэг бүрийг 500.000 төгрөг, тугал нэг бүрийг 150.000 төгрөгөөр үнэлж байна. Иймд Д.Болдхүүгээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гэр бүлийн дундаа хамтран өмчлөх нийт 10.700.000 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Болдхүү шүүхэд гаргасан тайлбартаа: гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Б.Батцэцэг зарим зүйлийн талаар огт худлаа ярьж байна. Бидний хооронд үл ойлголцол маргаан байдаг байсан боловч эхнэрээ зодож байсан удаа байхгүй. Б.Батцэцэг төлбөрийн чадваргүй, ажил хийдэггүй учир үр хүүхдүүдээ авч явах чадваргүй, өөрийн гэсэн малтай гэж буй боловч түүнд өөрийн гэсэн мал байхгүй айлын мал хардаг юм.  Б.Батцэцэг өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай түүнтэйгээ хамт амьдарч байгаа. Би өөрийн хүүхдүүдээ хойд эцгийн гар харуулахгүй өөрөө өсгөж, хүмүүжүүлнэ. Гал голомтыг минь сахиж үлдэх хүүгээ өөрөө авна, одоо би 3 охинтойгоо хамт амьдарч байгаа. Иймээс хүүхдүүдээ Б.Батцэцэгт өгөхгүй. Бид амьжиргааны хэдэн малтай байсан. 2016 онд Батцэцэг бүгдийг өөрөө сандаасан. Мөн хүүхдүүдийн хувцас хунар, хичээл ном, зээлээ дарах гэх мэтээр малаа зараад малгүй болсон. Миний дүү Цэрэнпунцагийн хэдэн толгой үхэр манайд тоологддог байсан. Тэр мал нь өсөөд 14 толгой үхэр болсон. Манайх 2018 онд мал тоолуулаагүй. Мөн газар болон гэрийг миний аав ээж бид хоёрыг гэр бүл болоход амьдар гэж өгсөн. Тэр газар дээр, гэртээ би 3 охины хамт одоо болтол амьдарч байгаа. Иймд газар болон гэрээ Батцэцэгт өгөхгүй гэжээ.

 

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 138/ШШ2019/00475 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овгийн Дэмбэрэлийн БолдхүүБодонгууд овгийн Баасанжавын Батцэцэг нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 зааснаар охин Б.Солонго, хүү Б.Баасандорж нарыг эх Б.Батцэцэгийн асрамжинд, охин Б.Номинг эцэг Д.Болдхүүгийн асрамжинд тус тус үлдээж, Монгол Улсын Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т тус тус зааснаар хариуцагч Д.Болдхүүгээс гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийн үнээс нийт 5.350.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Батцэцэгт, 650.000 төгрөгийг охин Б.Мөнхзулд тус тус олгон, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 12Б гудамжны 2Б тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 600м2 газар, 4 ханатай эсгий гэрийг тус тус хариуцагч Д.Болдхүүгийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас охин Б.Мөнхзулын асрамжийг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 3 талт хашаа болон 8 тооны малаас ногдох хэсгийг гаргуулах тухай хэсгүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.260 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Батцэцэгийн төлсөн 190.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Болдхүүгээс улсын тэмдэгтийн хураамж болон шүүхийн зардалд нийт 370.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Батцэцэгт 110.950 төгрөгийг олгож, үлдэх 259.400 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Батцэцэгээс шүүхийн зардалд 119.000 төгрөгийг тус тус гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 201/МА2019/00021 дүгээр магадлалаар: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 24-ний өдрийн 138/ШШ2019/00475 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Батцэцэг, түүний өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч Д.Болдхүү нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Батцэцэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218.538 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Болдхүү давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Болдхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөс бусад нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй байдаг бөгөөд дараах гомдлыг гаргаж байна. Бидний дунд одоо ямар нэгэн мал байхгүй, энэ талаарх нотлох баримтыг нь багийн засаг даргаас тодорхойлолт авчирж өгөхөд түүнийг хүлээн аваагүй. Өмнө нь Цэрэнпунцаг хүний малыг өөрийн нэр дээр тоолуулсан байхад уг байхгүй байгаа хөрөнгийг адил тэнцүү хувааж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэгт Батцэцэгээс нотлох баримтаар өөр айлын малыг дараад хавсаргасан зургийг гаргаж өгсөн байна. Б.Батцэцэг нь эр нөхрөө, төрүүлсэн үр хүүхдээ хаяж гэрлэлтийн баталгаатай 2 хүүхэдтэй хүнтэй гэр бүлийн дотно харьцаа үүсгэн өөрийнхөө болоод бусдын амьдрал үр хүүхдийг салган сарниулж байгааг ч шүүх анхаарч үзээгүй. Би Батцэцэгийн хүсэл сонирхлыг хязгаарласан зүйл хийгээгүй, янз бүрийн хүчирхийлэл үйлдээгүй. Миний голомт залгах хүү Б.Баасандоржийг хөхнөөсөө гараагүй байхад нь энэ хүн хаяад явсан. Миний охин Б.Солонго нь одоо 15 настай, шилжилтийн насан дээрээ яваа охин хүүхэд цаашдын ирээдүйг хойд эцгийн гар дээр байлгах үнэхээр хүсэл сонирхолгүй байна. Миний охин өөрийн өсөж торнисон, идээшиж дассан гэр орондоо, ойр дотныхоо хүмүүстэй /эмээ, өвөө, эгч, дүү нартайгаа/ халуун дулаан амьдарч, сурч боловсорч явах нь цаашдын ирээдүйд нь хэрэгтэй гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй. Охин Б.Солонгыг өсөж төрсөн гэр орон, эцэг, эгч, дүү, эмээ өвөө нар нь байсаар байхад МСҮТ-ийн дотуур байранд оруулчихсан байх жишээтэй. Б.Батцэцэг нь намайг болон миний 4 хүүхдийг хаяад явсан цагаас хойш над дээр л байсан. Батцэцэгийн тухайд эр нөхөр ижил хань хүр хүүхдээ хаяж яваад хижээл насны эртэй дэр нэгтгэн түүний авдаг цалин гэх 300.000 төгрөгөөр 2 хүүхдээ болон түүний 2 хүүхдийг эн тэнцүү тэжээн тэтгэх ямар ч боломжгүй, эцгийн хайрыг сүүлд дэр нэгтгэсэн Амарбаяр гэх хүн нь нөхөх боломжгүй шүү дээ. Хэзээ ч салаад явахад бэлэн хүмүүс юм. Үүний ар дээр миний 2 хүүхэд хэцүүднэ гэдгийг шүүх анхаарсангүйд гомдолтой байна. Харин Батцэцэгийн гэрлэлт цуцлах нэрээр хэдэн төгрөг салгаж авах л бодож яваа хүн. Хүүхдээ өөрийн асрамжид авна гээд байгаа цаад санаа нь мөнгө авах сонирхолтой байгаа юм. Иймд би өөрийн 4 хүүхдээ өөрийн асрамждаа авах хүсэлтэй байгаа тул Б.Батцэцэгт 5.350.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Б.Батцэцэг нь Д.Болдхүүд холбогдуулан ...гэрлэлт цуцлуулах,...нарыг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч гэрлэлт цуцлуулах шаардлагаас бусдыг эс зөвшөөрч, маргасан байна.

 

Анхан шатны шүүх гэрлэлтийг цуцалж, охин Б.Солонго, хүү Б.Баасандорж нарыг эхийн, охин Б.Номинг эцгийн асрамжид үлдээж, 600 м.кв газар, 4 ханатай эсгий гэрийг Д.Болдхүүд үлдээж, хариуцагчаас 5.350.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс Б.Мөнхзулын асрамж тогтоох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 3 талт хашаа болон 8 тооны малаас ногдох хэсгийг гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...байхгүй малыг хуваасан, газрыг 2.400.000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй, ...охин Б.Солонго, хүү Б.Баасандорж нарыг өөрийн асрамжид авна гэсэн агуулга дурджээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, гэрлэгчид 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 2001 онд охин Б.Мөнхзул, 2004.2.2-ны өдөр охин Б.Солонго, 2013.10.29-ний өдөр охин Б.Номин, 2015.1.25-ны өдөр хүү Б.Баасандорж нар төрсөн ба 2017 оны 6 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа болох нь тогтоогджээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, гэрлэгчид эвлэрэн амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т нийцжээ.

 

Хариуцагч шүүхийн шийдвэрээс охин Б.Солонго, хүү Б.Баасандорж нарыг эхийн асрамжид үлдээсэн, гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийг хуваасан хэсгийг эс зөвшөөрч, гомдол гаргажээ.

 

Дараах үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1.Гэрлэгчид тусдаа амьдарснаас хойш охин Б.Номин эгч Б.Мөнхзулын хамт эцэгтэйгээ, хүү Б.Баасандорж эхтэйгээ хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон ба охин Б.Солонго ээжтэйгээ хамт амьдрах санал гаргасан, хэргийг шийдвэрлэх үед охин Б.Мөнхзул 18 насанд хүрсэн нөхцөл байдал тогтоогджээ.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд ...охин Б.Солонго эх Б.Батцэцэгт ээнэгшин дассан, ...охин Б.Номин том эгч Б.Мөнхзулдаа илүү их хайртай болох талаар дурдсан байна /1хх 163-174 тал/.

 

Хүүхэд долоо ба үүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзэх талаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.-т заасан.

 

Насанд хүрээгүй хүүхдүүдийн одоогийн амьдарч буй нөхцлийг өөрчлөх тодорхой шалтгаан байхгүй тохиолдолд тэдний өсөж төрсөн, мөн дассан орчныг солих нь хүүхдийн эрх ашигт нийцэхгүй.

 

Шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан охин Б.Солонго, хүү Б.Баасандорж нарыг нэхэмжлэгч Б.Батцэцэгийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-г зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх Б.Баасандорж, Б.Солонго нарыг эхийн асрамжид байлгах үндэслэл, шалтгааныг шийдвэр, магадлалд тодорхой заасныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүүхдийн асрамжийг өөрчлөх тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд хариуцагч нь хүүхдийн асрамж өөрчлөх нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

2.Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 12Б гудамжны 2Б тоотын 600 м.кв газар, 4 ханатай гэр, 16 тооны малыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж, өөрт болон 4 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргажээ. Хариуцагч ...газар болон гэрийг өгөхгүй, 2018 онд мал тоолуулаагүй, хуваах мал байхгүй гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

 

Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т заасан.

 

Гэрлэгчид маргааны зүйл болж буй 4 ханатай гэрт амьдарч байсан ба нэхэмжлэлд дурдсан 600 м.кв газар Д.Болдхүү, Б.Батцэцэг, Б.Мөнхзул, Б.Солонго нарын өмчлөлд бүртгэгдсэн, 2017 оны тооллогоор Д.Болдхүүгийн нэр дээр нэг адуу, 7 үхэр нийт 8 тооны мал тоологдсон нь тогтоогджээ /1хх 240, 243 дугаар тал/.

 

Шүүх нэхэмжлэлд дурдсан дээрх газар, 4 ханатай гэр, 8 тооны малыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж, тухайн эд хөрөнгийн үнэлгээг үндэслэн Б.Батцэцэг, Б.Солонго, Б.Баасандорж нарт ногдох хэсэг болох 5.350.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1., 126.2.4., 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК гэр бүлийн дундын өмч болох газрыг Хэрлэн сумын газар нутгийн бүсчлэлийн 4 дүгээр зэрэгт хамааруулан 1.200.000 төгрөгөөр үнэлжээ.

 

Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчийн хурлын 2018 оны 12/05 дугаар тогтоолоор газар нутгийн бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон ба маргаж буй газар байрлаж байгаа Ялалтын гудамж нь газар нутгийн бүсчлэлийн 2 дугаарт хамаарагдахыг, мөн тус бүсийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын 1 м.кв талбайн үнэ 4000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоожээ /1хх 201-202 дугаар тал/.

 

Нэхэмжлэгч газрыг иргэдийн Төлөөлөгчийн хурлын тогтоолоор тогтоосноор тооцож 2.400.000 төгрөгөөр үнэлсэн, шүүх уг үнээр тооцож ногдох хэсгийг тодорхойлсныг буруутгах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Зохигч талууд хамтран амьдарч байх хугацаанд буюу 2017 онд 8 тооны мал тоолуулсан байсныг хариуцагч үгүйсгэж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн нэрийг зөв бичээгүй, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу.

 

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 201/МА2019/00021 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1, Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 138/ШШ2019/00475 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 3 дах заалтаас Монгол Улсын гэснийг хасч, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Болдхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 138/ШЗ2019/02168 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Г.ЦАГААНЦООЖ

 

  Д.ЦОЛМОН