Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 475

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Б-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Энх-Од, нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч Д.Б,түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1999 онд Д.Бтэй танилцаж, гэр бүл болон 2006 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Гэр бүл болон хамтран амьдрах хугацаанд 2001 онд охин Б.Мл, 2004 онд охин Б.С, 2013 онд охин Н, 2015 онд хүү Б.Б нарыг төрүүлэн өсгөсөн. 2007 оноос эхлэн бидний хооронд таарамжгүй харилцаа үүсч, бие биенээ ойлгохгүй болж гэрийн дотор маргаан үүссэн учир 2007 онд өөрийн ээжийнхээ гэрт очиж амьдарсан. Гэтэл Б хүүхдүүдээ бодоод эргэж хамт амьдарна гээд гуйж ирсэн учир дахин нэг гэрт хамт амьдарсан. Гэвч нөхөр маань удалгүй намайг зодож, цохин дарамтлах болсон. 2017 оны 6 сарын 23-ны өдөр намайг зодсон бөгөөд 24-ний өглөө дахин зодсон. Ингээд би гэрээсээ хөөгдөж гараад түүнээс хойш бид тус тусдаа амьдарч байна. Тусдаа амьдрах хугацаанд Д.Б нь үр хүүхдүүдтэй маань уулзуулдаггүй. Хүүхдүүд маань эцгийнхээ асрамжид байгаа нэртэй боловч үр хүүхдүүдээ өөрөө харж асран халамжилдаггүй, хүүхдүүд түүний эцэг, эх дээр л байдаг. Манайх өөрийн гэсэн малтай учир үр хүүхдүүдээ асран хамгаалах чадвартай. Төрүүлж өсгөсөн үр хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч үр хүүхэдтэйгээ амгалан тайван амьдрах хүсэлтэй байна.

Иймээс гэр бүлийн хүчирхийлэлд үр хүүхдүүдээ өсгөх хүсэлгүй байгаа учир гэрлэлтээ цуцлуулж, 4 хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Бидний хооронд хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаангүй, 2 бага хүүхдийнхээ тэтгэлгийг хуулийн дагуу гаргуулан авна. Харин 2 том хүүхэддээ тэтгэлэг авахгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие Д.Б -ээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг гаргахдаа Д.Б болон түүний ар гэрийн зүгээс маш их дарамттай байсан тул гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан гаргахгүй гэж бодон эд хөрөнгийн маргаангүй гэж бичсэн. Гэтэл үүнээс хойш одоог хүртэл хэргийг шийдүүлж чадаагүй, Д.Б-ийн үр хүүхдээ гэх сэтгэл байхгүй, тэднийхээ амьдрах ая таатай нөхцөлд санаа тавихгүй, зөвхөн эцэг эхийнхээ дэргэд үр хүүхдээ өсгүүлж, тэжээлгэхээр найдаж байгаа байдал нь надад хүүхдүүдийнхээ төлөө энэ хүнээс гэр бүлийн дундын өмчөө хуваалгах хэрэгтэй гэдэг шийдэлд хүрлээ. ...Бид хоёр хамт амьдарч байхдаа өөрийн гэсэн гэртэй, хашаа байшинтай, газартай байсан. Д.Б-д зодуулаад гэрээсээ явсанаас хойш гэртээ очиж чадаагүй. Бидний амьдарч байсан гэр маань хуучны яс сайтай 4 ханатай гэр байсан. Мөн гэр бүлийн хэрэгэцээний 0,7 га газартай, 3 тал бүхий мод төмрөөр барьсан хашаатай, гэр орны бүх хэрэгцээт тавилгатай айл байсан. Гэрийн тавилгад маргахгүй. Харин гэр бүлийн дундын өмч болох Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 12Б-02Б тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 0,7 га газраа, 3 талт хашаатай нь, 4 ханатай гэрийг шүүхийн журмаар шийдүүлэн өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулан авна. ... Иймд газар хашаандаа гэр орондоо хүүхдүүдтэйгээ тав тухтай амьдармаар байна. 4 ханатай эсгий гэрээ 1 500 000 төгрөгөөр, 3 талт хашааг 1 000 000 төгрөгөөр тус тус үнэлж байна... Бид өөрсдийн гэсэн малаа маллаж амьдардаг байсан ба миний бие оёдол хийж малаар сольж арилждаг байсны үр дүнд малтай болж нэг сувай үнээ, 4 бяруутай үнээ, нэмж хоёр нь тугаллаад нийт 11 үхэр, 4 эм хонь, нэг адууг 2016 онд тоолуулсан. Адууг 800 000 төгрөг, хонь тус бүрийг 100 000 төгрөг, үнээ тус бүрийг 1 000 000 төгрөг, бяруу нэг бүрийг 500 000 төгрөг, тугал нэг бүрийг 150 000 төгрөгөөр үнэлж байна. Иймд Д.Б-ээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмээд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх нийт 10 700 000 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг хуваан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б-үүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 3 тал хашааг гаргуулах тухай хэсгээс татгалзаж байна. Учир нь 3 талт хашаа маань байхгүй болоод нэг талт хашаа болсон байсан. Мөн охин Б.С-д хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Бусад шаардлагаа бүрэн дэмжиж байна. Миний бие одоо өөр хүнтэй хамтран амьдарч байгаа учраас гэрлэлтийг цуцлах боломжтой гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэл хүүхдүүдээ өөрийн асрамжинд аваагүй шалтгаан нь Д.Б болон түүний эцэг, эх нь дарамтлаад хүүхдүүдийг минь өгөхгүй байгаатай холбоотой. Хүүхдүүдийн саналыг асуухад охин Б.М ээждээ хайртай гэдгээ илэрхийлсэн гэхдээ аавтайгаа амьдарна гэсэн санал гаргасан байдаг боловч одоо 18 насанд хүрсэн учир тэтгэлэг гаргуулахгүй. Харин охин Б.С нь ээжтэйгээ хамт амьдарна, дүү нараасаа салахгүй гэсэн санал өгсөн. Охин Н маань аавтайгаа хамт амьдардаг байсан боловч одоо би өөрөө авах хүсэлтэй байна. Иймд миний 4 хүүхдийг миний асрамжинд үлдээж өгнө үү. Б хүүхдүүдээ асраад аваад явж чадахгүй.

Гэр бүлийн дундын өмчийн хувьд бид хамт амьдарч байх хугацаандаа өөрийн гэсэн газартай, 4 ханатай эсгий гэрт амьдардаг байсан. Амьжиргааны хэдэн малтай, 2016 онд би өөрөө байж байхдаа тоолуулсан малын тоонд үндэслэн дээрх 16 толгой малаас ногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэл дээрээ 10 700 000 төгрөгийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулна гэж бичсэн боловч газрын үнэлгээг бичээгүй байсан. Газрыг Вендо ХХК-иар үнэлүүлэхэд 4 дүгээр бүсийн газарт хамааруулан 1 200 000 төгрөгөөр үнэлсэн байсан. Харин Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас гаргаж өгсөн баримтанд манай газрыг 2 дугаар бүсэд хамааралтай гээд 700 м2 газрыг 2 800 000 төгрөгийн үнэтэй гэсэн байсан. Газраа уг үнэлгээгээр тооцоход татгалзахгүй. Газраа 2 400 000 төгрөгөөр үнэлнэ. Иймд бидний дундын хөрөнгө болох гэр бүлийн хэрэгцээний газар, 4 ханатай эсгий гэр, нэг адуу, нэг сувай үнээ, 4 бяруутай үнээ, хоёр тугал, 4 эм хонь гэсэн 16 толгой мал буюу нийт 13 400 000 төгрөгийн эд хөрөнгийг гэр бүлийн 6 гишүүнд хуваан нэг хүнд ногдвол зохих 2 233 000 төгрөгийг 5 гишүүнээр тооцож 11 166 000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулах, газар болон 4 ханатай эсгий гэрийг өөрт болон хүүхдүүдэд үлдээж өгнө үү. Бгийн дүүгийн 5 үхэр манайд тоологддог байсан. Сүүлд тоолуулсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Б мал байхгүй гээд байгаа боловч айлд тавиулаар малаа харуулдаг, би тэр айлд нь очиж малаа хараад зүсээр нь таньсан. Тиймээс мал байхгүй гэдэг нь худлаа. Бид хамт амьдарч байхдаа зээл төлөх, хүүхдүүддээ хувцас авч өгөх, гэрийн хэрэглээ гээд малаа зардаг л байсан. Гэхдээ тэгж бүх малаа байхгүй болгоогүй гэв.

 

Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрч байна. Б.Б нь зарим зүйлийн талаар огт худлаа ярьж байна. Бидний хооронд үл ойлголцол маргаан байдаг байсан боловч эхнэрээ зодож байсан удаа байхгүй. Б.Б нь төлбөрийн чадваргүй, ажил хийдэггүй учир үр хүүхдүүдээ авч явах чадваргүй. Б.Б нь өөрийн гэсэн малтай гэж буй боловч түүнд өөрийн гэсэн мал байхгүй айлын мал хардаг юм. Тэгээд ч Б.Б нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай түүнтэйгээ хамт амьдарч байгаа. Би өөрийн хүүхдүүдээ хойт эцгийн гар харуулахгүй өөрөө өсгөж, хүмүүжүүлнэ. Гал голомтыг минь сахиж үлдэх хүүгээ өөрөө авна, одоо би 3 охинтойгоо хамт амьдарч байгаа. Иймээс хүүхдүүдээ Б.Б- өгөхгүй,

Бид амьжиргааны хэдэн малтай байсан үнэн. 2016 онд Ббүгдийг өөрөө сандаасан хүн. Мөн хүүхдүүдийн хувцас хунар, хичээл ном, зээлээ дарах гэх мэтээр малаа зараад малгүй болсон. Миний дүү Цэрэнпунцагийн хэдэн толгой үхэр манайд тоологддог байсан. Тэр мал нь өсөөд 14 толгой үхэр болсон. Манайх 2018 онд мал тоолуулаагүй. Бүгдийг Бөөрөө сандаасан. Мөн газар болон гэрийг миний аав ээж бид хоёрыг гэр бүл болоход амьдар гэж өгсөн. Тэр газар дээр, гэртээ би 3 охины хамт одоо болтол амьдарч байгаа. Иймд газар болон гэрээ Б- өгөхгүй...гэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байх боловч хүүхдүүдээ Б.Б-н асрамжинд үлдээхгүй, өөрийн асрамжинд авна, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс мал байхгүй болсон тул өгөх боломжгүй, гэр бүлийн хэрэгцээний газар болон амьдарч буй гэрээ түүнд өгөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.

1.Гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын талаар:

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 1999 онд танилцан гэр бүл болон хамт амьдарч 2006 оны 11 сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба тэдний дундаас охин Б.М 2001 оны 02 сарын 12-ны өдөр, охин Б.С 2004 оны 02 сарын 02-ны өдөр, охин Б.Н 2013 оны 10 сарын 29-ний өдөр, хүү Б.Б 2015 оны 12 сарын 25-ны өдөр тус тус төрсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тус тус батлагдаж байна.

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа зан харьцаа таардаггүй, бие биенээ үл хүндэтгэх, үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах зэргээр гэрийн дотор таарамжгүй харьцаа бий болж, улмаар 2017 оны 6 сараас одоог хүртэл тус тусдаа амьдарсан, цаашид хамт амьдрах хүсэл сонирхолгүй, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан явуулсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, энэ хугацаанд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилгыг хэн алин нь гаргаагүй, эхнэр Б.Б нь өөр хүнтэй гэр бүл болон хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болох тул Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь энэ хугацаанд хүүхдүүдийн асрамжийн талаар тохиролцож чадаагүй ба хэн алин нь хүүхдүүдээ бүгдийг өөр өөрийн асрамжинд авах талаар маргадаг тул шүүх хариуцагчийн хүсэлтээр хүүхдүүдийг эцэг эхийнхээ хэнийх нь асрамжинд айх аюулгүй, эрүүл саруул, сэргэлэн цовоо өсөх боломжтой талаар мэргэжлийн байгууллага болох Дорнод аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын шинжээч нараар судлуулсан бөгөөд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин Б.С, Б.Б нарыг эх Б.Б-н асрамжинд, охин Б.Н-г эцэг Д.Б-гийн асрамжинд тус тус үлдээхээр шийдвэрлэв.

Дорнод аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын шинжээч нарын 2019 оны 5 сарын 31-ний өдрийн дүгнэлтээр нэхэмжлэгч хариуцагч нарын хэн алины асрамжинд хүүхдүүд амьдрахад тэдний хүмүүжилд сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл байдлын талаар дүгнэгдээгүй боловч шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтэд дурьдсан ...охин Б.С-н хувьд эх Б.Б-тэй болох нь харагдаж байлаа, ...охин Б.Н том эгч Б.М-даа илүү их хайртай нь харагдаж байна гэх дүгнэлт, тэдний сэтгэл зүйн байдлын талаар судалсан дүгнэлтийг тус тус үндэслэл болгосон болно.

Түүний зэрэгцээ охин Б.Н нь том эгч Б.М-ын хамт эцэг эхийгээ 2017 оны 6 сараас тус тусдаа амьдарсан цаг хугацаанаас эхлэн одоог хүртэл эцэг Д.Б-ийн асрамжинд, бага хүү Б.Б нь эх Б.Б-ийн асрамжинд өсөж торниж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан тэдний эцэг эх, гэр орондоо ижил дасал болон өсөж дассан орчинг заавал өөрчлөх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүх охин Б.С-ын асрамжийг шийдвэрлэхдээ өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн төлөвшил, мөн түүний ...аав ээж хоёр маань хэн нь хэнээсээ илүү дутуугүй анхаарал халамж тавьдаг боловч ээжтэйгээ хамт амьдармаар байна. миний бага дүү ээжтэй хамт байдаг, мөн би ээж дүүтэйгээ хамт баймаар байна гэх 2018 оны 12 сарын 03-ны өдөр шүүхэд өгсөн санал зэргийг харгалзан түүнд эхийнх нь анхаарал халамж онцгой шаардлагатай гэж үзэн эхийнх нь асрамжинд үлдээсэн болно.

Охин Б.М нь 2001 оны 02 сарын 12-ны өдөр төрсөн байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах үед насанд хүрээгүй байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар 18 насанд хүрч иргэний эрх зүйн бүрэн чадамжтай буюу өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвартай болсон байх тул шүүхээс түүний асрамжийг тогтоох шаардлагагүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 3 хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж байх боловч Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг эх үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр зааснаас үзвэл шүүх хүүхдүүдийг эцэг эхийн хэн алиных нь асрамжинд үлдээхээр шийдвэрлэсэнээр тэдний үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэг адил байх тул хэн хэнээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч хариуцагч нарт мэдэгдэх нь зүйтэй.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар нь ...хүүхдүүдийн асрамжийн талаар дүгнэлт гаргасан шинжээч нарын дүгнэлт эргэлзээтэй, дутуу хийгдсэн, шинжээч нарын нэг нь шинжилгээ хийгээгүй байж гарын үсэг зурсан гэж маргаж байх боловч үүнийгээ нотлох бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд шүүх Дорнод аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын шинжээч нарын гаргасан 2019 оны 5 сарын 31-ний өдрийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

2. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Б.Б нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд дээрх шаардлагаа дараах байдлаар тайлбарлажээ Үүнд:

1. Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 12Б гудамжны 2Б тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 600м2 газар /2 400 000 төгрөг/,

2. 4 ханатай хуучны эсгий гэр /1 500 000 төгрөг/,

3. Гурван талт хашаа /1 000 000 төгрөг/,

4. нэг адуу /800 000 төгрөг/, нэг сувай үнээ /1000 000 төгрөг/, 4 үнээ /нэг бүр нь 1000 000 төгрөг/, 4 бяруу /нэг бүр нь 500 000 төгрөг/, хоёр тугал /нэг бүр нь 150 000 төгрөг/ 4 эм хонь /нэг бүр нь 100 000 төгрөг/ буюу нийт 16 тооны мал гэсэн 13 400 000 төгрөгийн эд хөрөнгийг гэр бүлийн 6 гишүүнд хуваан нэг хүнд ногдвол зохих 2 233 000 төгрөгийг 5 гишүүнээр тооцож 11 166 000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулах, газар болон 4 ханатай эсгий гэрийг өөрт болон хүүхдүүдэд үлдээлгэхээр нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад дээрх хөрөнгөөс гурван талт хашаанаас ногдох хэсгийг гаргуулах хэсгээс татгалзсан болно.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар нь ...гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн хэрэгцээний газар, 4 ханатай эсгий гэрийг өгөхгүй, 2018 оны мал тооллогоор мал тоолуулаагүй, Б.Бөөрөө байхдаа хэдэн малаа сандаасан тул хуваах мал байхгүй гэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т тус тус зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа ...нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болохоор, маргаан гарсан тохиолдолд шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсгийг тогтоож, гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж, аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгоно.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохирох журмаар хувааж чадаагүй байх тул шүүх Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

1.Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 12Б гудамжны 02Б тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 600м2 талбай бүхий газар болон 4 ханатай эсгий гэрийг Д.Б, Б.Бнарыг гэр бүл болоход нь зориулж Д.Б гийн аав ээж авч өгсөн, мөн дээрх газар нь Д.Б, Б.Б, Б.М, Б.С, Б.Н нарын өмчлөлд бүртгэлтэй болох нь тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх үйл баримтуудын талаар талуудын хэн алин маргадаггүй.

Монгол Улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар дээрх гэр бүлийн хэрэгцээний газар болон 4 ханатай эсгий гэр нь гэрлэгчдийг гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах бөгөөд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан журмаар гэрлэгчдийн дундаас төрсөн 4 хүүхдэд нэгэн адил хуваах нь зүйтэй байна.

Учир нь хүүхдүүд эцэг эхийн адил газрын хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй, мөн гэр бүлийн хэрэгцээний газар, эсгий гэр нь тэдний эцэг эхийг гэр бүл болоход нь зориулагдан бий болсон, улмаар эцэг эх хүүхдүүдийн хамт амьдрах орчныг бүрдүүлэх үүрэгтэй эд хөрөнгө тул хүүхдүүд дээрх эд хөрөнгүүдийг эцэг эхийн нэгэн адил хуваалгах эрхтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ дээрх гэр бүлийн хэрэгцээний газрыг 2 400 000 төгрөг, 4 ханатай эсгий гэрийг 1 500 000 төгрөгөөр үнэлж нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч талын шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн бичгийн баримт болох Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн үнэлгээчний үнэлгээгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 12Б-02Б тоотод байрлах 600м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг Дорнод аймгийн Хэрлэн сумын газар нутгийн бүсчлэлийн 4 дүгээр зэрэглэлд хамааруулан 1 200 000 төгрөгөөр үнэлжээ.

Гэтэл Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 6 сарын 18-ны өдрийн 2/434 дүгээр албан бичигт Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182, 2003 оны 103 дугаар тогтоолуудыг үндэслэн Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12/05 тоот тогтоолоор газрын үнэлгээг баталгаажуулан тогтоосон байх ба уг тогтоолоор Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын гудамж нь газар нутгийн бүсчлэлийн 2 дугаар бүсэд хамаарагдахыг, мөн тус бүсийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын нэг м2 талбай нь 4000 төгрөг, өрхийн хэрэгцээний 0,07 га буюу 700м2 газар нь 2 800 000 төгрөгийн үнэлгээтэй болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал гэр бүлийн хэрэгццээний 600м2 газрын үнэлгээг өөрийн гаргаж өгсөн хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн газрыг үнэлсэн үнэлгээгээр бус дээрх Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12/05 тоот тогтоолоор газрын үнэлгээг баталгаажуулан тогтоосноор үнэлгээгээр тооцохыг татгалзаагүй байна.

Иймд шүүх дээрх гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 600м2 газрын үнэлгээг Дорнод аймгийн Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 сарын 07-ны өдрийн №12/05 дугаар тогтоолоор батлагдсан газрын төлбөрийн хэмжээнд тусгагдсан үнэлгээгээр тооцож Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 12Б-02Б тоотод байрлах 600м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг /600м2х4000 төгрөг/ 2 400 000 төгрөгөөр үнэлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн 4 ханатай эсгий гэрийг нэхэмжлэгч өөрийн үнэлгээгээр 1 500 000 төгрөгөөр үнэлснийг хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үгүйсгэж эсэргүүцээгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн үнэлгээгээр тооцохоор шийдвэрлэв.

Иймд дээрх гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнэ 2 400 000 төгрөг, 4 ханатай эсгий гэрийн үнэ 1 500 000 төгрөг буюу нийт 3 900 000 төгрөгийг гэр бүлийн нийт гишүүдийн тоонд хуваахад /3 900 000/ 6 гишүүн/ нэг гишүүнд ногдох хөрөнгийн хэмжээ нь 650 000 төгрөг болж байх ба охин Б.М 18 насанд хүрсэн тул түүнд ногдох хэсгийг мөн олгох нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Д.Б нь тэднийг 2017 оны 6 сараас эхлэн тусдаа амьдарснаас хойш дээрх газар дээр 4 ханатай эсгий гэртээ хүүхдүүдийн хамт амьдарч байсан болох нь тогтоогдож байх тул Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 12Б-02Б тоотод байрлах 600м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг 4 ханатай эсгий гэрийн хамт хариуцагч Д.Бгийн өмчлөлд үлдээж, хариуцагч Б.Бгээс гэр бүлийн 3 гишүүнд ногдвол зохих 1 950 000 /650 000х3 гишүүн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-, 650 000 төгрөгийг гаргуулан охин Б.М-д тус тус олгох үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч нь 2016 оны мал тооллогын дүнгээр 16 тооны малаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тэдний нэр дээр 2005 оноос эхлэн 2016 онуудад тодорхой тооны мал тоолуулж байсан, мөн тэд 2016 онд хамтран амьдарч байсан бөгөөд 2017 оны 6 сараас эхлэн тус тусдаа амьдарсан, хамтран амьдарч байх хугацаандаа малаасаа зарж зээлийн өр төлөх, гэр бүлийн хэрэгцээнд зарцуулж байсан үйл баримтууд тус тус тогтоогдож байхаас гадна Хэрлэн сумын 10 дугаар багийн Засаг даргын 2019 оны 6 сарын 21-ний өдрийн 108 дугаартай албан бичгээр Д.Б-ийн нэр дээр 2018 оны жилийн эцэст мал тоологдоогүй байна.

Харин Хэрлэн сумын 10 дугаар багийн ажлын албанаас хуулбар үнэн болохыг баталсан Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллогоор Д.Бгийн нэр дээр нэг адуу, 7 үхэр /тугал 2, гурван настай эм үхэр 5/, нийт 8 тооны мал бэлэн тоологджээ.

Иймд шүүх 2017 оны мал тооллогоор тоологдсон 8 тооны малыг мөнгөн дүнгээр тооцон нэхэмжлэгч хариуцагч нарт хуваах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-т зааснаар дээрх мал нь гэрлэгчдийн хамтын хөдөлмөрийн явцад бий болсон гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарагдах хөрөнгө гэж үзэх бөгөөд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан үндэслэлээр буюу гэрлэлт цуцлах үед гэрлэгчдэд ногдох хэсгийг тэдгээрийн хооронд адил тэнцүү хувааж тооцно.

Харин хэн алины нь эрүүл мэндийн байдал болон хүүхэд хэнтэй нь амьдрах байдлыг шүүх харгалзан үзэж, аль нэг талд илүү хэмжээгээр ногдох хувийг тогтоож болох боловч уг хэргийн нөхцөл байдлаар аль нэг талд илүү хэмжээгээр хувь ногдуулах үндэслэл байхгүй байна.

Харин гэрлэлтээ цуцлуулж буй гэрлэгчдийн хүүхэд эцэг эхийнхээ хамтын хөөлмөрийн явцад бий болсон хөрөнгөөс тэдгээрийн адил тэнцүү хэмжээгээр хувааж авах эрхгүй бөгөөд эцэг эх өөрийн хөрөнгөөс үр хүүхэддээ өгөх, өвлөн үлдээх нь эцэг эхийн эрх, үүрэгт харшлахгүй юм.

Иймд хариуцагч Д.Бгийн нэр дээр 2017 оны тооллогоор бүртгэгдсэн 8 тооны малыг мөнгөн дүнгээр нэхэмжлэгч хариуцагч нарт адил тэнцүү хуваах бөгөөд дээрх малын үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн үнэлгээгээр тооцвол нэг тооны адуу 1000 000 төгрөг, хоёр тооны тугал 300 000 /нэг бүрийн үнэ 150 000/ төгрөг, 5 тооны гурван настай эм үхэр 5 500 000 /нэг бүрийн үнэ 1 100 000/ төгрөг буюу нийт 6 800 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагч нарт адил тэнцүү хуваахад нэг хүнд 3 400 000 төгрөг ногдож байх тул хариуцагч Д.Бгээс 3 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б- олгох нь зүйтэй байна.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх малыг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй, одоогийн зах зээлд үхэр 1 100 000 төгрөг хүрэхгүй, өөртөө ашигтайгаар өндөр үнээр үнэлүүлсэн, Б.Бхамт амьдарч байхдаа бүх малаа сандааж байхгүй болгосон. 2017 оны тооллогоор дүү Цэрэнпунцагийн малыг тоолуулсан гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн малын үнэлгээг дахин гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй ба өөрийн татгалзлыг шүүхэд нотолж чадаагүй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Монгол Улсын Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Д.Б нарын гэрлэлтийг цуцлан, охин Б.С, хүү Б.Б нарыг эх Б.Б-н асрамжинд, охин Б.Н эцэг Д.Б-гийн асрамжинд тус тус үлдээж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 12Б-02Б тоотод байрлах 600м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг 4 ханатай эсгийг гэрийн хамт хариуцагч Д.Б-ийн өмчлөлд үлдээж, хариуцагч Д.Б-ээс гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийн үнээс нийт 5 350 000 /1 950 000+3 400 000/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-, 650 000 төгрөгийг охин Б.М-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас охин Б.М-ын асрамжийг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 3 талт хашааг гаргуулах, үлдэх 8 тооны малаас ногдох хэсгийг хуваалгах тухай хэсгүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргахдаа тус шүүхийн шүүгчийн 2017 оны 8 сарын 22-ны өдрийн 2105 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 190 950 төгрөг төлснийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 251 350 /гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага тус бүрд 70 200 буюу нийт 140 400 төгрөг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 6 000 000 /5 350 000+650 000/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 110 950, шүүхийн зардалд 119 000 /шинжээчийн зардалд төсвөөс төлсөн 238 000 төгрөгийн тавин хувь/ төгрөг буюу нийт 370 350 төгрөг гаргуулан 110 950 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б- олгож, үлдэх 259 400 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Б- шүүхийн зардалд 119 000 төгрөгийг гаргуулан тус тус Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгох нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар шинжээчийн зардал болох 238 000 төгрөгийг шүүхийн төсвөөс төлсөн тул 238 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагч нарт адил тэнцүү хэмжээгээр хуваасан болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б, Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин Б.С, хүү Б.Б нарыг эх Б.Б-ийн асрамжинд, охин Б.Н-г эцэг Д.Б-ийн асрамжинд тус тус үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т тус тус зааснаар хариуцагч Д.Бгээс гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийн үнээс нийт 5 350 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-, 650 000 төгрөгийг охин Б.М-д тус тус олгон, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 12Б гудамжны 2Б тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 600м2 газар, 4 ханатай эсгий гэрийг тус тус хариуцагч Д.Б-ийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас охин Б.М-ын асрамжийг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 3 талт хашаа болон 8 тооны малаас ногдох хэсгийг гаргуулах тухай хэсгүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Б-ийн төлсөн 190 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж болон шүүхийн зардалд нийт 370 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б- 110 950 төгрөгийг олгож, үлдэх 259 400 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Б шүүхийн зардалд 119 000 төгрөгийг тус тус гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Г.УРТНАСАН