Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2018/00682

 

 

 

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2018/00682

Улаанбаатар хот

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                   

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Э.С-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ш Ш Г Г-т холбогдох эд хөрөнгө битүүмжлэх хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ц.Жавзанпагма нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн  шийдвэрээр “Э Х”  ХХК-иас 30 006 450 төгрөг гаргуулж Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч биш. Э.С гэх хүний хувийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1-р байрны 18 тоот, улсын бүртгэлийн Ү-220503909 дугаарт бүртгэгдсэн 89.95 метр квадрат бүхий орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. Төлбөр төлөгч биш этгээдийн эд хөрөнгийг битүүмжилж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль тогтоомжийг зөрчиж байна. Иймд Э.С-ын эд хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 12-р сарын 01-ний өдрийн 1725084/1 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн  шийдвэрээр  “Э Х” ХХК-иас 30 006 450 төгрөг гаргуулж Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч компанид шүүхийн шийдвэрийг биелүүлж төлбөрөө сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Тус компанийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө тогтоогдоогүй. Арилжааны банкууд хадгаламжийн дансанд нь хасалт хийсэн боловч дансандаа төлбөрийг төлөх мөнгөний үлдэгдэлгүй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ. Мөн тус хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцаагаар хариуцлага хүлээнэ гэж заасан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар төлбөр төлөгч “Э Х”ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Э.С бүртгэлтэй болох нь тогтоогдсон учраас түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө гудамжид байрлах 1 дүгээр байрны 18 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү220503909 дугаартай 89.95 метр орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1725084/1 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.С нь Ш Ш Г Г-т холбогдох эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/01275 дугаартай шийдвэрээр “Э Х” ХХК-иас 29 700 000 төгрөг гаргуулж иргэн Б.Б-д олгохоор шийдвэрлэж, шүүгчийн 2017 оны 06-р сарын 16-ны өдрийн 102/ШЗ2017/08522 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр /хх 7-8, 17-20/ захирамжилжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11-р зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ. 

Шүүгчийн захирамж, 00821 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 6-р сарын 23-ны өдрийн 17250854 дугаартай тогтоолоор дээрх шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн /хх 20-22/ байна.

Төлбөр төлөгч “Э Х”ХХК-ний захирал Э.С-т шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 1 тоот мэдэгдлийг 2017 оны 8-р сарын 21-ний өдөр, 148/4 тоот мэдэгдлийг 2017 оны 10-р сарын 26-ны өдөр, 148/08 тоот мэдэгдлийг 2017 оны 08-ны өдөр, 148/9 тоот мэдэгдлийг 2017 оны 12-р сарын 18-ны өдөр  тус тус гардуулж, ярилцлагын тэмдэглэл /хх 28-29, 44-45, 49-52/ үйлдсэн байх ба хуулийн этгээдийн татвар өр төлбөр, эд хөрөнгө, тусгай зөвшөөрөл, эрх, үнэт цаас эзэмшдэг эсэх, арилжааны банкуудад эзэмшдэг дансны талаарх лавлагааг /хх 23-26, 30-43/ тус тус гаргуулжээ.

 

Дээрх ажиллагааны үр дүнд хуулийн этгээдийн нэр дээр бүртгэгдсэн аливаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, дансны үлдэгдэл, аливаа эрх эзэмшдэггүй нь тогтоогдсон, захирал Э.С нь “Э Х” ХХК-ний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93-р зүйлийн 93.4-т “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ”, Компаний тухай хуулийн 9-р зүйлийн 9.1-т “Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ”, 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж зохицуулжээ.

 

Эдгээр хуулийн зохицуулалтыг үндэслэн Шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1725084/1 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч “Э Х”ХХК-ний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Э.С-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205035909 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 1-р хороо, Богд Ар хорооллын 1А дугаар байрны 18 тоот сууцыг битүүмжилсэн нь буруу биш гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49-р зүйлийн 49.4.2 дахь хэсэгт заасныг баримтлан ШШГГ-ын 148-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1725084/1 дугаартай тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн Э.С-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.    

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА