Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 00810

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2018/00810

Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

            Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Г.Б-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Н.Б-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 10 368 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Г.Б, өмгөөлөгч Г.Ариунзул, хариуцагч Н.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, өмгөөлөгч О.Чулуунчимэг, гэрч Б.Сарнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Н.Бгийн хүсэлтээр 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 7 200 000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн, мөнгөө буцаан төлөхийг Н.Бгаас шаардсан боловч төлөхгүй байна.Иймд Н.Бгаас үндсэн зээл 7 200 000 төгрөг, хүү 3 168 000 төгрөг нийт 10 368 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Н.Бд 1 200 000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд дараа нь би дүү Б.Сарнайд өмнө нь зээлсэн байсан мөнгөө буцаан авч, 6.000.000 төгрөгийг дахин бэлнээр Н.Бд өгсөн.Би Н.Бд нийт 7.200.000 төгрөг зээлсэн.Манайхыг бичилд амьдарч байхад Н.Б манайд усанд орж, хувцасаа угаахаар ирээд манайд хонохдоо мөнгө зээлж, мөнгө авсан талаар өөрийн гараар бичиг хийж өгсөн.Н.Б зээлсэн мөнгөнөөсөө дансаар нийт 2.095.000 төгрөг төлсөн, би нэгэнт хүү авах эрхээ алдсан тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 5 105 000 төгрөгийг Н.Бгаас гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Н.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:Н.Б 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 7 200 000 төгрөгийг зээлж аваагүй ба 2015 оноос өмнө 1 500 000 төгрөгийг л зээлж авч байсан удаатай.Уг мөнгийг төлөх үндэслэл байхгүй бөгөөд Г.Б нь хуурамч нотлох баримт цуглуулсан байх тул өөрийн гарын үсгийн хэвийн шинжилгээ хийлгэнэ.Н.Б орцны жижүүр хийж байгаад 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр уг ажлаасаа гарсан байсан.Г.Б нь 1 500 000 төгрөг зээлдүүлчихээд 7 200 000 төгрөг нэхэмжилж байгаа нь шударга бус байна.Уг 1 500 000 төгрөгийг дүү Х.Мөнхзул нь төлөөд дуусчихсан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Б эгч Г.Б эгчтэй найзалж байхдаа орцны үйлчлэгч хийдэг байсан. Н.Б эгчийн сонсгол муу, хөгжлийн бэрхшээлтэй, сургууль төгсөөгүй, бичиг үсгийн чадваргүй хүн. Н.Б эгч 2015 оны 10 дугаар сард үйлчлэгчийн ажлаасаа гараад Дорноговь аймагт ажиллахаар явсан.Тэр үед Г.Б эгч надруу залгаж, “танай эгч чинь надад их өртэй утас нь холбогдохгүй байна” гэж ярьсан.Н.Б эгч 2012 онд орцны үйлчлэгч хийж байхдаа 1.200.000 төгрөгийг, сарын хүү нь 100.000 төгрөгөөр сар болгон зээлээс хасч байхаар Г.Б эгчээс зээлж авсан. Н.Б эгч тухайн үед сар болгон цалингаасаа 100.000 төгрөг төлж байсан.Миний дансаар Г.Б эгч рүү нийт 2.750.000 төгрөгийг шилжүүлж, бэлнээр нийт 2.100.000 төгрөгийг аваачиж өгсөн.Н.Б эгчийн хүүхдийн мөнгө олгодог хадгаламжийн дэвтэр, монетан эдлэлүүд Г.Б эгчид барьцаанд нь байгаа. Г.Б эгч 6.000.000 төгрөгийг хэзээ, яаж өгсөн эсэхийг өөрөө ч санахгүй байх шиг байна.Манай эгч ийм их мөнгө авах чадвартай хүн биш гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Н.Бгийн хувьд 1.200.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.Тэгэхдээ 1.200.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээж авсан мөнгө биш.Энэ мөнгөнөөс нь Н.Б 1.000.000 төгрөгийг авсан бөгөөд 200.000 төгрөгийг нь Г.Б, Н.Б нар хамтдаа үрсэн гэж ярьдаг.Н.Бд мөнгө хүлээлгэн өгсөн гэх баримт байхгүй.Нэг өдөр нийт 7.200.000 төгрөг зээлсэн юм бол нэгтгэж гэрээг хийгээгүйд гайхаж байна.Эхлээд 1.200.000 төгрөг, дараа нь 6.000.000 төгрөгийн гэрээ хийсэн гэдэг нь ойлгомжгүй байна, 6.000.000 төгрөгт 1.200.000 төгрөг нь багтсан ч байх боломжтой харагдаж байна, иймд нэхэмжлэгчтэй 6 000 000 төгрөгөөс эргүүлэн төлсөн 2 750 000 төгрөгийг хасаад үлдэгдэл дээр эвлэрэх боломжтой, үгүй гэвэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б хариуцагч Н.Бд холбогдуулан үндсэн зээлийн 7 200 000 төгрөг, зээлийн хүү 3 168 000 төгрөг нийт 10 368 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр хариуцагчаас 5 105 000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийнхээ шаардлагын хэмжээг багасгаж байна.

 

Нэхэмжлэгч Г.Б нь Н.Б надаас 7 200 000 төгрөг зээлж аваад 2 095 000 төгрөгийг эргүүлж төлсөн тул үлдэгдэл 5 105 000 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Н.Б 2012 онд Г.Бгаас 1 200 000 төгрөгийг зээлж,  2 750 000 төгрөгийг буцаан төлсөн гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Г.Б хариуцагч Н.Б нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэлцэл хийгдсэн байх бөгөөд уг хэлцэлд “Ням овогтой Бүжидмаа би Гэндэнжамцын Болормаагаас 1 200 000 төгрөг зээлсэн нь үнэн учир сар болгон 150 000 төгрөг өгөх болно” мөн “Н.Б би Г.Бгаас 6 000 000 төгрөг зээлсэн нь үнэн учир сар болгоны 25-30-ны хооронд 400 000 төгрөг өгөх болно” гэжээ.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийх бөгөөд мөн зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог.

 

Иймд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэстэй байх бөгөөд өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг шилжүүлэн өгснөөр бодитоор байгуулсанд тооцно.

 

Мөн хэргийн 4, 5 дугаар талд авагдсан хэлцэлд бичигдсэн Ням Бүжидмаа гэсэн бичвэр нь хариуцагч Н.Бгийн гарын үсгийн загвартай тохирч байгаа болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1426 тоот шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

Нөгөө талаар Н.Б нь зээлийн төлбөрөөс эргүүлж  2 750 000 төгрөгийг зээлдэгчид төлсөн байна гэж үзэх үндэстэй байна.

 

Зээлдүүлэгч Г.Бгийн Хаан банкин дахь 5064489524 тоот дансанд Х.Мөнхзулаас цувуулан шилжүүлсэн 665 000 төгрөгийг Б.Сарнайгийн авах ёстой мөнгө гэж үзэх боломжгүй байх бөгөөд энэхүү мөнгийг Б.Сарнайгийн авах ёстой мөнгө болохыг, улмаар 665 000 төгрөгийг Б.Сарнайд хүлээлгэн өгсөн тухайгаа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.

 

Гэрч Б.Сарнай шүүх хуралдаанд Х.Мөнхзул бидний хооронд мөнгө зээлж авч, өгдөг байсан гэж мэдүүлж байх боловч шүүхэд нотлох баримт ирүүлээгүй байна.

 

Иймд Н.Бгийн зээлсэн 7 200 000 төгрөгөөс түүний эргүүлж төлсөн 2 750 000 төгрөгийг хасч үлдсэн 4 450 000 төгрөгийг Н.Бгаас гаргуулан Г.Бд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан Нямаагийн Бүжидмаагаас 4 450 000 /дөрвөн сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан Гэндэнжамцын Болормаад олгож, үлдсэн 665 000 /зургаан зуун жаран таван мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Г.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180 838 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  Н.Бгаас 86 150 /наян зургаан мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулан Г.Бд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ДОРЖНАМЖИН