Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1206

 

Г.Б-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, М.Наранцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/00810 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Б-н нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б-д холбогдох

 Зээл 5 105 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ариунзул, хариуцагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Н.Б-д 1.200.000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд дараа нь би дүү Б.С-д өмнө нь зээлсэн байсан мөнгөө буцаан авч, 6.000.000 төгрөгийг дахин бэлнээр Н.Б-д өгсөн. Н.Б зээлсэн мөнгөнөөсөө дансаар нийт 2.095.000 төгрөг төлсөн, би нэгэнт хүү авах эрхээ алдсан тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 5.105.000 төгрөгийг Н.Б-с гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Н.Б-ийн төлөөлөгч Х.Мөнхзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.Б 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 7.200.000 төгрөгийг зээлж аваагүй ба 2015 оноос өмнө 1.500.000 төгрөгийг л зээлж авч байсан удаатай. Г.Б  нь 1.500.000 төгрөг зээлдүүлчихээд 7.200.000 төгрөг нэхэмжилж байгаа нь шударга бус байна. Уг 1.500.000 төгрөгийг дүү Х.Мөнхзул нь төлөөд дуусчихсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Н.Б-с 4 450 000  төгрөгийг гаргуулан Г.Б-д олгож, үлдсэн 665 000 / төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Г.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180 838 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Н.Б-с 86 150 төгрөгийг гаргуулан Г.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч О.Чулуунчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч нь бодит байдал дээр нэхэмжлэгчээс нийт 1.200.000 төгрөгийг сарын 100.000 төгрөгийн хүүтэйгээр зээлдүүлсэн байдаг. Гэвч хариуцагчийг бичиг үсэг мэддэггүйг ашиглан огт зээлээгүй мөнгө болох 6.000.000 төгрөгийн зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Нэг өдөр мөнгө зээлдүүлж байгаа бол үнийн дүнг 2 хуваан 2 удаа гэрээ байгуулах ямар ч шаардлагагүй. Тухайн 2 гэрээ нь нэг гэрээ бөгөөд 1.200.000 төгрөгийн гэрээ нь 6.000.000 төгрөгийн гэрээндээ багтсан. 6.000.000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 2.750.000 төгрөгийг хасаад 3.250.000 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй. Харин 7.200.000 төгрөгөөс 2.750.000 төгрөгийг хасч хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 4.450.000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг 3.250.000 болгон өөрчлөлт оруулж зөрүү 1.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.Б  хариуцагч Н.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт  5 105 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

  Нэхэмжлэгч нь хариуцагчид 7 200 000 төгрөг зээлдүүлсэн гэж 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн  “Н овогтой Б би Г-ын Б-с 1 200 000 төгрөг зээлсэн нь үнэн учир сар болгон 150 000 төгрөг өгөх болно” гэсэн хариуцагч Н.Б-ийн гарын үсэг бүхий бичмэл баримтыг, мөн өдрийн “Н.Б би Г.Б-аас 6 000 000 төгрөг зээлсэн нь үнэн учир сар болгоны 25-30-ны хооронд    400 000 төгрөг өгөх болно” гэсэн хариуцагч Н.Б-ийн гарын үсэг бүхий бичмэл баримтыг тус тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгожээ.

Мөн эдгээр бичмэл баримтад зурагдсан Н.Б гэсэн бичвэр нь хариуцагч Н.Б-ийн гарын үсгийн загвартай тохирч байгаа болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1426 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд  Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт заасан энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл хийгдсэн талаар болон хариуцагч нь нийт            2 750 000 төгрөгийг зээлдэгчид төлсөн гэж зөв дүгнэсэн.

Харин шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг шилжүүлэн өгсөн эсэх талаар үндэслэлтэй дүгнэж чадаагүй.

 Нэхэмжлэгч нь нэг өдөр 1 200 000 төгрөг, 6 000 000 төгрөгийг тус тусад нь бичгээр тохиролцсон хэлцэлд заасны дагуу зээлдэгчид шилжүүлсэн болохоо үндэслэл бүхий баримтаар нотолж чадаагүй тул гэрч Х.С-н “....Г.Б  эгч над руу “мөнгө хэрэг боллоо, мөнгөө өгөөрэй” гэсний дагуу 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би        6 000 000 төгрөгийг аваачиж өгсөн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80/ болон хариуцагчийн зөвшөөрсөн тайлбарын /хх-ийн 80/ хэмжээнд зохигчдын хооронд  6 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Н.Б-ийн зээлсэн 6 000 000 төгрөгөөс түүний эргүүлж төлсөн 2 750 000 төгрөгийг хасч үлдсэн 3 250 000 төгрөгийг Н.Б-с гаргуулан Г.Б-д олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.