Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 413

 

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2018/00413

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ***************тоотод оршин суух, Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, **************тоотод оршин суух, БНХАУ-ын иргэн У-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 706 500 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,  хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Э нь БНХАУ-ын иргэн У Ж Гд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дараах нөхцлийг харилцан тохиролцож гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулж 450 000 000 төгрөг зээлүүлсэн. Долоо хоногийн хугацаатай, зээлийн хүү хоногийн 1 хувь, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. У Ж Ггийн ХААН банкин дахь төгрөгийн ***********тоот дансанд гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл үндсэн зээл, зээлийн хүүгээ төлөхгүй байгаа тул эдгээрийг алдангийн хамт гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна. Үүнд: үндсэн зээл 450 000 000 төгрөг, үүний 1 хувийн хүү хоногт 4 500 000 төгрөг, долоо хоногоор тооцохоор 31 500 000 төгрөг, 450 000 000 төгрөгийн алданги 0.5 хувь хоногт 2 250 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 272 хоногийн алданги 614 250 000 төгрөг, үүнээс үнийн дүнгийн 0.5 хувиар бодоход 225 000 000 төгрөг болж байна. Мөнгийг зээлдүүлсний дараа хариуцагч мөнгөө нэхэмжилж байсан боловч элдэв янзын арга хэрэглэж зээл, зээлийн хүү, алданги зэргээс нэг ч төгрөг төлөөгүй байдаг. Тийм учраас үндсэн зээл 450 000 000 төгрөг, зээлийн гэрээний хүү 31 500 000 төгрөг, алданги 225 000 000 төгрөг нийт 706 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. *********-ийн бичгээр өгсөн хариу тайлбараас харахаар “Альянсфинанс групп” ББСБ-н хувьцаа худалдах, худалдан авахтай холбоотой шилжиж орж ирсэн, энэ мөнгийг буцаан олгосон гэх агуулга байдаг. 850 000 000 төгрөгийн асуудал бол зээлийн гэрээтэй хамаарал байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг шийдэх ёстой. 450 000 000 төгрөгийг буцааж өгсөн баримт хавтаст хэрэгт байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч У Ж Г шүүх ирүүлсэн хариу тайлбартаа: “БНХАУ-ын иргэн  У Ж Г /********** / миний бие нь 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Альянс финанс групп ББСБ ХХК-ийн 85 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг хийсэн бөгөөд компанийн хувьцаа эзэмшигчээр Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 255 дугаар тушаалаар бүртгүүлэн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, компанийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 04 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан Альянс финанс групп ББСБ ХХК-ийн дүрмэнд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлд хувьцаа эзэмшигчээр 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус тус бүртгүүлсэн. Альянс финанс групп ББСБ ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д “худалдан авагч нь төлбөрийг 2015 оны 09 дүгээр сарын 10-ны дотор төлж дуусгасан байна гэж заасан бөгөөд гэрээгээр хүлээсэн энэ үүргийн дагуу гэрээний төлбөр болох 850 000 000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны 900025401 тоот дансанд шилжүүлсэн. Хувьцааны үнийг гэрээгээр тохиролцсон хугацаанд шилжүүлсэн нь У Ж Г /**********/-ийн Хаан банкны ***********дугаартай дансны хуулга, Санхүүгийн зохицуулах хорооны Төрийн банк дахь 900025401 тоот дансны 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн орлогоор нотлогдоно. Санхүүгийн зохицуулах хорооны Төрийн банкны 900025401тоот дансанд байршуулсан 850 000 000 төгрөгийг Альянс финанс групп ББСБ ХХК-ийн Төрийн банкны 109000041134 дугаартай төгрөгийн дансанд 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос буцаан шилжүүлсэн бөгөөд уг дансанд зарлагын гүйлгээ хийх эрх бүхий О.Э нь шилжүүлэн авсан. У Ж Г /**********/ нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2-р зүйлийн 2.7-д заасан эрх О.Эд үүсэхгүй. О.Эрдэнийн нэхэмжлэлд дурдсан зээлийн асуудал нь Иргэний хуулийн дагуу хийгдсэн иргэд хоорондын гэрээний асуудал бөгөөд энэ нь дүрмийн сан, хувьцааны төлбөртэй хамааралгүй болно. Компанийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001/100115 дугаартай “цалин нэмэгдүүлэх болон албан тушаалд томилох тухай” хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу О.Дашпүрэвийг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар гүйцэтгэх удирдлагыг томилдог. Альянс финанс групп ББСБ ХХК нь хоёр хувьцаа эзэмшигчтэй болсноос хойш өнөөдрийг хүртэл хэвийн доголдолгүй, үйл ажиллагаа явуулж байгаа. Иймд О.Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Зээлийн гэрээ нэртэй 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ хийж уг гэрээний дагуу 450 000 000 төгрөгийг авсан хэдий ч уг мөнгийг зээлээгүй. Тухайн үед өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэрээ бөгөөд уг мөнгийг компанийн хувьцааны мөнгийг босгох зорилгоор тал талаасаа шилжүүлсэн мөнгө юм. Харин баталгаа болгож л уг гэрээг хийсэн байдаг. О.Эрдэнийн уг үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй бөгөөд энэ асуудлаар цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа. Гэтэл О.Э нь 450 000 000 төгрөгийг буцаан авсан хэрнээ аваагүй гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар  уг зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл 2 нь зөрүүтэй байдаг. Тухайн үед мөнгийг зээлж авах сонирхолгүй, мөнгийг өгөөгүй хоосон зээлийн гэрээ байгуулсан тохиолдолд дүр үзүүлэн хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэсэн шаардлага гаргах ёстой. 450.000.000 төгрөгийг У Ж Г /**********/ авсан боловч компанийн үйл ажиллагаанд хэрэглэхээр аваад, компанийн үйл ажиллагаанд хэрэглэсэн гэж тайлбарладаг. Тэгээд 7 хоногийн дараа бэлнээр нь буцааж өгсөн гэж эсрэг зүйл яриад байдаг. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар У Ж Г /**********/ -н Хаан банкинд дахь төгрөгийн дансанд 450.000.000 төгрөг хийсэн баримт тогтоогдож байдаг. Уг мөнгийг *********** нь компанийн үйл ажиллагаанд хэрэглэсэн талаар ямар ч баримт байдаггүй. 7 хоногийн дараа буцааж өгсөн асуудал дээр 450.000.000 төгрөгийг бэлнээр гэж ярьж байгаа. 450.000.000 төгрөгийг 20.000 төгрөгийн дэвсгэртээр бодоход нэлээн том 3 хар цүнх болж байгаа. Энэ мөнгийг 1 хүн өргөөд явах боломж байхгүй. Тухайн мөнгийг өргөж авчирсан, аваад явсан хүмүүс байх ёстой. Бие биенээ сайн танихгүй хүмүүс байж 450.000.000 төгрөгийг буцааж өгөхдөө ямар ч баримт үйлдээгүй байна гэж байхгүй. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж байгаа боловч 450.000.000 төгрөгийг буцааж өгсөн гэж тайлбарладаг. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Э хариуцагч У Ж Г /Wu Jianguo/-д холбогдуулан 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн 8500 ширхэг хувьцааг буцаан гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт 450 000 000 төгрөг, зээлийн хүү 31 500 000 төгрөг, алданги 225 000 000 төгрөг, нийт 706 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.  

 Хариуцагч У Ж Г /Wu Jianguo/ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 9 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлээр шаарджээ. 

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

 

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байгааг дурьдвал, талууд 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хувьцаа худалдах худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч БНХАУ-ын иргэн У Ж Г нь “Алъянс финанс групп” ББСБ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч О.Ээс компанийн 85 хувийг буюу нэг бүр нь 100 000 төгрөгийн үнэ бүхий 8500 ширхэг хувьцааг нийт 850 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, уг гэрээ хэрэгжсэнээр хариуцагч У Ж Г нь компанийн хувьцаа эзэмшигчээр Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 9 сарын 10-ны өдрийн 255 дугаар тушаалаар бүртгүүлж, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд орсон өөрчлөлтийг компанийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 8 сарын 21-ний өдрийн 04 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Альянс финанс групп ББСБ” ХХК-ийн дүрмийг үндэслэн 2015 оны 9 сарын 29-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлд хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн, хувьцаа эзэзмшигчээр бүртгүүлсэнтэй холбогдуулан худалдан авч буй 85 хувьцааны үнэтэй тэнцэх 850 000 000 төгрөгийг Төрийн санд байршуулсан, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн банкин дахь “Алъянс финанс групп” ББСБ-ын эзэмшлийн 109000041137 тоот дансанд 850 000 000 төгрөгийн буцаалт “үлдэгдэл” гэж бүртгэгдэн гүйлгээ хийгдсэн зэрэг үйл баримт тогтоогдох ба эдгээр үйл баримтад зохигч маргаангүй.

 

Зохигч 2015 оны 9 сарын 15-ны өдөр 09/15/2 дугаартай зээлийн гэрээг байгуулж, О.Э нь БНХАУ-ын иргэн У Ж Г /Wu Jianguo/-д 450 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, хоногийн 1 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувиар алданги тооцож, төлүүлэхээр харилцан тохиролцсон ба /хх-ийн 14/зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч У Ж Ггийн ХААН банкны ***********тоот төгрөгийн дансанд 2015 оны 9 сарын 15-ны өдөр шилжүүлсэн ба энэ гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний үүрэг гүйцэтгэгдсэн эсэх талаар зохигч маргадаг. /хх-ийн 16/

 

Дээрх гэрээг шүүх шинжлэн судлаад,уг гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсгээр баталгаажуулж, нотариатаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарна гэж дүгнэлээ. 

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээхээр, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д талууд тохиролцож, хүү тогтоож болохоор, хүү тохиролцсон бол зээлийн гэрээг бичгээр байгуулахаар тус тус заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул зээлийн гэрээний гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 232.6-д алдангийн хэмжээг хугацаа хэтрүүлсэн тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алдангийг тооцон нэхэмжилж байгаа нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасанд нийцжээ. 

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ маргааны зүйл болох 450 000 000 төгрөгийг “Алъянс финанс групп” ББСБ ХХК-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор хүлээн авсан ба үүнийгээ халхавчлах зорилгоор зээлийн гэрээ байгуулсан,  нөгөө талаас 450 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн гэж тайлбарлах боловч түүний тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй.

 

Иймд нэгэнт зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч хүлээн авсан, буцаан өгсөн үйл баримт нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч У Ж Г-с үндсэн зээлийн 450 000 000 төгрөгийг, хүүгийн 31 500 000 төгрөг, гэрээний 4-р зүйлд заасан алданги 225 000 000 төгрөг, нийт 706 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Эд олгохоор шийдвэрлэв.

 

Нөгөө талаас, хэрэгт авагдсан “Алъянс финанс групп” ББСБ ХХК-ийн эзэмшлийн Төрийн банкин дахь 109000041137 дугаарын дансны хуулгаас үзэхэд 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хувьцаа эзэмшигч өөрчлөн бүртгэх болсонтой холбогдуулан Төрийн санд байршуулсан 85 хувийн хувьцааны үнэ 850 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн ба, мөн өдрөө 740 000 000 төгрөгийг бэлэн бус шилжүүлгээр, 110 000 000 төгрөгийг бэлнээр зарлагадаж нэхэмжлэгч О.Эд олгосон байна. /хх-59 ху/

 

Дээрх үйл баримтыг “Альянс финанс групп ББСБ” ХХК-ийн худалдах худалдан авахаар тохиролцсон 85 ширхэг хувьцааны үнэ 850 000 000 төгрөгийг О.Э хүлээн авсан гэж үзэхээр ба хувьцаа худалдах худалдан авах, 450 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хоёр тусдаа харилцаа зохигчдын хооронд үүссэн байна гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэлээр талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 450 000 000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаардсан боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй ба зээлийн гэрээ байгуулагдсан тухайд хариуцагч шүүхэд анх тайлбар гаргахдаа үгүйсгээгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, үндсэн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 2 337 750 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч БНХАУ-ын иргэн У Ж Г /Wu Jianguo/-гаас 706 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Эд олгож, хариуцагч У Ж Г У Ж Г /Wu Jianguo/-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4 409 000 төгрөгийг, хариуцагч У Ж Г /Wu Jianguo/-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч У Ж Г /Wu Jianguo/-аас улсын тэмдэгтийн хураамжинд 3 690 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Эд олгож, хариуцагч У Ж Г /Wu Jianguo/-аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжинд 2 337 750 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                              Д.ЭНХЦЭЦЭГ