Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 309

 

 

 

 

 

     2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2018/00309

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

   Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Газар бизнес төвийн 1 давхарт байрлах “Г партнерс ББСБ”ХХК /РД: 2844907/-ийн нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, 8 дугаар байрны 57 тоотод оршин суух Есөн овогт лэгзэдийн Б /РД:УХ67112610/-д холбогдох

   зээлийн гэрээний үүрэгт 110.995.026 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Батбаяр, Д.Батнасан, хариуцагч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ   нь:

          Нэхэмжлэгч “Г партнерс ББСБ”ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Л.Б нь 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр  “Г партнерс ББСБ”ХХК-д хандан 35.000.000 төгрөгийн зээл авах өргөдөл гарган ББСБ-л зээл олгох журмын дагуу холбогдох материалуудыг бүрдүүлэн өгсөн. “Г партнерс ББСБ”ХХК болон Л.Б нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ0101140011 тоот шугамын зээлийн гэрээ байгуулан 35.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.8 хувийн үндсэн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэй, бизнесийн хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Л.Б нь 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ЗБ0101140011 дугаартай барьцааны гэрээ байгуулан түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД-46 дугаар байрны 51 тоот хаягт байршилтай, 69.4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт барьцааны гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр улсын бүртгэгчийн 11/110 дугаар тамгаар баталгаажуулан “Г партнерс ББСБ”ХХК-ийн барьцаанд бүртгэснийг баталгаажуулсан. Зээлийн гэрээний 2.3-т заасан “зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүү тооцох ба гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг 1.2.1-д зааснаар, нэмэгдүүлсэн хүүг 1.2.6-д заасан хувиар тус тус тооцон авна. Зээлдэгч үндсэн зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 222.5 болон 452.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх” үүрэг хүлээсэн. Мөн зээлийн гэрээнд зээл болон зээлийн хүү төлөх графикийн дагуу сар болгон үндсэн зээл, зээлийн хүүг тогтмол төлж байхаар харилцан тохиролцсоноор зээлдэгч гарын үсэг зурж баталгаажуулан хүлээн зөвшөөрсөн. Л.Б нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу зээлийн хүүнд нийт 8.111.500 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Л.Б нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 17.500.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 17.500.000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон. Зээлдэгчид зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул ББСБ-аас зээлээ төлөх талаар удаа дараа сануулж, зээл төлөх хугацаа өгч мэдэгдэж байсан. 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч нь зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч Л.Бөөс үндсэн зээлийн үлдэгдэл 34.988.000 төгрөг, зээлийн хүү 64.212.974 төгрөг, нэмэгдүүлэн хүү 11.774.552 төгрөг, нотариатын төлбөр 19.500 төгрөг, нийт 110.995.026 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь зээлийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД-46 дугаар байрны 51 тоот хаягт байршилтай, 69.4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

            Хариуцагч Л.Б шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээг хийж мөнгө авсан нь үнэн боловч нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа нэг жил байхад гэрээ дууссан хугацааны болон хүүгийн хүү гэх мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг Иргэний хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Л.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие анх “Г партнерс ББСБ”ХХК-иас 35.000.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Орчлон хорооллын манай ээж амьдардаг байрыг барьцаалж зээлсэн. Уг мөнгийг би өөрөө авч ашиглаагүй бөгөөд хүнд өгсөн юм. Гэвч тэр хүн маань мөнгөө өгөхгүй байсаар ийм зүйл болсон. Миний бие хүүг нь төлж явж байгаад цаашаа төлж чадаагүй. Нэхэмжилж буй үнийн дүн арай их байгаа учир зөвшөөрөхгүй байна. Үндсэн мөнгө болон хүүний 50 хувийг төлөх  боломжтой. Мөнгө авсан хүнээ цагдаад өгчихсөн байгаа, тэр асуудал арай шийдэгдээгүй байна гэв.

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “Г партнерс ББСБ”ХХК нь хариуцагч Л.Бөд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 110.995.026 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг шаардсан байх ба уг нэхэмжлэлийн шаардлагаас 110.975.526 төгрөгийн шаардлагыг хангах үндэстэй гэж шүүх үзлээ.

          Хариуцагч Л.Б “Газар партнерс ББСБ”ХХК нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч Л.Б нь 35.000.000 төгрөгийг сарын  4.8 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу хугацаандаа төлсөн тохиолдолд 3.3 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2201024463 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД-46 дугаар байрны 51 тоот хаягт байрлах 69.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг бариулсан болох нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр тус тус тогтоогдож байна. /хх-15-20/

         Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ, фидуцийн гэрээ,  баталгаат ипотекийн гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

            Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дууссан боловч талууд гэрээний хугацааг сунгаагүй байна.

            Зээлдэгч “Газар партнерс ББСБ”ХХК нь оноосоо нэрээ 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Г партнерс ББСБ”ХХК болгон өөрчилсөн байх бөгөөд ийнхүү өөрчлөгдсөн нэрийн дагуу зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй байна. /хх-11/

          Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч Л.Б зөрчиж, гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөр 12000 төгрөг, зээлийн үндсэн хүү 8.111.500 төгрөг, нийт 8.123.500 төгрөг төлсөнөөс өөр төлөлт хийгээгүй нь зохигчдын тайлбар болон зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар үндсэн зээл 34.988.000 төгрөг, зээлийн хүү 64.212.974 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11.774.552 төгрөг, нийт 110.975.526 төгрөгийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй юм. /хх-23-24/

          Зээлдэгч нь 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш ямарваа нэгэн төлбөр төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдлийг 34.988.000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байх ба зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон тооцооллыг шүүх шалгаж үзэхэд хууль болон гэрээнд нийцсэн байсныг дурдах нь зүйтэй.  

            Харин нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын  үйлчилгээний хөлс нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд хамаарахгүй байх бөгөөд энэхүү нотариатын үйлчилгээний хөлсийг үүрэг гүйцэтгэгчээр төлүүлэхээр талууд тохиролцоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын үйлчилгээний төлбөр 19.500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. /хх-26/

          Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр  барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2201024463 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД-46 дугаар байрны 51 тоот хаягт байрлах 69.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч байгууллагаас зээлсэн мөнгийг өөр хүнд өгсөн боловч тэрхүү этгээд нь төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тул зээлийн төлбөрийг төлж чадаагүй, энэхүү байдлыг нэхэмжлэгч тал мэдэж байгаа учир зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгийн 50 хувийг төлөхийг хүсч байх боловч дээрх нөхцөл байдал нь зээлдэгчийг зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл болж чадахгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар 22.3-д зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасан болно.

            Иймд зээлийн гэрээгээр тохиролцсон зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг багасгах хуульд заасан үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөх эрх шүүхэд олгогдоогүй болно.       

          Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 783.126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 783.027 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.     

           

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                         

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Бөөс 110.975.526 /нэг зуур арван сая есөн зуун далан таван мянга таван зуун хорин зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г партнерс ББСБ”ХХК-д олгож, үлдэх 19.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 783.126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Л.Бөөс улсын тэмдэгтийн хураамжинд 783.027 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г партнерс ББСБ”ХХК-д олгосугай.

    3.  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаанд бариулсан улсын бүртгэлийн Ү-2201024463 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД-46 дугаар байрны 51 тоот хаягт байрлах 69.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

     5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР