Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 00918

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00309 дүгээр шийдвэртэй, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.Б-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 110 995 026 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч “Г” ХХК-иас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ”Г” ХХК болон Л.Б нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ0101140011 тоот шугамын зээлийн гэрээ байгуулан 35 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 4.8 хувийн үндсэн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэй, бизнесийн хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ЗБ0101140011 дугаартай барьцааны гэрээ байгуулан түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД-46 дугаар байрны 51 тоот хаягт байршилтай, 69.4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд баталгаажуулсан. Зээлдэгч үндсэн зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээсэн. Мөн зээлийн гэрээнд зээл болон зээлийн хүү төлөх графикийн дагуу сар болгон үндсэн зээл, зээлийн хүүг тогтмол төлж байхаар харилцан тохиролцсоноор зээлдэгч гарын үсэг зурж баталгаажуулан хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч Л.Б гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн хүүд 8 111 500 төгрөг төлсөн байна. Хариуцагч Л.Б нь 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 17 500 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 17 500 000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон. Зээлдэгчид зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул ББСБ-аас зээлээ төлөх талаар удаа дараа сануулж, зээл төлөх хугацаа өгч мэдэгдэж байсан. 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч нь зээлээ төлөөгүй байна.

Иймд Л.Б-өөс үндсэн зээлийн үлдэгдэл 34 988 000 төгрөг, зээлийн хүү 64 212 974 төгрөг, нэмэгдүүлэн хүү 11 774 552 төгрөг, нотариатын төлбөр 19 500 төгрөг, нийт 110 995 026 төгрөгийг гаргуулж, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД-46 дугаар байрны 51 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Г” ХХК-иас 35 000 000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Орчлон хорооллын манай ээж амьдардаг байрыг барьцаалж зээлсэн. Уг мөнгийг би өөрөө авч ашиглаагүй бөгөөд хүнд өгсөн юм. Гэвч тэр хүн маань мөнгөө өгөхгүй байсаар ийм зүйл болсон. Миний бие хүүг нь төлж байгаад цаашаа төлж чадаагүй. Нэхэмжилж буй үнийн дүн их байгаа учир зөвшөөрөхгүй. Үндсэн болон хүүний 50 хувийг төлөх боломжтой. Мөнгө авсан хүнээ цагдаад өгсөн, шийдэгдээгүй байна гэв.

      Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Б-өөс 110 975 526 /нэг зуур арван сая есөн зуун далан таван мянга таван зуун хорин зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, үлдэх 19 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлйин 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 783 126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-өөс улсын тэмдэгтийн хураамжид 783 027 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ”Г” ХХК-д олгож,

          Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаанд бариулсан улсын бүртгэлийн Ү-2201024463 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД-46 дугаар байрны 51 тоот хаягт байрлах 69.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

     Хариуцагч Л.Б давж заалдах гомдолдоо: Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ”Газар капитал партнерс ББСБ" ХХК-иас 35 000 000 төгрөгийг, нэг жилийн хугацаатайгаар гэрээ байгуулан зээл авсан энэ хугацаанд хүүг боломжоороо төлж байсан. Гэрээний хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дууссан бөгөөд гэрээг сунгаагүй. Гэтэл анхан шатны шүүх 2015 оноос хойш одоог хүртэл хугацааны хүүг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана" гэж заасныг илтэд зөрчсөн байна. Мөн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан боловч эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

           Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Л.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 110 995 026 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

          Талууд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 35 000 000 төгрөгийг сарын 4.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсоны дагуу зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Л.Б-ийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороололд байрлах , ХД-46 дугаар байрны 51 тоотын 3 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хуулийн хүчин төгөлдөр байна.

          Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт гэх баримтад бичигдсэн зээлийн гэрээний үүрэгт 7 удаагийн төлөлтөөр нийт 8 123 500 төгрөгийг хариуцагч төлсөн талаар зохигчид маргаагүй. Харин хариуцагч зээлийн гэрээний хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дууссан байхад уг хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргасан.

       Зээлийн гэрээний үүргээ хариуцагч гэрэнд заасан хугацаанд биелүүлээгүйтэй холбоотойгоор үндсэн зээл 34 988 000 төгрөг, зээлийн хүүд 64 212 974 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 11 774 552 төгрөг, нийт 110 975 526 төгрөгийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэйг тодорхойлж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

     Нэхэмжлэгчийн нотариатын үйлчилгээний зардалд 19 500 төгрөг гаргуулах шаардлага нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй тул шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Өөрөөр хэлбэл, нотариатын үйлчилгээнд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 19 500 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан боловч энэ хэргийн нотлох баримттай холбоотой үйлчилгээ авсан гэх байдал нотлогдохгүй байх тул уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг зааснаар эргэлзээтэй гэж үзнэ.

   Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул уг барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг нэхэмжлэгчид Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар олгогдсон болно.

      Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно” гэж заасны дагуу зөвхөн тухайн тодорхой харилцааг зохицуулахаар тогтоосон хэм хэмжээг төсөөтэй бусад харилцаанд хэрэглэж болохгүй. Иргэд, хуулийн этгээд хоорондын зээлийн гэрээний харилцаанд хамаарах хуулийн заалтыг банк, хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эрх бүхий этгээлээс олгох зээлийн харилцаанд төсөөтэй хэрэглэхийг хориглоно. Өөрөөр хэлбэл, бусдад ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон харилцааны төрөлд хамаарах Иргэний хуулийн 451 дүгээр зүйл заасан тусгай зөвшөөрөлтэй эрх олгогдсоны дагуу зээлийн үйл ажиллагаа эрхэлж, бусдад зээл өгөх үйлчилгээ үзүүлэх харилцаанд Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасан бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой гэрээний заалтыг төсөөтэй хэрэглэж хүүгийн хэмжээг бууруулах боломжгүй тул хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

    Түүнчлэн шүүх хариуцагчийг өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь: шүүх 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зарлагдсан шүүх хуралдааныг хариуцагчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг нь хангах үндэслэлээр хойшлуулсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд тэрээр өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргаж, шүүх хуралдаанд оролцсон байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулсан байх тул хариуцагчийн өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.

      Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00309 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 712 828 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧИД                                         Т.ТУЯА

                                                                                                           Д.БАЙГАЛМАА