| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 188/2019/0127/Э |
| Дугаар | 330 |
| Огноо | 2019-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 330
Д.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ш.Алтанцэцэг,
хохирогч Б.Б,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Баасан,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Г.Баасангийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Б-д холбогдох 1810 0132 40426 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Д-н Б, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ..... аймгийн ......... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зоотехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ............ дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............./;
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;
Д.Б нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ..... дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, ..........дүүргийн ......... хэргийн анхан шатны шүүхийн байрны хоёрдугаар давхарт иргэн Б.Б-тай маргалдаж, түүний уруул орчим нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б-с гэм хорын хохиролд 213.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д олгож, энэ хэрэгт Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Г.Баасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
1. Монгол Улсын иргэн Д.Б нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хүлээлгийн танхимд 6 жилийн өмнө буюу 2013 оны 10 дугаар сарын 28-ны зээлийн гэрээгээр 13.000 доллар аваад өгөөгүй байгаа, мөн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2019/00205 дугаартай шүүхийн шийдвэрээр 11 сая 800 мянган төгрөгийн авлагатайгаа тогтоолгоод бас аваагүй байгаа, бас 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Б 2017 оны 2 дугаар сарын 19-ний өдөр иргэн Д.Б-н бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж, 1.620.000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон ч хохирлоос мултарсан Б.Б-тай тааралдсан байна. 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал нь Д.Б-н нэхэмжлэлтэй бөгөөд зээлийн гэрээгээр 2.000.000 төгрөгийн өглөгтэй хариуцагч Г.Э нь өөрийн дотны найз ба Д.Б-г 7 жил чирэгдүүлж байгаа Б.Б-г гэрчээр оруулахаар дагуулж ирсэн байна. Тэгэхээр Б.Б, Г.Э нар нь ашиг сонирхлын зөрчилтэй үгсэн хуйвалдах шалтгаант холбоотой нь илт байгаа Б.Б, Г.Э нарын мэдүүлгээр ял оноож байгаад гомдолтой байна.
2. 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын хүлээлгийн танхимд төрийн цагдаа нар хэрүүл маргаан, зодоон цохион хийхээс урьдчилан сэргийлэх, шүүх хурлыг хэвийн явуулах дэг сахиулах хууль ёсны үүргээ хэрэгжүүлсэн ба Д.Б, Б.Б, Г.Э нартай ашиг сонирхлын зөрчилгүй гэрчийн мэдүүлгүүдийг хэрэг шийдвэрлэхэд шууд бус гэрчүүд гэж нэрлэсэн байна. Гэтэл Б.Б, Э нар Д.Б-г цагдаагийн шаардлагыг эсэргүүцсэн, хувцаснаас нь зууралдаад байсан нэг цагдаа салгах гэж оролдсон боловч хүч хүрээгүй, хоёр дахь цагдаа гарч ирээд бид хоёрыг салгасан гэсэн мэдүүлэг өгсөн нь үүрэгт ажлаа хийж байсан Эрдэнэбаяр, Батсайхан нарын мэдүүлэгт Д.Б-д шаардлага тавихад шатаар буугаад гараад явсан, хоорондоо маргалдсан, нэг алхамын зайтай байсан, зодож цохисон зүйл байхгүй, Б.Б-д ил харагдах шарх байгаагүй, Б.Б цохисон зүйл яриагүй гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна. Төрийн үүрэгт ажлаа хийж байсан цагдаа нарыг Б.Б, Г.Э нар шууд гүтгэж байна. Шүүх яагаад ашиг сонирхлын зөрчилгүй үндсэн үүрэг ажлаа хийсэн гэрч нарыг шууд бус гэрч гэж нэрлээд хууль ёсны үнэн зөв баримт гэж үзсэнгүй вэ гэдгийг шалган тоглоолгоё. Шүүх танхимд дэг сахиулж, маргаантай талуудын аль алиных нь эрх ашгийг сахин хамгаалж байгаа гэрч нарын мэдүүлэг нотлох баримтаар үнэлэгдээгүйд гомдолтой байна.
3. Б.Б цагдаад гаргасан гомдолдоо “... эрүү лүү цохиж хөхрүүлсэн, няц цохисонд гомдолтой байна, 2 цагдаа ирж салгасан, цагдаатай барьцалдсан...” гэсэн гомдол гаргасан. Гэтэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Эхний мөрдөн байцаалтад хавтас хэргийн 7-р хуудаст, Д.Б эрүү лүү ханатай хавсарч цохисон гэж мэдүүлсэн. Дараа нь араас орилоод ирсэн, хувцаснаас татаад нааш цааш түлхэж, савчих үедээ миний эрүүн тус газар цохисон, зүүн эрүүн тус газар хөхөрч, жавьжны дотор хэсэгт язарч, цус хуралт үүссэн, тархи доргисон” гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Харин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Д.Б 2 давхарт цагдаагийн хажууд сууж байсан, намайг татаж аваад гараас сэгсэрч намайг зодсон, миний зүүн гараас базаж, намайг сэгсрээд савчаад байсан, ариун цэврийн өрөө ороход миний амнаас цус гарсан, сэгсэрч байхдаа гар нь гулсаад намайг цохисон байх...” гэж тэс өөрөөр мэдүүлжээ. Эхлээд ханатай хавсарч, няц цохисон гэж гомдол гаргаад, дараа нь нааш цааш түлхэж, савчих үедээ эрүүн тус газар цохисон. Дараа нь зүүн гараас базаж сэгсэрч зодсон, дараа нь сэгсэрч байхдаа гар нь гулсаад намайг цохисон байх гэж мэдүүлсэн нь яг зодуулсан эсэх нь тодорхой бус байна. Мөн тухайн үед Б.Б цагдаад “Намайг зодох гээд дайраад байна шүү дээ” гэж хэлсэн гэж мэдүүлжээ. Тухайн үед зодуулсан нь үнэн юм бол яагаад цагдаад зодчихлоо гэж хэлээгүй вэ. Няц цохиулсан, хөхөрсөн, цус хурсан, язарсан, цус гарснаа яагаад газар дээр нь үзүүлээгүй вэ гэдгийг прокурор яагаад шалган тогтоосонгүй вэ. Дээрх зөрүүтэй мэдүүлгүүд, тухайн цагт зодох гээд байна гэж байсан хүн зодуулчихсан болоод хүн гүтгэж байж болзошгүй үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж шүүх үзсэнд гомдолтой байна.
4. Гэрч Г.Э нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Д.Б Б.Б-ны нүүр рүү баруун гараараа “Чи мөнгө өг” гээд нүүр болон шанаа руу цохиод байсан, би уруул руу нь харахад уруулын доод тал нь хэгзрээд хөхөрсөн байсан” гэж сайн мэдээд байгаа мэт мэдүүлснээ “миний даралт ихдээд бие чичрээд шоконд орсон” гэж нарийн сайн мэдэхгүй ч юм шиг мэдүүлэг өгчээ. Дараа нь шүүх хуралд мэдүүлэхдээ “Д.Б гар хүрээгүй” гэж эхний мэдүүлгээсээ буцсан байна. Дараа нь “Б.Б цаас барьсан гараараа Д.Б-г түлхээд байсан. Д.Б Б.Б-ны хувцаснаас заамдаад хана руу шахаад гараараа зүүн эрүү орчим нэг удаа цохисон, хананд шахаж байхдаа уруулыг нь нэг удаа цохисон. Дараа нь шүүхийн хэлэлцүүлэгт “маргалдсан, цагдаа дуудаад камер байгаа эсэхийг асуусан” гэсэн зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байна. Дуудсан цагдаагаа ирэхэд “энэ хүн зодоод ийм болгочихлоо” гээд шууд үзүүлж нотлуулахгүй яагаад нуусан талаар прокурорын хянаагүй асуудлууд байгаад гомдолтой байна.
5. Уг үйл явдал нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн орчим болсон буюу тухайн газар нь хуулийн байгууллагын хурлын танхим байна. Зодуулсан үйлдлийг хараад шүүх эмнэлэгт хүргүүлэх субъектүүд байсан бөгөөд тухайн цагт Д.Б үнэхээр зодсон бол яагаад шүүх хурал дээр сая үүдэнд зодуулчихлаа гэж мэдүүлж, нотолгоо үлдээгээгүйг прокурор хянаагүйд гомдолтой байна. Шүүхийн байрнаас 19 цаг 40 минутад явсан байна. Үдшийн 22 цагт цагдаад гомдол гаргасан байна. Энэ нь шүүхийн байрнаас гараад өөр хүнд зодуулсан байх магадлалтай байна.
6. Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Надад Д.Б-г гүтгэх ямар ч шаардлага байхгүй. Хоорондын өр төлбөрийн асуудлаар одоогийн байдлаар 4 дүүргийн шүүхэд хэрэгсэхгүй болгосон” гэжээ. Энэ нь худал мэдүүлэг юм. Б.Б-г 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 11.800.000 төгрөгийг Д.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Б.Б-с 60.000.000 төгрөгийн авлагатайгаа тогтоолгосон анхан шатны шүүхийн тогтоолууд гарсан байгааг, 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Б 2017 оны 2 дугаар сарын 19-ний өдөр иргэн Д.Б-н бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж, 1.620.000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байгаагаас Д.Б-ыг гүтгэх сэдэл байгаа эсэхийг прокурор хянаагүйд гомдолтой байна.
7. Нотлох баримтууд агуулгын хувьд зөрүүтэй, Д.Б-н хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байж болзошгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн эсэхийг бүрэн тогтоогоогүй, “хангалттай үндэслэл”-д тулгуурлаагүй, гэрч худал мэдүүлэг өгсөн байгааг хянаагүй, Б.Б, Г.Э нарын ашиг сонирхлын зөрчилтэй байгааг санаатай орхигдуулсан, шүүх хурлын хүлээлгийн танхимд зодуулсан гэх бөгөөд зодуулсны дараа шүүх хурал дээр мэдүүлээгүй, хэв журам сахиулж буй цагдаа нарт зодох гээд байна гэснээс зодчихлоо гээгүй, зодолдсон асуудал гараагүй, шарх сорви байгаагүй гэх ажлаа хийж байсан цагдаа нарын мэдүүлгийг нотлох баримтад тооцоогүй, үйл явдал болсон цагаас хойш 7 цагийн дараа Д.Б-с өөр хүнд зодуулсан байх боломжтой байгааг нягтлаагүй орхигдуулсан нь үйл баримтыг хангалттай тогтоогоогүй эргэлзээтэй байгааг үл тоож, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг мөрдөөгүйд гомдолтой байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүйд тооцож, хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна. ...” гэв.
Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Б.Б-ны ах Улсын Ерөнхий прокурорын Тамгын газрын орлогч Сүхбатын гэрт 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б.Б, Батболд нарт мөнгө зээлэхдээ очсон. Сүхбат прокурор гэртээ “дүү нарт туслаад өгөөрэй” гээд бөөлүүлж байгаад хэлж байсан. Д.Б-ын нэхэмжлэлтэй Э-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн шүүхэд болсон. Энэ хэрэгт Б.Б-г гэрчээр орохоор ирэхэд нь би “өөрийнхөө авсан мөнгийг өгөхгүй байж хүний гэрч болно гэж юу байдаг юм бэ” гээд маргалдсан. Тухайн үед хурлын дэг сахиулагч цагдаа ирээд бид нарыг гаргасан. Би урьд нь Б.Б-д троссоор зодуулж байсан учир түүнээс айдаг болсон. Би хүнд гар хүрч болохгүй гэдгийг яс махандаа хүртэл мэдэрсэн. Б.Б-д гар хүрээгүй, зөвхөн маргалдсан гэдгийг хурлын дэг сахиулагч цагдаа нар гэрчилж байгаа. Б.Б гэмтээгүй гээд цагаатгасан. Харин Алтанцэцэг прокурор “хүчээр ял тулгана” гээд эсэргүүцэл бичиж, шүүхэд гомдол гаргасан. Монгол Улсын хууль Б.Б-д зөөлөн хандаад, Д.Б надад хүнд хандаж, ялгаварлаж байгаад гайхаж байна. ...” гэв.
Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Д.Б-н нэхэмжлэлтэй Э-д холбогдох иргэний хэрэгт гэрчээр дуудагдсан... Тухайн өдөр би шүүх хуралд оролцохоор шүүхэд очиход Д.Б орилж гарч ирээд, над руу дайраад, “мөнгөө өг” гээд хэл амаар доромжилсон. Би очих болгондоо энэ хүнд байнга доромжлуулдаг. ... Яагаад шүүх, прокурорынхныг надад хамаатуулаад байдгийг ойлгохгүй байна. Би хэргийн материалуудаа бариад явж байхад Д.Б над руу дайрсан. Э бид хоёрыг болиулах гээд дундуур орсон. Би “Жагаа эгч ээ, цагдаа дуудаарай” гэсэн. Удалгүй нэг цагдаа ирээд бид хоёрыг салгасан. Нэг цагдаа сүүлд нь ирсэн. Шүүх хурал дээр би зодуулсан тухайгаа хэлсэн. Хурал дуусаад цагдаад мэдэгдсэн. Би өглөө нь шүүх эмнэлэгт үзүүлж, томографийн зураг авахуулсан. ...” гэв.
Прокурор Ш.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш өөрийн гэм буруугаа ойлгоогүй, шат шатанд гомдол гаргаж байсан. Прокуроруудыг хоорондоо хамааралтай, нэг нь захиалаад нэг нь ялладаг гэж ярьдаг. Прокурор хуульд заасан өөрийн чиг үүргээ хэрэгжүүлж, Д.Б-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2 дахь удаа хэлэлцэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогч, гэрчийн эрх үүргийг тодорхой заасан. Гэрч, хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, харин сэжигтэн, яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд заавал үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй. Д.Б нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж байгаа прокурорыг гүтгэж, дайрч доромжилдог. ... Үйлдэл, үр дагавар хоёрын хооронд шалтгаант холбоо гэж байдаг. Д.Б гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Д.Б нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ......... дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, .............. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байрны хоёрдугаар давхарт иргэн Б.Б-тай маргалдаж, түүний уруул орчим нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Б-ны “... Э бид хоёр иргэний хэргийн шүүхийн байранд ирээд шатаар өгсөөд хоёр давхарт гарч ирэхэд Д.Б шатаар орилоод ирсэн. Тэгээд над руу дайрч, хана руу хувцаснаас татаж, нааш цааш түлхэж, савчих үедээ миний эрүүн тус газар цохисон. Тэгэхээр нь би “цагдаа дуудаарай” гэж орилж байтал шүүхийн хамгаалалтын цагдаа ирж салгасан. ... Миний зүүн эрүүн тус газар хөхөрч, жавьжны дотор хэсэгт язарч, цус хуралт үүссэн. Мөн тархи доргисон байсан. ...” /1 хх 10-12/,
гэрч Г.Э-ын “... Д.Б Б.Б-ны нүүр лүү баруун гараараа “чи тэр мөнгө өг” гээд цохиод байсан. ... Д.Б-г цагдаа нар аваад явсны дараа Б.Б намайг “Э эгч ээ, энийг хараад өгөөч, өвдөөд байна” гэхээр нь би уруулыг нь харахад дотор тал нь хэгзрээд хөхөрсөн байсан. ...” /1 хх 12/ гэсэн мэдүүлгүүд,
гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 20-21/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Б.Б-ны биед тархи доргилт, доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн гэмтэл болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 6667 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 18/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Хүний биед үзлэг хийсэн №6667 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Б-ны биед тархи доргилт, доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Б-ны биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Б-ны биед учирсан доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 989 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч нарын гаргасан дүгнэлт /1 хх 93/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-г хохирогч Б.Б-тай маргалдаж, түүний уруул орчим нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Мөн шүүгдэгч Д.Б-д анхан шатны шүүхээс 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Г.Баасангаас “...гэрч Эрдэнэбаяр, Батсайхан нарын мэдүүлгийг үнэлэлгүй, Б.Б, Г.Э нарын ашиг сонирхлын зөрчилтэй мэдүүлгийг үнэлж, Д.Б-д ял шийтгэл оногдуулсанд гомдолтой, Б.Б, Э нарын мэдүүлгүүд зөрүүтэй, Б.Б нь шүүхийн байрнаас гараад өөр хүнд зодуулсан байх магадлалтай, мөн Б.Б нь Д.Б-г гүтгэх сэдэлт байгаа эсэхийг прокурор хянаагүйд гомдолтой. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэг үйлдэгдсэн буюу Д.Б-н хохирогч Б.Б-д хүч хэрэглэсэн газар, цаг хугацаанд хохирогч Б.Б, гэрч Г.Э нар байсан бөгөөд тэдний өгсөн мэдүүлэг зөрүүгүйн гадна энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хамгаалалтын цагдаа, офицер Э.Эрдэнэбаяр, Б.Батсайхан нар нь дээрх үйл явдал болсны дараа ирсэн байна.
Гэрч, хамгаалалтын офицер Б.Батсайханыг ирэхэд хэргийн үйл явц нэгэнт дууссан байсан бөгөөд энэ талаар гэрч Э-н “... Д.Б Б.Б-г хувцаснаас нь заамдчихаад хана руу шахаад Б.Б-ны зүүн эрүү орчим нэг удаа цохисон. Б.Б “Э цагдаа дуудаач ээ” гэхэд жижүүрийн цагдаа нар ирж салгасан...” /1 хх 14/, гэрч Б.Батсайханы “... тус шүүхийн 2 давхарт үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орилж, хашгираад маргалдаад байсан. Тэгэхээр нь 1 давхараас яваад очсон. ...” /1 хх 14/ гэсэн мэдүүлгүүдээр нотлогдсон гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэргийн талаар гэрч Г.Э-н өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон удаа дараагийн дүгнэлтүүд зэргийг үгүйсгэх нотлох баримт байхгүйг дурдвал зохино.
Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хавтас хэргийн материалаар бүрэлдэхүүнтэй гаргасан 989 дугаартай дүгнэлтэд “...Б.Б-ны биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Б-ны биед учирсан доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэснээс үзэхэд Д.Б-н зүгээс харилцан маргалдаж, гараа савчих үедээ хохирогч Б.Б-ны зүүн эрүү орчим цохисон нэг удаагийн үйлдлийн улмаас дээрх гэмтлүүд учирсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх “... шүүгдэгч Д.Б түүнтэй маргалдан зууралдаж, савчих явцад цохисон үйлдлийн улмаас үүссэн, шүүгдэгчийн үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагаврын хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон ...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Энэхүү дүгнэлтэд дурдсан шүүгдэгч Д.Б, хохирогч Б.Б нарын хооронд үүссэн маргааны явцад шүүгдэгч Д.Б-н зүгээс “гараа савчих” санаатай үйлдлийн үргэлжлэл болж хохирогчийн эрүүн тус газар цохисон үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон “... биед тархи доргилт ...доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал ...” бүхий хөнгөн хохирол учирсантай шууд хамааралтай гэж үзнэ.
Дээрх хэргийн үйл баримтуудыг үндэслэн дүгнэлт хийж үзвэл хохирогч Б.Б-ны эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, шүүгдэгч Д.Б-н үйлдлийн хооронд шалтгаант холбоотой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Түүнчлэн, хохирогч Б.Б болон гэрч Г.Э-н ашиг сонирхлын зөрчилтэй мэдүүлгийг үнэлсэнд гомдолтой талаар дурдсан нь үндэслэлгүй байна.
Учир нь, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих заалтуудыг сануулж, худал мэдүүлэг өгсөн тохиолдолд тэдэнд хүлээлгэх хуулийн хариуцлагын талаар урьдчилан сануулсан бөгөөд анхан шатны шүүх хохирогч Б.Б, гэрч Г.Э нарыг мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 6667, 989 дугаартай дүгнэлтүүдийг үндэслэн хэргийн үйл баримтыг үндэслэл бүхий зөв дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.
Иймд Д.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж нотолсон байх тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баасангийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.