Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00267

 

 

2021 03 25 001/ХТ2021/00267

Ш.Соёлчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 138/ШШ2019/00510 дугаар шийдвэр,

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 201/МА2019/00023 дугаар магадлалтай,

 

Ш.Соёлчимэгийн нэхэмжлэлтэй,

Ц.Хоролжавт холбогдох

 

260,010 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай нөхрийн ажлын газрын захирал н.Цэрэндулам нь Ц.Хоролжавын найз юм билээ. Ц.Хоролжав эгч найзаасаа чиний дугаарыг авлаа гээд над уруу утсаар залгаж богино хугацаанд мөнгөө хоёр дахин өсгөж авах боломж байгаа талаар ярьсан. Хөдөө орон нутагт байдаг гэхээр нь би элсэхгүй гэдгээ хэлсэн. Тэгэхэд Ц.Хоролжав нь уг компанийн төв оффис нь төв номын сангийн ойролцоо байдаг, биет төлөөлөгчөөр дүүгээ явуулья гэсэн. Ц.Хоролжав эгчийн дүү н.Одгэрэл гэж хүн манай ажил дээр ирээд мөнгөө хэрхэн өсгөх талаар ярьсан. Их мөнгөөр элсвэл 7, 7 хоногоор ашгаа өгдөг, хамгийн бага нь 90 еврогоор элсдэг, багаар элсвэл нэг жилийн дараа ашиг авна гэж хэлсэн. Цаг хожиж багаар ч гэсэн элсэх хэрэгтэй гэсэн. Тэгээд 2017 оны 10 сарын 27-ны өдөр Ц.Хоролжав эгчийн 5021111155 гэсэн данс уруу тухайн үеийн евроны ханшаар тооцон 260,010 төгрөг шилжүүлсэн. Хоёр дахин өсгөж өгнө гэхэд нь итгээд шилжүүлсэн. Нэг жилийн дараа Ц.Хоролжав эгч рүү ярихад надад хамаагүй гэсэн. Сүүлдээ миний утсыг блоклосон байсан. Тухайн үед н.Одгэрэл нь олон хүн элсүүлэхэд, хүний нэр шивэхэд мөнгө авдаг гэж ярьж байсан. Та нар ч гэсэн олон хүн элсүүлээд мөнгө авч болно гэж хэлсэн. Ц.Хоролжав нь миний мөнгийг яасан нь мэдэгдэхгүй байна. Ц.Хоролжав эгчийн ярьсан компани нь байдаг эсэхийг мэдэхгүй. Миний мөнгийг нөгөө компанидаа шилжүүлсэн эсэхийг ч мэдэхгүй байна. Миний хувьд нэг жилийн хугацаанд ямар нэгэн ашиг гэж аваагүй, ашгаа жилийн дараа Ц.Хоролжав эгчээр дамжуулан авна гэж итгэсэн. Иймд Ц.Хоролжаваас 260,010 төгрөгөө нэхэмжилнэ гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2017 онд Questra World гэдэг гадаадын компанид хөрөнгө оруулалт хийсэн. Энэ компани нь 7 хоног бүр ногдол ашиг олгодог байсан. Энэ үед миний бие компьютерт хүний нэр шивж сурсан учир хүмүүс нэрээ шивүүлье гэж өөрсдийн мэдээллийг явуулж нэрээ шивүүлдэг байсан. Шивсэн хүний нэр дээр аккаунт үүсээд өөрсдөө тэрийгээ хянаад явдаг байсан. Бараг нэг жилийн өмнөөс ногдол ашгаа авч чадахаа больсон. Ногдол ашгаа авч чадахгүй ч гэсэн ногдол ашиг орж байгаа нь харагддаг байсан. Гэвч нэг сар орчмын өмнөөс сайт нь устаад юу ч харагдахаа больсон. Би ч гэсэн энэ компанийн хохирогч болоод явж байгаа. Ш.Соёлчимэгийн хувьд над уруу залгаад ...нөхрөөсөө энэ компанийн тухай сонслоо, би хөрөнгө оруулалт хийж мөнгөө өсгөх гэсэн юм, таныг шивж оруулж чаддаг гэнэ гэж яриад өөрийн мэдээллээ явуулж шивүүлээд, мөнгөө явуулж аккаунт үүсгүүлсэн. Өөрөө над уруу залгаж, өөрийн хүслээр мөнгөө өсгөх гээд гадаадын компанид өгсөн мөнгөө надад өгсөн юм шиг нэхжээ. Тухайн үед энэ хүний аккаунтыг нээж өгөөгүй байсан бол тэр үедээ надаас мөнгөө нэхэх байсан юм. Компанийн сайт нь устаад алга болохоор өөрийнхөө өмнөөс хүнийг буруутгаж байгааг ойлгохгүй байна. Намайг утсаа салгаад алга болсон гэж гүтгэжээ. 2009 оноос хойш нэг ч удаа таслалгүй энэ дугаарыг ашиглаж байна. Ш.Соёлчимэг өөрөө сайн дураараар гадаадын компанид хөрөнгө оруулалт хийсэн. Би энэ мөнгийг хэрэглээгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 138/ШШ2019/00510 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.Хоролжаваас 260,010 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Соёлчимэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8620 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 170 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Ц.Хоролжаваас улсын тэмдэгтийн хураамжид 8450 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Соёлчимэгт олгож шийдвэрлэжээ.

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 201/МА2019/00023 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 138/ШШ2019/00510 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Хоролжав, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.05-ны өдрийн 138/ШШ2019/00510 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.10.04-ний өдрийн 201/МА2019/00023 дугаар магадлалыг эс зөвшөөрч, миний бие гомдол гаргаж байна. Шүүхээс Ш.Соёлчимэг бидний хооронд үүссэн үйл явдлыг Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Би үүнийг зөвшөөрөхгүй байна. Яагаад намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзээд байгаа юм. Яагаад намайг нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзээд байгааг би ойлгохгүй байна. Миний ойлгож байгаагаар би түүний шилжүүлсэн мөнгийг гадаадын хөрөнгө оруулалтын компани руу шилжүүлж төлбөрийг нь төлсний үндсэн дээр түүний нэр аккуант үүсгэсэн. Хэрвээ мөнгийг нь шилжүүлээгүй байсан бол аккуант үүсэхгүй. Аккуант үүссэн болохоо нэхэмжпэгч Ш.Соёлчимэг шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн. Нэгэнт хол байдаг учраас надаар шивүүлж хөрөнгө оруулалтаа оруулахын тулд над руу мөнгөө шилжүүлсэн. Би түүний мөнгийг шилжүүлж түүний нэрээр аккуант үүсгэсэн. Энэ бол бидний хооронд болж буй нэг ёсны харилцаа буюу хэн хэний хүсэл зоригийг хангах ажил үүрэг. Гэтэл шүүхээс үүрэг үүсээгүй гэж үзэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэхээр байна. Хамгийн гол нь шүүхээс Ш.Соёлчимэгийн нэр дээр аккуант үүсч компанитай харилцах дансаа харах зэрэг мэдээлэл авах компанийн хөрөнгө оруулагч болсон гэдгээ тодорхой мэдэж байгаагаар хөрөнгө оруулалтыг компанид шилжүүлсэн гэдгийг нотолж байтал заавал мөнгө шилжүүлсэн баримт байхгүй байна гэж өрөөсгөлөөр харах нь нотлох баримтыг бүх талаас хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж чадахгүй байна гэж ойлгож байна. Тухайн компани нэг л өдөр хэнд ч мэдэгдэлгүй сайтаа устгасан хөрөнгө оруулагч нар бүгд л хохирогч болсон. Ш.Соёлчимэг элсэн орсноос хойш нэг жил гаруй болсон /1.6 сар/ компанийн сайт устсаны дараа над руу шилжүүлсэн мөнгөө нэхсэн. Нэг жилиин дараа ногдол ашгаа авна гэж ойлгосон юм чинь нэг жилийн дараа компаниас нэхэхээ яасан. Надад хөрөнгө оруулалт оруулж байгаа юм шиг хандаж байх юм. Нэг талдаа шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн гаргаж буй тайлбар шүүх хуралдаанд мэтгэлцсэн нөхцөл байдал зэргийг үнэн зөвөөр үнэлж чадаагүй буюу ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчиж байна. Ингэснээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж гомдож байна. Иймд миний гаргаж буй гомдлыг хянан үзэж ИХШХШТХ-ийн 178 дугаар зүйлийн 178.1.5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож гомдлыг хангана уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Ш.Соёлчимэг нь хариуцагч Ц.Хоролжаваас 260,010 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 260,010 төгрөгийг Questra World гэх гадаадын компани руу шилжүүлсэн, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Ц.Хоролжаваас 260,010 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Соёлчимэгт олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, хариуцагч Ц.Хоролжав, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын гомдлыг хангахгүй орхисон байна.

 

1. Хэргийн баримтаас үзэхэд Ш.Соёлчимэг нь 2017 оны 10 сарын 27-ны өдөр 260,010 төгрөгийг хариуцагч Ц.Хоролжавын ХААН банкны 5021111155 тоот дансанд шилжүүлсэн байна. /хх-ийн 5 дахь тал/

 

Нэхэмжлэгч нь үндэслэлээ тайлбарлахдаа ...Ц.Хоролжавын хэлснээр мөнгөө өсгөж авна гэж итгээд түүний дансанд мөнгө шилжүүлсэн, гэвч ямар ч ашиг аваагүй, олон хүн элсүүлбэл их мөнгө авна гэсэн, өөр компанид мөнгийг шилжүүлсэн тухай мэдэхгүй... гэжээ.

 

Хариуцагч Ц.Хоролжав нь дээрх 260,010 төгрөгийг Questra World гэх гадаадын компани руу шилжүүлсэн гэж тайлбар гаргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгчийн 260,010 төгрөгийг хариуцагч бусад этгээд рүү шилжүүлсэн тухай болон Questra World гэх гадаадын компанийн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцсэн гэж үзнэ.

 

2. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлжээ.

 

3. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, гэрээний бус үүргийн эрх зүйн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байх тул ...шүүх хэрэгт цугларсан нотлох баримт ...буй тайлбар, ...мэтгэлцсэн нөхцөл байдал зэргийг үнэн зөвөөр үнэлж чадаагүй, ... хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 138/ШШ2019/00510 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 201/МА2019/00023 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН