Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2019/00510

 

 

 

 

 

 

 

 

 

  2019        07          05                                                   138/ШШ2019/00510

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:        

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 6 дугаар хороо 3 дугаар хороололд оршин суух, Ганган овогт Шын Сийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт оршин суух, Улаалзай хүгдүүд овогт Цын Хт холбогдох

 260010 /хоёр зуун жаран мянга арван/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.С, хариуцагч Ц.Х, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:                    

 Нэхэмжлэгч Ш.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхрийн ажлын газрын захирал Цэрэндулам нь Хын найз юм билээ. Х эгч “найзаасаа чиний дугаарыг авлаа” гээд над уруу утсаар залгаж богино хугацаанд мөнгөө хоёр дахин өсгөж авах боломж байгаа талаар ярьсан. Хөдөө орон нутагт байдаг гэхээр нь би элсэхгүй гэдгээ хэлсэн. Тэгэхэд Х нь уг компанийн төв оффис нь төв номын сангийн ойролцоо байдаг, биет төлөөлөгчөөр дүүгээ явуулья гэсэн. Х эгчийн дүү Одгэрэл гэж хүн манай ажил дээр ирээд мөнгөө хэрхэн өсгөх талаар ярьсан. Их мөнгөөр элсвэл 7, 7 хоногоор ашигаа өгдөг, хамгийн бага нь 90 еврогоор элсдэг, багаар элсвэл нэг жилийн дараа ашиг авна гэж хэлсэн. Цаг хожиж багаар  ч гэсэн элсэх хэрэгтэй гэсэн. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Х эгчийн 5021111155 гэсэн данс уруу тухайн үеийн евроны ханшаар тооцон 260010 төгрөг шилжүүлсэн. Хоёр дахин өсгөж өгнө гэхэд нь итгээд шилжүүлсэн. Нэг жилийн дараа Х эгч рүү ярихад надад хамаагүй гэсэн. Сүүлдээ миний утасыг блоклосон байсан. Тухайн үед Одгэрэл нь олон хүн элсүүлэхэд, хүний нэр шивэхэд мөнгө авдаг гэж ярьж байсан. Та нар ч гэсэн олон хүн элсүүлээд мөнгө авч болно гэж хэлсэн. Х нь миний мөнгийг яасан нь мэдэгдэхгүй байна. Х эгчийн ярьсан компани нь байдаг эсэхийг мэдэхгүй. Миний мөнгийг нөгөө компанидаа шилжүүлсэн эсэхийг ч мэдэхгүй байна. Миний хувьд нэг жилийн хугацаанд ямар нэгэн ашиг гэж аваагүй, ашигаа жилийн дараа Х эгчээр дамжуулан авна гэж итгэсэн. Иймд Хаас 260010 төгрөгөө нэхэмжилнэ гэв.

 Хариуцагч Ц.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 онд Questra World гэдэг гадаадын компанид хөрөнгө оруулалт хийсэн. Энэ компани нь 7 хоног бүр ноогдол ашиг олгодог байсан. Энэ үед миний бие компьютерт хүний нэр шивж сурсан учир хүмүүс нэрээ шивүүлье гэж өөрсдийн мэдээллийг явуулж нэрээ шивүүлдэг байсан. Шивсэн хүний нэр дээр аккаунт үүсээд өөрсдөө тэрийгээ хянаад явдаг байсан. Бараг нэг жилийн өмнөөс ноогдол ашигаа авч чадахаа больсон. Ноогдол ашигаа авч чадахгүй ч гэсэн ноогдол ашиг орж байгаа нь харагддаг байсан. Гэвч нэг сар орчмын өмнөөс сайт нь устаад юу ч харагдахаа больсон. Би ч гэсэн энэ компанийн хохирогч болоод явж байгаа. Сийн хувьд над уруу залгаад “...нөхрөөсөө энэ компанийн тухай сонслоо, би хөрөнгө оруулалт хийж мөнгөө өсгөх гэсэн юм, таныг шивж оруулж чаддаг гэнэ” гэж яриад өөрийн мэдээллээ явуулж шивүүлээд, мөнгөө явуулж аккаунт үүсгүүлсэн. Өөрөө над уруу залгаж, өөрийн хүслээр мөнгөө өсгөх гээд гадаадын компанид өгсөн мөнгөө надад өгсөн юм шиг нэхжээ. Тухайн үед энэ хүний аккаунтыг нээж өгөөгүй байсан бол тэр үедээ надаас мөнгөө нэхэх байсан юм. Компанийн сайт нь устаад алга болохоор өөрийнхөө өмнөөс хүнийг буруутгаж байгааг ойлгохгүй байна. Намайг утасаа салгаад алга болсон гэж гүтгэжээ. 2009 оноос хойш нэг ч удаа таслалгүй энэ дугаарыг ашиглаж байна. С өөрөө сайн дураараар гадаадын компанид хөрөнгө оруулалт хийсэн. Би энэ мөнгийг хэрэглээгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.С нь хариуцагч Ц.Хаас 260010 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.

Ш.С нь Ц.Хын  5021111155 тоот данс уруу 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 260010 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч Ш.С нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ц.Х, түүний дүү Одгэрэл нарын мэдээллийн дагуу нэг жилийн дараа ашиг авах зорилгоор 260010 төгрөгийг Ц.Хын дансанд шилжүүлсэн, ...гадаадын компани уруу миний мөнгийг шилжүүлсэн эсэхийг би мэдэхгүй, дээрх хугацаанд ямар нэгэн ашиг аваагүй учир шилжүүлсэн мөнгөө нэхэмжилж байна” гэж тайлбарладаг.

Харин хариуцагч Ц.Х нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...Ш.С нь Questra World гэх гадаадын компанид сайн дурын үндсэн дээр хөрөнгө оруулалт хийсэн, миний хувьд хөрөнгө оруулалт хийх талаар зөвлөсөн, ятгасан зүйл байхгүй, ...компьютерт хүний нэр шивж сурсан учраас хүмүүс нэрээ шивүүлье гэж өөрсдийн мэдээллийг явуулж нэрээ шивүүлдэг байсан, Сийн хувьд ч өөрийн мэдээллээ явуулж шивүүлээд, мөнгөө явуулж аккаунт үүсгүүлсэн, өөрсдөө тэрийгээ хянаад явдаг байсан, ашигаа авсан эсэхийг би мэдэхгүй, энэ мөнгийг хэрэглээгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж маргадаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,  38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Ц.Х нь Ш.Сийн шилжүүлсэн мөнгийг Questra World гэх гадаадын компанид шилжүүлсэн, Ш.С өөрийн мэдээллээ явуулж шивүүлсэн, мөнгөө шилжүүлж аккаунт үүсгүүлсэн, өөрсдөө ашиг орж байгаа эсэхээ хянаад явдаг байсан гэж тайлбарладаг боловч дээрх татгалзлаа нотлох баримтаар шүүхэд нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу тус компанид хөрөнгө оруулах бүртгэлийг хийж өгсөн болон шилжүүлсэн мөнгийг нь Questra World гэх гадаадын компанид шилжүүлсэн нь тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагч Ц.Х нэхэмжлэгч Ш.Сээс өгсөн даалгаврын дагуу түүний мэдээллийг компьютерт шивж, мөнгийг нь шилжүүлэн аккаунт үүсгүүлж даалгаврын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Мөн хариуцагч нь компьютерт хүний нэр шивж сурсан учраас хүмүүс нэрээ шивүүлье гэж өөрсдийн мэдээллийг явуулж нэрээ шивүүлдэг байсан нь гэрч И.Наранхүү, Б.Сүнжидмаа нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасны дагуу даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

Хэргийн үйл баримтаас харахад хариуцагч Ц.Х нь нэхэмжлэгч Ш.Сийн нэрийн өмнөөс түүний зардлаар тодорхой үйлдэл хийсэн болох нь,  мөн талуудын хооронд хуульд үл харшлах хэлцэл байгуулагдсан нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд даалгаврын гэрээ байгуулагдсан гэж үзсэн хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Талуудын хооронд Иргэний хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч  Ш.С нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээдээс уг хөрөнгөө буцаан шаардах эрхтэй болно. Иймд хариуцагч Ц.Хаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 260010 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн           115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон      ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.Хаас 260010 /хоёр зуун жаран мянга арван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Ст олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8620 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 170 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Ц.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 8450 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Ст олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ