Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 899

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г-ийн гаргасан

 

Хариуцагч: Э, Э нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 160,560,000.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г, түүний өмгөөлөгч М, хариуцагч Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч Эы итгэмжлэгдсэн төлөөлөгч М, өмгөөлөгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ мөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие хариуцагч Эийн хүсэлтээр түүнд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 40,000,000.00 төгрөгийг 12 сарын хугацаатай хүүтэй зээлдүүлж, улмаар 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 15,000,000.00 төгрөгийг нэмж, нийт 55,000,000.00 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон.

 

Бид, тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалт бүхий 61.8 м.кв талбайтай ******* тоот улсын бүртгэлийн дугаартай О гэж хүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд зохих ёсоор бүртгүүлсэн.

 

Үүний дараагаар 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээлдэгч Эээс дээрх барьцаа хөрөнгийг яаралтай чөлөөлөх, 20,000,000.00 төгрөг нэмж авах хүсэлт гаргасныг үндэслэн Оийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхөөр үүрэг дуусгавар болох тухай хэлцэл үйлдэж, улсын бүртгэл дэх барьцаа хөрөнгийн бүртгэлээс хасуулж, өмнө олгосон 55,000,000.00 төгрөг дээр 20,000,000.00 төгрөгийг нэмж, нийт 75,000,000.00 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр болсон.

 

Хэрэгт эдгээр үйл баримтыг нотлох тодорхой баримт байгаа ба талууд хариуцагч Эы өмчлөлийн *******,*******,*******, тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалт бүхий 340.11 м.кв талбайтай тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, мөн 700 м.кв талбайтай тоот бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхийг тус тус барьцаалж, энэ талаар улсын бүртгэлд бүртгүүлсэн.

 

Гэхдээ Газрын тухай хуульд заасны дагуу тухайн газар эзэмших эрхийг барьцаалахдаа харъяа дүүргийн засаг даргаас зөвшөөрөл авч, гэрчилгээнд бичилт хийлгэх зэрэг үйл ажиллагааг зохих ёсоор хийгээгүй, 20,000,000.00 төгрөгийг нэмж өгөхдөө 55,000,000.00 төгрөгийн төлөгдөөгүй хүү болох 2,346,000.00 төгрөгийг суутган авч, 17,654,000.00 төгрөгийг өгсөн.

 

Өнгөрсөн хугацаанд зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, үндсэн зээл, зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй бөгөөд түүний 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгах хүсэлтийг нэхэмжлэгч тал хүлээн авсан хэдий ч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээл төлөгдөөгүй байна.

 

Хариуцагч Э энэ хугацаанд үндсэн зээлээс ганц ч төлбөр төлөөгүй, 12 сарын хүү 36,000,000.00 төгрөгөөс 3,960,000.00 төгрөгийг төлж, 32,040,000.00 төгрөгийн хүү төлөх, гэрээнд зааснаар алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн.

 

Бид, хариуцагч Эт холбогдуулан үндсэн зээл 75,000,000.00 төгрөг, зээлийн хүү 32,040,000.00 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 53,520,000.00 төгрөг, нийт 160,560,000.00 төгрөг гаргуулах, хариуцагч Эд холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаа гаргасныг үүгээр бүрэн дэмжиж байна.

 

Иймд, хариуцагчаас 160,560,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хэрэгт авагдсан итгэмжлэлд ямар нэгэн банкинд барьцаалуулах тухай дурьдаагүй, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай шаардлага гаргаагүй тул энэхүү нэхэмжлэл үндэслэлгүй юм.

 

Хариуцагч Э тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа 75,000,000.00 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй байхад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өөр тайлбар гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Хэдийгээр талууд 55,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээг дуусгавар болох тухай хэлцэл байгуулсан ч зөвхөн Оийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх зорилготой байсан гэдгийг бүгд мэдэж байсан.

 

Иймд, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчид бөгөөд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ хууль зөрчиж байгуулагдсан тул хүчин төгөлдөр биш юм. Учир нь, зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 55,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээг дуусгавар болгох тухай баримтыг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн.

 

Гэтэл талууд уг өдөр 75,000,000.00 төгрөг зээлэх тухай гэрээ байгуулсан боловч хариуцагч тал 17,654,000.00 төгрөгийг хүлээн авсан гэдгийг нотлохгүй байж нэгэнт дуусгавар болсон 55,000,000.00 төгрөгийн зээлийг сүүлд нэмж олгосон гэх төлбөрийн хамт шаардаж байгааг зөвшөөрөх боломжгүй.

 

Хариуцагч Эд анхнаасаа барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Гт барьцаалуулах хүсэл зориг байгаагүй. Гэвч хариуцагч Э түүнийг хуурч мэхлэн барьцаа хөрөнгийг нэхэмжлэгчид барьцаалуулсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм, үүнийг хэрэгт авагдсан итгэмжлэлд барьцаалагч этгээдийн нэрийг тусгайлан заагаагүй байтал ийнхүү барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх үйлдлээр тогтоож болно.

 

Хэдийгээр хэрэгт авагдсан 75,000,000.00 төгрөгийг хүлээн авсан гэх зарлагын баримтанд талууд гарын үсэг зурсан боловч 17,654,000.00 төгрөгийг олгоогүй, банкны зарлагын баримтаар л нэхэмжлэгч тал өөрийнхөө данснаас 17,654,000.00 төгрөгийг гаргасан гэдгээ нотолдог ч хариуцагчид үүнийг хүлээлгэн өгсөн тухай нотлох баримт байхгүй.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байхад зохигчдын хооронд 75,000,000.00 төгрөгийг хүлээн авсан эсэх талаар тогтоогдсон үйл баримт байхгүй тул энэхүү нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл харагдахгүй байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээ нь хууль зөрчсөн, аль эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууныг хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хүчин төгөлдөр бус байдаг.

 

Гэтэл зохигчид хэдийгээр 75,000,000.00 төгрөгийг зээлэх тухай гэрээ байгуулсан ч бодитоор гэрээний зүйлийг шилжүүлээгүй, барьцаа хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч этгээдээс эдгээр хөрөнгүүдийг иргэнд барьцаалуулахыг зөвшөөрөөгүй байхад тус гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Г нь хариуцагч Эы гаргасан гомдолтой эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэдэн төгрөг зээлсэн тухайгаа санадаггүй, зээлийн барьцаа хөрөнгийг солихыг зөвшөөрдөг гэх зэрэг түүний өгсөн мэдүүлгээс үзвэл тэрээр хэрхэвч 75,000,000.00 төгрөгийг зээлээгүй, итгэмжлэл дэх хугацаа дууссан байхад зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх үндэсгүй юм.

 

Иймд, дээр дурьдсныг үндэслэн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.    

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Гээс хариуцагч Э, Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 160,560,000.00 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2017/10457 тоот захирамжаар хамтран хариуцагчаар Эыг оролцуулж, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр түүнд холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг хариуцагч нарт гардуулсан ба хариуцагч Эээс нэхэмжлэгч Гт холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан /х.х-ийн 42-44, 48, 61, 74, 75, 121, 156, 162, 163, 171-р хуудас/.

 

            Тус хэргийг хянан хэлэлцэхээр 2018 оны 01 дүгээр сарын*******-ны өдрийн шүүх хурал болон өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “хариуцагч Эт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 160,560,000.00 төгрөг гаргуулах, хариуцагч Эд холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” гэж тодруулсныг хариуцагч нар үл хүлээн зөвшөөрч, татгалзаж байна /х.х-ийн 202-205-р хуудас/.

 

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд,

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Г болон хариуцагч Э нар 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 55,000,000.00 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, талууд тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалт бүхий 61.8 м.кв талбайтай ******* тоот улсын бүртгэлийн дугаартай Оийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалахаар болжээ /х.х-ийн 92, 93, 94-р хуудас/.

 

            Шүүх хуралдаанд зохигч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гаргасан тайлбартаа энэхүү зээлийн гэрээ байгуулагдсан болон хариуцагч буюу зээлдэгч тал  55,000,000.00 төгрөгийг авсан эсэх үйл баримтын тухай маргаагүй ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зээлдэгч Э гэрээний зүйлийг 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бэлнээр хүлээн авсан тухай зарлагын баримтанд гарын үсэг зурсан байна /х.х-ийн 95-р хуудас/.

 

            Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчид 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл үйлдэж, дээр дурьдсан 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор харилцан тохирсон байна. Тодруулбал, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1.-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг дуусгавар болно” гэж заасны дагуу уг баримтанд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэжээ /х.х-ийн*******4-р хуудас/.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г, түүний өмгөөлөгч М нар энэхүү үүрэг дуусгавар болгох хэлцлийг Оийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх зорилгоор байгуулсан ба нэхэмжлэгчээс хариуцагчид өмнө зээлдүүлсэн 55,000,000.00 төгрөг дээр 20,000,000.00 төгрөгийг нэмж өгсөн хэмээн тайлбарласан бол харин хариуцагч Э, Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс уг 55,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээ дуусгавар болсон, хэдийгээр талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 75,000,000.00 төгрөг  зээлэх тухай гэрээ байгуулсан боловч бодитоор ийм хэмжээний мөнгө хүлээн аваагүй гэж маргасан.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Г 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Этэй зээлийн гэрээ байгуулж, түүнд 75,000,000.00 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр болж, зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар *******,*******,*******, тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалт бүхий 340.11 м.кв талбайтай тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, мөн 700 м.кв талбайтай тоот бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхийг тус тус барьцаалахаар тохирчээ /х.х-ийн 8-12-р хуудас/.

 

            Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч буюу зээлдэгч Э нь гэрээний зүйл болох 75,000,000.00 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр хүлээн авсан тухай зарлагын баримт дээр гарын үсэг зурсныг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмнө дуусгавар болсон 55,000,000.00 төгрөгийн зээл дээр 17,654,000.00 төгрөгийг нэмж энэ гэрээг байгуулсныг зөвшөөрөхгүй, 75,000,000.00 төгрөгийг хүлээн аваагүй гэж үгүйсгэсэн /х.х-ийн 13-р хуудас/.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

            Тодруулбал, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.-д “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” гэж, мөн  25 дугаар зүйлийн 25.2.1.-д “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Эээс 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Гт хандаж, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасан ба энэхүү хүсэлтэд дурьдснаар тус өдрийн байдлаар үндсэн зээл 75,000,000.00 төгрөг, зээлийн хүү 15,000,000.00 төгрөг, нийт 90,000,000.00 төгрөгийг төлөх үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрсөн байгаагаас гадна 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа өмнө авсан 55,000,000.00 төгрөг дээр 23,000,000.00 төгрөгийг нэмж зээлэхдээ 75,000,000.00 төгрөгийг зээлсэн гэсэн баримт үйлдсэн гэж тайлбарлаж, энэ тухай маргаагүй байна /х.х-ийн*******, 66, 67-р хуудас/.

 

            Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын*******-ны өдрийн 101/ШЗ2018/01492 тоот захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн 201625021669 тоот эрүүгийн хэрэг дэх хариуцагч Эийн сэжигтэн, яллагдагчаар байцаагдсан мэдүүлгээс үзвэл тэрээр нэхэмжлэгч Гээс өмнө зээлсэн 55,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалуулсан Оийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх зорилгоор ийнхүү 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр үүрэг дуусгавар болгох хэлцэл байгуулж, 20,000,000.00 төгрөгийг нэмж зээлсэн, зээлийн гэрээг 75,000,000.00 төгрөгөөр байгуулсан гэж мэдүүлж байжээ /х.х-ийн 213-226-р хуудас/.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.-д үүрэг дуусгавар болох үндэслэлийн талаар зохицуулсан бөгөөд тус хуулийн 236.1.3.-д “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болно” гэжээ. Тодруулбал, хэдийгээр зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 55,000,000.00 төгрөгийг үүрэг зохих ёсоор биелэгдсэн гэсэн үндэслэлээр дуусгавар болгохоор тохирсон байх боловч дээр дурьдсныг үндэслэн тайлбарлавал талууд Оийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхөөр энэхүү хэлцлийг үйлдсэн ба хариуцагч буюу зээлдэгч Э нь өмнө авсан 55,000,000.00 төгрөгийн зээл дээр нэмж 20,000,000.00 төгрөгийг авахдаа 2015 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн зээлийн гэрээг дуусгавар болгож, 75,000,000.00 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлийн харилцаа болгон өөрчилсөн байна.

 

Иймд, нэхэмжлэгч Г болон хариуцагч Э нарын хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Гээс хариуцагч Эт холбогдуулан үндсэн зээл 75,000,000.00 төгрөг, хүү 32,040,000.00 төгрөг, алданги 53,520,000.00 төгрөг, нийт 160,560,000.00 төгрөг гаргуулахыг хүсчээ.

 

            Талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагч тал 75,000,000.00 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ашиглаж, хугацааны эцэст үндсэн зээлийг түүний хүү болох*******,000,000.00 төгрөг /75,000,000x3%=3,000,000x6=18,000,000/-ийн хамт төлөх үүрэг хүлээсэн ба тэрээр 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр энэхүү зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгах тухай хүсэлт гаргасан байна /х.х-ийн*******-р хуудас/.

 

            Тус зээлийн гэрээний 23 дугаар зүйлд зохигчдын хэн аль нь гэрээний хугацааг сунгах эрхгүй гэж заажээ. Тодруулбал, талууд зээлийг ашиглах болон буцаан төлөх үүрэг гүйцэтгэх эцсийн хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байх, уг хугацааг аль нэг талын хүсэлтээр шууд сунгахгүй байхаар тохирсон байна.

 

            Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж, мөн 198 дугаар зүйлийн 198.1.-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж заасны дагуу 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний хугацааны талаарх тохиролцоог үзвэл хариуцагч буюу зээлдэгчийн хүсэлтээр гэрээний хугацааг сунгахгүй ба зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн хүсэл зоригоос мөн адил хамаарах агуулгатай байна.

 

            Хэдийгээр зээлдүүлэгчид зээлийн хүү нь эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс тайлбарлавал түүний ашиг орлого мөн бөгөөд тэрээр зээлдэгчийн гаргасан гэрээний хугацааг өмнөх нөхцлийн дагуу сунгах хүсэлтийг дуугүй байдлаар хүлээн зөвшөөрч болох ч талууд энэ тохиолдолд сарын 4 хувийг хүүг хэвээр үлдээх, гэрээний хугацааг 6 сараар сунгах хүсэл зоригтой байсан эсэх талаар тусгайлан тохиролцох агуулгыг гэрээний 23 дугаар зүйл илэрхийлж байна.

 

            Гэтэл нэхэмжлэгч Гийн зүгээс энэхүү хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн  талаар баримт байхгүй, зохигчид өмнө тохирсон гэрээний гол нөхцөлүүдийг харилцан зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байна. Иймд, зээлийн гэрээний хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл сунгасан гэж үзэхгүй тул ашигласан хугацааны хүүг 36,000,000.00 төгрөг гэж тооцох үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал гэрээнд заасан үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

            Шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар хариуцагч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, зээл болон түүний хүүг зохих ёсоор төлөөгүй ажээ.

 

            Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч тал 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчид 20,000,000.00 төгрөгийн зээлийг нэмж олгохдоо өмнө авсан 55,000,000.00 төгрөгийн зээлийн хүүнд төлөх ёстой байсан гэх 2,346,000.00 төгрөгийг суутган авч, 17,654,000.00 төгрөгийг өгсөн байна /х.х-ийн 13, 91, 99-р хуудас/.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасан бөгөөд хүү нь зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ юм. Ийм учраас зээлдэгч тал зөвхөн бодитоор авсан мөнгөн дүнгээс зээлийн хүүг тооцож төлөх үүрэг хүлээх ба тэрээр авч ашиглаагүй буюу 75,000,000.00 төгрөгийн зөрүү 2,346,000.00 төгрөгт хүү төлөхгүй, талуудын хооронд гагцхүү 72,654,000.00 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зааснаар хүүг тооцвол нийт 6 сарын хүү 17,436,960.00 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн 3,960,000.00 төгрөгийг хасвал 13,476,960.00 төгрөг болж байна. Тодруулбал, талууд хариуцагч Эээс өнгөрсөн хугацаанд зээлийн хүүнд 3,960,000.00 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй ба зээлийн хүүг тооцвол:

 

  • 72,654,000x4%=2,906,160.00 төгрөг /1 сарын хүү/ 2,906,160x6= 17,436,960 төгрөг /6 сарын хүү/, 17,436,960-3,960,000=13,476,960 төгрөг болж байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 17 дугаар зүйлд зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, мөн 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасан.

 

Талууд, зээлийн гэрээг хүүтэй байхаар тохиролцсон тохиолдолд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1.-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэгт гэрээнд заасан хүүг төлөх үүрэг хамаардаг тул энэхүү үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хүүгээс алданги тооцож төлөх үүрэг үүснэ.

 

Нэгэнт хариуцагч буюу зээлдэгч үндсэн зээлийг хүүгийн хамт буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн байх тул тэрээр гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид алданги төлөх бөгөөд гагцхүү энэхүү алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй  юм.

 

Хариуцагч Х.Эрдэнчимэгийн гүйцэтгэвэл зохих үүрэг болох 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн үндсэн зээл 72,654,000.00 төгрөг, төлөгдөөгүй хүү 13,476,960.00 төгрөг, нийт 86,130,960.00 төгрөгөөс тус тус хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн гэрээнд заасан хэмжээгээр алдангийг тооцоход:

 

  • 86,130,960x0.5%=430,654 /1 өдрийн алданги/, үүнийг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаанд буюу 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байна.

 

Иймд, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1болон 232 дугаар зүйлийн 232.6.-д тус тус зааснаар хариуцагчаас 72,654,000.00 төгрөг, төлөгдөөгүй хүү 13,476,960.00 төгрөг, алданги 43,065,480.00 төгрөг, нийт 129,196,440.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн хүү, алданги 31,363,560.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.          

Нэхэмжлэгч Гээс хариуцагч Эд холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1.-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж заасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч этгээд биш Эы өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.-д “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасантай нийцэж байна /х.х-ийн 10, 11-р хуудас/.  

 

Түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” зааснаас гадна 166 дугаар зүйлийн 166.1.-д “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж тус тус заажээ. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул тухайн гэрээ хүчин төгөлдөр юм.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хугацаанд хариуцагчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг тухай бүр шаардаж байсан гэх үйл баримтыг хариуцагч тал үгүйсгээгүй.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж, түүнчлэн 41.2.-т “Энэ хуулийн 41.1.-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.

 

Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасны дагуу хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.    

 

Харин шүүхээс зохигчдын хооронд байгуулсан барьцааны гэрэний зүйл болох *******,*******,*******, тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай тоот бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэж үзэв.

 

Учир нь, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан  газар эзэмших эрхийг барьцаалах гэрээг зохих ёсоор улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэж тайлбарласан.

 

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7.-д “газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах” гэж, мөн 35.3.6.-д “энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх” гэж тус тус зааснаас гадна 38 дугаар зүйлийн 38.5.-д “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж заажээ.

 

            Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1.-д “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна” гэж, 156 дугаар зүйлийн 156.2.-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж, түүнчлэн 164 дүгээр зүйлийн 164.1.-д “Эрх барьцаалахад энэ хуулийн 153-160 дугаар зүйлийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж заасан.

 

Тодруулбал, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-д зааснаар газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгох бөгөөд эзэмших эрхийг бусдад барьцаалуулах тохиолдолд үл хөдлөх хөрөнгө дээр суурилсан салшгүй холбоотой эрх тул хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой.

 

Гэтэл талууд тоот бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхийг барьцаалахдаа гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл үйлдээгүй байх тул барьцааны эрх үүссэн гэж үзэхгүй.

 

 Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

 

            Хариуцагч Эээс нэхэмжлэгч Гт холбогдуулан 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

           

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж, 56.4.-д “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж заасан. “Хууль зөрчсөн” гэдэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, аль эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэлд хамаарах ба энэхүү зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Э 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Эт 700 м.кв талбайтай тоот бүртгэлийн дугаартай газар эзэмших эрх, мөн тоот улсын бүртгэлийн дугаартай 340.11 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг бусдад барьцаалуулах, барьцааны гэрээнд гарын үсэг зурах, лавлагаа авах, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг үйлдэл хийх 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгожээ /х.х-ийн 14, 80-р хуудас/.

 

            Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.-д “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно” гэж, мөн 62.3.-д “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж зааснаас гадна 64 дүгээр зүйлийн 64.5.-д “Тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна” гэж тус тус заасан.

 

            Тодруулбал, хариуцагч Э нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хувьд тэрээр зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч этгээд мөн бөгөөд харин тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар байгуулагдсан барьцааны гэрээний хувьд барьцаалуулагч этгээд биш, гагцхүү өмчлөгч, эзэмшигчийн хүсэл зоригийн дагуу түүнийг гэрээ байгуулахад төлөөлсөн этгээд юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2.-т “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж заасны дагуу барьцааны гэрээний эрх, үүргийг хариуцагч Э хүлээнэ.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн итгэмжлэлд заасан 3 жилийн хугацаа нь тухайн итгэмжлэлээр олгосон үйлдлийг хийх бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд тогтоосон хугацаа бөгөөд энэ нь зээлийн болон барьцааны гэрээний хугацаа биш, түүний хүчинтэй байхад нөлөөлөхгүй.

 

            Хариуцагчдын зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа барьцаа хөрөнгийг банкинд барьцаалуулах ёстой атал иргэнд барьцаалуулсан гэж маргаж, зээлийн болон барьцааны гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч этгээдийг банк гэж ойлгосон байтал иргэнээс зээл авч, түүнд барьцаалсаныг буруутгасан.

 

            Гэтэл хэрэгт авагдсан итгэмжлэлд барьцаалагч этгээдийг нээлттэй байхаар тусгасан ба Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.-д “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж заасны дагуу хариуцагч Эаас хариуцагч Эт маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг бусдад барьцаалуулах, барьцаалахтай холбоотой гэрээнд төлөөлөх нөхцөл байдлыг анхнаасаа бүрдүүлж, түүнд зохих ёсоор итгэмжлэл олгосон байна.

 

            Түүнчлэн хэрэгт нэхэмжлэгчийг 72,654,000.00 төгрөгийн зээлийг хариуцагчид олгохдоо угтаа байж болохгүй, хуулиар зөвшөөрөөгүй, хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус буюу талуудад эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй ямар үйлдэл хийсэн болох нь тодорхойгүй байна.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Г нь хариуцагч Эт 72,654,000.00 төгрөгийн зээл олгохдоо өмнө олгосон 55,000,000.00 төгрөгийн зээл дээр нэмж, 17,654,000.00 төгрөгийг зээлдүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ дуусгавар болоогүй, харин талууд үүргийг солих замаар дуусгавар болгосон байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасантай нийцэж байна.

 

            Иймд, нэхэмжлэгчийг хууль зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүхээс ийнхүү дээр дурьдсныг тус тус нэгтгэн дүгнээд зээлдэгчээс үндсэн зээл 72,654,000.00 төгрөг, зээлийн хүү 13,476,960.00 төгрөг, алдангид 43,065,480.00 төгрөг, нийт 129,196,440.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31,363,560.00 төгрөгт холбогдох болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Эээс 129,196,440.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31,363,560.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасныг үндэслэн хариуцагч Эийн гаргасан нэхэмжлэгч Гт холбогдох зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Э шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Эы өмчлөлийн *******,*******,*******, тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалт бүхий 340.11 м.кв талбайтай тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,030,950.00 төгрөг, хариуцагчийн төлсөн 532,950.00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 803,932.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д заасны дагуу шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР