Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 1221

 

 

У.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/00899 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч У.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Э, Э.Э нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 160 560 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

Зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Х.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч Э.Э-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М,

Хариуцагч Х.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б,

Хариуцагч Э.Э-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч Ю.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Х.Э-ийн хүсэлтээр түүнд 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 40 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай хүүтэй зээлдүүлж, улмаар 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 15 000 000 төгрөгийг нэмж, нийт 55 000 000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон. Бид тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Титэм /18103/, 10А байр, 18 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалт бүхий 61.8 м.кв талбайтай Ү-220104576 тоот улсын бүртгэлийн дугаартай Б.Оюунтөгс гэж хүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд зохих ёсоор бүртгүүлсэн. Үүний дараагаар 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр зээлдэгч Х.Э-с дээрх барьцаа хөрөнгийг яаралтай чөлөөлөх, 20 000 000 төгрөг нэмж авах хүсэлт гаргасныг үндэслэн Б.Оюунтөгсийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхөөр үүрэг дуусгавар болох тухай хэлцэл үйлдэж, улсын бүртгэл дэх барьцаа хөрөнгийн бүртгэлээс хасуулж, өмнө олгосон 55 000 000 төгрөг дээр 20 000 000 төгрөгийг нэмж, нийт 75 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр болсон. Хэрэгт эдгээр үйл баримтыг нотлох тодорхой баримт байгаа ба талууд хариуцагч Э.Э-ны өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам-331 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалт бүхий 340.11 м.кв талбайтай Ү-2204024323 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, мөн 700 м.кв талбайтай 000513285 тоот бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхийг тус тус барьцаалж, энэ талаар улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэхдээ Газрын тухай хуульд заасны дагуу тухайн газар эзэмших эрхийг барьцаалахдаа харъяа дүүргийн засаг даргаас зөвшөөрөл авч, гэрчилгээнд бичилт хийлгэх зэрэг үйл ажиллагааг зохих ёсоор хийгээгүй, 20 000 000 төгрөгийг нэмж өгөхдөө 55 000 000 төгрөгийн төлөгдөөгүй хүү болох 2 346 000 төгрөгийг суутган авч, 17 654 000 төгрөгийг өгсөн. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, үндсэн зээл, зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй бөгөөд түүний 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгах хүсэлтийг нэхэмжлэгч тал хүлээн авсан хэдий ч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээл төлөгдөөгүй байна. Хариуцагч Х.Э энэ хугацаанд үндсэн зээлээс ганц ч төлбөр төлөөгүй, 12 сарын хүү 36 000 000 төгрөгөөс 3 960 000 төгрөгийг төлж, 32 040 000 төгрөгийн хүү төлөх, гэрээнд зааснаар алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн. Хариуцагч Х.Э-т холбогдуулан үндсэн зээл 75 000 000 төгрөг, зээлийн хүү 32 040 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 53 520 000 төгрөг, нийт 160 560 000 төгрөг гаргуулах, хариуцагч Э.Э-д холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасныг бүрэн дэмжиж байна. Иймд хариуцагчаас 160 560 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж өгнө үү.

 Сөрөг нэхэмжлэлийн хувьд хэрэгт авагдсан итгэмжлэлд ямар нэгэн банкинд барьцаалуулах тухай дурьдаагүй, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай шаардлага гаргаагүй тул энэхүү нэхэмжлэл үндэслэлгүй юм. Х.Э тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа 75 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй байхад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өөр тайлбар гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Хэдийгээр талууд 55 000 000 төгрөгийн зээлийн гэрээг дуусгавар болох тухай хэлцэл байгуулсан ч зөвхөн Б.Оюунтөгсийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх зорилготой байсан гэдгийг бүгд мэдэж байсан. Иймд, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ хууль зөрчиж байгуулагдсан тул хүчин төгөлдөр биш юм. Учир нь зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 55 000 000 төгрөгийн зээлийн гэрээг дуусгавар болгох тухай баримтыг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн. Гэтэл талууд уг өдөр 75 000 000 төгрөг зээлэх тухай гэрээ байгуулсан боловч хариуцагч тал 17 654 000 төгрөгийг хүлээн авсан гэдгийг нотлохгүй байж нэгэнт дуусгавар болсон 55 000 000 төгрөгийн зээлийг сүүлд нэмж олгосон гэх төлбөрийн хамт шаардаж байгааг зөвшөөрөх боломжгүй. Э.Э-д анхнаасаа барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийг нэхэмжлэгч У.Г-т барьцаалуулах хүсэл зориг байгаагүй. Гэвч хариуцагч Х.Э түүнийг хуурч мэхлэн барьцаа хөрөнгийг нэхэмжлэгчид барьцаалуулсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм. Үүнийг хэрэгт авагдсан итгэмжлэлд барьцаалагч этгээдийн нэрийг тусгайлан заагаагүй байтал ийнхүү барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх үйлдлээр тогтоож болно. Хэдийгээр хэрэгт авагдсан 75 000 000 төгрөгийг хүлээн авсан гэх зарлагын баримтад талууд гарын үсэг зурсан боловч 17 654 000 төгрөгийг олгоогүй, банкны зарлагын баримтаар л нэхэмжлэгч тал өөрийнхөө данснаас 17 654 000 төгрөгийг гаргасан гэдгээ нотолдог ч хариуцагчид үүнийг хүлээлгэн өгсөн тухай нотлох баримт байхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байхад зохигчдын хооронд 75 000 000 төгрөгийг хүлээн авсан эсэх талаар тогтоогдсон үйл баримт байхгүй тул энэхүү нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээ нь хууль зөрчсөн, аль эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууныг хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хүчин төгөлдөр бус байдаг. Гэтэл зохигчид хэдийгээр 75 000 000 төгрөгийг зээлэх тухай гэрээ байгуулсан ч бодитоор гэрээний зүйлийг шилжүүлээгүй, барьцаа хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч этгээдээс эдгээр хөрөнгүүдийг иргэнд барьцаалуулахыг зөвшөөрөөгүй байхад тус гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Э-ны гаргасан гомдолтой эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэдэн төгрөг зээлсэн тухайгаа санадаггүй, зээлийн барьцаа хөрөнгийг солихыг зөвшөөрдөг гэх зэрэг түүний өгсөн мэдүүлгээс үзвэл тэрээр хэрхэвч 75 000 000 төгрөгийг зээлээгүй, итгэмжлэл дэх хугацаа дууссан байхад зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх үндэсгүй юм. Иймд, дээр дурдсаныг үндэслэн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн Х.Э-с 129 196 440 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31 363 560 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг үндэслэн хариуцагч Х.Э-ийн гаргасан нэхэмжлэгч У.Г-т холбогдох зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Х.Э-ийн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Э.Э-ны өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам -331 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалт бүхий 340.11 м.кв талбайтай Ү-2204024323 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 030 950 төгрөг, хариуцагчийн төлсөн 532 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 803 932 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Х.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Х.Э- У.Г-с 20 000 000 төгрөгийн зээл хүссэн байдаг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хамтран ажилладаг хүмүүстээ үзүүлэх шаардлагатай гэж 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр №15/05/01 тоот 75 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж, хариуцагч Э.Э-ны өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам-331 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалт бүхий 340.11 м.кв талбайтай Ү-2204024323 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, мөн 700 м.кв талбайтай 000513285 тоот бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан. Нэхэмжлэгч барьцааны эд хөрөнгийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлсний дараа хариуцагч Х.Э-т 20 000 000 төгрөгийг бус 17 654 000 төгрөг олгосон баримт хэрэгт авагдсан байдгаас гадна, нэхэмжлэгч хариуцагчид №15/05/01 тоот зээлийн гэрээний дагуу 75 000 000 төгрөгийг өгөөгүй, харин 17 654 000 төгрөг өгсөн болохоо шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон шүүхэд гаргасан нэмэлт болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа тус тус хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, №15/05/01 тоот зээлийн гэрээний дагуу 75 000 000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлээгүй.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа №15/01/03 тоот зээлийн гэрээний дагуу 55 000 000 төгрөгийн зээл авсан, зээлтэй холбоотой нотлох баримтыг буюу Голомт банкны 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 9 680 000 төгрөгийн, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5 280 000 төгрөгийн зарлагын мэдүүлэг гэх баримт гаргаж өгсөн байдаг нь хэрэгт авагдсан. Эдгээр баримтаар нэхэмжлэгч №15/01/03 тоот зээлийн гэрээний дагуу Х.Э-т 55 000 000 төгрөгийн зээл олгоогүй, харин 14 960 000 төгрөгийг олгосон болох нь нотлогддог. Түүнчлэн, нэхэмжлэгч У.Г хариуцагч Х.Э-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулж зээлийн үндсэн төлбөрөө төлөөгүй учир дахин 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөнгө нэмж зээлсэн гэдэг бөгөөд 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн зээлтэй холбоотой нотлох баримтаар хэргийн 91 дүгээр талд авагдсан Голомт банкны дансны хуулгыг гаргаж өгсөн байдаг бөгөөд нотлох баримтаар 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 19 000 000 төгрөгийг олгосноос бус 40 000 000 төгрөгийн зээл олгоогүй байна. Нэхэмжлэгчид эдгээр зээлийн гэрээний дагуу мөнгөө нэхэмжлэх эрх нь нээлттэй. Хариуцагч 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 17 654 000 төгрөгийн зээлтэй холбоотойгоор нэхэмжлэгчид бэлнээр 3 960 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 3 000 000 төгрөг, нийт 6 960 000 төгрөгийг төлсөн. №15/05/01 тоот зээлийн болон барьцааны гэрээний дагуу 75 000 000 төгрөгийг хариуцагч Х.Э хүлээн аваагүй тул бичгээр байгуулагдаагүй зээлийн гэрээтэй адилтган үзвэл 10 694 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. Гэтэл шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар үүрэг үүссэн гэж үзэн хариуцагч Х.Э-с 129 196 440 төгрөг олгохоор шийдвэрлэж, хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хууль зөрчсөн үндэслэл тогтоогдсонгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Э-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Х.Э нь У.Г-с 75 000 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр бодитоор хүлээн аваагүй нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны явцад тогтоогдсон. Гэтэл Э.Э-ны өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам-331 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалт бүхий 340.11 м.кв талбайтай Ү-2204024323 тоот улсын бүртгэлийн дугаартай 400 000 000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг 17 654 000 төгрөгийн барьцаад тавьсан байхад 129 196 440 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн зээлийн гэрээ байгуулсан боловч зээлсэн мөнгийг бодитоор хүлээн аваагүй байхад хариуцагч Х.Э-ийн зээл болон барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй ба шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна гэж дүгнэсэн нь бодит үнэнтэй нийцээгүй байна. Э.Э- нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Э.Э-ны өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг У.Г-т даалгуулах тухай” сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн аваагүй үндэслэлээ “Х.Э-т чинь сөрөг нэхэмжлэл гаргасан байхад танайх давхцуулж байна” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан атлаа энэ тухай шийдвэртээ тусгаагүйд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн 4 дэх заалтаас үзвэл хариуцагч нараас 803 932 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүйн дээр хариуцагч тус бүрээс 803 932 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн гэж үзвэл хариуцагч Э.Э-ны хувьд зөвхөн барьцааны зүйлийн өмчлөгч байхад зээлийн гэрээний үүргийг түүнд хариуцуулж 803 932 төгрөг төлүүлж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч У.Г нь хариуцагч Х.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 160 560 000 төгрөг гаргуулах, хариуцагч Э.Э-д холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн зээл болон барьцааны гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Талууд 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 55 000 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож зээлийн гэрээг бичгээр, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм /18103/, 10А байр, 18 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалт бүхий 61.8 м.кв талбай бүхий Ү-220104576 улсын бүртгэлийн дугаартай Б.Оюунтөгсийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг бичгээр байгуулж эрхийн бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.                                                                                         /хх-92-94 дүгээр тал/

 

Хэргийн 184 дүгээр талд 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 55 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тухай гэрээ авагджээ.

 

Талууд дээрх зээлийн гэрээний дагуу 55 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан үйл  баримтын талаар маргаагүй, харин зээлийн гэрээний үүрэг дуусгавар  болсон тухай хэлцэл хийсний дагуу 55 000 000 төгрөгийг буцаан төлсөн эсэх үйл баримтын талаар маргасан байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр зээлийн барьцаанд бариулсан Б.Отгонтөгсийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийн тулд үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл хийсэн, уг хэлцлийн дагуу 55 000 000 төгрөгийг төлөөгүй тул түүний нэмж зээлсэн 20 000 000 төгрөгийг нийлүүлж 75 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэж, хариуцагч нь татгалзлаа нэхэмжлэгчээс 2014 оны 9 дүгээр сард 30 000 000 төгрөгийг зээлснээ төлсөн, 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 25 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлэхдээ Б.Отгонтөгсийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, дахин 20 000 000 төгрөг зээлэхдээ 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Э.Э-ны нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 75 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч 17 654 000 төгрөг өгсөн 75 000 000 төгрөг аваагүй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Х.Э 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн үүрэг дуусгавар болсон хэлцлийн дагуу 55 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй болно.

 

Зохигчид 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 75 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож зээлийн гэрээг бичгээр, зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор Э.Э өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам-331 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай 000513285 тоот бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхийг болон хувийн зориулалттай 340.11 м.кв талбайтай 2 давхар сууцыг барьцаалсан барьцааны гэрээг бичгээр тус тус байгуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Хэргийн 18 дугаар талд авагдсан Х.Э-ийн 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа сунгах тухай өргөдөл, хэргийн 66-67 дугаар тал дахь Х.Э-ийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан тайлбар, хэргийн 8-10 дугаар тал дахь 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн У.Г-с Х.Э-т зээл олгосон тухай бэлэн мөнгөний зарлагын баримт, хэргийн 92-94 дүгээр тал дахь 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ, хэргийн 95 дугаар тал дахь 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн У.Г-с Х.Э-т 55 000 000 төгрөг зээл олгосон тухай бэлэн мөнгөний баримт, хэргийн 13 дугаар тал дахь Голомт банкны 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 17 654 000 төгрөг У.Г-с Х.Э-т шилжүүлсэн зарлагын мэдүүлэг  болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч нь эхний зээлийн гэрээний дагуу хариуцагчид 55 000 000 төгрөг, дараагийн зээлийн гэрээний дагуу 17 654 000 төгрөг, нийт 72 654 000 төгрөг шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу 72 654 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Хариуцагч Х.Э 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлт бичгээр нэхэмжлэгч У.Г-т гаргаж байсан боловч зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2.3-т “гэрээний хугацааг талууд сунгах эрхгүй” гэж тохиролцсон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь хууль зөрчөөгүй байна.

 

Талууд зээлийн гэрээгээр сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгч У.Г-т хариуцагч Х.Э-с үндсэн зээл 72 654 000 төгрөг, зээлийн хүүд 17 436 960 төгрөг төлөхөөс түүний төлсөн 3 960 000 төгрөгийг хасч тооцон 13 476 960 төгрөг, алдангид 43 065 480 төгрөг, нийт 129 196 440 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Түүнчлэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд барьцааны гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр барьцаанд бариулсан үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч Э.Э-ных бөгөөд түүний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлцэлд тавих хуулиар тогтоосон шаардлагыг хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч У.Г-ийн барьцааны гэрээний зүйл болох хариуцагч Э.Э-ны Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам-331 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 340.11 м.кв талбай бүхий Ү-2204024323 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Талуудын байгуулсан барьцааны гэрээний зүйл болох хариуцагч Э.Э-ны Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, Гачууртын зам-331 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай 000513285 тоот бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхийг барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гэрчилгээнд барьцаалсан тэмдэглэл үйлдээгүй тул барьцааны эрх үүсэхгүй талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч Э.Э нь Х.Э-т 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 700 м.кв талбайтай, 000513285 тоот бүртгэлийн дугаартай газар эзэмших эрх, Ү-2204024323 тоот улсын бүртгэлийн дугаартай 340.11 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад барьцаалуулах, барьцааны гэрээнд гарын үсэг зурах, лавлагаа авах, улсын бүртгүүлэх зэрэг үйлдэл хийх эрх олгосон итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогджээ.

                                                                                                          /хх-14, 80 дугаар тал/

 

            Дээрх итгэмжлэлд төлөөлүүлэгч Э.Э нь өөрийн өмчлөлийн 700  м.кв талбай бүхий газар эзэмших эрх, 340.11 м.кв талбай бүхий хувийн зориулаллтай сууцыг барьцаанд тавих, барьцаалах, барьцааны гэрээнд гарын үсэг зурах, бүртгэлийн хэлтэст барьцаа бүртгүүлэхэд төлөөлөх бүрэн эрхийг төлөөлөгч Х.Э-т олгосныг үндэслэн хариуцагч Х.Э нь нэхэмжлэгч У.Г-тэй байгуулсан зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй нөхцөлд хариуцагч Э.Э өөрийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрч түүний өмнөөс барьцаалах эрхийг олгосны дагуу хэлцэлд төлөөлсөн нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Мөн итгэмжлэлд зөвхөн банкинд барьцаалах талаар тохиролцсон гэх байдал тогтоогдоогүй тул талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээл болон барьцааны гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилан хариуцагч нараас 803 932 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг зөвтгөн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/00899 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын “хариуцагч нараас 803 932 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “хариуцагч Э.Э-с 70 200 төгрөг, Х.Э-с 733 732 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч У.Г-т олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Э-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 804 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Э-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 803 932 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     А.МӨНХЗУЛ

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ