Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 00476

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Баруун урд аюушйн 1-12 тоотод оршин суух, Бэсүд алтай овогт Чимэдцэрэнгийн Б/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Дархан өргөө хотхоны 102 тоотод байрлах, “П” ХХК/РД: /-д холбогдох,

 

2 777 600 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь “П” ХХК-д харуулаар 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажлаас үндэслэлгүйгээр халсан.

Ингээд миний бие ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгохоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02306 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч намайг “П” ХХК-ын ажилд эгүүлэн тогтоосон юм.

Ингээд ажилдаа эргэн орж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө авах гэтэл манай байгууллага мөнгө төгрөг байхгүй байгаа гээд цалин хөлс өгөхгүй гэсэн.

Улмаар 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажил олгогч ажилд томилох тушаал гаргасан боловч цалин хөлс өгөхгүй ажиллуулна гэж надад хэлсэн.

Ажил олгогч нь намайг ажилд орсноос хойш миний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрийн бичилтийг хийж багалгаажуулаагүй байсан байна.

Мөн миний бие ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлс болох 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх цалин 2 777 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.

Нийгмийн даатгалд бичигдсэн цалин хөлснөөс сүүлийн 3 сарын дундаж цалин нь 372 000 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг ажлын 22.5 хоногт хувааж тооцвол нэг өдрийн цалин 16 533 төгрөг болж байна.

Үүнийг ажилгүй байсан хугацаа буюу 168 хоногоор тооцвол 2 777 600 төгрөг болж байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2 777 600 төгрөгийг гаргуулж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар cap хүртэлх нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мягмардорж шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “

Иргэн Ч.Бын манай байгууллагыг хариуцагчаар татаж иргэний нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Би энэ асуудлыг мэдэхгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч “П” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2 777 600/хоёр сая долоон зуун далан долоон мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулах, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сар хүртэлх нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “П” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02306 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг хариуцагчийн барилгын талбайн харуулын ажилд эгүүлэн тогтоож, тус 02306 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь зохигчийн тайлбар, 02306 дугаар шийдвэрээр нотлогдож байна.

 

2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02306 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шийдвэрлээгүй болох нь 02306 дугаар шийдвэрээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийг барилгын харуулын ажилд томилсон болох нь зохигчийн тайлбар, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17/53 дугаар тушаалаар нотлогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон боловч 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоогүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, нэхэмжлэгчийн № А0322314 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор .... олгоно.” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 372 000/372000х3сар=1116000, 1116000:3сар=372000/ /гурван зуун далан хоёр мянга/ төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлс 16 533/372000:22.5хоног=16533/ /арван зургаан мянга таван зуун гучин гурав/ төгрөг болох нь Худалдаа хөгжлийн банкин дахь 475020870 тоот төгрөгийн дансны хуулга, № А0322314 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

         

          Нэхэмжлэгчийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх ажлын 17/арван долоо/ хоног, 7/долоо/ сарын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 2 885 061/17х16533=281061, 372000x7=2604000, 281061+2604000=2885061/ /хоёр сая найман зуун наян таван мянга жаран нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

          Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 2 777 600/хоёр сая долоон зуун далан долоон мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2 885 061/хоёр сая найман зуун наян таван мянга жаран нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

                                                      

          Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сар хүртэлх нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.

 

          Нэхэмжлэгч нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хариуцагчид  барилгын талбайн харуулаар ажиллаж эхэлсэн болох нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02306 дугаар шийдвэрээр тогтоогдож байна.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх дундаж цалин хөлсөд ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дааталын шимтгэл, хураамжийг төлсөн бичилтийг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “П” ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт бүгд 2 885 061/хоёр сая найман зуун наян таван мянга жаран нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгон, хариуцагч “П” ХХК-д нэхэмжлэгч Ч.Бын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх дундаж цалин хөлсөд ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дааталын шимтгэл, хураамжийг төлсөн бичилт нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “П” ХХК-иас бүгд 2 885 061/хоёр сая найман зуун наян таван мянга жаран нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгон, хариуцагч “П” ХХК-д нэхэмжлэгч Ч.Бын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх дундаж цалин хөлсөд ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дааталын шимтгэл, хураамжийг төлсөн бичилт нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ч.Бын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Ч.Бын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59 392 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгон, хариуцагч “П” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 129 725 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ