Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/01075

 

Ч.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00476 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Б-ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч:П ХХК-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 777 600 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь П ХХК-д харуулаар 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажлаас үндэслэлгүйгээр халсан. Ингээд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02306 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон. Ажилдаа эргэн орж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө авах гэтэл байгууллага мөнгө төгрөг байхгүй  гээд цалин хөлс өгөхгүй гэсэн. Улмаар 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажил олгогч ажилд томилох тушаал гаргасан боловч цалин хөлс өгөхгүй ажиллуулна гэсэн. Ажил олгогч нь ажилтныг  ажилд орсноос хойш нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бичилтийг хийж багалгаажуулаагүй. Ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлс болох 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх цалин 2 777 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Нийгмийн даатгалд бичигдсэн цалин хөлснөөс сүүлийн 3 сарын дундаж цалин нь 372 000 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг ажлын 22.5 хоногт хувааж тооцвол нэг өдрийн цалин 16 533 төгрөг болж байна. Үүнийг ажилгүй байсан хугацаа буюу 168 хоногоор тооцвол 2 777 600 төгрөг болж байна. Иймд 2 777 600 төгрөгийг гаргуулж, 2016 оны 07 сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар cap хүртэлх нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан хариуцагч П ХХК-иас бүгд 2 885 061/хоёр сая найман зуун наян таван мянга жаран нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгон, хариуцагч П ХХК-д нэхэмжлэгч Ч.Бын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх дундаж цалин хөлсөд ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дааталын шимтгэл, хураамжийг төлсөн бичилт нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ч.Бын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Ч.Бын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59 392 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгон, хариуцагч П ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 129 725 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлтийг хангаагүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхйи болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч П ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 777 600 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02306 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг хариуцагчийн барилгын талбайн харуулын ажилд эгүүлэн тогтоосон байх бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-6-8/

 

Дээрх шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шийдвэрлээгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон боловч 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоогүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

Гэвч тухайн хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авах, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.7, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчжээ. /хх-61/

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00476 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч П ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 111 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД