Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 0501

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2018/00501

Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч:, “Ц ББСБ” ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: П хийд холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 100,223,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Цэгц капитал” ББСБ нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “Пунцоглин” хийдтэй “зээлийн гэрээ”-г байгуулж 50,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хийдийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан ба өнөөдрийн байдлаар “Пунцоглин” хийд нь үндсэн зээлд 50,000,000 төгрөг, зээлийн хүүнд 41,852,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,370,520 төгрөгийг төлөөгүй байна. Өнгөрсөн хугацаанд хийдийн хамба лам нь нас барсан бөгөөд хийдийн удирдах эөвлөлөөс дараагийн хамба ламыг томилох мөн зээлийг хэрхэн төлж барагдуулах талаар хийдийн удирдлагуудтай удаа дараа уулзаж байсан нь хугацаа алдахад хүргэсэн болно. Одоогийн байдлаар зээлийг хэрхэн төлж барагдуулах тодорхойгүй, зээлдэгчийн эрхийг зөрчиж байгаа тул шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлэх шаардлага бий боллоо. Иймд зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлд 50,000,000 төгрөг, зээлийн хүүнд 41,852,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,370,520 төгрөг, нийт 100,223,120 төгрөгийг хариуцагч “Пунцоглин” хийдээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цэгц капитал ББСБ” ХХК нь 2014 оны 3 сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Пунцоглин” хийд, түүнийг төлөөлж тэргүүн хамбах н.Ариунболдтой эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 50,000,000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн графикаар нийт зээлийн хүүнд 30,415,000 төгрөг төлөх ёстойгоос 2014 онд 6,000,000 төгрөг төлсөн. 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад өмнөх зээлийн гэрээний нөхцөлийг хэвээр хадгалж, зөвхөн гэрээний хугацааг сунгасан. Үүний дараа 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэрээний хугацааг дахин нэг жилээр сунгасан. 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар хийдийн хамба лам н.Ариунболдод өөрийнх нь хүсэлтийн дагуу бэлнээр зээлийг олгож байсан. Хариуцагчийн зүгээс зээлийг барьцаагүй олгосон байсанд маргаад байдаг. Өмнөх хамба ламтай гэр бүлийн сүсэг бишрэлийн харьцаатай, танилууд байсан учраас банк бус санхүүгийн байгууллага нь “Пунцоглин” хийдэд барьцаагүй зээл олгосон юм. Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч талаас нийтдээ хүүнд 58,230,000 төгрөг төлсөн байдаг. Зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлд 50,000,000 төгрөг, зээлийн хүүнд 41,852,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,370,520 төгрөг, нийт 100,223,120 төгрөгийг хариуцагч “Пунцоглин” хийдээс гаргуулах бичгээр гаргасан шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Цэгц капитал” ББСБ-ын нэхэмжлэлтэй “Пунцоглин” хийдэд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн хувиар дараах хариу тайлбарыг гаргаж байна. Талуудын 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар байгуулсан ба зээлийн гэрээний хугацаа 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дууссан. Үүнээс хойш талууд ямар нэг байдлаар гэрээний сунгалт хийгээгүй байна. Талууд зээлийн гэрээний хугацаа сунгах ярилцаж байсан гэх боловч хэргийн материалд энэ талаар авагдсан баримт байхгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч тал нь хугацаа хэтрүүлэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцон өөрт хэт ашигтай байдлыг бий болгосон. Бидний зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүндэтгэн зээлийн хүүг байгууллагын санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг үл харгалзан гэрээний хугацаа дууссанаас хойш болон гэрээний хугацааны явцад тогтмол төлж ирсэн. Гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш сүмийн санхүүгийн байдал эрс хүндэрч хүү болон үндсэн зээлийн төлбөрөөс барагдуулж чадахгүйд хүрсэн. Гэрээний хугацааны явцад болон дуусгавар болсноос хойш нийтдээ 58,230,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд анх авсан 50,000,000 төгрөгийн зээлээс давсан хэмжээний хүүг нэхэмжлэгч авсан байна.  Талуудын байгуулсан гэрээний хугацаа 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дууссан бөгөөд дээрх хугацаанд төлөх ёстой хүү нь 19,500,200 төгрөг болж байна. Зээлийн гэрээний хугацаанд төлөх ёстой дээрх хүүгийн төлбөрийг үндсэн төлбөрөөс хасуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хийдийн эргэлтийн хөрөнгийн зорилгоор зээлж, гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний талаар маргахгүй. Санхүүгийн хувьд хийдийн хувьд хүндрэлтэй байгаа. 2014 онд гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээг сунгаж байгаагүй. Сунгасан эсэх тал дээр маргаж байна. Зээлийн гэрээний хугацаа болон хүүг боломжийн хэмжээгээр төлж байсан. Нийт 58,230,000 төгрөг төлсөн гэдэгт маргаангүй бөгөөд энэ нь анх авсан зээлээсээ давсан хэмжээний төлбөрийг төлсөн байхад үндсэн зээлээс хасалт хийгдээгүй, зөвхөн зээлийн хүүнд төлбөр авагдсан байсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссан даруйд үүргийн гүйцэтгэлийн талаар бидэнд мэдэгдээгүй. Нэхэмжлэгч талын зүгээс 2015 он, 2016 онд зээлийн гэрээг сунгасан баримт нь хуурамчаар бүрдүүлсэн гэж үзээд байгаа. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр дардас байж болзошгүй гэж заасан байгаа. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.4-т зааснаар нэмэгдүүлсэн хүүг 20 хувьтай тооцно гэж заасан байна. Энэ нь Монгол банкны ерөнхийлөгчийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/233 дугаартай “Банкны хүү бодох аргачлал, хүү тооцох төлбөрийн журам”-ыг зөрчөөд байгаа юм. Хийдийн санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа учраас хугацаа сунгаагүй, зээлийн гэрээний үүрэгт 14,797,500 төгрөгийг төлсөн бөгөөд үүнийг үндсэн зээлээс хасуулахаар шүүхээс хүсч байна. Бидний талаас санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа учраас урсгал зардлаа л төлөх боломжтой болоод байна. Үндсэн хүүгийн төлбөр тооцоо үнийн дүн дээр маргаан байхгүй. Банк болон ББСБ нь зээл олгосон бол уг зээлийн хүүгийн төлбөр график гаргаж танилцуулдаг байхад уг гэрээний хүүгийн төлөлтийн графикийг танилцуулаагүй, үндсэн зээлээс төлөлтөөс хасахгүй, зөвхөн хүүг тооцож өөрт ашигтай байдлаар гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч “Цэгц капитал ББСБ” ХХК болон хариуцагч “Пунцоглин” хийд зээлийн гэрээ байгуулжээ.

 

Дээрх гэрээгээр “Цэгц капитал ББСБ” ХХК нь “Пунцоглин” хийдэд 50,000,000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдүүлснээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргийн харилцаа үүссэн ба зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ. 

 

2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч “Цэгц капитал ББСБ” ХХК болон хариуцагч “Пунцоглин” хийдүүд №ЗГН15/08 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-г байгуулжээ. Уг гэрээгээр зохигчид 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгажээ.

 

Харин 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч “Цэгц капитал ББСБ” ХХК болон хариуцагч “Пунцоглин” хийдүүд №ЗГН16/05 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр зохигчид 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан байна. 

 

2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр тогтоосон хугацаа  2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дууссан. Энэ нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар үүрэг гүйцэтгэх эцсийн хугацаа байсан бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нар харилцан тохирсны үндсэн дээр гэрээний хугацааг хоёр удаа дээр дурдсан байдлаар сунгасан нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7, 451 дүгээр зүйлийн 451.2 дахь заалт болон 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний 8.2 дахь хэсгүүдтэй харшлаагүй гэж шүүхээс үзлээ.

 

 Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг  төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан үүргээ гүйцэтгэсэн тул хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй ба хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж шүүх үзлээ.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах байдлаар хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт “Хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ”, 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж тус тус заасан.

 

Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний хугацаанд 53,230,000 төгрөгийг, хугацаа хэтэрснээс хойш 5,000,000 төгрөгийг төлсөн, талууд энэ талаар маргаагүй. Иймд зээлдэгчийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үндсэн үүргийг биелүүлэх хугацаа болсноос хойш үндсэн зээлийн үлдэгдэл төлөх үүргийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт заасан илүү хүнд нөхцөлтэй үүрэг гэж үзэн хугацаа хэтэрснээс хойш төлсөн 5,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцоход хариуцагч 32,484,014 төгрөгийн зээлийн хүү төлөх үүрэгтэй байна. 

 

Хэрэгт авагдсан 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №ЗГН15/08 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №ЗГН16/05 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-нүүдээр талууд зээлийн хүүг сар бүр төлөхөөр харилцан тохирсноос үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нар үндсэн зээлийг зээлийн гэрээний хугацааг дуусахад төлөхөөр тохирсон гэж дүгнэхээр байна. 

 

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-д “нэмэгдүүлсэн хүүг” тодорхойлохдоо гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуульд заасан хувиас хэтрэхгүй хувь хэмжээгээр үндсэн хүүг нэмэгдүүлж тооцсон хүүгийн хувь хэмжээг хэлнэ гэжээ. Эндээс үзэхэд нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл төлөх үеэс тооцно. 

 

Гэрээний хугацаа дууссан 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн үлдэгдэл 45,000,000 төгрөгөөс тооцоход 104 хоногийн нэмэгдүүлсэн хүү 1,230,904 төгрөг болно.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч “Пунцоглин” хийдээс үндсэн зээлийн үлдэгдэл 45,000,000 төгрөг, хүү 32,484,094 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,230,904 төгрөг, нийт 78,714,998 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Цэгц капитал ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Пунцоглин” хийдээс 78,714,998 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Цэгц капитал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,508,122 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

                      

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659,066 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Пунцоглин” хийдээс 551,525 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Цэгц капитал ББСБ” ХХК-д  олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                        Н.ХАНГАЛ