Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/235

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

            Улсын яллагч Д.Оюунгэрэл,

            Шүүгдэгч Д.Ш,

            Шүүгдэгч Р.Ц нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Д-н Ш, Х овогт Р-н Ц нарт холбогдох 1811 0050 60174 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            1. Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Актив хийц” ХХК-нд зураг зүйч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь эх 13 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-н Ш (РД:хх0000000),

            2. Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, охин, дүү, зээ нарын хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 10 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Р-н Ц (РД:хх000000),

            нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэн Т.Т-ийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Смарт хүнсний дэлгүүрийн өмнөх зам дээр таксинаас буухдаа машин дотор нь гээж орхисон айфон8 плас загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Д.Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв. 

Д.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нөгөө хоёр хүнээ буулгаад хойш Баянбүрд чиглээд явж байсан чинь Цэрэндэжид хойд суудал дээр нэг гар утас байна үүнийг яах уу гэхээр нь алив наашаа өгч бай гэж аваад унтраагаад Цэрэндэжидэд эргүүлээд өгсөн. Тэгээд бид хоёр цааш Жуков орж би ажил хүлээлцчихээд эргээд Цэрэндэмжидийг Баянбүрд дээр ажил дээр нь буулгачихаад ажил руугаа явсан. Тэгээд Цэрэндэжид бид 2 хоёр хоногийн дараа түүний ажил дээр уулзсан чинь Цэрэндэжид “надад мөнгө хэрэгтэй байна энэ гар утсыг зарчихъя” гэхээр нь Теди худалдааны төв дээр авч ирээд 500.000 төгрөгөөр зарчихаад Цэрэндэжидийг гэрт нь хүргэж өгчихөөд гэртээ харьж маргааш нь надад 150.000 төгрөг хэрэг болоод байхаар нь гар утас зарж олсон мөнгө Цэрэндэжидэд байсан учраас түүнээс нь 150.000 төгрөгийг нь авсан юм. ...Тухайн үед Цэрэндэжид энэ гар утсыг унтраагаадхаач гэхээр нь унтрааж өгсөн. Дараа нь надад цалингийн зээл 150.000 төгрөг дутаад байхаар нь авсан юм.” гэжээ.

Шүүгдэгч Р.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв. 

Р.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 02 дугаар сарын 06-ны өглөө ажил дээрээ байж байсан чинь манай нутгийн дүү Шинэбаяр ирээд гэрийн хөшиг болон цагаан бүрээс оёулна гэж ирэхээр нь эхлээд иргэний бүртгэл ороод миний ажлыг амжуулчихаад оёулах зүйлийг чинь оёод өгье гэж хэлээд түүний хамт гараад 100 айл руу иргэний бүртгэл мэдээллийн төв рүү очиж төрөл садангийн лавлагаа авах гээд очтол бүтэхгүй болохоор нь эргээд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо руу явж тодорхойлолтоо авчихаад явж байсан чинь Зурагтын хуучин эцэс дээрээс нэг хүн такси барихаар гар өргөхөөр нь жолоо барьж явсан Шинэбаяр энэ хүнийг авчих уу гэхээр нь тэг тэг гээд нөгөө хүнийг Бөмбөгөр худалдааны төвийн хажууд буулгачихаад эргээд 100 айл руу явж байсан чинь Бөмбөгөр худалдааны урд талд 20 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хүн гар өргөөд зогсож байсан ба нөгөө 2 хүнийг авч 50 дугаар сургуулийн хажууд буулгаад цааш хөдлөөд явж байгаад би гэнэт хойшоо харсан чинь машины хойд талын суудал дээр айфони-8 маркийн бор өнгийн гар утас байхаар нь Шинэбаярт хэлтэл аваад өг гэхээр нь би нөгөө гар утсыг Шинэбаярт аваад өгтөл нөгөө гар утас дуугарахаар нь би унтраачихсан юм. ...Тэгээд 2 хоногийн дараа ажил дээрээ сууж байсан чинь Шинэбаяр ажил дээр орж ирээд хоёулаа явъя гэж хэлээд Теди төвийн гадна очоод гар утас авна, зарна гэж байсан хүмүүс дээр Шинэбаяр очиж 2 хүн дагуулж машинд орж ирж суугаад нөгөө утсаа 500.000 төгрөгөөр зарчихаад Шинэбаяр намайг манай гэрт хүргэж өгчихөөд явчихсан. Маргааш өглөө нь Шинэбаяр миний утас руу залгаж надад 150.000 төгрөг хэрэгтэй байна нөгөө гар утас зарсан мөнгөнөөсөө 150.000 төгрөгийг нь өгчих гэхээр нь би Шинэбаярт өгсөн ба 200.000 төгрөгийг нь миний дүү эмнэлэгт байгаа болохоор эмчилгээнд нь зарцуулсан үлдсэн 150.000 төгрөгийг нь гэр орондоо идэж уух зүйлд зарцуулаад дууссан. ...Надад тухайн үед мөнгөний хэрэг гарсан байсан учраас унтраагаад зарчихсан юм” гэжээ.

Хохирогч Т.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16.10 цагийн үед би найз Б.Билгүүний хамтаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Пийс молл худалдааны төвийн үүдэн дээрээс хар бараан өнгийн буруу талдаа жолооны хүрдтэй, 30 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн сууж явсан автомашинд суугаад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо гэрийнхээ дэргэдэх Смарт хүнсний дэлгүүрийн өмнөх зам дээр ирж зогсоод таксины үйлчилгээний хөлс болох 1500 төгрөгийг бэлнээр төлөөд буусан. Бид хоёр тэндээсээ шууд алхаад Смарт дэлгүүр рүү ороод нэгж авах зуураа гэнэтхэн барьж явсан гар утсаа санаад өөрийнхөө 9972-2860 дугаар руу залгатал эрэгтэй хүн миний дуудсан дуудлагыг аваад “байна” гэж хэлээд удалгүй утсыг минь салгачихсан.” гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Д.Ш, Р.Ц нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 98-88 УБВ улсын дугаартай Тоёота Марк-2 загварын автомашинаар таксины үйлчилгээнд явж байхдаа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Смарт хүнсний дэлгүүрийн өмнөх зам дээр иргэн Т.Т-ийн уг машинаас буухдаа хаяж гээгдүүлсэн айфон 8 плас загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч завшсаны улмаас түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

шүүгдэгч Д.Ш-ын “...нөгөө хоёр хүнээ буулгаад хойш Баянбүрд чиглээд явж байсан чинь Цэрэндэжид хойд суудал дээр нэг гар утас байна үүнийг яах уу гэхээр нь алив наашаа өгч бай гэж аваад унтраагаад Цэрэндэжидэд эргүүлээд өгсөн. Теди худалдааны төв дээр авч ирээд 500.000 төгрөгөөр зарчихаад, гар утас зарж олсон мөнгө Цэрэндэжидэд байсан учраас түүнээс нь 150.000 төгрөгийг нь авсан юм” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Р.Ц-ийн “...нөгөө 2 хүнийг авч 50 дугаар сургуулийн хажууд буулгаад цааш хөдлөөд явж байгаад би гэнэт хойшоо харсан чинь машины хойд талын суудал дээр айфони-8 маркийн бор өнгийн гар утас байхаар нь Шинэбаярт хэлтэл аваад өг гэхээр нь би нөгөө гар утсыг Шинэбаярт аваад өгтөл нөгөө гар утас дуугарахаар нь би унтраачихсан юм. ...Тэгээд 2 хоногийн дараа нөгөө утсаа 500.000 төгрөгөөр зарчихаад ... нөгөө гар утас зарсан мөнгөнөөсөө 150.000 төгрөгийг нь өгчих гэхээр нь би Шинэбаярт өгсөн. ...Надад тухайн үед мөнгөний хэрэг гарсан байсан учраас унтраагаад зарчихсан юм” гэх мэдүүлэг,

хохирогч Т.Т-ийн “Пийс молл худалдааны төвийн үүдэн дээрээс хар бараан өнгийн буруу талдаа жолооны хүрдтэй, 30 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн сууж явсан автомашинд суугаад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо гэрийнхээ дэргэдэх Смарт хүнсний дэлгүүрийн өмнөх зам дээр ирж зогсоод таксины үйлчилгээний хөлс болох 1500 төгрөгийг бэлнээр төлөөд буусан. Бид хоёр тэндээсээ шууд алхаад Смарт дэлгүүр рүү ороод нэгж авах зуураа гэнэтхэн барьж явсан гар утсаа санаад өөрийнхөө 9972-2860 дугаар руу залгатал эрэгтэй хүн миний дуудсан дуудлагыг аваад “байна” гэж хэлээд удалгүй утсыг минь салгачихсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд хөрөнгө хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Д.Ш, Р.Ц нарыг бүлэглэн гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нарын саналыг тус тус харгалзав.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялын нэг нэгжийг нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо. 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн болон шүүгдэгч нарын хувийн байдлуудыг харгалзан, тэдгээрт хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулсан тул ялаас чөлөөлөх боломжтой гэж шүүх үзлээ. 

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч Д.Ш, Р.Ц нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт Д-н Ш, Х овогт Р-н Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш, Р.Ц тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Д.Ш, Р.Ц тус бүрт энэ тогтоолоор оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ш, Р.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ