Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2016/0429/з |
Дугаар | 132 |
Огноо | 2017-04-10 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 132
“Жаврын хөндий” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Гэрэлт-Од, Э.Уянгасайхан нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0110 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор “Жаврын хөндий” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 987 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйл, 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг тус тус баримтлан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын хавсралтын 5-д заасан “Жаврын хөндий” ХХК-д холбогдох, мөн оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалын хавсралтын 55-д заасан “Үйлст од сэр” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0110 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 987 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйл, 33 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг тус тус баримтлан” гэснийг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2 дахь хэсгийн 2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6, 40.2, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. “Жаврын хөндий” ХХК нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 5 дугаар 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэл дээрээ газар ашиглах эрх цуцалсныг 2016 оны 2 дугаар сарын дундуур олж мэдсэн гэж тайлбарласан. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр “Жаврын хөндий” ХХК-д газар цуцалсан талаарх мэдэгдлийг өгсөн байгаа. Гэтэл анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргах хугацааг тооцоолоогүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан гэж үзэхээр байна.
2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Газрын тухай хуульд нийцүүлэн үйл ажиллагааг явуулах бүрэн эрхтэй тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа 4 жил ашиглаагүй тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2015 оны 6 дугаар 16-ны өдрийн А-236 дугаар тушаал гарсан.
Газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг газраа бодитоор ашиглахыг ойлгох ба шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2015 оны 6 дугаар 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар “Жаврын хөндий” ХХК-ийн тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх хүчингүй болсон тул хууль, журмын дагуу хүсэлтээ гаргасан компанид газар ашиглах эрхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалаар “Үйлст од сэр” ХХК-д 3.5 га газрыг олгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх ашгийг хөндөөгүй болно.
3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А-328 тушаалаар “Жаврын хөндий” ХХК-д анх газар ашиглах эрх үүсч, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2011/135 дугаартай гэрчилгээ гарсан боловч газар ашиглах гэрээг 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан нь Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3,4-д заасныг зөрчсөн. Түүнчлэн гэрээний 2.4-ийн в/-д төлбөр хийх хугацааг “Газрын төлбөрийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны дотор Хан-Уул дүүргийн газрын албаны дансанд төлнө”, 2.5-д газар ашиглах хугацааг “2011.10.13-наас 2016.10.13-ны өдөр” гэж заасан ба “Газрын тухай хуулийн 35.3.1 газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3 “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” гэж заасан гэтэл шүүх гэрээ байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс газрын төлбөр төлөх эрх үүснэ гэж дүгнэсэн.
Гэтэл газар ашиглах эрх нь 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үүссэн. Мөн гэрээний 4.3-т “Газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам алданги төлөх”-өөр заасан. Түүнчлэн гэрээний 4.12-д “газар ашиглах гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны дотор ирүүлж гэрээг дүгнүүлэх”, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 “газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ" гэж заасныг зөрчиж, гэрээг нэг ч удаа дүгнүүлээгүй байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх зохицуулалтыг хариуцагч талын хүлээх үүрэг мэт тайлбарлан дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Мөн нэхэмжлэгч тал "Монгол таун хаус" гэх төсөл батлуулсан гэх боловч төсөл байхгүй, хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад шүүх төсөл багаа мэтээр дүгнэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал хууль, журам, гэрээгээр хүлээсэн үүрэг болох Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, Барилга барих эксиз зураг төслийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулаагүй, анх газар ашиглах зөвшөөрөл хүсэхдээ Богдхан уулын хамгаалалтын захиргааны санал гаргуулаагүй газар ашиглах тушаал гаргуулсан зэрэг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 2.1, 37 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 39.2, 41 дэх заалтуудыг зөрчсөнийг шүүх дүгнээгүй болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэгшбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/236 тушаалын хавсралт 5-д заасан “Жаврын хөндий” ХХК-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлагын хувьд шүүх дүгнэхдээ 2010 оны 4 дүгээр сарын 16-наас 2015 оны 6 дугаар сарын 16-ны хооронд байгаль орчинд нөлөөлөх ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэх менежментийн төлөвлөгөө боловсруулах зэргээр газар ашиглахад шаардлагатай баримт цуглуулах ажиллагааг хийлгэх явцад газар ашиглах эрхийг цуцалсан акт гарсан байна гэж үзсэн. Гэтэл гэрээг 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан бөгөөд 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрчилгээ нь гарсан байгаа зэрэг нь үйл ажиллагаанд шаардлагатай бичиг баримт цуглуулах ажиллагааг хийлгэх явцад цуцалсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг баримталсан нь Төрийн тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39 1.1-д заасантай зөрчилдсөн байх ба шүүх газрын төлбөр тооцоог үнэлэхдээ Газрын тухай хуулийг илүү нарийвчилсан хууль гэж үзсэн атлаа эзэмших эрхийг цуцлах харилцааг Төрийн тусгай хамгаалалттай газрын тухай хуулийг барьж шийдсэн нь хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд нэхэмжлэгчид ашигтайгаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд нэхэмжлэгчийн газрыг олгосон сайдын тушаалын заалт нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах гэсэн байхад шүүх сайдын тушаалыг гаргахдаа нотлох баримт бүрэн байсан эсэхэд дүгнэлт хийж шийдвэрийг гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг зөрчсөн байна. Мөн бүрдэл хангагдаагүй байхад зөвшөөрөл олгосон сайдын 277 тоот тушаал хууль зүйн үндэслэл байхгүй гэж дүгнэсэн нь чухам хуулийн аль зүйл заалтаар энэхүү тушаалаа хүчингүй болгож байгаа нь шүүхийн шийдвэр болон магадлалд тусгагдаагүй байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд урьдчилан шийдвэрлүүлэхгүй нэхэмжлэл гаргасныг шүүх шийдсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг зөрчсөн үйлдэл болно. Иймээс шүүхийн шийдвэр болон магадлалыг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс маргаан үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Жаврын хөндий” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдуулан 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Жаврын хөндий” ХХК-д холбогдох, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалын “Үйлст Од Сэр” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.
Маргаан бүхий тушаалуудаар “газрын төлбөр төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу газар ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож, гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг ашиглуулахаар шийдвэрлэжээ.
“Жаврын хөндий” ХХК-д Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А-328 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газар, Арцатын задгайд аялал жуулчлалын зориулалтаар 3.5 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах зөвшөөрөл олгосон байх бөгөөд газар ашиглах гэрчилгээг 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр олгож, газар ашиглах гэрээг 2013 оны 5 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй.
Хариуцагчаас “газрын төлбөр төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон боловч нэхэмжлэгчийн тухайд 2013 оноос хойш газрын төлбөр төлсөн талаар мөнгө тушаасан баримт, Улаанбаатар хотын банкны 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 4/4758 дугаар албан бичиг, Өмч газрын харилцааны албаны 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 09/123 дугаар албан бичиг нь тус тус хэрэгт авагджээ.
Харин маргаан бүхий захиргааны актын өөр нэг үндэслэл болох “газрыг ашиглаагүй” үйл баримттай холбогдуулан хэрэгт хангалттай нотлох баримт цуглаагүй тул эцэслэн дүгнэлт хийх боломжгүй, нэмэлт нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэл тус бүрд холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж хэрхэн үнэлсэн болохоо шүүхийн шийдвэрт тодорхой тусгах үүрэгтэй.
Гэтэл анхан шатны шүүхээс “...2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж газар ашиглах эрхийг цуцалсан хэдий ч газар ашиглах гэрээг дүгнэсэн эсэх, газар ашиглах гэрээний болзол нөхцөлийг хэрхэн зөрчсөн, зөрчлийг шалган тогтоосон зэргээ баримтаар нотлоогүй болно” гэж дүгнэж, маргааны үйл баримтад бүрэн дүүрэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй буруутай байна.
Давж заалдах шатны шүүхээс “...анхан шатны шүүх нэхэмжлэгч хуулийн этгээд зориулалтын дагуу газраа ашигласан эсэх, ашиглаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар дүгнэлт хийгээгүй...” гэж зөв дүгнэсэн боловч “нэхэмжлэгчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар газраа ашиглах боломжгүй байжээ” гэсэн дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь дүгнээгүй байна гэж үзлээ.
Учир нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 02-02/2193 дугаар албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын зориулалтын асуудлыг шийдвэрлэтэл барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон улсын комисс ажиллуулахгүй байхыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт мэдэгдсэн байна. Эндээс энэхүү албан бичгийн хүрээнд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ямар шийдвэр гарсан, барилгын үйл ажиллагааг зогсоосон эсэх, үүнээс шалтгаалан нэхэмжлэгчид ямар үр дагавар учирсан талаар тодруулах шаардлагатай байна.
Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 227 дугаар тогтоолоор “Зайсан толгойн орчимд” шинээр барилга барих асуудлыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл зогсоохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна. Уг тогтоолд заасан “хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдах” хугацаа маргааны үйл баримтад хамааралтай эсэх, “Зайсан толгойн орчимд” гэх байршил маргаан бүхий газрыг ашиглах тушаалаар олгогдсон талбайд хамаарах эсэх, нэхэмжлэгчид хэрхэн нөлөөлсөн талаар нотлох баримт цуглуулж, эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 987 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0110 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ