Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2019/ДШМ/45

 

 2019            05            28                                          2019/ДШМ/45

 

Д.Б-д  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                       

                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: А.Дүүрэнбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/78 дугаар цагаатгах тогтоолтой, шүүгдэгч Д.Б-д холбогдох, эрүүгийн 1819003120062 дугаартай, 1 хавтас, 87 хуудас бүхий хэргийг прокурор А.Дүүрэнбилэгийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 19...... оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон овоо баг, ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Д-ын Б /РД:ЕВ............31/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Д.Б 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “НХ” караокены цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж, иргэн Э.О-т 51550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Б-д холбогдох 1819003120062 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаахаар,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгч Д.Б бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг тус шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

Эрүүгийг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Дүүрэнбилэг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Д.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “Иргэний орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан ба Эрүүгийн хуульд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч...” үйлдсэн тохиолдолд бага хэмжээний хохирол учруулсан эсэхээс үл хамааран эрүүгийн хариуцлага оногдуулж байхаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хууль тогтоогчоос хуульчлан заасан. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан ...бодит хохирол учруулаагүй...” тохиолдолд гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчлагдсан байхад анхан шатны шүүхээс Д.Б-ийн үйлдэл, түүний улмаас үүссэн хохирол, хор уршигт хууль зүйн бодитой дүгнэлт хийлгүйгээр “...нийгмийн аюулын шинж чанарын хэмжээ ялимгүй...” хэмээн уг хуулийн заалтыг журамлан түүнийг цагаатгасан нь хууль ёсны зарчимд нийцээгүй байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Б-ийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “НХ” ХХК-ны караокены цонхоор нэвтэрч, эд зүйлсийг хулгайлж, Э.О-т 51550 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүхээс, шүүгдэгч Д.Б-ийн үйлдлийг “...гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Цагаатгах тогтоолд заасан дээрх дүгнэлт шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байх бөгөөд хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэхдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг энэ хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой эсэхийг бүрэн гүйцэд үнэлээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэх бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог учиртай.

            Дурдсан хуулийн зохицуулалт болон Эрүүгийн хэргийн бүх ажиллагааг хянахад шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэлгүй байх ба тодруулбал шүүгдэгч Д.Б “НХ” ХХК-ны үйл ажиллагаа явуулах зориулалттай байрны цонхоор нэвтэрч, 51550 төгрөгийн эд зүйлс хулгайлсныг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг “хэлбэрийн төдий агуулсан” гэж үзэх нөхцөл байдал хэрэгт байгаа баримтаар тогтоогдсонгүй.  

            Тиймээс шүүгдэгчийн үйлдлийн улмаас “НХ” ХХК-ны хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учирсан гэж үзэх үндэслэлтэй ба Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д “Хулгайлах гэмт хэргийг ...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол” хорих ял шийтгэнэ гэж, мөн “Хулгайлах” гэмт хэргийн тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2,3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж тус тус туйлын тодорхой, ойлгомжтой тодорхойлжээ.

            Өөрөөр хэлбэл “Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нөхцөлд учруулсан хохирлыг бага хэмжээний байсан ч үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй төдийгүй “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох талаар холбогдох хуулийн  агуулга болон тайлбарт огт тусгагдаагүй болно.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болохыг Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т хуульчилжээ.

Харин шүүгдэгч Д.Б нь “НХ” ХХК-ны үйл ажиллагаа явуулах зориулалттай байрны цонхоор нэвтэрч, эд зүйлсийг хулгайлсны улмаас хуулийн этгээдэд  51550 төгрөгийн хохирол учирсан болох нь энэхүү эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.  

             Түүнчлэн энэхүү эрүүгийн хэрэгт “НХ” ХХК гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн нь тогтоогдсон байхад хуулийн этгээд компанийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгч, прокурор тогтоол, шүүгч захирамж гаргаагүй, хувь хүнийг хохирогчоор тогтоосон алдаа гаргажээ. Гэхдээ энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа учир энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй юм.

Прокуророос хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй” гэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх хэргийг хүлээн авсан даруйд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно” гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг товлон зарлажээ.

            Гэхдээ анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар шилжүүлсэн хэргийг шийдвэрлэх нөхцөлд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гаргах шаардлагагүй бөгөөд дээр дурдсан нөхцлөөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал хэргийг прокурорт буцаах шийдвэр тус тус гаргах учиртай.

             Тиймээс  дээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хангаж, цагаатгах  тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/78 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                   ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                       Н.БОЛОРМАА