Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 341

 

С.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Туяа,                 

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Мөнхсайханы бичсэн 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 07 дугаар эсэргүүцлээр шүүгдэгч С.Эд холбогдох 1810 0220 60874 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн С.Э, 1987 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр шинжээч, судлаач, кино найруулагч мэргэжилтэй, “Идэр Итгэлт” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ...... дүгээр хороо, ……………… дугаар хороолол, …………….. дугаар байрны ………… тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

С.Э нь иргэн Б.Жаргалтуяад өөрийгөө Тагнуулын ерөнхий газар ажилладаг гэж итгүүлэн “танай цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл болон хүүхдийн тоог нэмж өгч, салбар гэрчилгээг гаргаж өгч чадна” гэж хуурч 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд өөрийн “Хаан” банкны 5753578284 тоот дансаар нийт 4.600.000 төгрөгийг “зээлийг чинь орон сууцны урт хугацаатай зээл болгоод “Төрийн” банк руу шилжүүлээд өгье” гэж хуурч 2.000.000 төгрөгийг тус тус залилан мэхэлж авч, 6.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Э-ы үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г овогт С.Э-ыг бусдыг хуурч мэхлэн, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Э-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Эын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Э-д мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Э-аас 1.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Жаргалтуяад олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Д.Мөнхсайхан бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэртэй танилцаад, дараах үндэслэлээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т ”Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч С.Эд оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нэгэнт тогтоосон хугацааг дахин зааж өгөх шаардлагагүй тул шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолын “тогтоох нь” хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгуулж өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн” гэжээ.

Прокурор Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт торгуулийг 90 хоногийн дотор сайн дураараа төлөх, эсхүл шүүхийн тогтоосон хугацаанд төлөхөөр заасан. Хуульд хугацааг заасан тул дахин тогтоох шаардлагагүй гэсэн үндэслэлээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.

                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

С.Э нь иргэн Б.Жаргалтуяад өөрийгөө Тагнуулын ерөнхий газар ажилладаг гэж итгүүлэн “танай цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл болон хүүхдийн тоог нэмж өгч, салбар гэрчилгээг гаргаж өгч чадна” гэж хуурч 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд өөрийн “Хаан” банкны 5753578284 тоот дансаар нийт 4.600.000 төгрөгийг “зээлийг чинь орон сууцны урт хугацаатай зээл болгоод “Төрийн” банк руу шилжүүлээд өгье” гэж хуурч 2.000.000 төгрөгийг тус тус залилан мэхэлж авч, 6.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Жаргалтуяагийн “...С.Э гэх залуу өөрийгөө Тагнуулын ерөнхий газар ажилладаг бөгөөд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрлийг гаргадаг, Нийслэлийн боловсролын ерөнхий газрын дарга Дашдэмбэрэл гэдэг хүн миний найз бөгөөд би танай цэцэрлэгийн зөвшөөрөл болон хүүхдийн тоог нэмж өгч салбар гэрчилгээг гаргаж өгч чадна гэж хэлсэн. Мөн энэ асуудлыг шийдэж хийхэд 4 сая төгрөгийн ханштай гэж хэлсэн. Ингээд түүнд 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн би өөрийн “Хаан” банкны 5071024943 дугаартай данснаас С.Э гэх залуугийн 5753578284 дугаарын “Хаан” банкны дансанд мөнгөө хэсэг хэсгээр шилжүүлэн хийсэн. Эхлээд надаас галын дүгнэлт, мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргана гэж хэлээд 600.000 төгрөг авсан, дараа нь 2018 оны 2 дугаар сард гэрчилгээний урьдчилгаа мөнгө гэж дансаар 2 сая төгрөг шилжүүлэн авсан, мөн 2018 оны 3 дугаар сард гэрчилгээ гарсан гэж хэлээд 2 сая төгрөг авсан ...” /хх 13-15/,

гэрч Ц.Уянгын “...С.Э гэх хүн уг цэцэрлэгийн хүчин чадал нэмэх тусгай зөвшөөрөл авахаар манайд материал бүрдүүлж өгөөгүй. Би “Эрдэнэсийн авдар” цэцэрлэгийн хүчин чадал нэмэх тусгай зөвшөөрөл дээр гарын үсэг зураагүй ...” /хх 24-25/ гэх мэдүүлгүүд, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх 30/, Б.Жаргалтуяагийн “Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 35-50/, шүүгдэгч С.Эы яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Эыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.Э-ы хохирогч Б.Жаргалтуяаг хуурч, 6.900.000 төгрөг шилжүүлж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

С.Э-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээд шатны прокурорын “... С.Э-д оногдуулсан 1000000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нэгэнт тогтоосон хугацааг дахин зааж өгөх шаардлагагүй...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заажээ.

Шүүх, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ торгуулийн ялыг биелүүлэх хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 90 хоногоор тогтоосныг нь хууль зөрчсөн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон хугацааг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заасан нь зөрчилтэй байдлыг үүсгээгүй байна.

                                  

Харин торгуулийн ялыг заавал 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагатай гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногоос дээш хугацаагаар тогтоосон тохиолдолд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж байх нь зүйтэй.

 Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр...” гэснийг “ ... 90 хоногийн дотор ...” төлүүлэхээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.