Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2020/0627

 

2020 оны 10 сарын 05 өдөр        Дугаар 128/ШШ2020/0627            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Э Д.Бнар

Хариуцагч: Н.Х.Б.Х.Г, Б.Х.Т

Гуравдагч этгээд: “Б***р ***мий” ХХК, “М*кс *****” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “...”Б***р ***мий” ХХК-ийн эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны зориулалттай гэх тус бүрдээ 17 давхар өндөр хоёр барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз болон ажлын зураг баталсан үйлдэл, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ******* тоот актыг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгч М.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Д.Б-гийн өмгөөлөгч Д.Г, хариуцагч Н.Х.Б.Х.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, Б.У, хариуцагч Б.Х.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, гуравдагч этгээд “Б***р ***мий” ХХК, “М*кс *****” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, өмгөөлөгч Д.Т нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Э, Д.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “М.Э, Д.Б нар нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо V хороолол 4 дүгээр байрны ******* болон ******* тоотод оршин суудаг болно.

Гэтэл “Б***р ***мий” ХХК-ийн эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны зориулалттай гэх тус бүрдээ 17 давхар өндөр хоёр барилга баригдаж эхлэн 4 дүгээр байрны оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин цонхоор тусах нарыг хаалаа. Энэ талаар эрх бүхий байгууллага албан тушаалтанд санал хүсэлт гомдол гаргасны дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гарч Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу “Б***р ***мий” ХХК эзэмшдэг болохыг мэдсэн.

Нийслэлийн засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/******* тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 4030 м.кв газрыг “Б***р ***мий” ХХК-д эзэмшүүлэн улмаар гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. Үүнийг үндэслэн архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз болон ажлын зураг батлагджээ.

Урьдчилан шийдвэрлэх журмын дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз болон ажлын зураг хүчингүй болгох гомдлоо Нийслэлийн засаг даргад гаргасан бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 02/3265 тоот, 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ******* тоот хариуг тус тус авсан болно.

“Б***р ***мий” ХХК өөрийн эзэмшлийн 4030 м.кв газрынхаа нэг хэсэгт нь барьж буй эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны зориулалттай гэх тус бүрдээ 17 давхар өндөр хоёр барилгад хяналт шалгалт хийн *******/153/404 тоот улсын байцаагчийн дүгнэлт гарсан бөгөөд, шалгалтаар дараахь зөрчил илэрсэн болно.

“Б***р ***мий” ХХК-ийн орон сууцны 17 давхар, 2 давхар үйлчилгээний барилгын хананаас нэхэмжлэгч нарын амьдардаг 4 дүгээр байрны 4 орцны хана хүртэл 14,2 м зайтай төлөвлөж барьсан нь Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн бичил уур амьсгалын төлөвлөлт 9.19 дэх заалт, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ын 5.26 дахь заалт, Орон сууц олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж БНбД 23-04-*******-ийн 3.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын амьдардаг 4 дүгээр байрны ******* болон ******* тоотын цонхоор тусах нарны гэрлийг дээр дурьдсан 17 давхар 2 барилга бүрэн хаасны улмаас нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй-физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө алга болж, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа нь алдагдсан гэсэн үг” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн М.Э, Д.Б нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газрын батласан Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз, ажлын зургийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

“Б***р ***мий” ХХК нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу баримт бичгийг бүрдүүлэн барилга барих хүсэлтээ нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газарт 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан. Барилга барих хүсэлтийг судлан, мэргэжлийн комиссын хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 сарын 22-ны А/ дугаар захирамжаар Эмнэлэг, үйлчилгээ орон сууцны барилгын зориулалтаар 0,19 га талбайд барилгажих зөвшөөрөл олгогдсоныг үндэслэн 2012 оны ******* дугаар сарын 16-ны өдрийн А/ 1,29 дугаартай Архитектур, төлөвлөлтийн даалгавар батлагдсан. “Б***р ***мий” ХХК нь Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу үйлчилгээ, эмнэлэг, орон сууцны барилгын эскиз зургийг “Эрчим төсөл” ХХК-аар гүйцэтгүүлэн ирүүлж батлуулсан. Манай газраас баталсан Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ын дагуу гүйцэтгэгдсэн болно.

Иймд нэхэмжлэгч иргэн М.Э, Д.Б нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.”

Хариуцагч Б.Х.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Иргэн Д.Б-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар 10-ны өдрийн А/ дугаартай захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.9.2.2 дугаар зүйлд: “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа асуудлаар өргөдөл гомдол ирүүлсэн бол өргөдөл гомдлыг буцаана” гэж заасан байдаг гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан байна. Тус дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.9.2-т “тухайн асуудлаар хүлээн авахгүй байхаар иргэд, олон нийтэд албан ёсоор зарласан өргөдөл, гомдлыг ирүүлсэн бол”; гэж заасан байгаа нь тус “М**с констракшн” ХХК-ийн барилга дээр Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллахгүй байх үндэслэл болохгүй юм.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний 151 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтад заасан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон ашиглалтад оруулахад бүрдүүлсэн байх шаардлагатай бичиг баримтын жагсаалтыг бүрдүүлэн барилгыг байнгын ашиглалтад оруулах хүсэлтээ “М**с констракшн” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дүгээр зүйлд заасны дагуу барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс тус барилга дээр ажиллан 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ******* дугаартай актаар байнгын ашиглалтад хүлээн авсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд “Б***р ***мий” ХХК болон “М**с констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэвжидмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн М.Э, Д.Б нарын “Б***р ***мий” ХХК-ийн эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны зориулалттай гэх тус бүрдээ 17 давхар өндөр хоёр барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз болон ажлын зураг баталсан үйлдлийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй холбоотойгоор дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

“Б***р ***мий” ХХК  нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн газар дээр орших ашиглалтын шаардлага хангахгүй байсан хуучин барилгыг нурааж, шинээр хотын өгнө үзэмжийг чимсэн, санал стандартын шаардлага хангасан орчин үеийн барилгыг барьж байгуулахаар манай компанитай тохиролцсоны дагуу барилгын ажлыг эхлүүлсэн ба барилгын захиалагч, хөрөнгө оруулагчийн эрх үүргийг гэрээний дагуу “М**с констракшн” ХХК-д бүрэн шилжүүлсэн. Барилгын менежмент, хөрөнгө оруулалтыг “М**с констракшн” ХХК дангаар хариуцан ажиллаж байгаа бөгөөд одоогоор барилгад нийт 31,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж 100 орчим хувийн гүйцэтгэлтэй, гадна тохижилтын ажил дутуу байгаа билээ.

Манай компани барилгын холбогдох хууль, норм дүрэм журмын дагуу эрх бүхий байгууллагаас бүх зөвшөөрөл, техникийн нөхцөлийг авч, батлагдсан зураг төслийн дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгэж ирсэн ба нэхэмжлэгчдийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ”...барилгад хяналт шалгалт хийн *******/153/404 тоот улсын байцаагчийн дүгнэлт гарсан бөгөөд шалгалтаар... барилгын хананаас нэхэмжлэгч нарын амьдардаг 4 дүгээр байрны 4 орцны хана хүртэл 14,2м зайтай төлөвлөж барьсан нь Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн бичил уур амьсгалын төлөвлөлт 9.19 дэх заалт, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ын 5.26 дахь заалт, Орон сууц олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж 23-04-*******-ийн 3.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын амьдардаг, ...байрны... цонхоор тусах нарны гэрлийг ... барилга бүрэн хаасны улмаас ... эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа нь алдагдсан гэсэн үг...” гэж тайлбарласан байх ба улсын байцаагчийн *******/153/404 тоот уг дүгнэлтийг манай компани дараах байдлаар үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь:

Хөрш зэргэлдээ 2 барилга хоорондоо 14,2м байгаагаас шууд Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн бичил уур амьсгалын төлөвлөлт 9.19 дэх заалт, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД З 1-01-10-ын 5.26 дахь заалт, Орон сууц олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж БНбД 23- 04-*******-иЙн 3.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж дүгнэж байгаа нь логикийн хувьд алдаатай буруу дүгнэлт юм. Барилгын нарны тусгалын хангамжийг дан ганц барилга хоорондын зайгаар бус, харин тухайн 2 барилгын байршил, хэмжээ, улирлын байдал зэргийг харгалзан барилгын норм, дүрмийн дагуу зураг төслийн компанийн боловсруулсан зураг төслийг үндэслэж тооцдог байна.

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын улсын байцаагч Д.Г нь нэхэмжлэгч нарын гомдлын дагуу манай барилгад шалгалт хийгээд барилгын нарны ээвэрлэлтийн зургийг хийлгэж үзүүлэх талаар барилгын ажлын хяналтын инженер Х.Б-д даалгаад явсан байдаг ба улсын байцаагчийн шаардлагын дагуу барилгын зураг төслийг боловсруулсан “Э* ** *и” ХХК-д манай компани хүсэлт гаргаж, нарны ээвэрлэлтийн зургийг хийлгэх явцад улсын байцаагч Д.Г нь амралтаа авах гээд яараад байна, зургаа яаралтай ирүүл гэж мэдэгдэж байгаад зураг гараагүй байх үед дүгнэлтээ яаран гаргаад амралтаа авсан байдаг. Ингээд ямар ч үндэслэлгүй 2015.06.30-ны өдрийн *******/153/404 тоот улсын байцаагчийн дүгнэлттэй инженер Х.Б нарны ээвэрлэлтийн зураг гаргуулан авч очихдоо танилцсан ба уг дүгнэлтийг манай компани үндэслэлгүй буруу гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Барилгын зураг төслийг боловсруулсан “Э* ** *и” ХХК-ийн гаргасан нарны ээвэрлэлтийн зургаар жил бүрийн 03 дугаар сарын 22-ны өдөр, 06 дугаар сарын 22-ны өдөр, 09 дүгээр сарын 22-ны өдрийн нарны тусгалын байдлаар нэхэмжлэгч нарын цонхонд тусах нарны тусгалын үргэлжлэх хугацаа нь барилгын норм дүрэмд нийцэж байгаа нь тогтоогдож байгаа,

Иймд дээр дурьдсан тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй шийдвэрлэж өгнө үү.”

“Иргэн Д.Б-гийн “улсын комиссын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ******* тоот актыг хүчингүй болгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй холбоотойгоор дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

“Б***р ***мий”  ХХК нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн газар дээр орших ашиглалтын шаардлага хангахгүй байсан хуучин барилгыг нурааж, шинээр хотын өнгө үзэмжийг чимсэн, чанар стандартын шаардлага хангасан орчин үеийн барилгыг барьж байгуулахаар манай “М**с констракшн” ХХК-тай тохиролцсоны дагуу барилгын ажлыг эхлүүлсэн ба барилгын захиалагч, хөрөнгө оруулагчийн эрх үүргийг гэрээний дагуу “М**с констракшн” ХХК -д бүрэн шилжүүлсэн.

Дээрх барилгын менежмент, хөрөнгө оруулалтыг дангаар хариуцагч “М**с констракшн” ХХК нь барилгын холбогдох хууль, норм ба дүрэм, журмын дагуу эрх бүхий байгууллагаас бүх зөвшөөрөл, техникийн нөхцөлийг авч, батлагдсан зураг төслийн дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгэж, ашиглалтад оруулсан.

Нэхэмжлэгч нь барилгын ажлыг 70-80 хувийн гүйцэтгэлтэй болсон үед анх шүүхэд хандаж, 3 тусдаа хэрэг үүсгүүлсний сацуу төрийн эрх бүхий байгууллагуудад үндэслэлгүй гомдол маргаан үүсгэж барилгын үйл ажиллагааг саатуулах, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн байгууллага, аж ахуйн нэгжид үндэслэлгүйгээр дарамт шахалт үзүүлж, улмаар манай компаниас их хэмжээний мөнгө шаардсаныг манай компани хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч гурвантаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Мэргэжлийн Хяналтын Улсын байцаагч Д.Г-ийн *******/153/404 тоог уг дүгнэлтийг үндэслэл болгодог ба уг улсын байцаагчийн дүгнэлтийг манай компани дараах шалтгаанаар үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайлбал,

Хөрш зэргэлдээ 2 барилга хоорондоо 14,2м байгаагаас шууд Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн бичил уур амьсгалын төлөвлөлт 9.19 дэх заалт, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ын 5.26 дахь заалт, Орон сууц олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж БНбД 23-04-*******-ийн 3.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж дүгнэж байгаа нь логикийн хувьд алдаатай буруу дүгнэлт юм. Барилгын нарны тусгалын хангамжийг дан ганц барилга хоорондын зайгаар бус, харин тухайн 2 барилгын байршил, хэмжээ, улирлын байдал зэргийг харгалзан барилгын норм, дүрмийн дагуу зураг төслийн компанийн боловсруулсан зураг төслийг үндэслэж тооцдог байна.

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын улсын байцаагч Д.Г нь нэхэмжлэгч нарын гомдлын дагуу манай барилгад шалгалт хийгээд барилгын нарны ээвэрлэлтийн зургийг хийлгэж үзүүлэх талаар барилгын ажлын хяналтын инженер Х.Б-д даалгаад явсан байдаг ба улсын байцаагчийн шаардлагын дагуу барилгын зураг төслийг боловсруулсан “Э* ** *и” ХХК -д манай компани хүсэлт гаргаж, нарны ээвэрлэлтийн зургийг хийлгэх явцад улсын байцаагч Д.Г нь амралтаа авах гээд яараад байна, зургаа яаралтай ирүүл гэж мэдэгдэж байгаад зураг гараагүй байх үед дүгнэлтээ яаран гаргаад амралтаа авсан байдаг. Ингээд ямар ч үндэслэлгүй 2015.06.30-ны өдрийн *******/153/404 тоот улсын байцаагчийн дүгнэлттэй инженер Х.Б нарны ээвэрлэлтийн зураг гаргуулан авч очихдоо танилцсан ба уг дүгнэлтийг манай компани үндэслэлгүй буруу гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Нэхэмжлэгч ийнхүү үндэслэлгүйгээр шүүхэд хэрэг маргаан үүсгүүлсэн байгаа ийм нөхцөлд барилгад улсын комисс ажиллаж, ашиглалтад оруулах нь хууль зөрчсөн асуудал биш юм. Нөгөө талаар маргаан бүхий актад хамаарах барилга олон иргэдийн өмчлөлд шилжсэн ба нэхэмжлэгчийн зүгээс барилгын ажлыг үндэслэлгүйгээр саатуулж, ашиглалтад оруулахгүй байх, улмаар ашиглалтад оруулах тухай улсын комиссын актыг хүчингүй болгуулах гэсэн энэ үйлдэл нь барилгыг өмчлөгч олон иргэдийн эрх ашигт нөлөөлөхүйц байх тул гуравдагч этгээдийн хувьд шүүхийн маргаануудыг нэгтгүүлж, маргааныг нэг мөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Талуудын тайлбар болон тэдгээрээс гаргаж өгснөөр хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “...”Б***р ***мий” ХХК-ийн эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны зориулалттай гэх тус бүрдээ 17 давхар өндөр хоёр барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг баталсан үйлдлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, үлдэх хэсэг болох “маргаан бүхий барилгын ажлын зураг баталсан үйлдэл болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ******* тоот актыг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар гуравдагч этгээд “Б***р ***мий” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 4030 м2 талбай бүхий газрыг эмнэлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж эхэлсэн ба “Б***р ***мий” ХХК, “М**с констракшн” ХХК нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 17/229 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” гэрээ байгуулан, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн хүсэлт гаргасны дагуу 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/******* тоот захирамжаар “М**с констракшн” ХХК-д 4030 м2 газрыг 5 жилийн хугацаатай үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлжээ.

“Б***р ***мий” ХХК-аас 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас 2012 оны ******* дугаар сарын 16-ны өдөр № А/–1.29 дугаартай 28,0м х 25,0м 2 блок 17 давхар, 17,0м х 21,0м, 25,0м х 6,1м 2 давхар эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг баталжээ.[1]

Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас баталсан 2012 оны ******* дугаар сарын 16-ны өдөр баталсан № А/–1.29 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг баталсан үйлдлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ.”, гэж заасны дагуу Захиргааны хэргийн шүүх нь нийтийн эрх зүйн маргаан буюу захиргааны үйл ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн хэлбэртэй байхаар хуульчилжээ.

Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас баталсан А/-1.29 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз болон ажлын зураг баталсан үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу захиргааны акт гэж үзэхээр байна. Тодруулбал, хариуцагч Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Нийслэлийн засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” №100 дугаар тогтоолын 6.9-д зааснаар Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэх хэрэгжүүлэгч агентлаг байх тул Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар захиргааны байгууллага мөн байна.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.43-д ““эх загвар зураг /эскиз/” гэж инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, гудамжны дэлгээсүүд, орчны барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн ерөнхий шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, огтлол, нүүр тал /фасад/, архитектур, өнгөний шийдэл, үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичгийг” гэж заажээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...нэхэмжлэгч нарын амьдардаг 4 дүгээр байрны ******* болон ******* тоотын цонхоор тусах нарны гэрлийг дээр дурьдсан 17 давхар 2 барилга бүрэн хаасны улмаас нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй-физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө алга болж, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа нь алдагдсан” гэж тайлбарлан маргажээ.

Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ: иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол”, 12 дугаар зүйлийн 12.1.1-д “Барилгын зураг төсөл дараахь шаардлагыг хангасан байна: Эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх”, 12.1.2-т “эрчим хүч, усан хангамж, ариутгах татуурга, харилцаа холбооны систем нь хэмнэлт, үр ашигтай байхаар төлөвлөгдсөн, сэргээгдэх эрчим хүч, байгалийн гэрэлтүүлэг ашиглах боломжийг хязгаарлахгүй байх” гэж тус тус заажээ.

Гэтэл Нийслэлийн барилга хот байгуулалт, ерөнхий төлөвлөлтийн газраас 2012 оны ******* дугаар сарын 16-ны өдөр баталсан № А/-1.29 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг батлахдаа иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг хянах хуулийн шаардлагыг биелүүлээгүй нь улмаас иргэн М.Э, Д.Б нарын эрүүл, аюулгүй орчин амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримт болон шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар томилогдсон шинжээчийн дүгнэлтийн 2-т “...Ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнгээр тодорхойлсноор “М**с констракшн” ХХК /РД:5*******7646/-ийн барьсан 17 давхар орон сууцны одоо эзэмшиж буй 2242 м.кв талбайтай газар, ******* байрны одоо ашиглаж буй 1121 м.кв талбайтай газруудын барилга хоорондох зайг хэмжиж үзэхэд: 17 давхар орон сууцны баруун хойд булан /усан бассейн гэх/-аас ******* байр хүртэл 14 метр, 17 давхар орон сууцны хойд догол /орон сууцны өндөр хэсэг/-оос ******* байр хүртэл 44 метр байна. ...” гэжээ.[2]

Барилга, зуучлалын “Жил***пр*ект” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 15/А дугаартай барилга архитектурын дүгнэлтэд “СБД-ийн хорооны I хорооны нутагт байрлах 5 давхар угсармал орон сууцны барилгын зүүн урд талд 2017 оны I сард “М**с констракшн” ХХК нь 17 давхар орон сууцны 2 барилгыг шинээр барьж ашиглалтад оруулжээ. Энэхүү шинээр төлөвлөгдөж баригдсан өндөр барилгууд нь одоо байгаа 5 давхар барилгын оршин суугчдын тохитой амьдрах нөхцлийг алдагдуулсан нарны тусгалын болон архитектур төлөвлөлтийн хувьд зөрчилтэй шийдэл болсон гэж дүгнэж байна. ...” гэжээ.[3]

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч, мэргэшсэн архитектор , улсын байцаагч нарын 2018.01.16-ны өдрийн №03 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 4 дүгээр байрны ******* болон ******* тоотод байрлах орон сууцны нарны ээвэрлэлтийн тооцоо гаргах...” гэсэн шүүхийн асуултад “...Нарны ээвэрлэлтийг зургийг /Sketch up/ программ дээр хийсэн ба тус нарны ээвэрлэлтийг 9 дүгээр сарын 22-ны өдөр хийв. Нарны ээвэрлэлтийн тооцоогоор одоо байгаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 4 дүгээр байрны *******, ******* тоот айлуудад 30-50 минут нарны тусгал тусаж байна. Энэ нь “Орон сууц олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн хангамж/ БНбД 23-04-*******-ын 3.6-д 2.5 цагаас багагүй байх гэж заасныг хангахгүй байна. ...” гэжээ.[4]

“Өр******оект” ХХК-ийн захирал Ш.О, Монгол улсын зөвлөх архитектор Д.Ц нарын 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан “Сүхбаатар дүүргийн 1-р хороо, ******* ******* ******* байрны *******, ******* тоот сууцны нарны дүгнэлт”-д “1. Сүхбаатар дүүргийн 1-р хороонд баригдсан *******К хэмээх 17 давхар барилга нь ******* байрны иргэн Д.Б, М.Э нарын сууцнуудын цонхоор тусах нарыг хаах эсэхэд шинжилгээ хийж үзэхэд, БНбД 23-04-******* нормын дагуу цонхоор нарны шууд тусгал 2 цаг тусах ёстой байтал нэг минут ч тусахгүй байгаа нь эдгээр айлуудын нормативт эрх ашиг ноцтой зөрчигдсөн байна гэж дүгнэж байна. 2. *******К барилгыг барихдаа БНбД 23-04-******* нормын 3.3-т Тухайн эдэлбэр газарт барилга шинээр барихдаа зэрэгцээх бусад барилга байгууламжид сүүдэрлэхгүй, мөн тэдгээрийг болон тэнд оршин суугчдын амрах, тоглох талбайг сүүдэрлэхгүйгээр байрлуулах, зонхилох өрөө тасалгааны цонхоор нар хангалттай тусахаар төлөвлөх нь энэхүү нормын шаардлага болно гэснийг зөрчсөн байна.” гэжээ.[5]

Дээрх дүгнэлтүүд үндэслэлтэй эсэхийг хянуулахаар 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 0881 дугаартай захирамжаар “Цэ**тэй-Ат**иер” ХХК-г шинжээчээр томилсон. Үүний дагуу “Цэ**тэй-Ат**иер” ХХК-ийн зөвлөн архитектор Ц.Б шинжээчээр ажиллаж 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №01 дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтэд “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 4 дүгээр байрны зүүн талд байршуулан “Б***р ***мий” эмнэлэгт Эмнэлэг, үйлчилгээний зориулалтаар олгогдсон 17 давхар барилга нь баруун талд байрлах орон сууцны ******* байрны 1-р орцны 1 давхрын ******* тоот.З давхрын ******* тоот сууцны цонхоор тусах нарны тусгалыг хязгаарлан БНбД 30-01-04 дугаар норм ба дүрмийн заалт 2.11. “Орон сууц хоорондын.орон сууц олон нийтийн барилга байгууламж хоорондын болон орон сууц,үйлдвэрийн барилга байгууламж хоорондын нарны тусгалд хамааралтай зайг энэхүү нормын 9.19 дүгээр зүйлд заасны дагуу/, харин барилга хоорондын нарны гэрэлтүүлэгийн үргэлжлэх хугацааг холбогдох норм дүрмийн /Орон сууц,олон нийтийн барилга,сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн/ хангамж БНбД 23-04-******* дугаар норм ба дүрмийг /заалт 3.1, 3.3, 3.5, 3.6, 4.1./ зөрчсөн байна.”[6] Эндээс үзвэл, Нийслэлийн барилга хот байгуулалт, ерөнхий төлөвлөлтийн газраас 2012 оны ******* дугаар сарын 16-ны өдрийн № А/-1.29 дугаар архитектор төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг зэргийг батлахдаа хуульд заасан иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг харгалзаж батлах ёстой байсан боловч үүнийг харгалзаагүй баталсан үйлдэл нь хууль бус байна.” гэж тус тус дүгнэлт гаргасан байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй хэдий ч агуулгын хувьд маргаан бүхий барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, түүнийг үндэслэн батлагдсан эскиз зураг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болохыг дүгнэсэн байна шүүх үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “Захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасныг баримтлан дээрх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Б.Х.Т-өөс 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 513/2014 дугаартай зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтээр “Б***р ***мий” ХХК-ийн эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны зориулалттай гэх тус бүрдээ 17 давхар өндөр хоёр барилгын ажлын зураг баталсан үйлдэл, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ******* тоот актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс “... ******* тоот улсын комиссын акт нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг илт зөрчсөн гэж үзэж байна. ... Барилгын ажлыг эхлэх үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан шаардлагатай бичиг, баримтын бүрдүүлбэр  дутуу байхад ******* тоот актаар маргаж буй хоёр барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан. ...” гэж тайлбарлан маргажээ.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-д ““зураг төсөл” гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг” хэлнэ гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд барилгын ажлын зураг нь тухай барилгын хийц бүтээцийн талаар тусгагдсан зураг байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл тухай барилгын хаалга, цонхны хэмжээ, цахилгаан шат гэх зүйлийг тусгасан зураг нэхэмжлэгч нарын маргаж буй нарны ээвэрлэлт, тусгалтай хамааралгүй байна.

 Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь ******* тоот актыг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан байх тул тухайн үед үйлчилж байсан Засгийн газрын 2012 оны 12 дугаар өдрийн 1-ний 151 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ээр зохицуулагдахаар байна. Тус дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.12.2-т “комиссын гишүүдийн санал дүгнэлтийг үндэслэн эцсийн шийдвэр гаргана. Энэхүү  шийдвэр нь Барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байна;” мөн зүйлийн 4.12.3-д “комисс гишүүдийн 2/3-оос доошгүй нь ирснээр ажиллана. Комиссын гишүүд мэргэжлийн чиглэлээрээ дараахь үүргийг гүйцэтгэж, санал дүгнэлтийг танилцуулж ажиллана” гэж заасны дагуу ашиглалтад оруулжээ.

Мөн тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах болон ашиглалтад оруулахад бүрдүүлсэн байх шаардлагатай бичиг, баримтын жагсаалт” хүснэгтийн Б хэсэгт “1. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл, 2. Зураг төслийн байгууллагаар гаргуулсан зохиогчийн нэгдсэн дүгнэлт, 3. Барилгын тухай хуулийн 12.4-т заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш түүний чанар, аюулгүй байдлыг барилгын гүйцэтгэгч хариуцсан талаархи баталгаа, 4. Захиалагч, зохиогч, гүйцэтгэгч байгууллагууд барилга байгууламжийн угсралт, тоног төхөөрөмжийн ажлын чанарыг хамтран шалгасан гүйцэтгэлийн акт (УББ 12-01-01) зэрэг баримт бичгүүдийг бүрдүүлсэний үндсэн дээр Комисс ажиллахаар заасан байна.

Засгийн газрын 2012 оны 12 дугаар өдрийн 01-ний 151 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтад комиссын бүрэлдэхүүний талаар тусгасан байх бөгөөд хэрэг авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс хууль зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байх тул Б.Х.Т-өөс 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 513/2014 дугаартай зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтээр “Б***р ***мий” ХХК-ийн эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны зориулалттай гэх тус бүрдээ 17 давхар өндөр хоёр барилгын ажлын зураг баталсан үйлдэл, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ******* тоот актыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:”, мөн зүйлийн 14.1.1 дэх заалтад “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол;” гэж заажээ.

Нэхэмжлэгч М.Э, Д.Б нар нь маргаан бүхий актыг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Нийслэлийн Засаг даргад 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр болон мөн оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч нарт хандан 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 02/3265 тоот, 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ******* тоот хариуг тус тус өгсөн байна. Нэхэмжлэгч нар дээрх хариуг эс зөвшөөрч 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.” гэж заасны дагуу 30 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргах байсан боловч нэхэмжлэгч нар нь уг хугацаанд гомдлоо гаргаагүй, дээд шатны захиргааны байгууллага уг хугацааг харгалзалгүйгээр урьдчилан шийдвэрлэх журмаар хандсан гомдлыг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн боловч дээд шатны захиргааны байгууллага түүнийг нь хүлээн авч, шийдвэрлэсэн байна. Гэхдээ нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтад заасан хугацааны дотор дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй байна.

Нөхөн төлүүлэх зардлын тухайд:

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 206 дугаар захирамжийн дагуу шинжээчээр ажиллаж, дүгнэлт гаргасны төлбөр 1.800.000 (нэг сая найман зуун мянган) төгрөг, мөн шүүгчийн 128/ШЗ/2020/08.. дугаартай захирамжийн дагуу иргэн Д.Б, М.Э нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт сууцны нарны ээвэрлэлтийн дүгнэлт гаргахад “Цэ**тэй-Ат**иер” ХХК /РД:5583349/-д шинжээчээр ажилласны төлбөр 1.000.000 (нэг сая) төгрөгийг тус тус Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс төлсөн байна.[7] Уг зардал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1 дэх хэсэгт “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс;” гэж заасны дагуу нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарахаар байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” гэж заажээ. Нэхэмжлэгч М.Э, Д.Б нарын Н.Х.Б.Х.Г-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул уг зардлыг хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2 дахь заалтуудад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Э, Д.Б нараас Н.Х.Б.Х.Г, Б.Х.Т-д тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Н.Х.Б.Х.Г-ын 2012 оны ******* дугаар сарын 16-ны өдөр баталсан № А/–1.29 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг баталсан үйлдлийг тус тус хууль байсан болохыг тогтоож, үлдэх хэсэг болох Б.Х.Т-өөс 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 513/2014 дугаартай зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтээр ажлын зураг баталсан үйлдэл болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ******* тоот актыг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-т заасныг баримтлан шинжээчийн зардалд гарсан 2.800.000 (хоёр сая найман зуун мянган) төгрөгийг хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас гаргуулж, тус шүүхийн Төрийн сан дахь 1009000050******* тоот дансанд төвлөрүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас улсын тэмдэгтийн хураамжийн 35.100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

.

 

 

ШҮҮГЧ                                Ц.ОДМАА

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 49-54 дэх тал.

[2] 2 дугаар хавтаст хэргийн 175 дахь тал.

[3] 2 дугаар хавтаст хэргийн 50 дахь тал.

[4] 2 дугаар хавтаст хэргийн 240 дэх тал.

[5] 3 дугаар хавтаст хэргийн 95 дахь тал.

[6] 4 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал.

[7] 4 дүгээр хавтаст хэргийн 27 дахь тал.