Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 261

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Ганхуягийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/05456 дугаар шийдвэртэй,

                       

Нэхэмжлэгч Ц.Ганхуягийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Нарантуяад холбогдох

 

            Зээлийн гэрээний барьцаанаас байр чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй

            Ц.Ганхуягаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 65 400 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Найрамдал зуслан дахь 2/18 дугаар байрны 06 тоот хаягт байрлах барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч өмгөөлөгч                                              В.Батжаргал 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                  Б.Оюу-Эрдэнэ

Хариуцагчийн өмгөөлөгч                                           Б.Баднайсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Ганхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2009 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Л.Нарантуяагаас 40 000 000 төгрөг зээлсэн. Зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн Найрамдал зуслан дахь 3 өрөө байраа тавьсан. Зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг тухайн үед миний эхнэр байсан Д.Баясгалангаар дамжуулаад төлж барагдуулсан. Нэгэнт зээлээ төлж дууссан учир барьцаанд тавьсан байраа буцааж авах тухай шаардлага гаргасан. Зээлийн гэрээний дагуу сар сард нь хүүгээ төлж дууссан бөгөөд байраа барьцаанаас чөлөөлүүлж авах гэтэл миний хуучин эхнэр Д.Баясгалантай хуйвалдан янз бүрийн арга хэрэглэж байрны гэрчилгээг өгөхгүй өнөөг хүрч байна. Иймд зээлийн гэрээний барьцаанаас байрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Нарантуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

2009 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийг Ц.Ганхуяг өөрөө гардаж авсан. Нэхэмжлэгчийн эхнэр Д.Баясгалан болон охин нар нь надаас мөнгө зээлээд заримыг нь буцаан төлсөн. Миний бие удаа дараа Ц.Ганхуягаас мөнгөө нэхэж байсан, мөн миний бие эрүүл мэндийн байдлаас удаа дараа эмнэлэгт хэвтэж гадаадад эмчлүүлж байсан. Ц.Ганхуяг нь надад 40 000 000 төгрөгийн зээлийг хүүтэй, алдангитай төлөөгүй болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Л.Нарантуяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Ц.Ганхуяг нь 2009 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 40 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар надаас зээлж авсан боловч зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алданги төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлж барагдуулаагүй атлаа намайг шүүхэд өгч барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан байрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч миний бие хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд зээлийн гэрээний дагуу Ц.Ганхуягаас үндсэн зээлийн төлбөр 40 000 000 төгрөг, 1 сарын хүү 1 200 000 төгрөг буюу 3 сарын хүүнд 3 600 000 төгрөг, гэрээний 5-д алдангийг 0,5 хувиар тооцохоор тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу нийт алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох       43 600 000 төгрөгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу алдангид 21 800 000 төгрөг, нийт 65 400 000 төгрөгийг Ц.Ганхуягаас гаргуулж өгнө үү. Би 2010 оноос элэгний хатуурал гэдэг оноштойгоор эмчлэгдэж байсан бөгөөд 2011 оны сүүлээр элэгний хорт хавдартай болсон. Мөн энэ хугацаанд хэд хэдэн удаа яаралтай гадаадад очиж эмчлүүлсэн. Энэ хугацаанд эмчилгээний зардал, эм тарианы зардал гэж маш их мөнгө хэрэгтэй болдог байсан ч Ц.Ганхуягаас нэг ч төлбөр хийгдээгүйгээс гадна нэхэхээр өгнө гэдэг байсан. Миний бие өвчний улмаас өөрийн бизнесээ ч хийж чадахгүй болж, байнга эмчийн болон эмнэлгийн хяналтанд орсон бөгөөд тиймдээ ч Ц.Ганхуягаас мөнгөө нэхэмжилж чадахгүй, эмнэлгээр явсаар өнөөдрийг хүрлээ. Иймд зээлийн гэрээний дагуу 65 400 000 төгрөгийг гаргуулж, 2009 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн барьцааны гэрээний гэрээний дагуу байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Найрамдал зуслан дахь 2/18 дугаар байрны 06 тоот орон сууцыг үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Ганхуяг хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.Нарантуяагаас зээлсэн 40 000 000 төгрөгийг хүүгийн хамт Д.Баясгалангаар дамжуулж төлж дуусгасан. Мөнгө төлсөн баримт нь ч байгаа. Л.Нарантуяа надтай огт уулзаж байгаагүй. Үнэхээр Л.Нарантуяагаас зээлсэн мөнгийг төлөөгүй бол энэ хугацаанд тэрээр надаас нэхэх, шаардах байсан. Гэтэл огт надаас мөнгө нэхэж байгаагүй. Би Л.Нарантуяад 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 27 000 000 төгрөг, 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 7 000 000 төгрөгийг Д.Баясгалангаар дамжуулж өгсөн. Миний хуучин эхнэр Д.Баясгалан нь хариуцагчаас байрны гэрчилгээг авч өгнө гэсээр өгөөгүй учир 2015 онд шүүхэд хандсан. Зээлийн хүүгээ цувуулаад төлж байсан. Гэрээний хугацаа дууссан ч хүүгээ төлж байсан. Үндсэн зээлээ төлөөгүй болохоор 2011 оны 6 дугаар сар хүртэл хүүгээ төлж байсан. Гэвч хүү төлж байсан талаар баримт байхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Найрамдал зуслан дахь 2/18 дугаар байрны 06 тоот байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ц.Ганхуягийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, нэхэмжлэгч Ц.Ганхуягаас зээлийн гэрээний үүрэгт 13 500 000 төгрөг гаргуулан хариуцагч Л.Нарантуяад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 51 900 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485 000 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 222 450 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Батжаргал Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Анхан шатны шүүхээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацааг сэргээснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа нь талуудын  хооронд үүссэн эрх зүйн маргаанаас шалтгаалаад өөр өөр байхыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааж өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаар шаардлага гаргахад 3 жил байхаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан байна. Анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тасалдаад энэхүү хугацаанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх нь зүйтэй гэж үзэж байгаа бол хариуцагчийг 2011 оны 6 дугаар сарын 23-наас 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснийг дүгнэхгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагчийг 2011 оны 6 дугаар сарын 23-наас 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хүнд өвчтэй байнгын хэвтрийн дэглэмд байсан талаарх нотлох баримт байхгүй болно. Түүнчлэн шүүхээс зээлдэгч нь зээлдүүлэгчид нийт 43 600 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзээд нэхэмжлэгчийн төлсөн 34 000 000 төгрөгийг хасаад үндсэн зээлийн үлдэгдэл 9 000 000 төгрөг болно гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан 43 600 000 төгрөгийн үүргээс 34 000 000 төгрөгийг хасахад 9 600 000 төгрөг үлдэхээр байхад 9 000 000 төгрөг байхаар тооцож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/05456 дугаартай шийдвэрийн 2 дахь заалтын Ц.Ганхуягт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу-Эрдэнэ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр дуусах бөгөөд хариуцагч Л.Нарантуяа энэ хугацаанд буюу 2013 онд элэгний хатуурал нь хавдаршиж" гээд 2013 оноос эхлэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нь үндэслэлтэй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл "Элэгний хорт хавдар" өвчинг хөөн хэлэлцэх хугацаа сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан болгож үзсэн бөгөөд "Элэгний хатуурал" өвчинг хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх үндэслэл болгоогүй болно. Гэтэл энэ хоёр өвчин нь хоёулаа үхэлд хүргэх аюултай үр дагаврыг авчрах эрсдэлтэй өвчнүүд болно. Тухайн "Элэгний хатуурал" онош тогтоогдохоос өмнө Л.Нарантуяа нь нэхэмжлэгч Ц.Ганхуяг, гэрч буюу түүний эхнэр байсан Д.Баясгалан, тэдний охин нарт зээлүүлсэн олон удаагийн зээлийн гэрээтэй холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад сүүлийн буюу 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1196 дугаар "Зохигчид эвлэрснийг батлах тухай" захирамжаар Д.Баясгалангаас 300 000 000 төгрөгийг авах шийдвэр гаргуулсан. Бидний зүгээс 2011 оны 9 дүгээр сараас эхлэн хүнд өвчин эхэлж, гам барих, байнгын эмчийн хяналтанд байх нөхцөл бүрдсэн учир зээлийн гэрээний хугацаа дуусахаас 1 жил 5 cap 15 хоног буюу 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө Л.Нарантуяагийн шүүхэд хандах боломжгүй болох хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон. 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 773 дугаар албан бичигт "Одоо тус эмнэлгийн элэгний эмчийн хяналтанд сүүлийн 5 жил тасралтгүй хянагдаж байгаа болно" гэдэг тодорхойлолтод 2011 оны 9 дүгээр сараас эхлэн элэгний эмчийн хяналтанд орсон гэдэг нь харагдана. 2011 оны 9 сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд Л.Нарантуяагийн биеийн байдал хүнд "жирийн хүний адил" ажиллаж амьдрах боломжгүй болсон. Элэгний хатуурал нь хүндрээд хорт хавдар луу шилжиж, өвчин нь хүндэрч байсан ч хамаагүй энэ үедээ шүүхэд хандах боломжтой гэж үзээд буй анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна.

 Ц.Ганхуяг нь Д.Баясгалангаар дамжуулж үүргээ биелүүлсэн гэх атлаа өөрийнхөө нэрийн өмнөөс Д.Баясгаланг үүрэг гүйцэтгүүлэхээр томилсон албан ёсны бичиг баримт байхгүй, мөн энэ 2 этгээд нь гэр бүлээ цуцлуулаад 2 жил гаруйн хугацаа өнгөрсөн хөндлөнгийн этгээдүүд болсон байсан болно. Мөн анхан шатны шүүхийн үндэслээд буй "мөнгө хүлээлцсэн баримт" дээр Д.Баясгалангаас Л.Нарантуяа нь 27 000 000 төгрөг авлаа гэсэн байгаа болохоос энэхүү баримтанд Ц.Ганхуягтай холбоотой нэгээхэн ч мэдээлэл, үг үсэг байхгүй болно. Иймд Ц.Ганхуягийг зээлийн гэрээний төлбөрөөс 34 000 000 төгрөгийг төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно. Хамгийн гол нь 34 000 000 төгрөгийг гүйцэтгэсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн атлаа алдангийн хэмжээ болон үлдэгдэл нийт мөнгийг бодохдоо буруу тооцсон. Учир нь 43 600 000 төгрөгөөс 34 000 000 төлсөн гэж үзсэн бол үлдэгдэл нь 9 000 000 биш 9 600 000 төгрөг болно. Харин алдангийг бодохдоо нийт гүйцэтгээгүй үлдсэн гэж дүгнэсэн 9 000 000 төгрөгөөс бодсон нь үндэслэлгүй болно. Учир нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны дөр байгуулсан гэрээнд алданги бодох хугацаа нь гэрээний 3 сарын хугацаа дууссанаас буюу 2009 оны 12 дугаар сарын 12-оос эхлэн бодогдох ёстой. Алдангийг гэрээний хугацаа өнгөрснөөс хойш, гүйцэтгээгүй үнийн дүнгээс тооцож эхлэх ууль зүйн үндэслэл байгаа. 564 хоногийн 43 600 000 төгрөгийн хоног тутмын 0.5 хувийн алданги нь хоногт: 218 000 төгрөг. 64x218.000=122 952 000 төгрөг болж байгаа. Хуульд зааснаар алданги нь гүйцэтгээгүй нийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 21 800 000 төгрөг төлөх үүрэг нь 2011 оны 6 дугаар сарын 18-аас өмнө бий болсон байсан. Тэгэхээр алдангийг анхан шатны шүүх нь 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс тооцон 9 000 000 төгрөгөөс бодсон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, зээлийн гэрээний 5 дах заалт зэргийг зөрчсөн болно. Иймд анхан шатны шүүхээс алдангийг 4 500 000 төгрөгөөр бодсон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Л.Нарантуягийн Ц.Ганхуягаас авах ёстой алданги нь 21 800 000 төгрөг болно. Иймд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/05456 дугаартай шүүхийн шийдвэрт Л.Нарантуяагийн энэхүү давж заалдах гомдол гаргасан хүрээгээр өөрчилж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                                ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын хувьд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Ц.Ганхуяг нь хариуцагч Л.Нарантуяад холбогдуулан барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Найрамдал зуслан дахь 2/18 дугаар байрны 06 тоот 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт 65 400 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. 

  

Зохигчид 2009 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулан, уг гэрээгээр зээлдүүлэгч буюу хариуцагч Л.Нарантуяа нь зээлдэгч буюу нэхэмжлэгч Ц.Ганхуягт 40 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 1 сарын 3 хувийн хүүтэй зээлүүлсэн, зээлийн мөнгийг хариуцагч хүлээн авсан, мөн барьцааны гэрээ байгуулан барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Найрамдал зуслан дахь 2/18 дугаар байрны 06 тоот 3 өрөө орон сууцыг тавьсан үйл баримт нь талуудын хооронд байгуулсан гэрээнүүд болон тайлбар, баримтаар тогтоогдсон. /хх 2, 7/

 Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд зээлийн болон барьцааны талаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Ганхуяг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ”барьцаагаар хангагдсан шаардлага дуусгавар болсон” гэж тайлбарлаж, хариуцагч Л.Нарантуяад         34 000 000 төгрөгийг Д.Баясгалангаар дамжуулан, өөрөө 6 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэсэн тайлбарыг гаргажээ.

Хэргийн 153 дугаар талд бичгийн баримт авагдсан байх бөгөөд уг баримтаар Баясгалангаас 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 27 000 000 төгрөг, 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 7 000 000 төгрөг хүлээн авсан гэсэн хариуцагч Л.Нарантуяагийн гарын үсгээ зурсан баримт авагдсан, шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан Д.Баясгалан “Үндсэн төлбөртөө 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 27 000 000 төгрөг, 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 7 000 000 төгрөг, сүүлд 6 000 000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлгээр нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний үүргээс 34 000 000 төгрөг төлсөн гэж үзэхээр байна. .

Хариуцагч буюу зээлдэгч Л.Нарантуяа нь гэрч Д.Баясгалангаас хүлээн авсан 34 000 000 төгрөгийг Д.Баясгалантай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөгдсөн мөнгө гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан дараах хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр няцаагдаж байна.

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1196 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Л.Нарантуяа нь хариуцагч Д.Баясгаланд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 302 820 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэгч шаардлагаа 2 820 000 төгрөгөөр багасган, зохигчид 300 000 000 төгрөгийн үнийн дүнд эвлэрч, шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогджээ. /хэргийн 149-150 дугаар тал/ Уг шийдвэрээс үзэхэд Д.Баясгалан нь зээлийн гэрээний үүрэгт Л.Нарантуяаг 34 000 000 төгрөг төлсөн талаар талуудын хэн аль нь тайлбар гаргаагүй, уг үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан үйл баримт тогтоогдоогүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч буюу зээлдэгч Ц.Ганхуяг нь Д.Баясгалангаар дамжуулан зээлийн гэрээний үүрэгт 34 000 000 төгрөгийг төлсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчөөгүй болно.

Зохигчид гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж, анхан шатны шүүх 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэн, 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр дуусах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасны дагуу сэргээснийг буруутгах үндэслэлгүй байна. Хариуцагч буюу зээлдэгч нь 2013 оноос хүнд өвчний улмаас хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан эмчилгээ болон мэс засал хийлгэж байсныг нотолсон баримтуудаар тогтоогджээ.

Харин нэхэмжлэгч Ц.Ганхуяг нь хариуцагч Л.Нарантуяад “6 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Хариуцагч Л.Нарантуяа нь нэхэмжлэгч Ц.Ганхуягаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Ц.Ганхуяг нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүүд 3 600 000 төгрөг /1 200 000*3/ төлөх үүрэгтэйгээс 34 000 000 төгрөгийг төлсөн байх тул төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох 9 600 000 төгрөгийг алдангийн хамт гаргуулахаар шаардах эрх хариуцагч Л.Нарантуяад үүссэн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 9 600 000 төгрөгийг 9 000 000 гэж буруу тооцсоноос алдаа гаргасан байх тул залруулан өөрчилж үндсэн зээлийн гэрээний үүрэгт 9 600 000 төгрөг, алдангид 4 800 000 төгрөг нийт              14 400 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай.

Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй бөгөөд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасан “барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон” гэж үзэх үндэслэлгүй гэж үзэн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Найрамдал зуслан дахь 2/18 дугаар байрны 06 тоот 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхээр гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Хариуцагч буюу зээлдүүлэгч Л.Нарантуяа нь нэхэмжлэгч буюу зээлдэгч Ц.Гансүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар үндсэн зээл, зээлийн хүүг нэхэмжилсэн байхад Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тогтоох хэсэгт баримтлахгүй орхигдуулсныг нэмж өөрчлөв.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг ч хангаж, харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацааны талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/05456 дугаар шийдвэрийн

2 дахь заалтын “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1...” гэсний дараа “...282 дугаар зүйлийн 282.1..." гэж нэмж,

мөн заалтын “…13 500 000 төгрөг” гэснийг “…14 400 000 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Батжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Л.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418 000 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                        

                                    ШҮҮГЧ                                                                        М.НАРАНЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО