Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/00212

 

   Н.Гурвансайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2019/01356 дугаар шийдвэртэй,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1600 дугаар магадлалтай,

 Н.Гурвансайханы нэхэмжлэлтэй,

Ч.Болдбаатарт холбогдох

 Гэм хорын хохиролд 9 918 903 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь Горгаз ХХК-ийн 21 дүгээр салбар хариуцсан захирлын албан үүрэг гүйцэтгэдэг. Хариуцагч Ч.Болдбаатар манай салбарт 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл борлуулагч, жолоочоор ажилаж байхдаа 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс-2 худалдааны төвд газ хүргэж өгөхдөө өөрийн төрсөн дүү Ч.Болдхуягыг оруулж холболт хийлгэсний улмаас гал алдсан. Ийнхүү гал алдсанаас Ч.Болдбаатарын зааварчилгааны дагуу түүний төрсөн дүү Ч.Болдхуяг хийн баллоны холболт хийхдээ гал алдсанаас болж 5 цайны газар шатаж нийт 9 918 903 төгрөгийн хохирол учирсан. Энэхүү хохирлыг нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс хохирол учирсан цайны газрын эздэд 2014 оны 10 дугаар сарын 30-31-ний өдөр төлж хохирлыг барагдуулсан. Энэхүү төлбөрийг Горгаз ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Болдбаатарт холбогдох хэргийг өмнө нь шүүх шийдвэрлэхдээ Горгаз ХХК нь хариуцагчид өгсөн бус харин Н.Гурвансайхан хүлээлгэж өгсөн гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Хариуцагч Ч.Болдбаатар бусдад учруулсан хохирлоо нэхэмжлэгчид барагдуулалгүй ажлаасаа гарсан. Өмнө нь Горгаз ХХК-иас Ч.Болдбаатарт холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг хэрэг 3 шатны шүүхээр шийдэгдсэн. Гэхдээ уг мөнгийг Горгаз ХХК өгөөгүй, Н.Гурвансайхан өгсөн байна гэх байдлаар шүүх шийдвэрлэсэн. Хариуцагч Ч.Болдбаатар өөрийн төрсөн дүү Ч.Болдхуягаар хийн баллоны холболт хийлгэсэн гэм буруутай, гал алдсан, бусдад хохирол учирсан нь шалтгаант холбоотой гэсэн байдлаар дүгнэсэн байдаг. Тэрээр компанийн өмнөөс хувиараа төлсөн. Иймд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан тул 9 918 903 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд шүүхэд гаргасан тайлбартаа: Гал гарсан үйлдэлд аюулгүй ажиллагааны журам, галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн буюу тухайн үеийн Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн нэхэмжлэгч Н.Гурвансайханд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд хохирол их хэмжээнд хүрээгүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3509 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Дээрх хэргийг хянан шалгах явцад яллагдагч Н.Гурвансайхан хохиролд 9 918 903 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл, гэм буруутай буюу яллагдагчаар татагдсан этгээд нь хариуцагч Ч.Болдбаатар биш, Н.Гурвансайхан болох нь дээрх үйл баримтаас харагддаг. Нэхэмжлэгч Н.Гурвансайхан буруутгагдан шалгагдаж буй өөрийнхөө үйлдсэн хэргийн хүрээнд хохирогчдод хохирлын мөнгө төлсөн нь хариуцагч Ч.Болдбаатараас нэхэмжлэх үндэслэл болохгүй. Дээрх үйл баримт нь прокурорын тогтоолоор нотлогдоно. Мөн 3 шатны шүүхээр хохирлын асуудал шийдэгдээд дууссан, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байгаа. Нэхэмжлэгч өөрийн холбогдсон хэрэгт одоо 9 918 903 төгрөгийг Ч.Болдбаатараас нэхэмжилж байна. Ч.Болдбаатар төлнө гэсэн хэлцлийг өмнөх хэрэгт өгсөн. Энэ талаар талууд хоорондоо маргасан. Шүүх хариуцагч нь гарын үсэг зураагүй, хүлээн зөвшөөрөөгүй, нэхэмжлэгч нь баримтаар нотлоогүй, үүнийг үнэлэх боломжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосныг Улсын Дээд шүүх хэвээр үлдээсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Горгаз компанийн газыг тээвэрлэн авч явж холбоод цалин хөлс авч байсан, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Авч явсан газ дэлбэрч аж ахуйн нэгжүүдэд хохирол учирсан үйл баримттай маргахгүй гэжээ.

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2019/01356 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Болдбаатараас 4 959 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Гурвансайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 959 903 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173652 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 94 294 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1600 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2019/01356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 294 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Н.Гурвансайханы нэхэмжлэлтэй иргэн Ч.Болдбаатарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 01356 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1600 дугаартай магадлалуудаар тус тус хянан шийдвэрлэж, хариуцагчаас 4 959 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд би шүүхийн шийдвэр, магадлалыг эс хүлээн зөвшөөрч гомдлыг гаргаж байна. Үндэслэл нь, анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Гурвансайхан өөрийн холбогдож буй эрүүгийн хэрэгт төлсөн хохирлоо хариуцагчаас нэхэмжлээд байгааг хоёр шатны шүүх зөв дүгнээгүй бөгөөд эрүүгийн журмаар нэгэнт буруутай этгээдээс нь гаргуулж шийдвэрлэсэн хохирлын асуудлыг иргэний журмаар өөр этгээдээс нэхэмжлэх үндэслэлгүй. Тухайн эрүүгийн хэрэгт холбогдож байсан нэхэмжлэгч Н.Гурвансайхан нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөд сайн дураараа хохирлоо төлж барагдуулсан эрүүгийн хэргийн прокурорын тогтоол өдгөө хүчин төгөлдөр байна. Эрүүгийн журмаар барагдуулсан хохирлын асуудлыг иргэний журмаар дахин гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуулийг ноцтой зөрчиж буй хэрэг.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 01356 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1600 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ: 

 Нэхэмжлэгч Н.Гурвансайхан нь хариуцагч Ч.Болдбаатарт холбогдуулан гэм хорын хохиролд 9 918 903 төгрөг гаргуулах шаардлага гаргасанд, Ч.Болдбаатар нь гурван шатны шүүхээр өмнө нь шийдвэрлэгдсэн гэж тайлбарлан татгалзжээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

 Н.Гурвансайхан нь гэм буруугаа зөвшөөрч хохирлоо төлж барагдуулсан эрүүгийн хэргийн тогтоол хүчин төгөлдөр байхад дахин гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуулийг ноцтой зөрчсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Ч.Болдбаатар нь Горгаз компанид борлуулагч жолоочоор ажиллаж байсан, түүний буруутай үйл ажиллагаанаас гал гарч бусдад гэм хорын 23 841 631 төгрөгийн хохирол учирсан, энэ хэргийн улмаас тухайн үед тус компанийн салбар хариуцсан захирлаар ажиллаж байсан Н.Гурвансайханыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж улмаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, тэрээр хохирлын зарим хэсэг болох 9 918 903 төгрөг төлсөн тухайд талууд маргаагүй байна.

 Дээрх хэргийн улмаас гал гарч бусдад эд хөрөнгийн хохирол учирахад хариуцагч Ч.Болдбаатарын ажил үүргээ биечлэн гүйцэтгээгүй бусдаар гүйцэтгүүлсэн буруутай үйлдлээс гадна, нэхэмжлэгч Н.Гурвансайхан байгууллагын удирдах ажилтны хувьд тухайн байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй байдалд шүүх дүгнэлт хийж нэхэмжлэлийн тал хувийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг зөрчөөгүй байна.

 Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар болон хариуцагчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж, талуудын мэтгэлцэх бүрэн эрхийг хангасан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2019/01356 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1600 дугаар магадлал тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболдын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 94 294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ЦОЛМОН

                                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                                            Х.СОНИНБАЯР

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Г.ЦАГААНЦООЖ