Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2019/01356

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батчимэг, Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н.Г-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.Б-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 9,918,903 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, иргэдийн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч нь “Горгаз” ХХК-ийн 21 дүгээр салбар хариуцсан захирлын албан үүрэг гүйцэтгэдэг. Хариуцагч Ч.Б нь манай салбарт 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл борлуулагч, жолоочоор ажилласан. Ийнхүү ажиллах явцдаа 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-2” худалдааны төвд газ хүргэж өгөхдөө өөрийн төрсөн дүү Ч.Болдхуягыг оруулж холболт хийлгэсний улмаас гал алдсан. Ийнхүү гал алдснаар нэхэмжлэгчид дараах байдлаар хохирол учирсан.

Тодруулбал хариуцагч Ч.Б-ын зааварчилгааны дагуу түүний төрсөн дүү Ч.Болдхуяг нь хийн баллоны холболт хийхдээ гал алдснаас болж 5 цайны газар шатаж нийт 9,918,903 төгрөгийн хохирол учирсан. Энэхүү хохирлыг нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс хохирол учирсан цайны газрын эздэд 2014 оны 10 дугаар сарын 30-31-ний өдөр төлж хохирлыг барагдуулсан.

Энэхүү төлбөрийг “Горгаз” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Б-т холбогдох хэргийг өмнө нь шүүхүүд шийдвэрлэхдээ “Горгаз” ХХК нь хариуцагчид өгсөн бус харин Н.Г хүлээлгэж өгсөн байна гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хохирлоо нэхэмжлэх эрхтэй.

Хариуцагч Ч.Б нь ажиллах явцдаа бусдад учруулсан хохирлоо нэхэмжлэгчид буцаан барагдуулах үүрэгтэй байсан боловч барагдуулалгүй Ч.Бнь ажлаас гарсан.

Өмнө нь “Горгаз” ХХК-аас Ч.Б-т холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг хэрэг нь 3 шатны шүүхээр шийдэгдсэн. Гэхдээ уг мөнгийг “Горгаз” ХХК өгөөгүй байна, нэхэмжлэгч Н.Г гэдэг хүн өгсөн байна гэдэг байдлаар шүүх шийдсэн. Хариуцагч Ч.Бнь өөрийн төрсөн дүү Ч.Болдхуягаар хийн баллоны холболт хийлгэсэн гэм буруутай, гал алдсан, бусдад хохирол учирсан нь шалтгаант холбоотой гэсэн байдлаар дүгнэсэн байдаг.

Иймээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд хохирол учруулж байх тул Ч.Б-аас 9,918,903 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тэрээр компанийн өмнөөс хувиараа төлсөн гэжээ.

 

Хариуцагч Ч.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Гал гарсан үйлдэлд аюулгүй ажиллагааны журам, галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн буюу тухайн үеийн Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн нэхэмжлэгч Н.Гурвансайханд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд хохирлын хэмжээ нь их хэмжээнд хүрээгүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн Дүүргийн 2 дугаар прокурорын газрын /одоогийн Баянгол дүүргийн прокурорын газрын/ 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3509 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байдаг. Дээрх хэргийг хянан шалгах явцад яллагдагч Н.Гнь хохиролд нийт 9,918,903 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл гэм буруутай буюу яллагдагчаар татагдсан этгээд нь хариуцагч Ч.Ббиш, харин Н.Гболох нь дээрх үйл баримтаас харагддаг. Нэхэмжлэгч Н.Гнь буруутгагдан шалгагдаж буй өөрийнхөө үйлдсэн хэргийн хүрээнд хохирогчдод хохирлын мөнгө төлсөн нь хариуцагч Ч.Б-аас нэхэмжлэх үндэслэл болохгүй. Дээрх үйл баримт нь прокурорын тогтоолоор нотлогдож байгаа. Мөн 3 шатны шүүхээр хохирлын асуудал шийдэгдээд дууссан, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байгаа.

Нэхэмжлэгч нь өөрийн холбогдсон хэрэгт одоо нэхэмжилж буй 9,918,903 төгрөгийг Ч.Б-аас нэхэмжилж байгаа. Болдбаатар төлнө гэсэн хэлцлийг өмнөх хэрэгт өгсөн. Энэ талаар ч талууд хоорондоо маргасан. Шүүх юу гэж үзсэн бэ гэхээр хариуцагч нь гарын үсэг зураагүй, хүлээн зөвшөөрөөгүй, нэхэмжлэгч нь туслах баримтаар үүнийгээ нотлоогүй, үүнийг үнэлэх боломжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосныг дээд шатны шүүхэд хэвээр үлдээсэн байдаг. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Горгаз компанийн газыг тээвэрлэн авч явж холбоод цалин хөлс авч байсан, нийгмийн даатгалын шимтгэл бол төлдөггүй. Авч явсан газ дэлбэрч аж ахуйн нэгжүүдэд хохирол учирсан үйл баримттай маргахгүй. Уг авч явсан газаас гал гарсан гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Гнь хариуцагч Ч.Б-т холбогдуулан гэм хорын хохиролд 9,918,903 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Зохигчид буюу нэхэмжлэгч талаас ...Ч.Бнь ”Горгаз” ХХК-ийн газыг хүргэж өгөх, холбох ажил үүргийг гүйцэтгэж явахдаа өөрийн гүйцэтгэх ажлыг бусдаар буюу дүү Болдхуягаар хийлгэснээр газын буруу холбогдож улмаар гал гарч бусдад гэм хорын хохирол учирсан. Уг гэм хороос 9,918,903 төгрөгийн хохирлыг би хувиасаа төлж барагдуулсан тул гэм хор учруулагч болох Ч.Б-аас хохирлоо нөхөж гаргуулна гэж, хариуцагч талаас ...Энэ маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Н.Г-ны төлсөн төлбөрийг хариуцах үндэслэл байхгүй, Горгаз компани гэм буруутай болоод түүний захирал нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад улмаар хохирлыг төлсөн байдаг гэж тус тус тайлбар гарган мэтгэлцдэг.

 

Талуудын тайлбар, мэдүүлгээс үзэхэд “Горгаз” ХХК-ийн газыг хариуцагч тээвэрлэж явсан, өөрийн дүүгээр буюу бусдаар газыг холбуулсан, тухайн холболт буруугаас болон гал гарч бусдад гэм хорын хохирол учирсан талаар маргаагүй бөгөөд энэ нь прокурорын тогтоол, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нотлогддог, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн –д заасны дагуу зохигчид дахин нотлох шаардлагагүй үйл баримт болно. 

 

Тодруулбал, дээрх галын хэргийн улмаас Н.Г-д эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж байсан бөгөөд Дүүргийн 2 дугаар прокурорын газрын прокурорын 2014 оны 10 сарын 30-ны өдрийн 3509 дугаартай тогтоолд “2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс 2” худалдааны Б зааланд байрлах иргэн М.Мажигийн түрээсэлдэг цайны газарт “Горгаз” ХХК-ийн туслах ажилтан Ч.Болдхуяг шингэрүүлсэн хийн түлштэй баллоныг сольж угсрахдаа ил галтай /лааны гэрэлд/ ойрхон ажилласнаас гал гарч 5 цайны газар шатаж, аюулгүй ажиллагааны журам болон галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад 23,841,631 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, галын шинжээчийн дүгнэлт... нотлох баримтуудаар тогтоогдож байх хэдий ч хохирлын хэмжээ нь их хэмжээнд хүрэхгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж үйл явдал болон гэм хорын шалтгаант холбоог тодорхойлсон байна.

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Горгаз” ХХК-иас Ч.Б-т холбогдуулан гэм хорын хохиролд 16,805,073 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцээд ...эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад төлсөн 9,918,903 төгрөгийг нэхэмжлэгч “Горгаз” ХХК бус Н.Гнөхөн төлсөн байх тул нэхэмжлэгч уг хохирлыг Ч.Б-с шаардах эрхгүй, 9,918,903 төгрөг төлөхөөр тохирсон хэлцлийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлээгүй болно гэсэн дүгнэлтийг хийж 2018 оны 09 сарын 06-ны өдрийн 2154 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давах болон хяналтын шатны шүүх хэвээр баталсан байдаг.

 

Дээрх үйл баримтаас дүгнэхэд Н.Гнь галын улмаас учирсан гэм хорын хохиролд 9,918,903 төгрөгийг төлсөн талаар талууд маргадаггүй бөгөөд хариуцагч талаас уг асуудлыг шүүх дүгнээд эцэслэн шийдвэрлэсэн тул хариуцахгүй гэсэн тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгч Н.Гиргэний хувиар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаагүй, байгууллагын удирдлагын хувьд хариуцлага хүлээх субъект учраас татагдсан болох нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх бөгөөд “Горгаз” ХХК-ийн төлөх гэм хорын хохирол, төлбөрийн нэг хэсгийг буюу 9,918,903 төгрөгийг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан учраас “Горгаз” ХХК-ийн өмнөөс төлж барагдуулсан үйл баримт тогтоогдож байна.  

 

Нэхэмжлэгч Н.Гнь газын баллон буруу холбосны улмаас гарсан галаас учирсан хохирлыг төлсөн, түүний гэм хорын хохирол төлсөн төлбөрийн асуудлыг шүүх хянан шийдвэрлээгүй, тэрээр иргэний хувьд байгууллагын гэм хорын хохирол төлбөр төлөх хариуцлагыг хүлээх үүрэггүй тул түүний төлсөн төлбөр болох 9,918,903 төгрөгийг галын улмаас бусдад хохирол учруулсан гэм буруутай этгээд хариуцах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасантай нийцнэ гэж үзэв.

 

Зохигчийн тайлбар, мэдүүлгээс үзэхэд иргэн Н.Гурвансайханы буруутай үйлдлээс гал гарч бусдын эд хөрөнгөд хохирол учруулаагүй байх бөгөөд газын баллон буруу угсарч холбосноос гал гарч бусдад хохирол учруулсан гэм буруутан нь Ч.Б болох, түүний гэм буруу нотлогдсон талаар талаад маргаагүй тул дээрх хуулийн зүйл, заалтын дагуу хариуцагч Ч.Бгэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

 

Хариуцагч Ч.Б-т ажил үүргийн хуваарьт хамаарах хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журам, зааварчилгааг өгч байсан гэх тайлбарыг нэхэмжлэгч талаас гаргадаг ч энэ үйл баримт нотлогдоогүй, нэхэмжлэгч Н.Гнь байгууллагын удирдлага болохын хувьд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 /аюулгүй ажиллагааны журам зөрчих/, 189 /галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчих/ дугаар зүйл, заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсч яллагдагчаар татагдаж байсан үйл баримт зэргээс үзэхэд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор урчах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасны дагуу “Горгаз” ХХК, түүний удирдлага бусдад хохирол учирсан гэм буруутай холбоотой, зохих буруутай, тодруулбал хариуцагч буюу гал алдаж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан Ч.Б түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирол төлбөр төлсөн гэх хохирогч “Горгаз” ХХК нарын гэм бурууг харгалзан 9,918,903 төгрөгийн хохирлын тал хувийг хариуцагч Ч.Б хариуцах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд нэхэмжлэгч Н.Г-аас гэм хорын хохирол 9,918,903 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 4,959,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын хангагдаж буй хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас гэм хорын хохирол учрахад Горгаз ХХК-ийн гэм буруу нөлөөлсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэсгийг тухайн буруутай этгээдээс нэхэмжлэхэд, шүүхэд хандахад энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б-аас 4,959,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,959,903 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,652 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 94,294 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.АМИН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                 Н.БАТЧИМЭГ

 

                                                                         Ч.НЯМСҮРЭН