Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2020/0690

 

2020 оны 10 сарын 27 өдөр           Дугаар 128/ШШ2020/0690           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “С” ХХК 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Г, Д.Б нар

Гомдлын шаардлага: ...2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн төлөөлөгч Ж.А, хариуцагч Г.Г, Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн төлөөлөгч Ж.А шүүхэд гаргасан гомдолдоо: ...Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Г, Д.Б нар нь татварын холбогдох хуулиудыг зөрчсөн гэж манай компанид нөхөн татвар 30,567,367.30, торгууль 9,170,210.20, алданги 6,113,473.50 нийт 45,851,051.00 төгрөг төлүүлэхээр шийтгэлийн хуудас өгснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар холбогдох тайлбарыг гарган санхүүгийн болон бусад баримт материалыг өгч байна.

Маргааны гол асуудал нь товчхондоо манай компани үйл ажиллагааныхаа
чиглэлийн дагуу бусдаас бараа материалыг худалдан авахад, тухайн хуулийн
этгээд буюу “И” ХХК, “Х” ХХК-иудаас бараа худалдан авсан барааны хамт татварын цахим системээр е-баримт шивж холбогдох санхүүгийн баримтууд өгсөн юм.

Татвар төлөгч, татварын алба хооронд үүссэн маргааны утга нь компани үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу бусдаас бараа материалыг худалдан авахад, тухайн хуулийн этгээдээс бараа худалдан авсныг нотлох нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь хуурамч байсан гэсэн асуудал юм.

Иймд манай компани нь ямар нэгэн хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бусдаас авч ашиглаагүй ажил, үйлчилгээ явуулахын тулд бодит бараа материал худалдан авсан. Удирдлагын зүгээс худалдан авалт хийсэн санхүүгийн анхан шатны баримт авчрахыг л тухайн албан тушаалтнаас шаарддаг.

Тухайн үед худалдан авалтын е-баримт татварын цахим системд шивэгдэж орж ирсэн ба бид тайландаа тусгасан тайлагнасан. Бид е-баримтаар шивэгдсэн падааныг татварын байгууллагаар хянагдаад татварын цахим системд тавигддаг зөвшөөрөгдсөн хүчин төгөлдөр падаан гэж ойлгож байна.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Г, Д.Б нарын 0******* дугаар бүхий шийтгэлийн хуудаст гомдол гаргаж буйн учир нь:

1. Манай компани нь борлуулагч “И” ХХК, “Х” ХХК-иудаас худалдан авалт хийснийг (борлуулалтыг тайлагнасан мэдээлэл байхгүй) Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Г, Д.Б нар нь манай компанийг гэм буруутай татвараа төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж үзэж нөхөн татвар, торгууль, алдангид нийт 45851051 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр хариуцлага тооцон хууль буруу хэрэглэсэн болно. Маргаан нь НӨАТ-ын падааны маргаан бөгөөд энэ нь НӨАТ-ын тухай хуулийн 14.5 болон Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасан хариуцлагын асуудал болно. Иймээс Татварын улсын байцаагчийн Татварын ерөнхий хуулийн (орлогоос хасч тооцохгүй) зарчмыг баримтлан ямар ч гэм буруугүй байгууллагад захиргааны давхар шийтгэл оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй.

2. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд тайлангаа үнэн зөв мэдүүлсэн худал хуурмаг зүйл нь засагдсан үйлдэл нь гэм буруугүй бол өршөөл үзүүлэх 6 дугаар зүйл заалтыг хэрэгжүүлэх ёстой.

Дээрх шийтгэлийн хуудас нь компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж шаардлага-ыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Г, Д.Б нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Н/108 тушаалын сүүлийн хагас жилийн Татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын хяналт шалгалт хийх 35180800414 тоот томилолтын дагуу тус компанийн 2015-2017 оны хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийхэд тус компани нь “И” ХХК-иас 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 18703660 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын цахим падаанаар 64,748,672.70 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18708375 нэмэгдсэн өртгийн албан татварын цахим падаанаар 148,884,090.90 төгрөгийн, “Х” ХХК-иас 2016 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийн 1161765569 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын цахим падаанаар 92,040,909.10 төгрөгийн нийт 305,673,672.70 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа материал худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь гарсан бөгөөд тус зөрчилд Монгол Улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд 14.4.Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ. 14.5.Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй. гэж зааснаар Монгол Улсын Татварын Ерөнхий Хуулийн 74 дүгээр зүйлд: 74.1 Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол...татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна; 74.1.4 тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх; 74.1.6 баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах; 74.1.8 хууран мэхлэх,хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл хийх; 74,3.Энэ хуулийн 74.1,74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх ... татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна гэсэн заалтыг зөрчсөн үйлдэлд 30,567,367.30 төгрөгийн нөхөн татвар, 9,170,210.20 төгрөгийн торгууль, 6,113,473.50 төгрөгийн алданги ногдуулсан шийдвэрлэсэн тул С ХХК-ний нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Талуудын тайлбар болон тэдгээрээс гаргаж өгснөөр хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр “С” ХХК-ний гаргасан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Г, Д.Б нарын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гомдол гаргагчаас манай компани нь ямар нэгэн хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бусдаас авч ашиглаагүй ажил, үйлчилгээ явуулахын тулд бодит бараа материал худалдан авсан. Тухайн үед худалдан авалтын е-баримт татварын цахим системд шивэгдэж орж ирсэн ба бид тайландаа тусган тайлагнасан, е-баримтаар шивэгдсэн падааныг татварын байгууллагаар хянагдаад татварын цахим системд тавигддаг зөвшөөрөгдсөн хүчин төгөлдөр падаан гэж ойлгож байна гэж маргаж, хариуцагчаас тус компани нь “И” ХХК-иас 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 18703660 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын цахим падаанаар 64,748,672.70 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18708375 нэмэгдсэн өртгийн албан татварын цахим падаанаар 148,884,090.90 төгрөгийн, “Х” ХХК-аас 2016 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийн 1161765569 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын цахим падаанаар 92,040,909.10 төгрөгийн нийт 305,673,672.70 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа материал худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж харилцан маргажээ.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Г, Д.Б нар нь Татварын хяналт шалгалт хийх 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 35180800414 тоот томилолтыг үндэслэн “С” ХХК-ний 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийгээд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0******* тоот шийтгэлийн хуудсаар нөхөн татвар 30,567,367.30, торгууль 9,170,210.20, алданги 6,113,473.50 нийт 45,851,051.0 төгрөгийн төлбөр ногдуулах шийтгэл ногдуулжээ.

“С” ХХК нь уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан байх бөгөөд Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

“С” ХХК-ийг хуурамч падаан бичүүлж, татварт ногдох орлогоо бууруулсан зөрчил гаргасан гэж ногдуулсан татварын байцаагч нарын шийтгэлийн хуудсын үндэслэл болсон “Х” ХХК, “И” ХХК-иудад Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар татвар төлөлт, ногдуулалтын байдалд шалгалт хийж, прокурорын тогтоол, шинжээчийн дүгнэлт гарсан байна. Үүнд:

            1. “Х” ХХК-ний хувьд:

Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ш, П.О нар нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 340000493 дугаартай Татварын улсын байцаагчийн дүгнэлтээр “Х” ХХК-ний 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж 2,553,698,325 төгрөгийн зөрчил илрүүлж, уг зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр хууль болон хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн байна.

            Дээрх татварын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Б-ийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 032 дугаартай “Х” ХХК-ний гүйцэтгэх захирал Б.У-т холбогдох эрүүгийн хэрэгт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр “Х” ХХК-ний 2015, 2016 онуудын зөрчилтэй борлуулалт болон 2015 оны зөрчилтэй худалдан авалтад холбогдох компаниудын нэрс, үнийн дүнг гаргасан байх бөгөөд “Х” ХХК-ний 2016 оны борлуулалтын №3-т “С” ХХК татварын улсын байцаагчийн дүгнэлтээр борлуулалт 92,040,909.09 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 9,090,909.09, нийт дүн 101,245,000.00 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр борлуулалт 92,040,909.09 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 9,090,909.09, нийт дүн 101,245,000.00 төгрөг гэжээ.

2. “И” ХХК-ний хувьд:

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10д/6590 тоот Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын дарга С.Б-д хүргүүлсэн албан бичгээр ...Эрүүгийн 201726010637 дугаартай хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 340000490 дугаартай дүгнэлтэд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээ хийлгэхэд хавсралтад заагдсан 172 аж ахуйн нэгжүүдийн татвар тооцогдох зөрчил нь Монгол улсын Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээ хүрэхгүй байх тул Татварын ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авч хариуг ирүүлнэ үү гэжээ.

Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Б-ын ирүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шинжилгээ хийлгэх тогтоол, ШБМХ-ийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийн дагуу “И” ХХК-д холбогдох эрүүгийн 201726010637 дугаартай хэрэгт шинжилгээ хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “И” ХХК-ний 2016 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.С, С.Э нарын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 340000490 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Татварын улсын байцаагчийн актаар 2016 онд 34,796,595,966.36 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнасан гэж үзсэн нь эдийн засгийн шинжилгээгээр 34,566,154,147.87 төгрөгийн борлуулалтын орлогыг тайлагнасан байна. Мөн 33,55,477,028.24 төгрөгийн үнэ бүхий бараа материал импортлоогүй, худалдан авч төлбөр төлөөгүй гэж үзсэн нь эдийн засгийн шинжилгээгээр 33,479,102,257.40 төгрөгийн нотлогдохгүй импортын худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнасан байна гэжээ.

“И” ХХК-иас Худалдан авалтын буцаалт хийж тайлагнасан нэр бүхий 93 аж ахуйн нэгж байгууллага, Худалдан авалтын буцаалт хийгээгүй нэр бүхий 169 аж ахуйн нэгж байгууллагын нэрсийн хүснэгтэд “С” ХХК-ний нэр байхгүй боловч “И” ХХК-ний компаниудад хий бичилттэй падаан бичсэн нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 03 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор “И” ХХК-ний захирал У.А... нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт бүртгэлт явуулсан эрүүгийн 201726010637 дугаартай хэргийг хянаад У.А нь “И” ХХК-ний захирлаар ажиллаж байхдаа нэр бүхий 677 аж ахуйн нэгжтэй ямар нэгэн бараа материал, ажил үйлчилгээ худалдан авах, борлуулах үйл ажиллагаа явуулаагүй атлаа 45.6 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримтыг бүрдүүлэн бусдыг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон, татвар ногдох орлогыг санаатайгаар бууруулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэх эрүүгийн 201726010637 дугаартай хэрэгт яллагдагчаар татсан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 350******* тоот дүгнэлтээр “С” ХХК-ний татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж 30,567,367.30 төгрөгийн нөхөн татвар, 9,170,210.20 төгрөгийн торгууль, 6,113,473.50 төгрөгийн алданги, нийт 45,851,050.9 төгрөгийн төлбөр төлүүлэхээр ногдуулсан байна. Хэрэгт татвар төлөгч “С” ХХК нь энэхүү актаар ногдуулсан төлбөрийг төлсөн талаарх баримт байхгүй, талууд төлсөн эсэх талаар маргаагүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 14 дүгээр зүйлийн 14.5-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасан байх ба уг хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд өөрийн эрхэлдэг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах зориулалтаар бусдаас худалдан авсан барааны хувьд түүнийг худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн этгээдийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор, харин худалдан авагч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь падаан, холбогдох санхүүгийн баримтуудаар тогтоогдсон байх хуулийн зохицуулалттай байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3-т Анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлнэ гэж заасан ба “С” ХХК-ний анхан шатны санхүүгийн баримт болох “И” ХХК-иас худалдан авалт хийсэн 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 18703660 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18708375 нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, “Х” ХХК-иас “С” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр худалдан авалт хийсэн е-баримтын цахим төлбөрийн баримт, кассын орлого, зарлагын баримт зэрэг баримт хэрэгт авагдсан боловч төлбөрийн нэхэмжлэх, нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр төлбөр төлсөн баримт, банкны дансны хуулга, 2015-2017 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан зэрэг нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр татвараа тайлагнасан гэдгийг нотлох санхүүгийн анхан шатны бусад баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.3 дахь хэсэгт Нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй гэж заасан ба гомдол гаргагчаас гомдлын үндэслэлээ нотолсон баримтууд болох “И” ХХК-иас худалдан авалт хийсэн гэх 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 18703660 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18708375 нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу канондсон хувилбараар, “Х” ХХК-иас 2016 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийн 1161765569 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй. Эдгээр падаануудыг цахим хэлбэрээр хэрэгт гаргаж өгөөгүй боловч талууд энэ талаар маргаагүй болно.

Дүгнэвэл, “Х” ХХК, “И” ХХК-иудын хий бичилттэй падаан бичсэн нь Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоол, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 032 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоноос үзвэл “С” ХХК нь албан татвараа бууруулсан болох нь нотлогдож байна.

Гомдол гаргагчаас манай компани нь ямар нэгэн хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бусдаас авч ашиглаагүй ажил, үйлчилгээ явуулахын тулд бодит бараа материал худалдан авсан. Удирдлагын зүгээс худалдан авалт хийсэн санхүүгийн анхан шатны баримт авчрахыг л тухайн албан тушаалтнаас шаарддаг гэсэн байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-т ...Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: 1.1-т зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол; гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл “С” ХХК-ний бараа материал авсан гэх “Х” ХХК, “И” ХХК-иудад холбогдуулж хий бичилттэй падаан бичсэн талаар Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоол, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 032 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байх тул татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэснийг зөрчиж, албан татвараа бууруулсан, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлогоо, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.1.4-д тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан, тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх, 74.3-д Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна гэж заасныг үндэслэн нөхөн татвар 30,567,367.30, торгууль 9,170,210.20, алданги 6,113,473.50 нийт 45,851,051.0 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн гомдол гаргагчаас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд тайлангаа үнэн зөв мэдүүлсэн худал хуурмаг зүйл нь засагдсан үйлдэл нь гэм буруугүй бол өршөөл үзүүлэх 6 дугаар зүйл заалтыг хэрэгжүүлэх ёстой гэж тайлбарлаж байгаа боловч “С” ХХК нь “Х” ХХК, Их мөрөөдлийн жигүүр зэрэг компаниас хий бичилттэй худалдан авалт хийсэн болох нь татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул Засгийн газрын 2015 оны 343 дугаар тогтоолоор батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэглэх журам-ын 2 дугаар зүйлийн 2.1-д Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно, 2.1.1-д "нуун дарагдуулсан гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг гэсэн заалтыг зөрчсөн байх тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар тайлагнасан гэж үзэх үндэслэлгүй байна.

“С" ХХК нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д ...Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:, 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.3-т анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, хүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах гэж заасныг зөрчиж “И” ХХК-иас 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 18703660 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын цахим падаанаар 64,748,672.70 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18708375 нэмэгдсэн өртгийн албан татварын цахим падаанаар 148,884,090.90 төгрөгийн, “Х” ХХК-иас 2016 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийн 1161765569 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын цахим падаанаар 92,040,909.10 төгрөгийн нийт 305,673,672.70 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа материал худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Г, Д.Б нарын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Энэхүү шүүхийн шийдвэр нь гомдол гаргагчаас иргэний хэргийн шүүхэд хандаж хохирлоо нэхэмжлэхээр нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ               Ц.ОДМАА