Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 63

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Г.Золзаяа,

хохирогч Г.Амараа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч Ч.Тулгабаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт Ч.Тулгабаярыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626010719 дүгээр хэргийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 3 дугаар гудамж, 15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Банганхан овогт Чойбаатарын Тулгабаяр /РД:УК89122719/.

Шүүгдэгч Ч.Тулгабаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “ЖИ” нэртэй шөнийн цэнгээний газарт бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч Г.Амарааг “мөрлөлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн бие махбодид нь “доод эрүү ясны далд хугарал, эрүүний баруун талд зөөлөн эдийн няцрал, баруун шууд өнгөц зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Тулгабаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэх өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд монгол гэр, 700.000 төгрөг өгсөн байгаа. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.

Хохирогч Г.Амараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр найз нартайгаа хамт бааранд сууж байсан. Тэгээд ариун цэврийн өрөө орох гээд явж байгаад Ч.Тулгабаяртай мөрлөлцөөд уучлаарай гэж хэлэхэд намайг цохисон. Одоо гомдол санал байхгүй” гэв.

 

201626010719 дүгээр хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Г.Амараагийн: “...Миний бие бүжгийн талбайгаас гараад 00 орох үед жижиг биетэй шар царайтай залуу надтай шүргэлцээд мөрлөлцөхөөр нь миний бие нөгөө залуугаас уучлаарай гэхэд тэрээр намайг түлхэж буланд шахаад шанааны баруун хэсэгт нэг удаа гараараа цохихоор нь би доошоо тонгойход миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд миний амнаас цус гоожоод байсан, баарны хамгаалагч залуу орж ирээд намайг тэндээс гаргаж эмнэлэг яв гэж хэлсэн. ...намайг цохисон залууг би танихгүй. Тэр хүнтэй ямар нэгэн байдлаар урьд өмнө нь хэрүүл маргаан, өр авлага, өс хонзонгийн зүйл байгаагүй. Би тэр хүнийг цохиж зодоогүй. ...Эрүү хугарсан доод үүдэн 2 шүд хөдөлгөөн орсон байна. Тэр явдлаас хойш хагалгаанд орж шинээр хугарсан эрүүгээ хадуулсан. Надад нийт 250 000 төгрөгийн хохирол учраад байгаа, энэ хохирлоо нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-11-13/,

Гэрч Б.Гоомаралын: “...Би бүжгийн талбайд байж байхад гадаа маргаан болоод байна гэхээр нь бүжгийн талбайгаас гарахад ариун цэврийн өрөөний үүдэн дээр нэг залуу Тулгабаяр гэж манай найз руу хандаж “чи миний эрүү цохидог хэн бэ” гээд дайрахад хамгаалагч нар 2 тийш нь салгасан. ...Ямар хүнийг хэзээ хаана, яагаад цохисныг би хараагүй, энэ талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-14/,

Гэрч Н.Орхоны: “...Өвчтөн Г.Амараа 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр эрүүний баруун булангийн зөрүүтэй хугарлыг ялтас шургаар бэхэлж хадах мэс заслын эмчилгээ хийгдсэн. Г.Амараа 1 сарын өмнө эрүүний ооч хэсэг болон 2 талын үений толгойн зөрөөтэй хугарлыг авто осолд орсон гэсэн шалтгаанаар над дээр хагалгаанд орж байсан. 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр орсон эрүүний баруун булангийн хугарал нь сүүлд гэмтсэн буюу зодуулах үедээ гэмтсэн шинэ хугарал байсан” гэх мэдүүлэг /хх-16/,

Гэрч О.Баярсайханы: “Миний бие уг газарт хамгаалагч ажилтай. 2016 оны 3 дугаар сарын 02-ны орой манай бааранд миний найз Г.Амараа өөрийн найзуудтайгаа орж ирж бүжиглэсэн. Тэгээд би тайзан дээр заалаа хараад байж байтал 00-д зодоон боллоо гээд гүйлдээд байхаар нь би 00 руу яваад ороход Г.Амараа доошоо тонгойсон амнаас нь том том нөж гарч байсан. Юу болсон талаар асуухад тэрээр хажууд нь зогсож байсан шар царайтай намхан залууг заагаад энэ зодчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-20/,

Гэрч Б.Цогтсайханы: “...Амараагийн найз Батка гэх залуу гүйж орж ирээд надад хандаж танай дүү 00-д цохиулсан байна гэхээр нь яваад очиход Г.Амараа амнаас нь цус гарсан амаа гараараа дарчихсан доошоо тонгойсон байдалтай сууж байсан. Амараа надад хэлэхдээ тэнд байсан жижиг биетэй шар цамцтай сүүлд хар савхин куртик өмссөн байсан залуу цохьсон гэж хэлсэн бөгөөд шалтгаан нь Амараа тэр залуу хоёр нэг нэгнийгээ мөрлөж тэгээд нөгөө залуу нь Амарааг мөргөж нүүр рүү нь цохьсон гэж хэлсэн. Амараа 2015 онд осолд орж баруун зүүн эрүүний цоожлогч ясыг авахуулсан, эрүүний урд хэсгийг хадуулсан байсан бөгөөд хагалгаанд ороод 1 сар гаруй болсон. Зодоон болохоос 2 хоногийн өмнө эрүүндэх аппаратаа авахуулсан байсан” гэх мэдүүлэг /хх-21/,

Гэрч Ө.Оюунчимэгийн: “...Г.Амараа гэх залууг танина. Тэрээр манайд байнга үйлчлүүлдэг. 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр манай байгууллагын 00 дотор Г.Амараа бусдад цохиулж цагдаа ирж авч явсан. Манай байгууллага 00 дотор камер байхгүй” гэх мэдүүлэг /хх-24/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.03.04-ний өдрийн 3154 дүгээр актын  дүгнэлтэд: “1.Г.Амараагийн биед доод эрүү ясны далд хугарал, эрүүний баруун талд зөөлөн эдийн няцрал, баруун шуунд өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. ...2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-27/,

Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 2016.04.18-ны өдрийн 450 дугаар дүгнэлтэд: “1.Г.Амараагийн биед тухайн үед хэвтэж эмчлүүлсэн гэх өвчний түүхэнд доод эрүүний яс хугарч, бэхэлсэн хугарлын орчмын 2ш шүд авагдсан гэмтэл учирсан байна. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 болон хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.Уг гэмтэл нь 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр үүссэн байх боломжтой цаг хугацаа тогтоогдож байна. 4.Эмчилгээ хийгдсэн өвчний түүхээс үзэхэд тухайн үед үүссэн шинэ гэмтэл байна. 5.Эрүүний ясны хугарал нь ШЭГЗТЖ-ын 2.3.1 зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 6.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. 7.Шинжээч эмч Т.Сэлэнгээнийн 2016.03.04-ний өдрийн 3154 тоот дүгнэлт үндэслэлтэй байна” гэжээ. /хх-33/,

гэрч Б.Сүрэнгаравын мэдүүлэг /хх-18/, гэрч И.Нарандэлгэрийн мэдүүлэг /хх-19/, шинжээч С.Одончимэгийн мэдүүлэг /хх-34-35/, Ч.Тулгабаярын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/, хохирогчийн өвчний түүх /хх-48-71/, Г.Амараагийн хүсэлт зэргийг уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ч.Тулгабаяр согтуурсан үедээ 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЖИ” нэртэй шөнийн цэнгээний газарт бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Г.Амарааг “Мөрлөлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн бие махбодид нь “доод эрүү ясны далд хугарал, эрүүний баруун талд зөөлөн эдийн няцрал, баруун шуунд өнгөц зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчээс үйлдсэн хэргийнхээ талаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.Тулгабаярыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Г.Амараа нь “хохиролд 700.000 төгрөг, монгол гэр авсан байгаа. Одоо Ч.Тулгабаярт гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгааг харгалзан шүүгдэгч Ч.Тулгабаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэж байна.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.Тулгабаяр цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Банганхан овогт Чойбаатарын Тулгабаярыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Ч.Тулгабаярыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ч.Тулгабаярт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.Тулгабаяр цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан Ч.Тулгабаярт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Тулгабаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Тулгабаярт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Л.БААТАР