Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/106

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0047/Э/001/2022/0005

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Б.Батсүх,

Хохирогч Н.Б, Ч.Б, Ч.Ү, Х.Б, Д.Б, Д.Б, Н.О, Б.Х, Ж.Б, Ч.Б, Ц.Б, Х.Д, Л.Б-онлайн,

Хохирогч Б.Г, Б.О, Б.Х, Д.Б, Ч.Ү, А.О, Б.Б, Х.Д нарын өмгөөлөгч П.Б,

Хохирогч Н.Б, Н.О нарын өмгөөлөгч Б.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа, Б.Билгүүн,

Шүүгдэгч Г.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Г-ын Ү-д холбогдох эрүүгийн 1918007400018 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Г-н Ү /РД: ................./, 19... оны .... дугаар сарын .....-ны өдөр ..... аймгийн ....... суманд төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ...... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., нөхөр .... хүүхдийн хамт ..... аймаг, ......сум, ..... дүгээр баг, ..... ..... дугаар байр ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Д.Батмөнх, хяналтын прокурор Б.Батсүх, хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Дэлгэрмэнд нар нь шүүгдэгч Г.Ү-г нэр бүхий 20 иргэнээс нийт 297,214,257 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Ү-н өгсөн:  Хохирогч  Б-с 7,000,000 төгрөг зээлж аваад 560,000 төгрөг төлсөн. н.Б-д 8,177,000 төгрөг өгөх ёстой гэж байгаагаас  4,526,400 төгрөгийг өгсөн байгаа.  н.Г-д 22,511,000 төгрөг  өгөх ёстой  гэж байгаагаас  10,967,000  төгрөгийг  2019  оны  10 дугаар  сарын  24-ний өдөр өгсөн байгаа. н.Х-д 11,516,000 төгрөг өгөх ёстой гэж байгаагаас 450,000 төгрөгийг өгсөн байгаа. Эдгээр мөнгөнүүд хасагдах ёстой гэж бодож байна. Бусад төлбөр дээр маргаж байгаа зүйл байхгүй. Би Б гэдэг хүнийг танихгүй, энэ хүнтэй юанийн харилцаа үүсгэж байгаагүй. н.Б надад н.Б гэдэг хүнийг танилцуулсан. 30,000 юань авахаар 10,740,000 төгрөгийг надад өгсөн. Би н.Б-г залилж мэхлээгүй. Бид хоёрын хоорондох харилцаа иргэний эрх зүйн харилцаа байсан. Би түүнээс авсан мөнгөө өөр хүнд өгөөд алдсан учир мөнгийг нь өгч чадаагүй. Би эдгээр хүмүүсээс юанийн захиалга гэж мөнгө аваад 7 хоногийн дараа хүмүүст юанийг нь өгдөг байсан. Заримдаа төгрөг хэвээр нь буцааж өгдөг байсан. 7 хоногийн хугацаанд юанийн ханш ямар байгаагаас шалтгаалан юанийн ханш буувал дундаас нь ашиг олдог, ханш өсвөл өөрөөсөө мөнгө нэмж юанийг нь авч өгдөг байсан. БНХАУ-ын Эрээн хотод оршин суудаг н.Н гэдэг хүнтэй 2015 оноос хойш харьцаж эхэлсэн ба 2015-2019 он хүртэл надад юань хямд үнээр өгдөг байсан. Заримдаа Найман шарга дээр байдаг н.Н гэдэг хүнээс бас юань авдаг байсан.

Хохирогч нараас авсан мөнгөө н.С, н.Т, н.О нарт өгсөн байгаа. Нийт хохирол 297,111,000 төгрөгөөс н.С-д 120 сая, н.О-д 80 сая төгрөг, н.Т-д 110 сая төгрөг шилжүүлээд авч чадаагүй. Миний хувьд 2018-2019 онд хохирогч нарт өргүй байсан. Би н.С-д ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар хэлэхэд “чи юань авах мөнгөө өөртөө 7 хонуулж байхаар надад 7 хоногийн хугацаатай өгчих, би 10 хувийн ашигтай буцааж өгье” гэсэн юм. Ингээд би н.С-д мөнгө өгч, н.С надаас авсан мөнгөө эргэлдүүлээд бид хоёр ашгаа хуваадаг байсан юм. н.С-тай ажиллахад ашигтай байсан, юанийн зөрүүгээс 4-6 төгрөгийн ашиг авдаг байсан. н.С-д надад ашиг өгдөг байсан. Намайг мөнгө явуулахад ашиг нь тэд шүү гэж хэлээд явуулдаг байсан. 7 хоногийн дараа мөнгөө буцааж аваад хүмүүст юанийг нь авч өгдөг байсан. Сүүлд н.С, н.Т, н.О нараас мөнгөө авч чадаагүй тул энэ хүмүүсийг хохироогоод байна гэв.

1. Хохирогч Ч.Ү-н өгсөн: Ү 2018 оноос хойш юань зардаг байсан. Би Ү-с юань авдаг байсан. Хамгийн сүүлд Ү “хямдхан юань байна, та аваач” гэхээр нь юань авахаар 2019 оны 8 сарын 15-наас 9 сарын 20-ны хооронд 4 удаагийн гүйлгээгээр 12,000,000 төгрөг Ү-д өгсөн. Ү надад юанийн зөрүү гэж 1,581,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 10,419,000 төгрөгөө нэхэмжилж байна мэдүүлэг,

2. Хохирогч Б.Х-н өгсөн: Г.Ү надад “Х эгч танд мөнгө байгаа юу, би юань зарж ашиг олдог юм” гэхээр нь би Ч.Ү-с “Г.Ү ийм зүйл яриад байна, үнэн юм уу?” гэж асуутал “үнэн, юань зардаг юм” гэсэн. Тэр дагуу л би Г.Ү-д мөнгө өгсөн. 2019 оны 7 сарын 05-наас 10 сарын 14-ний хооронд 11,666,000 төгрөг өгсөн. Үүнээс 1,000,000 төгрөгийг 15 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Үлдэх 10,666,000 төгрөгийг юань авахаар өгсөн. Хүүнд нь 450,000 төгрөг буцааж авсан. Хүүнд авсан 450,000 төгрөгийг хасаад 11,216,000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг, 

3. Хохирогч Х.Д-н өгсөн:  Би Ү-тай 2017 оноос хойш буюу зах дээр зогсож эхэлсэн цагаас нь нөхөрлөж, хамт бараандаа явж, бие биеэндээ тус дэмтэй явдаг байсан. Би өмнө нь Ү-с юань авдаг байсан. 2019 оны 8 сарын 07-нд Ү барааны эргэлтэндээ нэмэрлэх гэсэн юм гээд надаас 2,000,000 төгрөг зээлж авсан. 2019 оны 10 сарын 16-нд 3,663,000 төгрөг юань авахаар Ү-д өгсөн. Маргаашнаас нь Ү-тай холбогдож чадахаа больсон. Зээлсэн 2,000,000 төгрөгнөөс 400,000 төгрөг буцааж авсан. Одоо 5,263,000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

4. Хохирогч Ж.Б-н өгсөн: Ү намайг танихгүй гэж байна. Гэхдээ бид хоёр зах дээр зэргэлдээ лангуун дээр суудаг. Манай эхнэр зах дээр эрүүл ахуйн байцаагч хийдэг. Манай эхнэр Б 2019 оны 9 сарын 20-нд Ү-с 358 төгрөгөөр бодоод 30,000 юань авъя гээд 10,740,000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ мөнгөө нэхэмжилж байна. Өмнө нь бас манай эхнэр Ү-с юань авч байсан юм билээ гэх мэдүүлэг,

5. Хохирогч Л.Б-н өгсөн: Би садангийнхаа О гэдэг хүнээр дамжуулж арай хямдхан юань зардаг хүн байгаа гэхээр нь Ү-тай танилцсан. 2019 оны 8 сарын сүүлээс 10 сарын 13-нийг хүртэл 4-5 удаа юань авч байсан. Тухайн үед мөнгөө шилжүүлснээс хойш 7-10 хоногийн дараа юань гардаг шүү гэж байсан. Өмнө нь хэд хэдэн удаа юань авахад хугацаандаа гарч байсан. Сүүлд 2019 оны 10 сарын 13-нд 2 удаагийн гүйлгээгээр 35,200,000 төгрөг шилжүүлж, 100,000 юань захиалсан боловч юань авч чадаагүй. Энэ 35,200,000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

6. Хохирогч Ц.Б: Би Ү-тай албан ёсоор танилцаагүй. Харин Г-тай хамт бараандаа явдаг, сайн харилцаатай байсан. Г хямдхан юань аваач гэхэд нь би тоодоггүй байсан. Г зүгээр эгчээ гээд байхаар нь 2019 оны 9 сард Г-тай хамт Ү-н данс руу мөнгө шилжүүлж юань захилсан. 7 хоногийн дараа Г-н дансаар захиалсан юань орж ирсэн. Дараа нь дахин 50,000 юань захиалаад би өөрөө юанийн данс нээлгэсэн. 2019 оны 10 сарын 09-нд миний юанийн дансаар 50,000 юань орж ирсэн. Гэтэл дахиад хямдхан юань аваач гэхээр нь 50,000 юань захиалж 17,900,000 төгрөг Ү-д шилжүүлсэн. Тэгээд мөнгөө авч чадаагүй. Одоо 17,900,000 төгрөг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна гэх мэдүүлэг,

7. Хохирогч Х.Б-н өгсөн: Би бараандаа явах гээд юань авах зорилгоор Ү-д 2019 оны 10 сарын 7-13-ны хооронд 3 удаагийн гүйлгээгээр 37,540,000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөө авч чадаагүй. Өмнө нь Ү-с юань авч байсан. Банкны ханшаас 4-6 төгрөгөөр хямд авдаг байсан. Одоо 37,540,000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

8. Хохирогч Н.Б-н өгсөн: Би Ү-г сайн танина. Өөрийн дүү Н.О-с мэдээлэл аваад Ү-с юань авсан. 2019 оны 10 сарын 01-нд 1 юанийг 358 төгрөгөөр бодоод 42,000 юань авахаар 15,036,000 төгрөг өгсөн. Юань болон мөнгөө авч чадаагүй байгаа. Гомдолтой байна. 15,036,000 төгрөгөө нэхэмжилж байна.

9. Хохирогч Н.О-н өгсөн: 2019 оны 9 сарын сүүлээр Ү хямд юань орж ирж байна, 358 төгрөгөөр юань орж ирсэн захиалах уу гэж ярьсан. 2019 оны 10 сарын 01-нд юань авахаар 17,900,000 төгрөг Ү руу шилжүүлсэн. 7 хоногийн дараа юань гарна гэж байсан. Гэтэл аав маань 2019 оны 10 сарын 08-нд гэнэт нас барсан. 2019 оны 10 сарын 10-нд Ү руу залгаж асуутал чиний юань арай ороогүй байна, маргааш орно гэж хэлсэн. Нэг эгнээнд лангуу түрээслэн зогсдог учраас итгээд мөнгөө өгсөн. Өмнө нь 2-3 удаа юань авч байсан. Одоо 17,900,000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

10. Хохирогч Ч.Б-н өгсөн: 2019 оны 10 сарын 10-нд Ү-тай хамт бараандаа явсан. Тэр үедээ Ү-с 9,000,000 төгрөгөнд юань авчихсан байсан. Буцах замдаа 2019 оны 10 сарын 11-нд 11,000,000 төгрөгийг юань авахаар шилжүүлсэн. Энэ мөнгөө авмаар байна. Өмнө нь юань захиалж авдаг байсан. Ү-н найз С-н нөхөр уурхайд ажилладаг, цалинг нь юаниар тавьдаг. Тэр юанийг нь авч зардаг гэж Г.Ү надад хэлсэн гэх мэдүүлэг, 

11. Хохирогч Д.Б-н өгсөн: Анх 2019 оны 3 сараас 3-4 удаа юань авч байсан. Дунд нь юанаа авч чадахгүй юанийн зөрүү гэж хэдэн төгрөг авсан. Сүүлд 2019 оны 9 сард юань захиалсан. Тухайн үед юань 365 төгрөгийн үнэтэй байхад Ү-с 358 төгрөгөөр юань захиалсан. Юанийн зөрүү гэж авсан бүх мөнгөө хасаад үлдэгдэл 8,177,903 төгрөгөө нэхэмжилж байгаа. Юанийн зөрүү гэдэг нь тухайн үедээ юань захиалчихаад бараандаа явах болоогүй үед Ү хэрэглэхгүй байж байхаар надад өгчих, би эргэлдүүлээд чамд ашиг өгье, надад ч ашигтай гэхээр нь энэ юанаа Ү-д өгөөд зөрүү гэж авдаг мөнгө юм гэх мэдүүлэг,

12. Хохирогч Д.Б-н өгсөн: Өмнө нь манай эгч Д.Б “Ү-с юань авах гэж байна, чи авах уу” гэхээр нь би авдаг байсан. 2019 оны 6 сарын 25-нд манай эгч над руу яриад “Ү ярьж байна, юань хямдхан орж ирж байна гэнэ, их мөнгөнд захиалах тусам хямдрах юм байна. 7 сарын сүүлээр намрын бараагаа татдаг юм чинь нэг мөсөн тэрнийхээ юанийг захиалчих” гэхээр нь Ү руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн. 7 хоногтоо захиалсан юань маань ирсэн. Гэтэл Ү манай эгч рүү яриад “дүү чинь удахгүй төрөх гэж байгаа юм чинь мөнгийг нь би эргэлдүүлчихье, надад ч ашигтай, дүүд чинь ч ашигтай” гэсэн байсан. Юанийн зөрүүд 5 сая гаран төгрөг авсан. Үлдэгдэл 14,729,170 төгрөг нэхэмжилж байна. Би одоо 1-10 насны 4 хүүхэдтэй, Ү-д мөнгөө өгч хохирсноосоо болоод ажлын байраа зарсан. Маш их гомдолтой байна гэх мэдүүлэг,

13. Хохирогч Ч.Б-н өгсөн: Би Ү-г 2018 оноос хойш мэднэ. Надаас мөнгө зээлдэг байсан. Зээлсэн мөнгөө хугацаандаа төлдөг байсан болохоор итгэдэг байсан. Хамгийн сүүлд 2019 оны 10 сарын 10-нд над руу яриад Замын-Үүдэд ирсэн байна, бараа авах гэсэн юм мөнгө зээлээч гэхээр нь 7,000,000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш 280,000 төгрөгөөр 2 удаа нийт 560,000 төгрөг надад өгөөд сураг тасарсан. 10 сарын 15, 16-ны үед Ү дампуурлаа зарлачихсан явсан юм билээ. Гэрээслэл бичээд алга болчихсон гээд шуугиад эхэлсэн. Надаас авсан мөнгөөрөө бараа авсан эсэхийг мэдэхгүй. Би 560,000 төгрөгийг хасаад 6,440,000 төгрөг нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг,

        

Мөрдөн байцаалтад:

14. Хохирогч Б.Г-н өгсөн: Би 2002 оноос хойш Дархан зах дээр бараа зарж борлуулж байна. Сүүлийн 2-3 жилээс энэ Үүрийнтуяа миний ойролцоо бараа зарах болсон, тэр цагаас таних болсон. 2018 оны 09 дүгээр сараас хойш Г.Ү хямд юань байна авах уу? манай найзын нөхөр Таван толгойд ажилладаг, хямд юань орж ирдэг юм гээд зах зээлийн үнээс 10-12 төгрөгөөр хямд юань зарж байсан. Тэгэхээр нь би 2019 оны 07 дугаар сараас эхлээд бараандаа явахдаа юань захиалж авч эхэлсэн. 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр надаас 600,000 төгрөг зээлчих гээд дансаар авсан. Түүнээсээ 150,000 төгрөгийг буцааж өгсөн. 2019 оны 08 сарын 21-нд Г.Ү надаас бэлнээр 410,000 төгрөг авсан. Би юань захиалах гээд үүн дээрээ нэмээд 2019 оны 08 сарын 23-нд 5,000,000 төгрөг, 2019 оны 09 сарын 02-нд 10,000,000 төгрөг, 12,630,000 төгрөг, 2019 оны 09 сарын 15-нд 1,500,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 2019 оны 09 сарын 25-нд 500,000 төгрөг, 2019 оны 10 сарын 02-нд  490,000 төгрөгийг тус тус өгсөн.

Үүнээсээ би 2019 оны 09 сарын 11-нд 1,200,000 төгрөг, 2019 оны 09 сарын 18-нд 1,500,000 төгрөг, 1,040,000 төгрөг, 2019 оны 09 сарын 23-нд 309,000 төгрөг, 32,000 төгрөг, 2019 оны 09 сарын 25-нд 504,000 төгрөг, 2019 оны 09 сарын 27-нд 990,000 төгрөг, 2019 оны 09 сарын 30-нд 391,000 төгрөг, 2019 оны 10 сарын 02-нд 1,130,000 төгрөг, 2019 оны 10 сарын 09-нд 1,123,000 төгрөг, 2019 оны 10 сарын 10-нд бэлнээр 28,000 юань буюу 10,000,000 сая төгрөг, 2019 оны 10 сарын 13-нд 250,000 төгрөгийг тус тус Г.Ү-с авсан. Одоо би цэвэр 22,511,000 төгрөгийг Г.Ү-с авах ёстой... гэх мэдүүлэг, хохирогч Б.Г-н эзэмшлийн ............ дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирлын тооцоо /1-р хх-ийн 45-54/ 

15. Хохирогч Б.О-н өгсөн: Г.Ү хямд юань зарж байгаа гэж хэлэхээр нь хаанаас чи юань авч байгаа юм бэ? гэхэд Монос худалдааны төвийн 2 давхарт байдаг манай найзын нөхөр нь Өмнөговь аймагт ажилладаг. Тэнд байдаг жолооч нараас юань авдаг гэж байсан. Ингээд би 2018 оны 10 дугаар сараас эхлэн бараандаа явахдаа Ү-с юань авч байсан юм. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр намайг бараандаа яваад буцаад Дархан руу явж байтал Г.Ү залгаад 352 төгрөгөөр юань зарах гээд байна. 10-15 хоногийн дараа юань гарна. Тийм учраас гялс захиал, үүнээс хойш хямд юань гарч ирэхгүй, юаний захиалга дуусах гээд байна гээд дахин дахин утсаар яриад байсан. Би АТМ ороод Г.Ү-н ......... дугаартай данс руу нь өөрийнхөө ........... дугаартай данснаас 10,208,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Г.Ү руу залгаад лангуун дээрээ ирэх юм уу гэхэд ирэхгүй гэж хэлсэн. Түүнээс хойш Ү алга болсон, цагдаа хайгаад байна гэж байсан. Би Г.Ү-с нэг ч төгрөг буцааж аваагүй. 10,208,000 төгрөг авах ёстой... гэх мэдүүлэг, хохирогч Б.О-н эзэмшлийн ....... дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 83-88/ 

16. Хохирогч Д.Б-н өгсөн: Би 2019 оны 04 сараас эхлэн 3-4 удаа юань худалдаж авч байсан. Тухайн үед миний авъя гэсэн юанийг өгч байсан болохоор итгэж байсан. 2019 оны 10 сарын 09-нд Г.Ү над руу яриад юаний үнэ хямдарсан байсан чинь одоо өсөх гээд байна, яаралтай юань авах юм уу гэж хэлсэн. Мөн мессежээр өөрийнхөө дансны дугаар болон “Ү гялс хийгээрэй 355-аар бодоод, юань өсөх гээд байна, 358 гээд байна шүү” гэсэн утгатай мессеж явуулсан. Тэгэхээр нь юань өсөх гээд байгаа юм байна гэж бодоод 100,000 юань авахаар 35,500,000 төгрөгийг Г.Ү-н данс руу шилжүүлсэн. Би 2019 оны 10 сарын 11-ний өдөр Хятад улсын Эрээн хотод байхдаа Г.Ү-с юанаа авъя гээд чатаар холбогдоход нэг Өвөрмонгол хүнээр дамжуулан надад 30,000 юань өгсөн. Үлдэгдэл юанаа яах вэ гэхэд Монголд ирэхээр чинь өгье гэхээр нь би бараагаа зээлээр аваад Монголд ирсэн. Гэтэл Г.Ү алга болсон, олдохгүй байна гээд бөөн асуудал үүссэн байсан. Түүнээс хойш холбогдоогүй. Би Г.Ү-с одоо үлдэгдэл 70,000 юаний үнэ болох 24,850,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-142/, хохирогч Д.Б-н эзэмшлийн ........... дугаартай Хас банкны дансны хуулга, мессежний хуулбар /1-р хх-ийн 145-146/, 

17. Хохирогч Л.Д-ын өгсөн: Би Г.Ү-г манай найз Э-ийн дүүгийн эхнэр гэдгээр нь зүс танина. 2019 оны 03 сарын 01-нд С надаас “манай найз юаний бизнес хийж байгаа, юань авах гэхээр мөнгө нь дутаад байна. Таньд мөнгө байвал 1 хоногийн хугацаатай хэрэглүүлээч, би ашигтай нь буцааж өгнө” гэсэн. Би С-тай нэг байранд амьдардаг, хийдэг ажлыг нь мэддэг учраас мөнгө өгч эхэлсэн. С надаас нилээд хэдэн удаа мөнгө аваад буцаагаад өгч байсан. Энэ мөнгөө заримдаа С-н данс руу, заримдаа Ү-н дансруу хийдэг, миний данс руу С-н данснаас, заримдаа Ү-н данснаас мөнгө орж ирдэг байсан. Ү миний данс руу мөнгө хийхдээ гүйлгээний утга дээр нь “С-с” гэж мөнгө хийдэг байсан. 2019 оны 8 сарын дундуур над руу Ү утсаар яриад “та намайг таньж байна уу, би Д эгчийн бэр байна” гэхээр нь би таньсан. Гэтэл Ү “манай найз С таниас мөнгө аваад надад өгдөг юм байна. Та С-д мөнгө өгч байхаар надад өгвөл илүү ашигтай. Би нэг хоногийн дотор буцаагаад ашигтай нь өгнө” гэсэн. Тэгэхээр нь би “чи өөрөө мэд ээ, би чиний цаад ажлыг мэдэхгүй, найдвартай бол мөнгө өгч болно” гэсэн. С надаас авсан мөнгөө буцаагаад өгч байсан болохоор түүн шиг л буцаагаад өгөх юм байх гэж бодоод итгэсэн. Ингээд 2019 оны 8 сарын 16-ны өдрөөс Ү-д мөнгө өгч, тэр мөнгийг Ү надад 1 хоногийн дараа бага хэмжээний ашигтай буцааж өгдөг байсан.

2019 оны 08 сарын 16-наас хойш Ү-д 70 орчим удаагийн гүйлгээгээр 298,700,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин Г.Ү надад буцаагаад 286,295,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энд ямар нэгэн хүү, ашиг гэхгүйгээр Ү-с над руу шилжүүлсэн бүх мөнгийг тооцсон. Ингэхээр би Г.Ү-с 12,405,000 төгрөг авах ёстой болоод байгаа юм. Би С-с авах өр, авлага байхгүй. Хамгийн сүүлд С бид хоёр 2019 оны 08 сарын 15-ны өдөр тооцоогоо дуусгаад би Г.Ү-тай харьцаж эхэлсэн юм. Надаас мөнгө аваад буцаагаад нэг хоногийн дараа өгч байсан. Би хүнээс мөнгө авч Ү-д өгч байсан. Тэр мөнгөнүүдээ би өөрөө төлсөн. Тэгэхээр 12,405,000 төгрөг бол миний мөнгө юм. Энэ мөнгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 197-198/, хохирогч Л.Д-ын эзэмшлийн 4045379329 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 208-212/,

18. Хохирогч А.О-ын өгсөн: Би 2006 оноос Дархан зах дээр бараа зарж байна. Г.Ү 2017 оноос Дархан зах дээр бараа зарах болсноор түүнийг таньдаг болсон. Г.Ү юань зардаг гээд байдаг байсан. Би түүнээс юань авч байгаагүй. 2019 оны 07 сард 1 удаа юань авч байсан байх. Түүнээс хойш хямд юань байгаа гээд байхаар нь 2019 оны 09 сарын 04-нд юань авахаар 10,000,000 төгрөг, дараа нь нэмээд 4,117,000 төгрөгийг Г.Үн Хаан банкны ........... дугаартай данс руу шилжүүлсэн. Г.Ү надад юаний зөрүү гээд 2019 оны 09 сарын 11-нд 418,000 төгрөг, 2019 оны 09 сарын 18-нд 359,116 төгрөг, 2019 оны 09 сарын 25-нд 163,000 төгрөг, 2019 оны 10 сарын 02-нд 371,000 төгрөг дансаар өгсөн. 2019 оны 10 сарын 10-нд бараандаа явж байхдаа 4,117,000 төгрөгөндөө бодож юань авсан. Эдгээр мөнгийг хасахаар одоо би Г.Ү-с 8,311,884 төгрөгийг авах ёстой байгаа юм. Өөрөөр би Г.Ү-с юань авч байгаагүй. Г.Ү-с зах зээлийн ханшаас 8-10 төгрөгийн хямдаар авдаг байсан. Би 8,311,884 төгрөгөө нэхэмжилж байгаа юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 243-244/, хохирогч А.О-н эзэмшлийн ...... дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 22-29/

19. Хохирогч Б.Б-н өгсөн: Би нилээд хэдэн удаа Г.Ү-с юань авч бараандаа явж байсан. 2019 оны 09 сарын 11-нд юань авахаар 35,800,000 төгрөг, 2019 оны 9 сарын 19-нд 3,870,000 төгрөг, 2019 оны 10 сарын 03-нд 100,000 төгрөг, 2019 оны 10 сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг өгсөн. Түүнээс хойш С над руу яриад Г.Ү-д 300,000 төгрөгний хэрэг гараад байна гэнэ өгч байгаач гэхээр нь би Г.Ү-н Хаан банкны данс руу нь 300,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс Г.Ү надад 2019 оны 09 сарын 26-нд 1,600,000 төгрөг, 2019 оны 10 сарын 04-нд 1,600,000 төгрөг дансаар, 2019 оны 10 сарын 10-нд Хятад улсын Эрээн хотод явж байхдаа 15,000,000 төгрөгөнд бодож 42,000 юань өгсөн. 2019 оны 10 сарын 13-нд 18,800,000 төгрөгийг дансаар авсан. Сүүлд 2019 оны 11 сарын 19-нд С надад 300,000 төгрөг өгсөн. Одоо би Г.Ү-с 10,770,000 төгрөг авах ёстой." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 75-76/, хохирогч Б.Б-н эзэмшлийн ........... дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нөхөр Р.Г-н эзэмшлийн ............. дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга  /2-р хх-ийн 78-82 дахь тал/,   

20. Хохирогч Б.О-н өгсөн: Би 2018 оноос бараандаа явахдаа Г.Ү-с юань авдаг байсан. Г.Ү намайг юань авахад 7-8 хоногийн дараа гарна гэж хэлдэг байсан. Хамгийн сүүлд би 34,000 юань захиалаад захиалсан юанаа 2019 оны 10 сарын 04-нд авсан. Ү над руу дахиж яриад та юань захиалах юм уу гээд байхаар нь үнийг нь асуутал 358 төгрөг орчим байгаа гэсэн. Тэр үед юань 374 төгрөг орчим байсан юм. Миний дансанд 5,000,000 гаруй төгрөг байсан болохоор хямд байгаа дээр нь юань захиалъя гэж бодоод Г.Ү-н данс руу 5,325,000 төгрөг шилжүүлсэн. Түүний дараа Г.Ү над руу утсаа яриад таны юанийг 374 төгрөгөөр зарчихлаа зөрүү 13,000 төгрөгийг нь өгчих, дараа нь би тэгшлээд юань өгье гэхээр нь би 13,000 төгрөгийг 2019 оны 10 сарын 12-нд шилжүүлсэн. Би гомдолтой байна. 5,338,000 төгөргийг нэхэмжилж байна." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 136-137/, хохирогч Б.О-н эзэмшлийн .......... дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 143-144/,

Гэрч Ц.Б-н өгсөн: ...манай нөхрийг Ж.Б гэдэг. Нөхөр бид 2 Г.Ү-с өмнө нь 2 удаа бэлэн мөнгө өгч юань авч байсан. Хамгийн сүүлд манай нөхөр Ж.Б Г.Ү-с юань авах гэж байгаа юм, чи аваачаад өгчих гэхээр нь би Г.Ү-д 10,740,000 төгрөг аваачиж өгсөн. Тэр мөнгөө буцааж аваагүй байгаа... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 87/,   

Гэрч Э.С-н өгсөн: ...Г.Ү бид хоёрын дунд 2 төрлийн харилцаа байсан. Нэгдүгээрт Г.Ү бид 2-н дунд найз нөхөд гэдэг утгаараа манай нөхрийн юанаар буусан цалинг Г.Ү Монгол төгрөгөөр худалдан авдаг харилцаа байсан. Г.Ү манай нөхрийн юанаар буусан цалинг тухайн үеийн ханшаар нь буюу Улаанбаатар хотын Найман шарга захын юань худалдаалагдаж байгаа ханшаар худалдан авдаг байсан. Миний хувьд нөхрийнхөө юанаар буусан цалинг 3-4 удаа Г.Ү-д худалдан борлуулсан. Г.Ү-д 60,000,000 төгрөгийн юанийг зарсан байсан. Бид хоёрын дунд ямар ч өглөг авлага байхгүй. Г.Ү бид хоёрын дунд үүссэн хоёр дахь харилцаа бол 2019 оны 03 дугаар сарын эхнээс 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх харилцаа. 2019 оны 03 дугаар сарын эхнээс би Г.Ү-н юанийн захиалганд бага багаар өөрөөсөө Г.Ү руу мөнгө шилжүүлэн хөрөнгө оруулалт хийх бүрт эргүүлж, Г.Ү надаас авсан мөнгийг тодорхой хэмжээний ашигтайгаар шилжүүлэн өгч байсан. Явцын дунд Г.Ү-н надаас хүсэх мөнгөн дүн өссөөр би өөрт байгаа мөнгө маань хүрэхгүй болж таньдаг хүмүүсээсээ мөнгө аваад Г.Ү руу шилжүүлээд эргүүлж Г.Ү-с ашиг авдаг байсан. Их мөнгөний хөрөнгө оруулалт Г.Ү-д хийхэд надад унах ашиг нь нэмэгддэг байсан. Сүүлдээ мөнгийг маань Г.Ү бүрэн өгч чадахгүй болоод бид хоёрын дунд маргаан үүссэн болно... гэх мэдүүлэг /11-р хх-ийн 46-52/,

Гэрч Д.О-н өгсөн: ...Г.Ү гэх эмэгтэйд 2019 оны 01 сард Н гэх хүнээр 66,000 юань бэлнээр, 2019 оны 02, 03 дугаар сард Г.Ү-н данс руу юань явуулсан. Ямар банкаар, хэдэн юань явуулснаа санахгүй байна. 2019 оны 05 дугаар сард Г.Ү Хятад улс руу Эрээн гарчихсан байна гэхээр нь Хятад хүний дансаар дамжуулан Г.Ү-д юань шилжүүлж байсан. Хэдэн юань явуулснаа санахгүй байна. Г.Ү-тай эхнэр Э.С-р дамжуулан харилцаж байсан. Г.Ү Хятад улсаас бараа татаж Дархан-Уул аймгийн зах дээр бэлэн хувцасны наймаа хийдэг түүндээ тухайн мөнгийг ашигладаг гэж байсан... гэх мэдүүлэг /8-р хх-ийн 90-91/,

Гэрч Э.Н-ын өгсөн: ...2019 оны 01 сарын 05-ны өдөр байсан санагдаж байна. Манай ажлын О намайг хотод очсон өдөр над руу залгаад юань авах хүн нь өөрөө ирж чадахгүй болсон гэнээ, дүү нь ирж авна гэж байна гэсэн. Тэгээд би 8 шаргын гадаа хүлээж байхад надаас 66,000 юанийг нэг өндөр залуу ирээд тоолоод аваад явсан. Тэгээд би О рүү яриад хүн ирээд аваад явлаа гэдгийг нь хэлсэн... гэх мэдүүлэг /8-р хх-ийн 92/,

Гэрч С.Н-ын өгсөн: ...Г.Ү-г 2019 оны эхнээс эхлэн албан ажлын шугамаар таньж мэддэг харилцагч юм. Түүнээс биш ямар нэг байдлаар харилцаа холбоо байхгүй. Г.Ү нь манай банк бус санхүүгийн байгууллагаас юань авч байсан юм. Г.Ү надаас 2019 оны 02 сарын үеэс 09 сарын сүүлч, 10 сарын эхэн хүртэл олон удаа юань авч байсан. Гэхдээ дандаа дансаар авдаг байсан юм. Юань авахдаа миний хувь Хаан банкны ........ дугаарын данс руу мөнгөө хийж харин юанийг нь тэр дор нь би Г.Ү-н өгсөн данс руу нь шилжүүлэн өгч, баримтыг нь ви чатаар зургийг нь дарж явуулдаг байсан. Г.Ү надаас юань авах талаар хэлдэг байсан. Гэхдээ юань авах мөнгө шилжиж орж ирсний дараагаар би юанийг нь Г.Ү-н өгсөн данс руу нь хийдэг байсан юм. Түүнээс биш урьдчилж захиалга аваад мөнгө авч байсан асуудал байгаагүй. Хамгийн сүүлд 2019 оны 09 сарын сүүлчээр байна уу, эсхүл 10 сарын эхээр л юань өгч авалцсан. Дахин холбогдоогүй... гэх мэдүүлэг /7-р хх-ийн 129/,

Гэрч Х.А-н өгсөн: ...Миний хувьд эхнэр Г.Ү-г мөнгөний асуудалд холбогдсон гэдгийг анх мэдээгүй байж байгаад 2019 оны 10 сарын дундуур Г.Ү бид хоёр хамт Дархан зах орсон. Ингээд зах руу Г.Ү ганцаараа дотогшоо орж О байцаагчтай уулзаад ирье гээд 10 гаран минутын дараа уйлаад гарч ирсэн. Тэгэхээр нь би Ү-с /Г.Ү/ яасан, юу болсон, яагаад уйлсан юм гэхэд Ү надад би хүний дарамтанд орчихлоо гэсэн. Чамайг хэн дарамталдаг юм гэхэд Ү надад О байцаагч намайг мөнгө өг гээд дарамтлаад байна би 200,0 сая төгрөгний өрөнд орчих шиг боллоо гэсэн. Тэгэхээр нь би Ү-с О байцаагч яагаад чамаас ийм их мөнгө өг гэж дарамталдаг юм гэхэд Ү надад нарийн учрыг хэлээгүй. Тэгээд бид хоёр гэртээ харихад Г.Ү надад би буруу зүйл хийгээд хүнд их хэмжээний өрөнд орчихлоо, би амиа хорлоно, цонхоор доошоо үсрэнэ гээд байсан. Гэтэл энэ үед С манайд ирээд Г.Ү-с мөнгө нэхээд байсан. Би нарийн зүйлийн талаар сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /7-р хх-ийн 194-197/,

Иргэний нэхэмжлэгчийн өгсөн ...тус цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа эрүүгийн .......... дугаартай хэрэгт шинжилгээ хийсэн шинжээч, мэргэжилтэн нь холбогдох ажлын хөлсөө нэхэмжилсэн тухай .......... ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэл, санхүүгийн холбогдох баримтыг үндэслэн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 320 дахь хэсэг, Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заасны дагуу байгууллагын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас тухайн төлбөрийг Цагдаагийн газрын ......... дугаартай үндсэн санхүүжилтын дансаас 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ......... ХХК-ийн .............. тоот дансанд шилжүүлэн төлсөн. Иймд тус хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэхэд шүүхээс гэм буруутай болох нь тогтогдсон этгээдээс тухайн зардлыг гаргуулахаар нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг /10-р хх-ийн 186-187/,

Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А-23 дугаартай албан бичиг /Бүгд найрамдах Хятад ард улсын юанийн ханшийн мэдээлэл /7-р хх-ийн 131-132/,

........... ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 286 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн талаарх Г.Ү-с Ж.Б-д 10,740,000 төгрөг, Б.Б-т 10,770,000 төгрөг, А.О-д 8,311,184 төгрөг, Д.Б-д 8,177,903 төгрөг, Д.Б-т 14,729,170 төгрөг, Л.Д-д 12,405,000 төгрөг, Х.Б-д 37,540,000 төгрөг, Ч.Б-д 11,000,000 төгрөг, Д.Б-д 24,850,000 төгрөг, Б.О-д 10,208,000 төгрөг, Б.Х-д 11,516,000 төгрөг, Б.О-т 5,338,000 төгрөг, Х.Д- 5,663,000 төгрөг, Н.О-д 17,900,000 төгрөг, Л.Б-д 35,200,000 төгрөг, Н.Б-д 15,036,000 төгрөг, Б.Г-д 22,511,000 төгрөг, Ц.Б-д 17,900,000 төгрөг, Ч.Б-т 7,000,000 төгрөг, Ч.Ү-д 10,419,000 төгрөг /нийт 297,214,257 төгрөг/ тус тус өгөхөөр байна гэх шинжээчийн дүгнэлт /8-р хх-ийн 98-аас 10-р хх-ийн 129/, шүүгдэгч, хохирогч нарын дансны хуулгууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгч Г.Ү-н дансны хуулга бүхий эд мөрийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүх эдгээр нотлох баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч Б.Батсүх дүгнэлтдээ: Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Г.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг гэдэг нь бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар зохиомол байдлыг бий болгож бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрт шилжүүлсэн авсан бол гэмт хэрэг тооцдог. Эд хөрөнгийг нь шилжүүлэн авахдаа бүгдийг нь эсхүл зарим хэсгийг нь эргүүлэн өгөхгүй байх гэсэн санаа зорилгыг агуулсан байдаг. Г.Ү 2019 оны 03 сараас 10 сар хүртэлх хугацаанд нэр бүхийн иргэдээс “хямд юань байна, захиалах уу” гэж, заримаас нь “мөнгө зээлэх үү” гэдэг байдлаар нийт 297,214,257 төгрөгийг авсан. Энэ гэмт хэрэг 2019 оны 6 сарын 25-нд Б-с “хямд юань ороод ирлээ, захиалаачээ” гэсэн үгнээс эхэлсэн. 2019 оны 10 сарын 13-нд Б-с хямд юань ороод ирлээ, мөнгөө гялс шилжүүл” гэж хэлэн 35,200,000 төгрөг авснаар төгссөн. Г.Ү-д анхны захиалга болох 2019 оны 06 сарын 25-ны өдрийн захиалгыг биелүүлэх ямар ч боломжтой нөхцөл байдал байгаагүй. Анх 06 сард хүнээс мөнгө аваад өөр хүнд өгсөн, энэ мөнгөө өгөхийн тулд мөнгө хэрэгтэй болсон. Дараагийн золиос нь 07 сарын хохирогч нар, дараагийнх нь 08 сарын хохирогч нар, 09 сар, 10 сарын хохирогч нар гээд явсан. Энэ хүмүүс яагаад мөнгө өгсөн гэхээр урьдын харилцааны явцад бий болсон итгэл дээр суурилаад мөнгөө өгсөн. Хохирогч нарын итгээд өгч байгаа мөнгө юань болоод хохирогч нарт ирэх ёстой байтал Г.Ү хохирогч нарын итгэлийг эвдэж, тэр мөнгийг өөрийнхөө дур сонирхлоор хувьдаа захиран зарцуулсан. Г.Ү-н үйлдэл бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Субъектив болон объектив талын шинж хангалттай тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргаж байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ц дүгнэлтдээ: Би хохирогч Н.Б, Н.О нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Г.Ү нь хямд юань авч өгнө гэж хэлэн хохирогч нараас мөнгө авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэрэг мөн. Шүүгдэгч гэм буруутай гэж үзэж байна. Гэхдээ Г.Ү нь хохирогч нараас авсан мөнгөө цааш нь С, О Т нарт дамжуулж өгснөөс хор уршиг учирсан нь хэрэгт авагдсан баримтуудаар харагдаж байна. Энэ хүмүүсийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэж байгаа тул С, О Т нарыг яллагдагчаар татах эсхүл иргэний хариуцагчаар татаж хохирлыг төлүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч П.Б дүгнэлтдээ: Улсын яллагчийн шүүгдэгч Г.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутай гэсэн дүгнэлтийг дэмжиж байна. Гэм буруутай этгээдээс Б.Б-т 10,770,000 төгрөг, А.О-д 8,311,184 төгрөг, Д.Б-д 24,850,000 төгрөг, Г.О-д 10,208,000 төгрөг, Б.Х-д 11,216,000 төгрөг, Х.Д-д 5,263,000 төгрөг, Б.Г-д 22,511,000 төгрөг, Ч.Ү-д  10,419,000 төгрөг тус тус гаргуулан олгох үндэслэлтэй байна. Гэхдээ шүүгдэгч Г.Ү-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж, Г.Ү-с дангаар нь хохирол гаргуулаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт биелэгдэхгүй. Ялангуяа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох, зөрчигдсөн эрхийг сэргээх гэсэн зорилт нь шүүгдэгч Г.Ү-г дангаар нь гэм буруутайд тооцох юм бол биелэгдэхгүй. Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-т гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагчаар татаж болно гэж заасан. Г.Ү, н.С, н.Т, н.О нар хохирогч нарын мөнгөөр ашиг олсон байгаа. Хохирогч нарын мөнгө тэнд байж байхад шүүгдэгч яагаад дангаараа хохирлыг хариуцах ёстой юм бэ. Эдгээр хүмүүс хэрэгт бүлэглэн оролцсон эсэх талаар мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах үндэслэл байна гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б дүгнэлтдээ: Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хохирлын хэмжээг бүрэн нотлоогүй байна. Юань солих үйл ажиллагаа нь хуулиар хориглосон үйл ажиллагаа бөгөөд тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж болохгүй үйл ажиллагаа. Хохирогч нар зах зээлийн ханшаас хямдаар юань авснаараа өөрсдөдөө ямар хэмжээний ашигтай байдал бий болгосон бэ? гэдгийг олж тогтоон хохирлоос хасах ёстой. Энэ нөхцөл байдлын талаар шинжээч дүгнэлт хийгээгүй. Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Г-д өгсөн мөнгийг хасаж тооцоогүй, дансны хуулга байгаа. Мөн хохирогч Д.Б-д бэлнээр өгсөн мөнгийг хасаж тооцоогүй байгаа. Мөн н.Т, н.С, н.О нар бол Г.Ү нь хохирогч нараас мөнгө аваад өөрт нь өгч байгаа гэдгийг мэдэж байсан. Энэ нь залилангийн гэмт хэргийн хамтран оролцогч биш юм аа гэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг илэрхийлж байна. Энэ талаар баримтууд хэрэгт авагдсан байгаа. Хохирогч нарын өмгөөлөгч нартай байр суурь нэгтэй байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Н дүгнэлтдээ: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дутуу явагдсан. Нэр бүхий 20 хохирогчоос 3 нь зээлтэй холбоотой, 17 нь юаньтай холбоотой хохирогч байна. Гэтэл хэрэгт н.Н гэх хүнээс юань авч байсан баримт болох дансны хуулгууд байгаа. Гэтэл н.Н-г гэрчээр асуугаагүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан гэмт хэрэг үйлдэгдсэн хугацааг шалгаж тогтоогоогүй. Хохирлын хэмжээг тогтоож чадаагүй. Шинжээчийн дүгнэлтийг хуулбарлаад 297 сая төгрөгийн хохирол учруулсан гэж байна. Хохирогч Б.Г, Д.Б, Ч.Б зэрэг нэр бүхий 6 хүний хохирлын үнийн дүн зөрүүтэй байгаа. Тухайлбал хохирогч Б.Г-д 10,967,000 төгрөг өгсөн дансны хуулга байгаа. Эхний шинжээчийн дүгнэлт нь нэмэлт шинжээчийн дүгнэлттэй асар их зөрүүтэй байхад яллах дүгнэлтэд оруулсан байдаг.

Мөн н.О-ы үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгочихоод дэвтрийг нь эд мөрийн баримтаар тооцоод хэрэгт хавсаргасан байгаа. Хэргийн оролцогч биш хүний дэвтэр энэ хэрэгт ямар хамааралтай вэ гэдэг дээр дүгнэлт хийж, уг дэвтрийг хэрхэх талаар шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд заасныг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10 дугаар зүйлд заасан шүүгдэгчийн хувийн байдлыг огт тогтоогоогүй. Г.Ү ямар хүн юм бэ? эд хөрөнгөтэй эсэхийг тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1, 32.7 дугаар зүйлийн 1-д заасныг ноцтой зөрчсөн. н.С, н.О, н.Т нарын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хэрэгсэхгүй болгосон тогтоолоо гардуулахгүйгээр утсаар мэдэгсэн. Тогтоолд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхийг хязгаарласан байна. Иймд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, н.О, н.С, н.Т нарыг хэрэгт хамааралтай эсэхийг зайлшгүй шалгах ёстой тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэв.

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон байгаа. Хэрэгт авагдсан нэр бүхий 20 иргэн нийт 297,214,257 төгрөгийг 2019 оны 06 дугаар сараас 10 дугаар сар хүртэл хугацаанд шүүгдэгчийн данс руу шилжүүлсэн, тэр мөнгөө буцааж авч чадаагүй гэсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Энэ үйл баримт нь гэмт хэргийн шинжийг агуулж байна уу гэдэг дээр хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжид хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гэх мэт үйлдлийн аргуудыг хуульчлаад өгчихсөн байна. Шүүгдэгч Г.Ү нь залилах гэмт хэргийн үйлдлийн дээрх аргуудыг хэрэглээд хохирогч нараас мөнгө авсан тогтоогдсон. Өнөөдөр яригдаад байгаа процессийн асуудал нь шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гарахад нөлөөлөхгүй. Иймд шүүгдэгч Г.Ү--г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

Шүүгдэгч Г.Ү нь “юанийн ханш ямар байгаагаас шалтгаалан юанийн ханш буувал дундаас нь ашиг олдог. БНХАУ-ын Эрээн хотод оршин суудаг н.Н болон Найман шарга дээр байдаг С.Н гэдэг хүнээс тус тус хямд үнээр юань авдаг байсан. Хохирогч нараас авсан мөнгөө н.С, н.Т, н.О нарт өгөөд авч чадалгүй алдсан” гэж мэдүүлж байгаа боловч энэ байдал нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь хохирогч Ж.Б-г танихгүй, түүнээс мөнгө аваагүй, харин Ц.Б гэж хүнээс мөнгө авсан гэж мэдүүлж байна.

Хэрэгт авагдсан хохирогч Ж.Б-н “Ү-с юань авахаар манай эхнэр Б 10,740,000 төгрөг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Ц.Б-н “манай нөхрийг Ж.Б гэдэг. Нөхөр бид хоёр Г.Ү-с өмнө нь юань авч байсан. Хамгийн сүүлд манай нөхөр Ж.Б Г.Ү-с юань авах гэж байгаа юм, чи аваачаад өгчих гэхээр нь би Г.Ү-д 10,740,000 төгрөг аваачиж өгсөн” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд нэг гэр бүлийн гишүүд болох Ж.Б, Ц.Б нар нь юань авах зорилгоор 10,704,000 төгрөгийг Г.Ү-д өгөөд авч чадалгүй хохирсон гэх үйл баримт тогтоогдож байгаа ба энэ үйлдэлд Ж.Б-г хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцсэн байна.

Мөн шүүгдэгч нь шинжээч дүгнэлт гаргахдаа Д.Б-д өгөх хохирлоос бэлнээр өгсөн 4,526,400 төгрөгийг хасахгүйгээр 8,177,903 гэж, хохирогч Б.Г-д өгөх хохирлоос 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн 10,967,000 төгрөгийг хасахгүйгээр 22,511,000 төгрөг гэж дүгнэлт гаргасныг зөвшөөрөхгүй байна. Эдгээр мөнгөнүүд хохирлоос хасагдах ёстой гэж мэдүүлж байгаа боловч энэ нь Д.Б-н “шүүгдэгчээс 8,177,903 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, хохирогч Б.Г-н “шүүгдэгчээс  22,511,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг болон “........” ХХК-г 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 286 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтээр няцаагдаж байна.

Хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломгүй гэж үзлээ.

Учир нь Д.О, Э.С, Э.Т нар нь хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч Г.Ү-тай хамтран хариуцвал зохих этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа ба шүүгдэгчийн үйлдэлд хамтран оролцсон эсэхэд прокурор хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаах эсэх асуудлыг шийдвэрлэдэг.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 6.13-д заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол, 6.14-д заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол, 6.15-д заасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт, 6.16-д заасан хөрөнгө хураан авах ажиллагаатай холбоотой санал, хүсэлт зэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд хэлэлцэхгүй орхиж, гэм буруугийн шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэхээр заасан байна.

Гэтэл хэрэг анхан шатны шүүхэд ирснээс хойш өмгөөлөгч нараас урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, шүүхээс хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр шилжүүлсэн ямар нэгэн шийдвэр гаргаагүй тул шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах боломжгүй юм.

Мөн “.........” ХХК-ний 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 286 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтээр нэр бүхий 20 хохирогчид учирсан хохирлын хэмжээг тогтоосон ба шинжээч нь хохирогч, шүүгдэгч нарын дансны хуулгыг үндэслэн өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан, уг дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Н-н дүгнэлтэд дурдагдсан зөрчлүүд гарсан боловч дээрх зөрчлүүд нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж үзлээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ү нь “зах зээлийн үнээс хямд үнээр юань авч өгнө” гэж хэлэн Ч.Ү-с 2019 оны 08 сарын 15-наас 2019 оны 09 сарын 20-ныг хүртэл хугацаанд 12,100,000 төгрөг авч, 1,681,000 төгрөгийг буцаан өгч, 10,419,000 төгрөгийг өгөөгүй, Б.Х-с 2019 оны 07 сарын 05-наас 2019 оны 10 сарын 14-нийг хүртэл хугацаанд 11,666,000 төгрөг авч 450,000 төгрөгийг буцаан өгч, 11,216,000 төгрөгийг өгөөгүй, Х.Д-с 2019 оны 08 сарын 07-нд 2,000,000 төгрөг, 2019 оны 10 сарын 16-нд 3,663,000 төгрөг тус тус авч 400,000 төгрөгийг буцаан өгч, 5,263,000 төгрөгийг өгөөгүй, Ж.Б-с 2019 оны 09 сарын 20-нд 10,740,000 төгрөг авсан, Л.Б-с 2019 оны 10 сарын 13-нд 35,200,000 төгрөг авсан, Ц.Б-с 2019 оны 10 сарын 09-нд 17,900,000 төгрөг авсан, Х.Б-с 2019 оны 10 сарын 07-ноос 2019 оны 10 сарын 13-ныг хүртэл хугацаанд 37,540,000 төгрөг авсан, Н.Б-с 2019 оны 10 дугаар сарын 01-нд 15,036,000 төгрөг авсан, Н.О-с 2019 оны 10 сарын 01-нд 17,900,000 төгрөг авсан, Ч.Б-с 2019 оны 10 сарын 11-нд 11,000,000 төгрөг авсан, Д.Б-с 2019 оны 09 сард 8,177,903 төгрөг авсан, Д.Б-с 2019 оны 06 сарын 25-нд 20,000,000 төгрөг авч, 5,270,830 төгрөгийг буцаан өгч 14,729,170 төгрөгийг өгөөгүй, Б.О-с 2019 оны 10 сарын 04-нд 5,338,000 төгрөг авсан, Д.Б-с 2019 оны 10 сарын 09-нд 24,850,000 төгрөг авсан, Б.О-с 2019 оны 10 сарын 11-нд 10,208,000 төгрөг авсан, Б.Г-с 2019 оны 08 сарын 17-ноос 2019 оны 10 сарын 02-ныг хүртэл хугацаанд 31,130,000 төгрөг авч, 8,619,000 төгрөгийг буцаан өгч 22,511,000 төгрөгийг өгөөгүй, А.О-с 2019 оны 09 сарын 04-нөөс 2019 оны 09 сарын 21-нийг хүртэл хугацаанд 10,500,000 төгрөг авч, 2,188,816 төгрөгийг буцаан өгч 8,311,184 төгрөгийг өгөөгүй, Б.Б-с 2019 оны 09 сарын 11-нээс 2019 оны 10 сарын 13-ныг хүртэл хугацаанд 47,770,000 төгрөг авч, 37,000,000 төгрөгийг буцаан өгч 10,770,000 төгрөгийг өгөөгүй, Ч.Б-с “бараа авах гэсэн мөнгө дутаад байна, мөнгө зээлээч” гэж хэлэн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 7,000,000 төгрөг авч 560,000 төгрөгийг буцаан өгч 6,440,000 төгрөгийг өгөөгүй, Л.Д-с “юань авч заран ханшийн зөрүүнээс нь ашиг олдог бизнес хийдэг, та надад мөнгө өгвөл нэг хоногийн дотор буцаагаад ашигтай нь өгнө” гэж хэлэн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 71 удаагийн гүйлгээгээр 298,700,000 төгрөг авч, 64 удаагийн гүйлгээгээр 286,295,000 төгрөгийг буцаан өгч 12,405,000 төгрөгийг өгөөгүй, өөрөөр хэлбэл Г.Ү нь дээрх нэр бүхий 20 иргэнээс нийт 295,954,257 төгрөгийг авсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Ү-г хохирогч Б.Х-с 11,516,000 төгрөг, хохирогч Х.Д-с 5,663,000 төгрөг, хохирогч Ч.Б-с 7,000,000 төгрөг тус тус авсан гэм буруутайд тооцуулах санал гаргасан боловч хэрэгт авагдсан хохирогч Б.Х-н “ Г.Ү-д 11,666,000 төгрөг өгсөн. 450,000 төгрөгийг буцаан авсан 11,216,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, хохирогч Х.Д-н “Г.Ү-д 5,663,000 төгрөг өгсөн, 400,000 төгрөгийг буцаан авсан, 5,263,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, хохирогч Ч.Б-н “Г.Ү-д 7,000,000 төгрөг өгсөн, 560,000 төгрөгийг буцаан авсан, 6,440,000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлгүүдийг үндэслэн шүүх хэргийн үйл баримтыг тогтоосон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг залилах гэмт хэрэг тооцохоор заажээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Г.Ү-н “зах зээлийн үнээс хямд үнээр юань авч өгнө”, “бараа авах гэсэн мөнгө дутаад байна, мөнгө зээлээч”, “юань авч заран ханшийн зөрүүнээс нь ашиг олдог бизнес хийдэг, та надад мөнгө өгвөл нэг хоногийн дотор буцаагаад ашигтай нь өгнө” гэж хэлэн нэр бүхий 20 иргэнээс нийт 295,954,257 төгрөгийг авсан үйлдэл нь бусдад худал хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг нь шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байгаа ба энэ талаарх улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэр бүхий 20 иргэнд нийт 295,954,257 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Г.Ү нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөх үүрэгтэй юм.

Шүүгдэгч нь завсарлага авч хохирогч Ж.Б-с бусад нэр бүхий 19 хохирогчид тус бүр 300,000 төгрөг буюу нийт 5,700,000 төгрөг өгснийг хохирлоос хасч тооцох нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгчээс 290,245,257 төгрөг гаргуулж хохирогч Ч.Ү-д  10,119,000 төгрөг, хохирогч Б.Х-д 10,916,000 төгрөг, Х.Д-д 4,963,000 төгрөг, Ж.Б-д 10,740,000 төгрөг, Л.Б-д 34,900,000 төгрөг, Ц.Б-д 17,600,000 төгрөг, Х.Б-д 37,240,000 төгрөг, Н.Б-д 14,736,000 төгрөг, Н.О-д 17,600,000 төгрөг, Ч.Б-д 10,700,000 төгрөг, Д.Б-д 7,877,903 төгрөг, Д.Б-т 14,429,170 төгрөг, Б.О-т 5,038,000 төгрөг, Д.Б-д 24,550,000 төгрөг, Б.О-д 9,908,000 төгрөг, Б.Г-д 22,211,000 төгрөг, А.О-д 8,011,184 төгрөг, Б.Б-т 10,470,000 төгрөг, Ч.Б-т 6,140,000 төгрөг, Л.Д-д 12,105,000 төгрөг тус тус олгож шийдвэрлэлээ.  

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Г.Ү нь нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хувийн байдлыг тогтоосон баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 6 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба хохирогчийн өмгөөлөгч нар нь улсын яллагчийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хохирол төлөхөө илэрхийлж байгаа, 5-14 насны 4 хүүхэдтэй зэрэг ар гэрийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, торгох ялын доод хэмжээ буюу 10,000,000 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчилж төлөхөөр тогтоож өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Г.Ү-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2018 оны 12 сарын 13-наас 2019 оны 10 сарын 17-ны өдрийн хооронд Э.С-н ...... дугаартай Хаан банкны дансаар харьцсан болно. Г.Ү-н Хаан банкны ..... данснаас 2018 оны 12 сарын 13-наас 2019 оны 10 сарын 17-ны хооронд харьцсан болно гэсэн гарчигтай 1 хавтас 200 хуудас дансны хуулгууд, 2019 оны 04 сарын 25-наас 2019 оны 10 сарын 14-нийг хүртэл орлого Д.О-й 33 хуудас харьцсан болно. Г.Ү миний бие Д.О өөрийн Хаан банкны ..... данснаас зарлага 9 хуудас харьцсан болно гэсэн гарчигтай 1 хавтас 130 хуудас дансны хуулгууд, Э.Т-тай 2019 оны 05 сарын 13-наас 2019 оны 10 сарын 17-ныг хүртэл Хаан банкны ...... данс руу орлого 74 хуудсаар харьцсан болно. Г.Ү миний Хаан банкны .......данснаас 2019 оны 05 сарын 13-наас 2019 оны 10 сарын 17-ныг хүртэл 75 хуудас зарлага гаргасан болно гэсэн гарчигтай 1 хавтас 149 хуудас дансны хуулгууд, Э.Т дахин шинжилгээнд зориулж өөрийн хүсэлтээр гаргаж өгсөн Э.Туяасайханы Г.Ү-тай харилцаж байсан гэх төгрөгийн болон юанийн дансны хуулга бүхий 1 хавтас 73 хуудас материал, Г.Ү-н дансны хуулга бүхий 1 хавтас 359 хуудас материал, Э.С-н бусад хүний данснаас Г.Ү руу мөнгө шилжүүлсэн дансны хуулга бүхий баримт 1 хавтас 27 хуудас, Тооцоо хийсэн баримт, Д.О-ы дансны хуулга бүхий 1 хавтас нийт 21 хуудас материал, Э.С-н өөрийн гаргасан тооцоолол, Э.С-н дансны хуулга бүхий 1 хавтас нийт 43 хуудас материал, Э.Т-тай холбоотой дансны хуулга бүхий 1 хавтас 32 хуудас материал, Материал нэмж хавсаргав гэсэн хаягтай 1 хавтас 33 хуудас материал, Г.Ү миний ....... данснаас Э.Т руу хийсэн зарлагын баримт гэсэн гарчигтай 1 хавтас 342 хуудас материал, Д.О-с шинжилгээнд зориулж гаргаж өгсөн цэнхэр алаг өнгийн хавтастай дөрвөлжин шугамтай гараар бичсэн 1 ширхэг бүгд 73 хуудастай дэвтэр /үүнээс эхний 3 хуудас бичиглэлтэй/, хяналтын камерын бичлэг хуулбарласан 1 ширхэг CD-г зэргийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас шинжээчийн зардалд 1,850,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Г.Ү-с 1,850,000 төгрөг гаргуулж Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгох нь зүйтэй байна.   

Шүүгдэгчийг хорих ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-н Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү-г 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ү-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Г.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Г.Ү-ас 1,850,000 төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2018 оны 12 сарын 13-наас 2019 оны 10 сарын 17-ны өдрийн хооронд Э.С-н .......... дугаартай Хаан банкны дансаар харьцсан болно. Г.Ү-н Хаан банкны ...... данснаас 2018 оны 12 сарын 13-наас 2019 оны 10 сарын 17-ны хооронд харьцсан болно гэсэн гарчигтай 1 хавтас 200 хуудас дансны хуулгууд,

- 2019 оны 04 сарын 25-наас 2019 оны 10 сарын 14-нийг хүртэл орлого Д.О 33 хуудас харьцсан болно. Г.Ү миний бие Д.О өөрийн Хаан банкны .......... данснаас зарлага 9 хуудас харьцсан болно гэсэн гарчигтай 1 хавтас 130 хуудас дансны хуулгууд,

- Э.Т-тай 2019 оны 05 сарын 13-наас 2019 оны 10 сарын 17-ныг хүртэл Хаан банкны ...... данс руу орлого 74 хуудсаар харьцсан болно. Г.Ү миний Хаан банкны ....... данснаас 2019 оны 05 сарын 13-наас 2019 оны 10 сарын 17-ныг хүртэл 75 хуудас зарлага гаргасан болно гэсэн гарчигтай 1 хавтас 149 хуудас дансны хуулгууд,

- Э.Т дахин шинжилгээнд зориулж өөрийн хүсэлтээр гаргаж өгсөн Э.Т-ы Г.Ү-тай харилцаж байсан гэх төгрөгийн болон юанийн дансны хуулга бүхий 1 хавтас 73 хуудас материал,

- Г.Ү-н дансны хуулга бүхий 1 хавтас 359 хуудас материал,

- Э.С-н бусад хүний данснаас Г.Ү руу мөнгө шилжүүлсэн дансны хуулга бүхий баримт 1 хавтас 27 хуудас,

- Тооцоо хийсэн баримт, Д.О-ы дансны хуулга 1 хавтас нийт 21 хуудас материал,

- Э.С-н өөрийн гаргасан тооцоолол, Э.С-н дансны хуулга бүхий 1 хавтас нийт 43 хуудас материал,

- Э.Т-й холбоотой дансны хуулга бүхий 1 хавтас 32 хуудас материал,

- Материал нэмж хавсаргав гэсэн хаягтай 1 хавтас 33 хуудас материал,

- Г.Ү миний ......... данснаас Э.Т руу хийсэн зарлагын баримт гэсэн гарчигтай 1 хавтас 342 хуудас материал,

- Д.О-с шинжилгээнд зориулж гаргаж өгсөн цэнхэр алаг өнгийн хавтастай дөрвөлжин шугамтай гараар бичсэн 1 ширхэг 73 хуудастай дэвтэр /үүнээс эхний 3 хуудас бичиглэлтэй/,

- Хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г зэргийг хэрэгт хавсаргасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.Ү-с 290,245,257 төгрөг гаргуулж хохирогч Ч.Ү-д  10,119,000 төгрөг, хохирогч Б.Х-д 10,916,000 төгрөг, Х.Д-д 4,963,000 төгрөг, Ж.Б-д 10,740,000 төгрөг, Л.Б-д 34,900,000 төгрөг, Ц.Б-д 17,600,000 төгрөг, Х.Б-д 37,240,000 төгрөг, Н.Б-д 14,736,000 төгрөг, Н.О-д 17,600,000 төгрөг, Ч.Б-д 10,700,000 төгрөг, Д.Б-д 7,877,903 төгрөг, Д.Б-т 14,429,170 төгрөг, Б.О-т 5,038,000 төгрөг, Д.Б-д 24,550,000 төгрөг, Б.О-д 9,908,000 төгрөг, Б.Г-д 22,211,000 төгрөг, А.О-д 8,011,184 төгрөг, Б.Б-т 10,470,000 төгрөг, Ч.Б-т 6,140,000 төгрөг, Л.Д-д 12,105,000 төгрөг тус тус олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ү-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Ү-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР