Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
Хэргийн индекс | 188/2016/0079/Э |
Дугаар | 79 |
Огноо | 2016-07-29 |
Зүйл хэсэг | 216.2., |
Улсын яллагч | С.Оюунжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 79
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,
улсын яллагч С.Оюунжаргал,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат,
шүүгдэгч Г.Батдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт Г.Батдоржийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000392 дугаар хэргийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 22 дугаар гудамж 02 тоотод оршин суух,
урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 3 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Монгол овогт Галбадрахын Батдорж /РД:ЙС84060119/.
Шүүгдэгч Г.Батдорж нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зүүн салааны замд 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цаг 30 минутын орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хьюндай Грейс маркийн 46-23 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 8.11 дэх заалтыг зөрчсөний улмаас Тоёота королла маркийн 24-98 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг автомашиныг жолоодож авсан иргэний нэхэмжлэгч Харитонов Дмитригийн биед хөнгөн зэргийн гэмтэл, иргэний нэхэмжлэгч Ц.Болортуяагийн эзэмшлийн Тоёота Королла маркийн 24-98 УБИ улсын дугаартай автомашинд 1.972.000 төгрөгийн шууд хохирол, 2.592.500 төгрөгийн нийт хохирол, иргэний нэхэмжлэгч Х.Оюунцэцэгийн өмчлөлийн хүнсний дэлгүүрт 221.769 төгрөгийн хохирол тус тус учруулсан, мөн дүрмийн 2.5 а,б,в дэх заалтуудыг зөрчин зам тээврийн ослын газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Батдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр өглөө гэрээсээ гараад Бямбаа гэдэг найзтайгаа гарч нохойн хоолонд явсан. 11 цаг өнгөрч байхад манай гэрт ирээд Бямбаа мөн нэг найзтай нь хамт нэг шил архи хувааж уусан. 12 цаг өнгөрөөгөөд тэр хоёр явсан. Би гэртээ унтаад үлдсэн. 16 цагийн үед босч хоол хийж идчихээд хүүхдээ цэцэрлэгээс авахаар гарсан. Зүүнсалааны 1 дүгээр буудал дээр дэлгүүр рүү эргэж орж байсан машины араас мөргөөд сандраад явчихсан. 1 цаг гаруйн дараа цагдаагаас залгахаар нь хэргээ хүлээгээд би очсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ар гэрийн болон миний эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэв.
201624000392 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Иргэний нэхэмжлэгч Харитонов Дмитрогийн: “...Би 2016 оны 4 дүгээр сарын 26-ны орой 17 цагийн үед гэрээсээ өөрийн Тоёота королла маркийн 24-98 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодоод хойноосоо урагшаа чиглэлд бага хэмжээний хурдтай явж байгаад дэлгүүр ойртохоор хурдаа хасаад, баруун тийш дохио өгөөд эргэж явтал ар талаас гэнэт хүчтэй мөргөөд машины ослын 2 дэр гараад ирсэн. Би хэсэг манарсан, миний машин дэлгүүрийн хана мөргөөд зогссон байсан. Мөргөсөн машин ослын газар байхгүй байсан. Тэнд байсан үл таних эмэгтэй “Осол гаргасан машин 46-23 УНИ гэсэн дугаартай микроавтобус мөргөсөн” гэж надад хэлсэн. Би өөрийн гар утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгч, болсон үйл явдлыг хэлсэн. ...Эрүүл мэндийн хувьд нэхэмжлэх зүйлгүй. Автомашинаа урьдын хэвээр болгуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-13/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Болортуяагийн: “...Тоёота королла маркийн 24-98 УБИ улсын дугаартай автомашиныг нөхөр Харитонов Дмитро бид хоёр жолооддог. Машины үнэлгээтэй танилцсан. Машинаа янзлуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-27/,
Иргэний нэхэмжлэгч Х.Оюунцэцэгийн: “...Би дэлгүүртээ ганцаараа ажиллаж байхад гадаа мөргөх чимээ сонсогдсон. Гараад харахад саарал өнгийн суудлын машин манай дэлгүүрийг урд хэсгээрээ мөргөсөн байдалтай байсан. Тэр машины араас бас нэг машин мөргөсөн, жолооч машин дотроо гэмтсэн байдалтай байсан. 4 хоногийн дараа осол гаргасан жолооч гээд хүн ирээд дэлгүүрийн гадна талыг янзалж өгсөн. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-31/,
Гэрч Д.Бямбадоржийн: “...Батдорж Жадамбаа бид 3 нэг шил 0,75 литр архи хувааж уугаад Батдоржийг гэрт нь үлдээгээд явсан” гэх мэдүүлэг /хх-37/,
Гэрч Б.Мөнх-Эрдэнийн: “...Манай байгууллага “Мон сант алдар” хадгаламж зээлийн хоршоо эд хөрөнгө барьцаалж зээл олгодог. Г.Батдорж нь өөрийн эзэмшлийн Хьюндай грейс маркийн 46-23 УНИ улсын дугаартай автомашиныг 2015 оны 12 дугаар сард 4 000 000 төгрөгийн барьцаанд тавьж, зээл авсан. Зам тээврийн ослын эрсдлийг зээлдэгч өөрөө хариуцах ёстой” гэх мэдүүлэг /хх-43/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 5767 дугаар актын дүгнэлтэд: “1. Дмитрогийн биед баруун зулай, дух, хамарт шарх, дух, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-49/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний 1150 дугаар тайланд: “...24-98 УБИ улсын дугаартай Тоёота королла маркийн автомашины шууд зардал засварлах 822 000 төгрөг, солих 1 150 000 төгрөг, нийт зардал 2 592 500 төгрөг” гэжээ /хх-53-58/,
“Итгэлт-Эстимэйт” ХХК-ний 21/06 дугаар тайланд: “Хүнсний дэлгүүрийн хохирлын хэмжээ 221 769 төгрөг” гэжээ /хх-73-82/,
Криминалистикийн шинжээчийн 3184 дугаар дүгнэлтэнд: “Шинжилгжээнд ирүүлсэн Hyundai grace маркийн 46-23 УНИ улсын дугаартай автомашины урд бамбай зүүн урд их гэрлээс 2 см засвартай, баруун тал 60х47 см, урд нүүрний баруун тал 42х12 см, баруун доод нэмэлт гэрэл, их гэрэл хагарч унасан гэмтлүүд нь хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэх үед гарсан гэмтлүүд байна. Шинжилгээнд ирүүлсэн 1,2 гэж дугаарласан 2 ширхэг шилний хагархайнууд, 13,14 гэж дугаарласан 2 ширхэг шилний хагархай тус тус өөр хоорондоо зар ирмэг хэсгүүдээрээ нэг бүхэл үүсгэж байна...” гэжээ /хх-87/,
Техникийн шинжээчийн 285 дугаар дүгнэлтэд: “1.Hyundai grace маркийн 46-23 УНИ улсын дугаартай автомашины жолооч Г.Батдорж нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.11 “Жолооч урдаа яваа тээврийн хэрэгслийг зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөхий хурднаас хамааруулан сонгож явна”, 2.5 “Зам тээврийн тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэрийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Toyota corolla маркийн 24-98 УБИ улсын дугаартай автомашины жолооч Харитонов Дмитро Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй. 3. 46-23 УНИ улсын дугаартай автомашины техникийн байдал зам тээврийн осолд нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 4. Үам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэж үндэслэлгүй байна” гэжээ /хх-96/,
Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-3-4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-5-7/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-8/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-9/, согтуурал шалгасан магадлагаа /хх-20, /, гэрч Г.Доржнайдангийн мэдүүлэг /хх-41/, гэрч Э.Мөнхчимэгийн мэдүүлэг /хх-42/, Хөрөнгө Эстимэйт ХХК-ын хохирлын үнэлгээ /хх-53, 54/, гэрчилгээний хуулбар /хх-119/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-120/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-121/, зээлийн гэрээ /хх-124, 154-162/, шүүгдэгч Г.Батдоржийн 2016 4 дүгээр сарын 26-ны өдөр саатуулагдсан баримт /хх-137-139/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-142-144/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-151-153, 163-167/, хохирол төлбөр төлсөн баримт /хх-172/, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэвэр /хх-173/ зэргийг уншиж шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.Батдорж нь согтуурсан үедээ 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны замд Хьюндай Грейс маркийн 46-23 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 8.11 дэх заалтыг зөрчсөний улмаас Тоёота королла маркийн 24-98 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан иргэний нэхэмжлэгч Харитонов Дмитригийн бие махбодид хөнгөн гэмтэл, иргэний нэхэмжлэгч Ц.Болортуяагийн эзэмшлийн Тоёота Королла маркийн 24-98 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2 592 500 төгрөгийн нийт хохирол, иргэний нэхэмжлэгч Х.Оюунцэцэгийн өмчлөлийн хүнсний дэлгүүрт 221 769 төгрөгийн хохирол тус тус учруулсан, мөн дүрмийн 2.5 а,б,в дэх заалтуудыг зөрчин зам тээврийн ослын газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хэргийг Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.Батдоржийг зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах гэмт хэргийг үйлдэж зам тээврийн осол гарсан газрын санаатай орхиж зугтаасан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч А.Дмитригийн бие махбодид хөнгөн гэмтэл, иргэний нэхэмжлэгч Ц.Болортуяад нийт 2.592.500 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Х.Оюунцэцэгийн өмчлөлийн хүнсний дэлгүүрт 221.769 төгрөгийн нийт хохирол тус тус учирсан боловч хохирогч, иргэний нэхэмжлэгч нар “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Г.Батдорж нь урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 3 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д “тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд ялгүй болох”-оор заасан тул шүүгдэгч Г.Батдоржийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Г.Батдоржид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож шийдвэрлэв.
Хэрэгт хураагдаж ирсэн Г.Батдоржийн В,C,D ангиллын 323409 дүгээр жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан шилний хагархайнуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Батдорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Галбадрахын Батдоржийг зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах гэмт хэргийг үйлдэж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч Г.Батдоржийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Батдоржид оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан улаан өнгөтэй шилний хагархайнуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Батдорж цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт хураагдаж ирсэн В.С.D ангилаллын 323409 дугаар жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар Г.Батдоржид оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Батдоржид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Батдоржид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР