Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2015/0264

 

2015 оны 6 сарын 18 өдөр

Дугаар 264

Улаанбаатар хот

 

Д.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар шийдвэртэй, Д.Б-н нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 оны 11 дүгээр сараас Увс аймгийн Боловсролын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан. 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Увс аймгийн Боловсролын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар өөр ажилд шилжих болсон тул албан тушаалаас чөлөөлөгдсөн. 2014 оны 02 дугаар сараас эхлэн Ховд аймгийн Байгаль орчны газарт ой, ургамлын олон янз байдал, хамгаалалт, нөхөн сэргээлт, зохистой ашиглалт, цөлжилт, хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон, ажил олгогчтой үр дүнгийн гэрээ байгуулан ажилласан.

Гэтэл намайг Ховд аймгийн Байгаль орчны газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар төрийн жинхэнэ албанаас халсан нь үндэслэлгүй юм. Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар халах үндэслэл байхаар заажээ. Ажил олгогч нь энэхүү үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг халахдаа албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдгийг хангалттай нотлох баримтаар тогтоосон байх учиртай. Гэтэл намайг албан үүргээ хангалтгүй биелүүлснийг нотлох баримт байхгүй болно. Хэрэв үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн нь хангалтгүй F үнэлгээ авсан тохиолдолд төрийн жинхэнэ албанаас халах, сахилгын шийтгэл ногдуулах учиртай. Хариуцагч надтай байгуулсан үр дүнгийн гэрээгээ үнэлж дүгнээгүй атлаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн мэтээр дүгнэж төрийн жинхэнэ албанаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

З.Л дарга бид хоёрын дунд яагаад үл ойлголцох асуудал үүссэн бэ гэхээр Хэн хэний талаар юу гэж боддог вэ гэх сэдэвтэй байгууллагын зөвлөгөөн болсон. Тус зөвлөгөөн дээр би З.Л даргыг хүний үгээр ажил хийдэг гэж шүүмжилсэн. Мөн Увс аймгийн иргэдээс Ховд аймгийн Байгаль орчны газарт холбогдуулан Увс аймгийн Цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг намайг цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн гэж ойлгосон. Би Увс аймгийн Цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн зүйл байхгүй. Харин ч бид хамт Увс аймаг яваад ирсэн. Үүнээс гадна БНХАУ-ын Үрүмч хот руу төсвийн хөрөнгөөр яваад ирсэн ба З.Л дарга надад Үрүмч хотын гудамжнаас модны мөчир хугалж авахыг даалгахад би биелүүлээгүй. Учир нь БНХАУ хатуу чанга хуультай. Эдгээр байдлаас болж бидний хооронд үл ойлголцол бий болсон. Байгаль орчны газарт ирүүлсэн хариутай албан бичгүүдээс ганц хоёр албан бичгийн хариуг хугацаа хожимдуулж явуулж байсан удаа байгаа. Миний ажилгүй байсан хугацааны нийт 5 сарын цалин 3432445 төгрөг болж байгаа. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Л шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай байгууллагад ой ургамлын олон янз байдал, хамгаалалт, нөхөн сэргээлт, зохистой ашиглалт хариуцсан мэргэжилтний ажилд Д.Б орох санал тавихад нь уг ажилд авсан. Ажил хайж байсан хүн маань ажилд орсон өдрөөсөө эхлэн зан нь хувирч үр дүнгийн гэрээ гуйгаад ч байгуулахгүй 4 сарын сүүлч хүртэл явсан. Байгууллагын дотоод журмын 7.2.5 дахь заалтад үр дүнгийн гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр, сар улирал бүр хийсэн ажлын тайланг гаргаж өгөх учиртай боловч хийсэн ажлын тайлангаа гаргаж өгөөгүй, амаар хэлээд гаргаж өгөхгүй байсан учир албан бичиг хүртэл өгсөн.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдтай байгуулсан аймгийн Засаг даргын гэрээнд тусгагдсан 3 дугаар ажил болох Ховд аймгийн Ургамлын бүртгэл, нөөцийн судалгаа хийх, тархалтын зураглал гаргах, генофонд байгуулах ажилд Д.Б-ыг явуулахаар зөвлөсөн боловч яваагүй, бүх ажлыг Дарьханд ахлагчтай баг хийгээд тайлан тавьсан. Мөн гэрээний 5 дугаар ажил болох Байгаль хамгаалах, нөхөрлөл ба талуудын хамтын ажиллагаа сэдэвт нөхөрлөлийн чуулганд Ой ургамлын хамгаалалт, нөхөн сэргээлтийн чиглэлээр ажиллаж байсан нөхөрлөл, шинээр нөхөрлөл байгуулсан талаар илтгэл тавиагүй. Тухайн чуулга уулзалтаас зөвлөмж гаргах ажлыг хариуцсан боловч хийгээгүй.

Мөн уг гэрээний 6 дугаар ажил болох Ойн зурвас, ногоон байгууламж 5 га 18000000 төгрөг, 7 дугаар ажил болох хус модыг нөхөн сэргээх 2 га 8000000 төгрөгийн ажлыг төлөвлөж хийгээгүйгээс сайд, Засаг даргын төлөвлөгөөт ажил тасарсан. Мэргэжилтэн Д.Б нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Б-н 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмж, Байгаль орчин, ногоон хөгжлийн үндсэн чиглэлээр санал хүргэх, Ерөнхийлөгчийн зарлигаар мод тарьж, биелэлтийг 2014 оны 05 дугаар сарын 20-нд явуулах сайдын албан даалгавар, Ойжуулалтын ажилд хяналт тавьж ажлыг эрчимжүүлэх тухай, Ой модны салбарын 90 жилийн ойг зохион байгуулах тухай, мөн ногоон хэрэм ойжуулалтын ажлыг зохион байгуулах зөвлөмж, мод модон материалын төрөлжсөн зах, ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага ажиллах журам, тушаал хүргүүлж зохион байгуулах, мэдээ хүргүүлэх, судалгаа авах, ойгоос хэрэглээний мод түлээ бэлтгэж ашигласны нөхөн төлбөрийг шинэчлэн тогтоох ойг үнэлэх, улсын ойн санд худалдаж авах зэрэг ажлуудыг хугацаанд нь хийж хариу явуулаагүй. Би амаар хэлээд зөвлөөд ажлаа хийхгүй арга ядахдаа байгууллагын албан бичиг өгөөд ч үүрэгт ажлаа цалгардуулсаар 2014 оны 09 дүгээр сард сахилгын шийтгэл ногдуулсан.

Д.Б-т урам өгөх зорилгоор БНХАУ-ын Үрүмч хот, Увс аймаг руу авч явсан. Ажлаа санаачилгатай хийх нөхөхийг бүрдүүлэх үүднээс Улаанбаатар хот уруу БОНХЯ-ны мэргэжилтэн нараас суралцах, туршлага солилцох сургалтад явуулсан. Д.Б-н хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж би 2 сарын хугацаатай цалингийн 20 хувиар хасуулах арга хэмжээ авхуулж байсан.

Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Биологийн ухааны магистр зэрэгтэй. 2013 оны 02 дугаар сард төрийн албаны шалгалтад тэнцсэн. 2015 оны 01 дүгээр сард Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт Ой ургамлын олон янз байдлын хамгаалалт, зохистой ашиглалт, цөлжилт, сумдыг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг хариуцан ажиллаж байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2015 оны 004 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 13 дугаар зүйлийн 13.1.4, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-н Ховд аймгийн Байгаль орчны газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Байгаль орчны газрын Ой, ургамлын олон янз байдал, хамгаалалт, нөхөн сэргээлт, зохистой ашиглалт, цөлжилт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 3423445 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Э бид Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргалаа.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлүүд: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-т шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгана гэжээ. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн зүйл болсон Ховд аймгийн Байгаль орчны газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/35 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар зөв үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байна. Захиргааны актад баримталсан хуулийн заалт нь дурдсан үндэслэлтэй тохирч байж захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй эсэх асуудал яригдах ёстой. Гэтэл маргааны зүйл болж буй Ховд аймгийн Байгаль орчны газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/35 дугаар тушаалд баримталсан үндэслэл нь баримталсан хуулийн заалттай тохироогүй байна. Маргаан бүхий захиргааны актад Д.Б нь сард улиралд хийх ажлыг хугацаанд нь хийгээгүй, тайлан мэдээ танилцуулаагүй, үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, үр дүнгийн гэрээний хэрэгжилт хангалтгүй гэсэн үндэслэл дурджээ.

Ингэсэн атлаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсгийг баримталсан нь захиргааны актад тодорхойлсон үндэслэлтэй тохироогүй, хуулийг буруу хэрэглэсэн байжээ. Алба хаагч этгээд хууль, гэрээгээр тодорхойлсон хийх ёстой байсан ажил үүргийг хийж гүйцэтгэхгүй байх нь хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцогдох бөгөөд энэ зөрчил нь эс үйлдэхүйгээр илэрдэг. Төрийн жинхэнэ албан хаагч албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэ нь сахилгын зөрчилд тооцогдох бөгөөд уг зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан сахилгын шийтгэл ногдуулна гэж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т тодорхой заажээ.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэл нь төрийн жинхэнэ албан хаагчийн гаргасан сахилгын зөрчилтэй холбогдохгүй, өөр үндэслэл болно. Хуулийн дээрх заалтын агуулга, зорилго нь төрийн алба мэргэшсэн байх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн албаны зарчмыг хангахад чиглэгддэг бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсантай холбоотой юм.

Төрийн жинхэнэ албан хаагч албан үүргээ гүйцэтгэсэн боловч мэдлэг мэргэшлийн улмаас алдаа дутагдал гаргах, чанар байдлын доголдол гаргах нь сахилгын зөрчил биш болно. Хэрэв нэхэмжлэгч Д.Б нь маргаан бүхий захиргааны актад дурдсанчлан сард улиралд хийх ажлыг хугацаанд нь хийгээгүй, тайлан мэдээ танилцуулаагүй, үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй байсан бол үүнийг сахилгын зөрчилд тооцох тул сахилгын шийтгэл ногдуулах эсэх үндэслэлтэй эсэх асуудлыг авч үзэх байжээ.

Гэтэл хариуцагч дээрх зөрчлүүдийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн төрийн жинхэнэ албанаас халсан нь захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй, хуулийг тайлбарлан хэрэглэсэн алдаатай болжээ. Хариуцагч нь хуулийн дээрх үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг халахдаа албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдгийг хангалттай нотлох баримтаар тогтоосон байх учиртай. Гэтэл төрийн жинхэнэ албан хаагч Д.Б нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлээгүй бөгөөд үүнийг нотлох баримт байхгүй болно.

Гэтэл хариуцагч Байгаль орчны газрын дарга нь нэхэмжлэгч Д.Б-тай байгуулсан үр дүнгийн гэрээгээ үнэлж дүгнээгүй атлаа түүнийг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн мэтээр дүгнэж төрийн жинхэнэ албанаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Д.Б-ыг хэзээ, хаана, ямар байдлаар удаа дараа албаны чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн тохиолдол үүсгэсэн талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан хаагч Д.Б-н ямар үйлдлүүд нь албан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн удаа дараагийн тохиолдолд хамаарч байгаа эсэх талаар дүгнээгүй. Зөвхөн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: ... нэхэмжлэгч албаны чиг үүрэгт хамаарах зарим чиг үүргийг биелүүлээгүй ... гэж дүгнэснээс бус ямар чиг үүргийг хэзээ, хаана, ямар байдлаар биелүүлээгүй талаар дурдаагүй. Ингэсэн атлаа шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт үр дүнгийн гэрээний хэрэгжилт хангалтгүй байгаа гэхээс бусад зөрчил, дутагдал, урьд сахилгын шийтгэл хүлээж байсан нь түүнийг албан үүргээ хангалтгүй биелүүлж байсныг нотолж байх тул түүнийг сахилгын шийтгэл хүлээлгэх бус төрийн албанаас халсны буруутгах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт хууль хэрэглээний хувьд илэрхий алдаатай байна. Учир нь албан үүргээ огт хэрэгжүүлээгүй байгаа эс үйлдэхүйд сахилгын шийтгэл ногдуулсан нөхцөл байдал нь албан үүргээ хэрэгжүүлсэн боловч хангалтгүй үр дүнгийн хувьд хангалтгүй байгааг хэрхэвч нотлохгүй.

Захиргааны акт хуулийг буруу хэрэглэсэн, хуульд нийцээгүй бол түүнийг хүчингүй болгох эсэх асуудлыг захиргааны хэргийн шүүх хянаж шийдвэрлэх учиртай болохоос үндэслэлгүй захиргааны актыг зөвтгөгч биш.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий захиргааны актыг зөвтгөсөн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй болжээ.

Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү.

Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Э бид хэргийг хянан шийдвэрлэх давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохоор хүсэлт гаргаж байна. Шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Д.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            Ховд аймгийн Байгаль орчны газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, Байгаль орчны газрын Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.4, 7.2.5 дахь хэсэгт Байгууллагын төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг сар, улирал, хагас, бүтэн жилээр тайлан гаргаагүй байгаль хамгаалагч, мэргэжилтнийг ажил хийгээгүйд тооцож, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн хуулийн дагуу арга хэмжээ авна гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Б-ыг төрийн албанаас халсан байх бөгөөд Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 7-д Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан ...хангалтгүй биелүүлсэн... гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно. гэж дээрх заалтыг тайлбарлажээ.

            Нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээнд тусгагдсан ажил үйлчилгээнүүд нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын байрны зорилго, зорилтыг биелүүлэхэд чиглэсэн байх ба хариуцагчийн тайлбарлаж байгаа ажлыг хугацаанд нь хийдэггүй, тайлан мэдээ явуулдаггүй хоцроодог зэрэг зөрчлийн тухайд хэрэгт авагдсан баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, шүүхийн үзлэгүүдээр тогтоогдсон байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

            Нэхэмжлэгч Төрийн жинхэнэ албан хаагч нь албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэ зөрчил нь эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалтыг баримтална гэж маргах боловч Д.Б-н албан үүргээ цаг хугацаанд биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн зэрэг нь баримтуудаар тогтоогджээ.

            Мөн Ховд аймгийн Байгаль орчны газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар Д.Б-т ... өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй тул албан тушаалын цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах ...-аар сахилгын шийтгэл ногдуулж байжээ.

            Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн нь хангалтгүй байгаа, F үнэлгээ авсан тохиолдолд төрийн жинхэнэ албанаас халах учиртай гэсэн үндэслэл заах бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно:, 23.1.2 дахь хэсэгт үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэх заалтад хамааралтай ойлголт байна.

Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэдэгт Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн албаны төв байгууллагаас тогтоосон төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх журамд заасны дагуу дүгнэсэн үнэлгээгээр хангалтгүй дүн авсныг ойлгоно.

Харин нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн хэмээн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг баримтлан төрийн албанаас халсан шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй шийдвэр байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.                                                                                                       

 

ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ