Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 286

 

“Ц-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч “Ц-О” ХХК-ийн захирал Х.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.А, хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга Б.И, гуравдагч этгээд “З Б Э Д” ХХК-ийн захирал Л.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0321 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хариуцагч, гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор “Ц-О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Ц-Ойл” ХХК-ийн захирал Х.Э-ын “Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 55 тоот захирамж, мөн Засаг даргын захирамжид зааснаас өөр байршилд “З Б Э Д” ХХК-д олгосон ......  тоот газар эзэмших гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0321 дүгээр магадлалаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга Б.И хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “З Б Э Д” ХХК нь “Ц-О” ХХК-аас өмнө газар эзэмших эрх нь үүссэн бөгөөд тухайн үед буюу 2012 оны 11 дүгээр сард “Г Т” ХХК /НИК/ нь үйл ажиллагаагаа зогсоосон байсан. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу “З Б Э Д” ХХК-ны эзэмшиж буй газар нь “Ц-О” ХХК-ны эзэмшиж буй 0.2 га газартай давхцалгүй болох нь хавтаст хэрэгт байгаа кадастрын зургаар нотлогдож байгаа юм. Сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ний өдрийн А/69 тоот захирамжаар “Ц-О” ХХК-д газар эзэмшүүлэхдээ 1997 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 60 тоот захирамж буй “Г Т” ХХК-ны газрыг хүчингүй болгож “Ц-О” ХХК-д шинээр газар эзэмшүүлсэн. “З Б Э Д” ХХК нь шатахуун түгээх станцын талаарх Монгол улсын стандарт, барилгын болон авто зам барихтай холбоотой норм болон авто замын орц гарцтай холбоотой стандартын шаардлага хангаж байгаа талаарх аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт, хэмжилт хийсэн тухай тэмдэглэл хавтаст хэрэгт байгаа. Мөн Монгол улсын зам тээвэр хөгжлийн яамны 2017 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн 06/242 тоот гарцын тухай албан тоот зэргээр хориглох зүйлгүй болох нь тогтоогдож байна.

“З Б Э Д” ХХК-ны эзэмшиж байгаа газар нь “Хадан хошуу” мөн эсэх талаар тухайн үед сумын лагерь хорооллыг нэр өгч хуваахад хэлэлцэн баталсан сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа. Уг мэдүүлэг нь тухайн үед сумын эмнэлэг нь “Хадан хошуу”-ны харьяанд хамаарч байсныг баталж байгаа юм. Мөн энэ талаар тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан А-ийн мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн “нотлох баримт дутуу бүрдүүлсэн” гэх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “З Б Э Д” ХХК-ийн захирал Л.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “З Б Э Д” ХХК-д эзэмшүүлсэн газрын байршил тодорхойгүй гэжээ. Энэ талаар би шүүх хуралдаан дээр тодорхой ярьсан. Мөн энэ талаарх баримт хавтаст хэрэгт байгаа. Энэ хүн үнэхээр цаашдаа ШТС-аа ажиллуулна гэж үзэж байгаа бол орц гарцын асуудлаа өөрөө зохицуулах боломжтой. Гэтэл хөрөнгө мөнгөө хэмнэж хүний колонкоос орох гарах гарцын асуудлаа шийдвэрлүүлэх гээд байгаа нь ойлгомжгүй байна. Мөн иргэний хэргийн шүүх дээр хохирол төлөх болсон гэж Э ярьдаг. Энэ хүнийг цаад санаа нь цаашдаа колонкоо ажиллуулахаас илүү хохирлоо төлүүлэх гэж байгаа байх. Тухайн газрыг эрх бүхий албан тушаалтан А нь зааж өгсөн болохоос би өөрөө сонгоогүй. Тэгэхээр манай газрын байршлыг хэн тогтоож өгсөн нь тодорхойгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Ер нь тэр үеийн албан тушаалтнуудын гаргасан шийдвэрээс шалтгаалаад бид хохирох ёсгүй.

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 1997 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 60 тоот захирамжаар хүчингүй болгож, Энхбатад шинээр 0.2 га газар олгосон учраас манай газартай давхцал байхгүй талаарх баримт хавтас хэрэгт байгаа. “З Б Э Д” ХХК-д газрыг олгох шийдвэр гаргасан тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнаас хариу тайлбар мэдүүлэг аваагүй маргааныг шийдвэрлэсэн гэжээ. Гэтэл энэ талаарх тайлбар мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд Д.Э нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч юм уу, эсхүл өмгөөлөгч юм уу аль нь тодорхойгүйгээр орсон. Хэрвээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч юм бол итгэмжлэлээр орох ёстой байх. Хэргийн материалтай танилцахад итгэмжлэл байхгүй байна. Өмгөөлөгчөөр оролцсон бол энэ тухай тэмдэглэлд тусгагдах ёстой.

Мөн хурлын тэмдэглэл дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж зөрүүтэй бичигдсэн байдаг. Энэ ямар учиртай юм бол. Мөн түүнд давж заалдах шатны шүүхээс нөлөөллийн мэдүүлэг, эрх үүргийг танилцуулан өгөх ажиллагааг явуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл өөрийн биеийн байцаалтаа тодорхойлсон ямар нэгэн баримтгүйгээр шууд шүүх хуралдаанд Д.Э гэдэг хүн орсон. Мөн хуульд мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ гэж заасан байхад давж заалдах шатны шүүх нь миний тайлбарыг сонсохгүй, үг хэлэх эрхийг хангахгүй мөртлөө нэхэмжлэгч талын тайлбарыг илүү сонсож байсан зэргээс шалтгаалаад давж заалдах шатны шүүхийн шүүгч нараас гарах шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж хардах сэтгэл төрж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 321 тоот магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Ц-О” ХХК нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргад холбогдуулан 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамж, газар эзэмших гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ. Уг захирамжаар “З Б Э Д” ХХК-д шатахууны худалдаа эрхлэх зориулалтаар Хадан хошуу гэх газарт 5000 мкв газрыг эзэмшүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “захирамжид заасан газраа буугаагүй, манай эзэмшил газрын зам хааж буусан, манай эзэмшил газрын зарим хэсэгтэй давхцуулсан, улсын чанартай автозамын хязгаарласан бүсэд газар эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр маргаж байна.

Нэхэмжлэгчийн тухайд 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар НИК-ийн шатахуун түгээх станцын байгууламж бүхий 2000 мкв газрыг эзэмших эрх үүссэн байх бөгөөд өмнөх эзэмшигчийн үйл ажиллагаа явуулж байсан, тодорхой хөрөнгө байгаа газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлснээс давхцал үүссэн тухай үйл баримтыг нягтлан шалгах шаардлагатай, энэ талаар давж заалдах шатны шүүхэс зөв дүгнэлт хийжээ.

Тодруулбал, хариуцагчаас маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлэх болсон үндэслэлээ “тухайн газрыг хэн ч ашиглаагүй, өмнөх эзэмшигчийн эрх дуусгавар болсон” гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотлох баримт хэрэгт цуглараагүй, шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагчийн “газрын кадастрын зургаар эдгээр газрууд давхцалгүй” гэх гомдлын хувьд нэхэмжлэгчээс гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газрыг өмнөх эзэмшигчийн эрхтэй уялдуулан тайлбарлаж, улмаар “орц, гарц хаасан” гэж маргаж байгаа тул холбогдох баримтыг цуглуулах шаардлагатай юм.

Гуравдагч этгээдийн тухайд анх 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр захирамжаар 10000 мкв газар шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмших эрх үүссэн боловч газрын байршлыг захирамжид тодорхой заагаагүй байна. Гуравдагч этгээд нь 2012 оны 10 дугаар сарын 4-ний өдөр “үер ус орж, ажиллах нөхцөл бүрдэхгүй байна” гэх үндэслэлээр газар эзэмших хүсэлт гаргаж,  2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамжаар одоогийн маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь хүсэлт гаргасан газрын байршил нь бусдад эзэмшүүлж ашиглуулж болохоор заагдсан эсэхийг шалгаж тодруулах үүрэгтэй. Энэ тохиолдолд гуравдагч этгээдийн газрын байршлыг өөрчилсөн үндэслэл шалтгаан хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Тухайлбал, гуравдагч этгээдийн өмнө эзэмшиж байсан газар үерийн усанд өртөж, үйл ажиллагаа явуулахад сөргөөр нөлөөлсөн баримт, нэхэмжлэгчийн эзэмшил газрын орц, гарц хаагуур байсан, энэ нь гуравдагч этгээд маргаан бүхий газарт байрласнаас шалтгаалан өөрчлөгдсөн эсэх, орц гарц хаасан эсэх нотлох баримтыг цуглуулж, үнэлэх шаардлагатай.

Энэ хүрээнд нэхэмжлэгч шатахуун түгээх станц ажиллуулах зөвшөөрөлтэй эсэх, гуравдагч этгээдийн шатахуун түгээх станц улсын чанартай авто замын хориглосон бүсэд байрласан эсэхийг мөн шалгах нь маргааныг бүрэн дүүрэн, эргэлзээгүй хянаж үзэхэд чухал ач холбогдолтой байна.

Дээр үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0321 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                    Ч.ТУНГАЛАГ  

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ