Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 712

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 28 өдөр           Дугаар 181/ШШ2018/00712         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: . Б овогт Д Ц /РД: /-ийн нэхэмжлэлтэй,            

Хариуцагч: “ХҮИС” БСБ /РД: /-д холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгч Д.Цнь 2006 онд тус сургуулийг ХҮДС байхад нь туслах ажилтнаар ажилд ороод 2010 оноос Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд Монгол Улсын Их сургуулийн захирлын 658 тоот тушаалаар багшаар томилогдон ажилласан.

2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 5 жил ажиллаад Мэргэжлийн боловсролын тухай хуулийн дагуу 5 жил тутамд олгогддог мөнгөн тэтгэмжээ авах эрх үүссэн боловч өгөхгүй байсан тул тус дүүргийн шүүхэд хандсан. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 131 дүгээр Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагыг өөрчлөн байгуулах тухай тогтоолоор Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуулийг Монгол улсын их сургуулиас тусгаарлан ХҮИС болгон өөрчлөн зохион байгуулж, 2017-2018 оны хичээлийн жилд үйл ажиллагааг бие даалган ажиллуулахаар шийдвэр гарснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу хариуцагчаа сольж “ХҮИС”-ийг хариуцагчаар татсан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан бөгөөд хариуцагч байгууллагаас ахиад дараагийн шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан ч тус шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд хариуцагч Улсын Дээд шүүхэд гомдол гаргаад энэ асуудал одоогоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгаа болно.

Гэтэл үүнд ажил олгогч дөнгөж сургууль бие дааж байхад мөнгөний асуудал ярилаа, нэхэмжлэлээ татаж ав гэх мэтээр дарамталж байснаа 9 хүүхэдтэй ангийг минь надад хэлэлгүйгээр тараагаад өнөөдөр ажлаас халж байгаа асуудлыг шүүхээр 5 жилд нэг удаа олгох тусгайлсан хуульд заасан тэтгэмжийн асуудлаа шийдүүллээ гээд халсан гэж үзээд гомдолтой байна.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговорыг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Цасчихэрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үл зөвшөөрч доорх үндэслэлээр татгалзаж байна.

1. Нэхэмжлэгч Д.Цнь 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн ректорын 128 дугаартай тушаалаар сургалтын хэрэглэгдэхүүн, хэвлэх цехэд туслах ажилтнаар орж ажилласан. 2010 оны Засгийн газрын 15 дугаар тогтоолын дагуу ХҮДС Монгол Улсын Их сургуулийн бүрэлдэхүүний Худалдаа Үйлдвэрлэлийн сургууль болсон үед 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тухайн бүрэлдэхүүн сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Батсайхан нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн нийтлэг үндэслэл 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйл, Монгол Улсын Их сургуулийн дүрэм, дотоод журмуудыг тус тус зөрчиж 408 тоот дугаартай тушаал гаргаж Мэргэжлийн сургалт Үйлдвэрлэлийн төвд Д.Цасчихэрийг багшаар авч ажиллуулсан байна.

Д.Цнь Сүхбаатар дүүргийн иргэний анхан шатны шүүхэд 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ ажилд авах 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 128 дугаар тушаал, ажилд томилох 2010 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 408 дугаартай тушаалыг гаргуулан хэргийн материалд нотлох баримтаар хавсаргах хүсэлт гаргасны дагуу уг материалыг шүүхэд бүрдүүлж өгөхөөр тушаалуудыг Худалдаа Үйлдвэрлэлийн Их сургуулийн архиваас шүүж гаргах явцад Д.Цасчихэрийн багшаар томилогдсон уг тушаал нь хууль бус болохыг олж мэдлээ. Шинээр үүсэж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан шүүхэд зохих ёсоор тусад нь хандах болно.

Д.Цнь хууль бус тушаалаар томилогдон 2010 оноос 2017 онуудад Монгол Улсын Их сургуульд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багшаар ажилласан бөгөөд нэхэмжлэлдээ 2010 оноос Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвд Монгол Улсын Их сургуулийн захирлын 658 тоот тушаалаар багшаар томилогдон ажилласан гэж худал дурджээ.

Мэргэжлийн боловсролын тухай хуулийн дагуу 5 жил тутамд олгогддог мөнгөн тэтгэмж авах эрх нь 2015 оны 12 дугаар сарын 16-нд үүссэн байтал түүнээс хойш 2 жил орчим өнгөрсний дараа Монгол Улсын Их сургуулиас авч чадахгүй явсаар байгаад 2017 оны 9 дүгээр сард Худалдаа Үйлдвэрлэлийн Их сургуулийн харьяанд ирэнгүүтээ хариуцагчаа сольж нэхэмжлэл гаргасан. Д.Цасчихэрийн нэхэмжлэлдээ дурдсанчлан энэхүү байдлаас шалтгаалан дарамталж, анги тарааж, ажлаас халсан зүйл байхгүй болно. Аливаа асуудлыг хууль дүрэм зохих журмын хүрээнд шийдвэрлэж ирсэн.

2. Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор тус сургуулийг Монгол Улсын Их сургуулиас тусгаарлан “ХҮИС” БСБ болгон өөрчлөн зохион байгуулж 2017-2018 оны хичээлийн жилээс бие даалган үйл ажиллагааг нь явуулахаар шийдвэрлэсний дагуу үндсэн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэн авч, Монгол Улсын Их сургуулиас нэг ч оюутан шилжүүлж аваагүй төдийгүй төсөв мөнгөгүй, шинээр оюутан элсүүлж элссэн оюутны сургалтын төлбөрөөр санхүүжилт хийж эхэлсэн.

2017 оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн ХҮИСд зөвхөн ерөнхий эрдмийн хичээл заадаг багш нар болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Лицей сургуулийн багш нар байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулах ажилтан нийлсэн 47 багш ажилтан эхний ээлжинд шилжиж ирсэн. Бакалаврын сургалтын оюутан 4 жил суралцдаг, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч 1 жил суралцдаг учир Монгол Улсын Их сургуульд элссэн бакалаврын оюутнууд үлдсэн. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсэн суралцагч нар 1 жил суралцаад төгссөн учир суралцагч шилжин ирээгүй болно.

Багшийн ажлын байр, орон тоо нь оюутны элсэлтийн тоо, анги дүүргэлт, тэдгээрт заах хичээлийн цагийн ноогдлоос шалтгаалж батлагддаг. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нар сургалтын харилцаанд оролцохдоо Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль болон бусад хууль тогтоомж, Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журам, аргачлал зөвлөмжийн дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийг Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3, Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/103 тоот тушаалаар баталсан элсэлтийн хяналтын тоо, мэргэжлийн дагуу зохион байгуулсан боловч суралцагчийн тоо хангалтгүйгээс багш нарын заах хичээлийн ажлын ачаалалгүй болж ирсэн тул захиргааны зөвлөлийн хурлаар уг асуудлыг удаа дараа хэлэлцэж элсэлтийн хугацааг сунгасан.  

Сунгасан хугацаа 2017 оны 10 дугаар сарын 01-нд дуусахад 55 суралцагч бүртгүүлж 2 мэргэжлийн анги нээж хичээллүүлсэн. /2017 оны 10 дугаар сарын 10 хурлын тэмдэглэл/,

Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5, Төрийн захиргааны төв байгууллага, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/198/215, баталсан Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын ажлыг багц цагаар тооцох журам, Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багшийн сургалтын ажлын багц цагаар тооцох журмын дагуу багш нарын сургалтын багц цагийн тооцоог гаргахад 3 багшийн ачаалал гарсан учир багш нарын тоог 3-аар цөөрүүлэх шаардлага гарсан. Энэ тухай өөрсдөд нь мэдэгдсэн. 2 багш нь хууль журмыг ойлгож өөрсдийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. 2017 оны 11 дүгээр сарын 01-нд Д.Цасчихэрт мэдэгдэл өгсөн. 2017-2018 оны хичээлийн жилийн багш ажилтны орон тоо цалинг удирдах зөвлөл баталсан.

Ажлаас чөлөөлөх хуулийн хугацаа болоход Д.Цөвчтэй байсан учир бид хүлээж байгаад 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлсөн болно.

Иймд Д.Цасчихэрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Цнь хариуцагч “ХҮИС” БСБ-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“ХҮИС”-ийн захирал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.4.5, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 55 дугаар зүйлийн 55.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12.2, Мэргэжлийн Боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйл, “ХҮИС”-ийн дүрмийн 4.2.6, 4.6.1, 6.2.7 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 4.3.7.1 дэх заалт, “ХҮИС”-ийн Удирдах Зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дугаартай тогтоол, захирлын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/34 дугаартай тушаал, Мэргэжлийн Боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журмыг тус тус үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Б/02 тоот тушаал гаргаж, багш нарын орон тоо цөөрсөн үндэслэлээр Д.Цасчихэртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч нь “ХҮИС”-ийн захирлын 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 тоот тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан учир шүүх хуулиар харьяалуулсан шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор гаргасан уг гомдлын дагуу ажил олгогчийн гаргасан тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 131 тоот тогтоолын дагуу ХҮДС нь Монгол Улсын Их сургуулиас тусгаарлагдаж, “ХҮИС” БСБ болж өөрчлөгдөн зохион байгуулагдаж, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн болох нь талуудын маргаагүй тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000144094 тоот гэрчилгээгээр тогтоогдсон байна. /legalinfo.mn/law/details/12632?lawid=12632/

 

Тус сургуулийн бүтцэд хамаарах сургалтын нэгж болох Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн хяналтын тоог Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасны дагуу Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн А/103 тоот тушаалаар 4 мэргэжлээр нийт 150 суралцагч байхаар батласан боловч 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 4 мэргэжилд нийт 48 суралцагч, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 4 мэргэжилд нийт 55 суралцагч элсэхээр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан сайдын тушаал /ИХШХШТХ-ийн 40.4-т заасан нийтэд илэрхий үйл баримт/, захиргааны зөвлөлийн хурлын 02, 06 тоот тэмдэглэлүүдээр тогтоогджээ. /хх-ийн 71-74, 81-87 хуу/

 

Ийнхүү элссэн суралцагчийн тоо батлагдсан хяналтын тоонд хүрээгүйн улмаас оюутны тоо, түүнд заах сургалтын цагийн ачааллаас шалтгаалан багшийн орон тоо, ажлын байр бий болдог үндэслэлээр Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн Удирдах Зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаас 09 дүгээр тогтоол гарч, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 6 багшийн орон тоог 3-аар цөөрүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хх-ийн 91-102 хуу/

 

Үүний нэгэнд нэхэмжлэгч Д.Цорж ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

 

Нэхэмжлэгч Д.Цасчихэрийн хувьд Монгол Улсын Их сургуулийн харьяа байхаас эхлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд багшилж ирсэн бөгөөд “ХҮИС”-ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/05 тоот тушаалаар Монгол Улсын Их сургуулиас шилжүүлэн ажиллуулахаар томилсон 45 багш, ажилтны 1 нь байна. /хх-ийн 107-112 хуу/

 

Шилжүүлэн ажиллуулахаар томилсоноос хойш зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулагдаагүй үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон.

 

2017-2018 оны хичээлийн жилд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 55 суралцагчийг тогооч, худалдааны нярав хангамж гэсэн 2 мэргэжлээр суралцуулах шийдвэрийг “ХҮИС”-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/06 тоот тушаалаар гаргасан ба элсэлтийн хяналтын тоонд хүрээгүй тооны суралцагч элссэнтэй холбогдуулан авсан энэ арга хэмжээний дагуу тэдгээрт хичээл заах мэргэжлийн багш нарын 2017-2018 оны хичээлийн ажлын цагийн ноогдол тооцоход Д.Цбагш нийт 3,5 кредит буюу танхимын 156 цаг гарсан нь Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/198/215 тоот тушаал /ИХШХШТХ-ийн 40.4-т заасан нийтэд илэрхий үйл баримт/-аар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журмын 1.8, Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн захирлын 2017 оны А/03 тоот тушаалын 7 дугаар хавсралтаар батлагдсан Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журмын 1 дүгээр хавсралт болох “Багшийн цагийн ачааллыг албан тушаалын зэрэглэлтэй нь уялдуулан тооцох” журамд заасан мэргэжлийн онолын болон дадлагын, ерөнхий эрдмийн багшийн жилийн цагийн ачаалал нь 20 багц цаг байхаар тогтоосон хэмжээнд хүрээгүй байна. /хх-ийн 61-70, 73-74, 113-116 хуу/

 

ХҮИС нь элсэх суралцагчийн тоог нэмэгдүүлэх зорилгоор элсэлтийн бүртгэлийн хугацааг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, багш нарыг ажлын байртай үлдээх зорилгоор өөрөөс шалтгаалах зохих арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүйгээс Д.Цнарын 3 багшийн цагийн ачаалал тийнхүү тогтоосон хэмжээндээ хүрч чадаагүй байна.

 

Энэ нөхцөл байдал нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн журмын 3.1-д заасан бүтэц, орон тоог багшийн цагийн гүйцэтгэх нормтой уялдуулан Худалдаа Үйлдвэрлэлийн Их сургуулийн Удирдах зөвлөл батлах үндэс болсон байх ба Удирдах зөвлөл 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Худалдаа Үйлдвэрлэлийн Их сургуулийн дүрмийн 4.2.6-аар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 6 багшийн орон тоог 3-аар цөөрүүлжээ. /хх-ийн 27-41, 55-60 хуу/

 

Хэргийн баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багшийн орон тоо цөөрсөн бодит нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Ажилтны орон тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлаж, дуусгавар болгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2-т тус тус заасан ба ингэхдээ 1 сарын өмнө энэ тухай ажилтанд мэдэгдэх үүргийг ажил олгогч мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар хүлээдэг байна.

 

Манай тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэлтэй ч энэ нь зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг үгүйсгэх үндэслэл болохгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаар шүүх уг маргааныг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж үзлээ.

 

“ХҮИС”-ийн Удирдах Зөвлөлийн тогтоол 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гарахаас өмнө ажил олгогч орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Д.Цасчихэрт өгсөн /хх-ийн 121 хуу/ явдал нь эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад өгснөөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д нийцээгүй боловч 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэр гарснаас хойш 1 сар өнгөрсний хойно буюу 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалаар 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн бодит байдлаараа уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ хариуцагч хэрэгжүүлсэн гэх дүгнэлтэд хүргэж байна.

 

Ийнхүү ажил олгогчийн зүгээс 1 сарын өмнө ажлаас чөлөөлөх тухай мэдэгдсэн, орон тоо бодитоор цөөрсөн үйл баримт тогтоогдсон энэ тохиолдолд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажилтантай үүссэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрх бүхий байгууллагын шийдвэр гарахаас өмнө мэдэгдэл өгсөн явдал болон хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй зөрчил нь өөрөөс шалтгаалах арга хэмжээг авсан ч үр дүнд хүрээгүйгээс үүссэн бодит нөхцөл байдалд тохируулан ажилтны тоог цөөрүүлэх замаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

 

Иймд Д.Цасчихэрийг ажлаас чөлөөлсөн “ХҮИС”-ийн захирлын тушаалыг үндэслэлтэй гэж үзсэн тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.8-д заасныг тус тус баримтлан “ХҮИС”-ийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай Д.Цасчихэрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА