Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 88

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Л.Цэндсүрэн,

насанд хүрээгүй хохирогч М.Нямхүү, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Нарантуяа,

насанд хүрээгүй хохирогч Т.Мандахбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Долгорсүрэн,

тэдгээрийн өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч Б.Батхуяг, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 99.1-д тус тус заасан гэмт хэрэгт Б.Батхуягийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526031052 дугаар хэргийг 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Оёдолын 3 дугаар гудамж 3а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Харуулчин овогт Баттулгын Батхуяг /РД:ЧЕ81113018/.

Шүүгдэгч Б.Батхуяг нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хан-уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 59 дүгээр сургуулийн 2 дугаар давхарын эзэнгүй ангид насанд хүрээгүй хохирогч Т.Мандахбаярыг “дүү охин П.Уянгааг хүчиндлээ” хэмээн хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний баруун хөлрүү  өшиглөсөний улмаас биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Мөн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хан-уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 59 дүгээр сургуулийн 2 дугаар давхарын эзэнгүй ангид  насанд хүрээгүй хохирогч М.Нямхүүг “дүү П.Уянгааг хүчиндсэн” хэмээн хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний толгойн тус газарт нь гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Батхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “” гэв.

 

201526031052 дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Насанд хүрээгүй хохирогч М.Нямхүүгийн өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бид нарыг анги дээрээ байж байхад манай ангийн багш Золжаргал орж ирээд бид нарыг “та нар ямар хэрэг хийснээ мэдэж байна уу” гэж хэлээд бид нарыг нэг нэг цохисон. Тэгээд бид нарыг манай ангиас гаргаад нөгөө хажуу талын эзэнгүй ангид оруулсан. Эзэнгүй ангид оруулчихаад 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр юу болсон талаар ярь гэсэн. Тэр үед З.Жаргалсайхан болсон асуудлын талаар ярьсан. Ангийн багш та нар яаж байгаа юм бэ, ээж нь ирж байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд бид нар П.Уянгаагийн ээжийг нилээд удаан хүлээсэн. Бид нарыг анги дотроо сууж байхад Уянгаагийн ах гэх намхан нуруутай ах орж ирээд Даваадалайг цохиод, дараа нь намайг цохисон. Миний чихний ар хэсэгт гараа зангидаж байгаад нэг удаа цохисон, сууж байхад зүүн талын хөлний хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгээд манай найз нар болох Жаргалсайхан, Мандахбаяр нарыг зодсон. П.Уянгаагийн ээж нь болон цагдаа ах нь зодоогүй. Шууд орж ирээд та нар манай дүүг яаж байнаа гээд л зодоод эхэлсэн. Миний чихний ар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан, тархи хөдөлсөн, хөлөнд ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, санал хүсэлт байхгүй. Надад өөр гэмтэл учраагүй. Гэмтлийн эмнэлэгт 10.000 төгрөгөөр рентген зураг авахуулсан, Люксмед эмнэлэгт томографийн зураг 100.000 төгрөгөөр авахуулсан, шүүх эмнэлэгт 3.000 төгрөгөөр үзүүлсэн. Энэ бүх зардлаа нэхэмжилж байна.  ...Даваадалай бид хоёрыг ангиас гарсаны дараа Мандахбаярыг Уянгаагийн ах нь хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн гэж хэлсэн. ...Мөн Жаргалсайханыг үсдэж буланд шахсан гэж байсан. Уянгаагийн ах гэх хүн намайг цохиж миний биед гэмтэл учруулсан. Мандахбаярыг миний нүдэн дээр хөл рүү нь өшиглөсөн. Бас алгадаж байсан, Мандахбаяр миний ард сандал дээр сууж байсан юм” гэх мэдүүлэг  /хх-26-31/,

Насанд хүрээгүй хохирогч Т.Мандахбаярын өгсөн: “... 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хичээл дээрээ сууж байхад 10а ангийн багш Золжаргал орж ирээд “та нар яагаад ангийн юм эвдэж байгаа юм бэ” гээд бид нарыг цохисон. Тэгээд нөгөө хажуу талын эзэнгүй ангид оруулаад бид нартай болсон асуудлын талаар ярилцсан. Манай найз З.Жаргалсайхан 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болсон асуудлыг хэлж өгсөн. Г.Даваадалай, М.Нямхүү бид нар чимээгүй зогсож байсан. Золжаргал багш бид нарыг “та нар эндээ байж бай, П.Уянгаагийн ээж нь ирж байгаа, та нартай уулзана” гэж хэлсэн. Уянгаагийн ээжийг 1 цаг гаруй эзэнгүй ангид хүлээсэн. П.Уянгаагийн ээж нь хамгийн түрүүнд З.Жаргалсайханы алгадаад, дараа нь миний зүүн чихний хэсэгт 2 удаа алгадсан. Дараа нь Нямхүү, Даваадалай хоёрыг цохиж өшиглөсөн. Миний биед Уянгаагийн ах нь гэмтэл учруулсан. Уянгаагийн ах нь ангид орж ирээд Жаргалсайханыг хамгийн эхэлж цохиод дараа нь намайг сандал дээр сууж байхад миний зүүн шанаа хэсэгт алгадаад, баруун хөлний шилбэ болон шагай хэсэгт өшиглөсөн. Мөн Даваадалай, Нямхүү нарыг ангиас гарсаны дараа Жаргалсайхан бид хоёрыг өшиглөж зодсон. Тэгээд ангиас гарахад миний хөл эвгүй болсон байсан. Сургуулийн гадаа гараад хөлөө бариад үзэхэд бага зэрэг хавдаж байсан. Сургуулийн гадаа байхад Уянгаагийн ээж нь миний цавь хэсэгт өшиглөсөн. ...Уянгаагийн ах намайг өшиглөсөний дараа ангиас гарахад миний хөл өвдөөд хөндүүрлээд эхэлсэн. Тэгэхээр нь би доголж явахгүй гэж гүрийсэн. Өөрөө буруу зүйл хийсэн байж баашилж байна гэж хүмүүс бодох байх гэж бодоод тэвчээд яваад байсан. Цагдаагийн хэлтэс дээр ирээд хөлөө үзэхэд миний зүүн хөлний шагай хэсэг хавдсан байсан. Тэгээд Нямхүүгийн ээж нь зургийг нь авсан.” гэх мэдүүлэг  /хх-33-38/,

Насанд хүрээгүй Г.Даваадалайгийн сэжигтэнээр өгсөн: “...Тэгтэл нэг намхан нуруутай ах орж ирээд хамгийн түрүүнд миний толгойн хэсэгрүү гараа атгаж байгаад цохисон. Дараа нь Нямхүүгийн чих хэсэгт нь нэг удаа алгадсан. Тэгээд Мандахбаярын баруун хөлний шагай хэсэгт 1-2 удаа өшиглөсөн. Тэгээд Уянгаагийн ээж нь гэх хүн хүрч ирээд Жаргалсайхан, Мандахбаяр нарыг буланд шахаж байгаад хэд хэдэн удаа цохиж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хх-129/,

Насанд хүрээгүй М.Нямхүүгийн сэжигтэнээр өгсөн: “... П.Уянгаагийн намхан нуруутай ах нь орж ирээд хамгийн түрүүнд цонхны хажууд зогсож байсан Г.Даваадалайгийн толгой хэсэгт цохисон. Дараа нь намайг сандал дээр сууж байхад миний толгой хэсэгт гараараа цохиж өшиглөсөн. Т.Мандахбаярын хөлрүү нь өшиглөсөн. Дараа нь Жаргалсайханыг цохисон.” гэх мэдүүлэг /хх-135/,

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 15604 дугаартай дүгнэлтэнд: “Мандахбаярын биед баруун тахилзуур ясны далд хугарал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” Гэжээ /хх-86/

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 15616 дугаартай дүгнэлтэнд: “Нямхүүгийн биед тархи доргилт, зүүн чихний ар хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /х-96/,

Шинжээч эмч Г.Ханхүүгийн өгсөн: “...Мандахбаярын баруун тахилзуур ясанд урд өмнө нь хугарсан гэмтэл байсан бөгөөд уг гэмтэл нь бороолж эдгэрсэн байна. Уг бороолсон гэмтэлд дахин хугарал үүссэн байсан. Хуучин хугарал гэмтэл хугаралд дахин хугарал үүссэн тохиолдолд гэмтлийн зэрэг нь өөрчлөгдөхгүй хүндэвтэр байдаг. ” гэх мэдүүлэг /х-105/,

Б.Батхуягийн сэжигтэнээр өгсөн: “... 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр намайг гэртээ байхад миний төрсөн эгч Пүрэвсүрэн миний гар утасруу залгаад “Уянгаагийн дээд ангийн хүүхдүүд нь түүнийг хүчиндсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эгч Пүрэвсүрэнгийн баруун дөрвөн замд байх ажил дээр нь очиж түүнийг аваад 59 дүгээр сургууль дээр ирсэн. Тэгээд 2 давхарт гараад булангийн ангид ороход нэг эрэгтэй багш, Уянгаагийн ангийн багш, 4 эрэгтэй хүүхдийн ангийн багш болон 4 эрэгтэй хүүхэд байсан. Тэгээд би нүдний шилтэй өндөр бандийн хацар хэсэгт нь нэг удаа алгадаж, хөлөнд нь нэг удаа өшиглөсөн. Намхан бандийг цохиогүй, дунд зэргийн нуруутай хүүхдийг нэг ч удаа алгадаагүй. Харин сандал дээр сууж байсан хүүхдийн хөлрүү нэг удаа өшиглөсөн. Тэр өшиглөсөн хүүхдийг нэг удаа алгадсан. Би тухайн үед манай дүү П.Уянгааг тэр 4 хүүхэд нийлээд хүчиндсэн гэж ойлгосон, их уур бухимдалтай байсан. Уурандаа тэр хүүхдүүдийг цохиж өшиглөсөн юм. П.Уянгаагийн ээж нь цохих гэхээр нь би боль гээд болиулсан. Би л тэр 4 хүүхдийг цохисон.” гэх мэдүүлэг /хх-138-140/,

Б.Батхуягийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-215/, Б.Батхуягийн  хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-195-200/, Эрүүгийн хэргээс зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол /хх-221-222, 223/ зэргийг уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Батхуяг нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хан-уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 59 дүгээр сургуулийн 2 дугаар давхарын эзэнгүй ангид насанд хүрээгүй хохирогч Т.Мандахбаярыг “дүү охин П.Уянгааг хүчиндлээ” хэмээн хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний баруун хөлрүү  өшиглөсөний улмаас биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Мөн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хан-уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 59 дүгээр сургуулийн 2 дугаар давхарын эзэнгүй ангид  насанд хүрээгүй хохирогч М.Нямхүүг “дүү П.Уянгааг хүчиндсэн” хэмээн хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний толгойн тус газарт нь гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчээс үйлдсэн хэргийнхээ талаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд Б.Батхуягийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар, мөн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

   Насанд хүрээгүй хохирогч М.Нямхүү, Т.Мандахбаяр нар нь “эмчилгээний зардалд тус бүр 120.000 төгрөг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй, шүүгдэгч Б.Батхуягтай сайн дураараа эвлэрч байна” гэсэн хүсэлт шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Батхуягийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Батхуяг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч М.Нямхүү нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн зэргийг харгалзан Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

   Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дүгаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди, хөлний рентген зураг зэргийг шүүх хуралдаанаар шинжлэн судласан болно.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Батхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харуулчин овогт Баттулгийн Батхуягийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1-д тус тус зааснаар Б.Батхуягт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Б.Батхуягийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Батхуягт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэг, хөлний рентген зураг 1 ширхэг зэргийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт тус тус үлдээсүгэй.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Батхуяг цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан Б.Батхуягт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж,  1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Батхуягт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Батхуягт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Л.БААТАР