Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 218

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Анар-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/01285 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Анар-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ошми” ХХК-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлгэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч   Б.Оюунзул

Хариуцагчийн төлөөлөгч                               С.Мойлтмаа

Хариуцагчийн өмгөөлөгч                               Ч.Болдбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга     Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Анар-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2015 оны 5 дугаар сарын 21-ээс 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл “Ошми” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу төслийн менежерээр ажиллаж байсан. Гэтэл тус компанийн гүйцэтгэх захирал С.Мойлтмаа 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “сануулах сахилгын шийтгэлтэй хугацаандаа дахин сахилгын зөрчил гаргаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргийг гүйцэтгэхдээ мэдлэг ур чадвараа дайчлан ажиллаагүй” гэсэн үндэслэлээр тушаал гаргаж халсан. Миний бие уг тушаал буюу ажлаас халах шийдвэрийг эс эвшөөрч, үндэслэлгүй халсан хэмээн үзэж нэхэмжлэл гаргаж байна. Өмнө нь гаргасан гэх сахилгын зөрчил, түүнд шийтгэл ногдуулсан талаар: “Ошми” ХХК-ийн төслийн менежер Ганцолмонтой хамт, харилцагч “Эсто” ХХК ээр дотоод аудит хийж, албан үүргээ гүйцэтгэж буй тухайгаа 24-н цагийн өмнө и-мэйлээр мэдэгдээгүй гэсэн шалтгаанаар С.Мойлтмаагаас и-мэйлээр сануулга авч байсан. Миний хувьд ажиллах хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлж, элдэв зөрчил дутагдал гаргалгүй, өөрийн мэдлэг, туршлага, харилцаа холбоогоо ашиглан үнэнчээр ажиллаж байсан. Энэхүү зүтгэлийг минь үнэлэн 2015 оны шилдэг ажилтнаар шалгаруулан, өргөмжлөл гардуулж байсан. Халагдах тушаал авсны дараагаар яагаад ийм шийдвэр гаргасан тухай лавлан асуухад С.Мойлтмаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн хариулт өгч IOSH-ийн төслийг АШУҮИС-д алдлаа гэсэн тайлбар өгсөн. Их Британы IOSH байгууллагаас зарласан нээлттэй судалгааны сонгон шалгаруулалтанд миний бие АШУҮИС болон “Ирим” ХХК-тай хамтран санал хүлээн авах хугацаанд багтаж, судалгааны төслийн санал боловсруулж өгснийг буруу ойлгож, уг саналыг унагасан мэтээр тайлбарласан. Миний шинийг санаачилж бие даан ажиллах чадвах, ажлын арга барил тухайн хүний үзэмжид нийцэхгүй байсан байх. Харин миний ажлын гүйцэтгэл ямар түвшинд байсныг хамт олон болон үйлчлүүлэгчид гэрчилнэ. Бидний үзүүлдэг гол менежментийн тогтолцооны үндсэн зарчмуудаа өөрөө дотоод байгууллагадаа ноцтой зөрчдөг ёс зүйгүй байдал ийм нөхцөл бий болголоо. Түүнчлэн халах болсон өөр нэг шалтгаан нь цөөн өдөр хагас, бүтэн сайнд ар гэрийн шалтгааны улмаас ажиллаж чадахгүй болохоо илэрхийлсэн, миний 3 настай охин хатгалгаа тусч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед асрах чөлөө хүссэнтэй холбоотой гэж ойлгож байна. Учир нь ажлаас халагдах өмнөх долоо хоногт хагас, бүтэн сайнд ажилласан мөн томилолтоор Эрдэнэт хотод ажилласан тул амралтын өдрүүдээр гэр бүлтэйгээ байх шаардлагатай байсан тул хагас сайн өдөр ажиллах боломжгүйгээ мэдэгдсэнд дургүй нь хүрсэн. Эдгээр нөхцөл байдлын алийг дахин зөрчил гаргасан хэмээн үзсэн, тушаалын үндэслэлд дурдсан “удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргийг гүйцэтгэхдээ мэдлэг ур чадвараа дайчлан ажиллаагүй” гэдэг нь тодорхойгүй, маш ерөнхий, олон байдлаар тайлбарлагдах боломжтой. Үнэндээ өнөөдөр захирлаас зэмлэсэн цахим шуудан аваад маргааш нь 1 минут ажлаас хоцроход “сахилгын зөрчил давтан гаргасан” гэх үндэслэл бүрдэнэ. Компани ийм байдлаар ажилтнаа халдаг учир “хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргах” гэдэг үндэслэлийг ашиглаагүй, үүнийг нотлох, хөдөлмөрийн гэрээнд тусгах шаардлага байхгүй байгаа юм. Мөн агуулгын хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гэдэгт ямар хэр хэмжээтзй зүйлийг ойлгох вэ гэдгийг тодорхойлсон зарчим, шүүхийн практик байдаг гэж бодож байна. Тушаалд Хөдөлмөрийн гэрээний 8.8.4 буюу “сахилгын шийтгэлийн дээд хэлбэр” буюу халах сахилгын шийтгэлийн тухай ишилсэн боловч агуулга хэсэгтээ сахилгын шийтгэл давтан гаргасан” гэх үндэслэлийг дурдсан байна. Тушаал нь хуульд нийцэхгүй байна. Түүнчлэн тушаалын тэргүү нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай агуулгаа илэрхийлэхгүй, тушаалд “халах сахилгын” гэсэн заалтаас үндэслэсэн. Миний бие энэ байгууллагад ажилласан 11 сарын хугацаанд долоо хоногт 50, 60 цаг ажилласан тохиолдол маш их байгаа ба энэ хугацаанд амралтаа нөхөн авах, илүү цагийн мөнгө тооцуулж байгаагүй болно. Энэ хугацаанд өөрийн мэдлэг чадвараа хувийн зардлаараа дээшлүүлж харилцагч үйлчлүүлэгч, компанийн үйлчилгээний чадамжыг дээшлүүлэхэд сэтгэл гаргаж, тууштай ажиллахаар шийдэж байхад охины бие өвдөн 1 хагас өдөр 2 бүтэн өдөр чөлөө хүсэхэд ойлгомжгүй шалтгаанаар намайг ажлаас халж, цалин орлогогүй болгосонд гомдолтой байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Н.Анар-Эрдэнэ нь 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 ны 03 дугаар сарын 16-ны өдөр буюу халагдах өдөр хүртлээ төслийн менежерээр ажиллаж байсан. 2015 онд оны шилдэг ажилтанаар шалгарч байсан. Гэтэл тус компанийн захирал нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр үндэслэлгүйгээр 02/09 тоот тушаал гаргаж ажлаас халсан байдаг. Уг тушаалын үндэслэл нь 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр гадуур ажилтай тухайгаа 24 цагийн өмнө компанид мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр сануулах шийтгэл оногдуулсан байдаг. Ажлаас халах тушаалыг гаргахдаа баримталж буй хуулийн зүйл заалт болон ажлаас халсан үндэслэл зэрэг нь хоорондоо тохирч байх ёстой. Гэтэл ажлаас халсан тушаалын үндэслэл нь баримталсан хуулийн зүйл заалттай тохирдоггүй. Мөн ажилтанд ямар үүрэг даалгавар өгч, Н.Анар-Эрдэнэ юу биелүүлээгүй гэдэг нь нотлогдоогүй. Иймд хууль зүйн үндэслэлгүй тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон зрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. Ээлжийн амралтын олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч “Ошми” ХХК-ийн төлөөлөгч С.Мойлтмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Н.Анар-Эрдэнэ нь манай компанид 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлзн хөдөлмөрийн гэрээний гэрээний дагуу төслийн менежерээр ажиллаж байсан. Манай компани жил бүр бүх ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулдаг. Үүний дагуу Н.Анар-Эрдэнэтэй 2016 оны 1 дүгээр сарын 2-ний өдөр гэрээ байгуулсан. Ажил олгогчийн зүгээс ажилтны ур чадвар мэдлэгийг дээшлүүлэх үүднээс 600 000 төгрөгийн үнэтэй олон улсын эрхтэй сургалтанд хамруулж, дэмжиж ирсэн. Гэвч Н.Анар-Эрдэнэ нь ажил олгогчийн тавьсан шаардлагыг биелүүлдэгтүй удаа дараа зөрчил гаргаж байсан нь холбогдох баримтаар нотлогдоно. Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогчийн санаачлагаар Н.Анар-Эрдэнийг сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ошми” ХХК-д холбогдох ээлжийн амралтын олговор болох 1046000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.нэхэмжлэгч Н.Анар-Эрдэнийн татгалзлыг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлзгч Н.Анар-Эрдэнийг “Ошми” ХХК-ийн төслийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ошми” ХХК-иас 11 352 272 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н. Анар-Эрдэнэд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч “Ошми” ХХК нь нэхэмжлэгч Н.Анар-Эрдэнийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Н.Анар-Эрдэнийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч “Ошми” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нөхөн 196 586 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Мойлтмаа Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж шийдвэрлээгүй бөгөөд шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тушаалыг хүчингүй болгуулах тухай асуудлыг шүүх хурлаас өмнө гаргаагүй гэдэг үндэслэлээр хүлээн авч шийдвэрлээгүй талаар шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж байа. Мөн хэрэгт нэхэмжлэгч маргаагүй буюу хүлээн зөвшөөрсөн өмнөх сахилгын шийтгэл дээр маргаан өрнүүлсэн нь үндэслэлгүй байгаа бөгөөд үүнийг голлон үндэслэж шийдвэрлэсэн нь буруу байна. Хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг бүрэн шинжлээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2-т зааснаар хэрэгт холбоотой баримт гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн мөртлөө нэхэмжлэгч тал мөн адил тухайн заалтын дагуу хэрэгт шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөөгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан нь баримтаар тогтоогдохгүй байна гзж үзсэн мөртлөө тушаалыг хуулийн үндэслэлгүй нь нотлох баримтаар тогтоогдлоо хэмээн зөрчилтэй шийдвэр гаргасан. Хариуцагчийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 02/09 тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага байхгүй байхад нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан нь шүүх өөрийн санаачлагаар нэхэмжлэлийн шаардлагаас давж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй шийдвэр гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагад тушаал хүчингүй болгуулах шаардлага байхгүй гэдгийг хэлж, нэхэмжлэгчийг шүүх хурал дээр нэмэгдүүлж байгааг хүлээн авах боломжгүй гэж үзсэн мөртлөө шийдвэрээрээ ажилд эргүүлэн тогтоосон нь өөрийнхөө байр суурийг үгүйсгэсэн шийдвэр гаргасан ба тушаал хэвээрээ байхад ажилд авах боломжгүй нөхцлийг бүрдүүлж байна. Мөн шүүх нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан заалтыг ноцтой зөрчсөн байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Анар-Эрдэнэ нь хариуцагч “Ошми” ХХК-д холбогдуулан тус компанийн төслийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 11 352 272 төгрөг, 2015 оны ээлжийн амралтын олговор 1 046 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ээлжийн амралтын олговор гаргуулах шаардлагаасаа татгалзсан байна.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…Н.Анар-Эрдэнэ нь сахилгын зөрчил давтан гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан, ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Анар-Эрдэнэ нь “Ошми” ХХК-ийн төслийн менежерээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 02/09 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 7.4-т заасныг үндэслэл болгон ажлаас чөлөөлөгдсөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

 

Хариуцагч “Ошми” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 02/09 дугаар тушаалд “...нэхэмжлэгч Н.Анар-Эрдэнийг сануулах сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин сахилгын зөрчил гаргаж, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаварыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргийг гүйцэтгэхдээ мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллаагүй” гэж заасан байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Анар-Эрдэнэ нь сахилгын сануулах шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан, мэргэжил ур чадвараа дайчлан ажиллаагүй гэх тайлбар нь баримтаар тогтоогдоогүй бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэж зааснаас үзэхэд ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт гарсан байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч Н.Анар-Эрдэнийг мэргэжил ур, чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй гэх байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Н.Анар-Эрдэнэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар  зүйлийн 128.1.2-т зааснаар “Ошми” ХХК-ийн төслийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчаас шаардах эрхтэй юм. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч С.Мойлтмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/01285 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч С.Мойлтмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Ошми” ХХК-ийн төлсөн 200 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                                       М.НАРАНЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО