Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 472

 

   Д.Б, Д.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Батбаяр,

            шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч С.Даваасүрэн,

            шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,  

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч С.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Б, Д.Д нарт холбогдох 1907 0007 50033 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Д-н Б, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр ......... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер, механик мэргэжилтэй, “А п э и” ХХК-д туслах ажилтай, ам бүл 1, ......... дүүргийн ........ дугаар хороо, ............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;

2. Г ш овгийн Д-н Д, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ...........төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, гамшгаас хамгаалах аврагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ....... дүүргийн ... дугаар хороо, ....... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............/;

Д.Б нь 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр ........дүүргийн .. дугаар хороо, “...”-ийн 11 дүгээр гудамжинд Д.Д-тай маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Д.Д нь 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр ............... дүүргийн ... дугаар хороо, “....”-ийн 11 дүгээр гудамжинд Д.Б-тай “гэр бүл үймүүллээ” гэж маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь баруун 5 дугаар хавирганы далд хугарал, зүүн дээд 2 дугаар шүдний хугарал, нүүрэнд цус хуралт, баруун, зүүн шуу, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Д.Б, Д.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Б, Д.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Д.Д-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Д нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Д.Д-т оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт тус тус даалгаж, Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Д-с 375.000 төгрөг гаргуулан шүүгдэгч Д.Б-д олгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д 2.140.000 төгрөгийн, шүүгдэгч Д.Б 1.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа тус тус бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч Д.Б, Д.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулаагүй бөгөөд аргагүй хамгаалалт хэрэглэсэн. Би Д.Д-т цээжиндээ 4-5 удаа цохиулж /хавирга хугарсан/, хавируулж унасны дараа зууралдаад байхаар нь амь насанд минь аюул учирч болзошгүй боллоо гэж бодон босож зугтах гэж эсэргүүцэж байх үед Д.Д-н нүүр лүү нэг удаа цохисон тул би өөрийгөө аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг буруу дүгнэсэн. Гэрч Г.И нь өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байж Д.Д-тай 1 жилийн хугацаанд хамтран амьдарч байгаа гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл надад ийм зүйл огт ярьж байгаагүй бөгөөд мөнгөний асуудал гарахаар /гар утсаа ломбарднаас авахдаа 300.000 төгрөг, байрны түрээс, магистрын сургалтын төлбөр 1.800.000 төгрөг гэх мэтээр нийт 14.000.000 орчим төгрөг/ хамтран амьдрагч Д.Д-т хандаж, өөрсдөө шийдвэрлэхгүй, яагаад надад ханддаг байсныг гайхаж байна. Г.И нь миний гэнэн итгэмтгий занг ашиглаж, мөнгө завших санаа өвөрлөж, намайг хохироочихоод, эцэст нь намайг гэмт хэрэгтэн болгочихоод өөрөө гэрч болон үлдэж байгаад гомдолтой байна. Г.И нь тухайн өдөр өөрөө Д.Д-н утсаар намайг дуудаж, бүлэглэн зодсон.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг зөв тогтоож, нотлох баримтуудыг буруу үнэлсэн. Би өөрийгөө аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзсэн учраас бусдын биед санаатай хөнгөн хохирол учруулсан гэм бурууг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Энэ талаар анхнаасаа үнэн зөв мэдүүлж, мөрдөн байцаалт, прокурорын шатанд хүсэлт гомдол гаргаж, анхан шатны шүүх хурал дээр ч эсэргүүцэж байсан. Шүүх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг дүгнэхдээ намайг гэр бүлийн харилцаанд үл ойлголцол бий болгож, гэр бүлийн харилцаанд дур мэдэн оролцсоноос гэмт хэрэг гарах болсон гэсэн байна. Гэрч Г.И нь хүнтэй гэрлэж байсан, гэрлэлтээ цуцлуулаагүй, хамтран амьдрагчтай байсан гэдгийг би сүүлд мэдсэн. Хэрвээ өмнө нь мэдсэн бол, мөн “та 6 ханатай гэр, хашаа авчих, тэгвэл тантай сууна” гэж хэлээгүй бол би туслахгүй байсан. 

Иймд намайг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэм буруугүй болохыг тогтоож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Б-ны өмгөөлөгч С.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Д.Б нь аргагүй хамгаалалт хэрэглэсэн байна. Шинжээчийн дүгнэлтэд “Д.Б-ны биед баруун хавирганы 5 дугаар хавирганы далд хугарал, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, нүүрэнд цус хуралт, баруун шуу, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон” гэжээ. Харин “Д.Д-н биед хамар ясны хугарал, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо” гэсэн байна. Энэ гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн нь шүүгдэгч Д.Д-н мэдүүлгээр нотлогддог ба Д.Д өөрөө Д.Б-ны цээж рүү 4-5 удаа цохиж, хавирч унагасны дараа Д.Д зууралдаад байхаар нь зугтах гэж байхдаа цохигдсоноос үүссэн гэмтэл юм.

Гэрч Г.И, шүүгдэгч Д.Д нарын мэдүүлэгт “... эхлээд Д.Д нь Д.Б-ны цээж рүү 2-3 удаа, хэд хэдэн удаа цохисон, дараа нь хавирч унагаасан. ...” гэж мэдүүлдэг.

Шинжээчийн дээрх дүгнэлтүүдтэй холбоотой бас нэг асуудал бол Д.Б-ны биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гарсан ба №08шэ/117 гэсэн дугаартай байхад Д.Д-н шинжилгээ 2019 оны  2 дугаар сарын 19-ний өдөр гарсан боловч №08шэ/115 гэж дугаарлагдсан нь ойлгомжгүй байна.

Шүүгдэгч нарын болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтэд зааснаар шүүгдэгч нарын биед учирсан гэмтэл, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс үзэхэд шүүгдэгч Д.Б нь Д.Д-т цээжиндээ 4-5 удаа цохиулж, хавируулж унасны дараа босож зугтах гэж эсэргүүцэж байх үед Д.Д-н нүүр Д.Б-ны гаранд 1 удаа цохигдсон нь нотлогддог ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар Д.Б аргагүй хамгаалалт хийсэн болох нь нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн ... амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй. Мөн зүйлийн 3 дахь хэсэгт аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ” гэж заасантай нийцэж байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүх буруу дүгнэсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэр бүлийн үл ойлголцол маргааны асуудлыг шийдвэрлээгүй. Бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсан асуудлыг шийдвэрлэх ёстой.

Гэтэл шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт “Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч Д.Б-ны гэрч Г.И-тэй гэр бүлийн асуудлаар үл ойлголцол бий болгон улмаар бусдын гэр бүлийн харилцаанд дур мэдэн оролцож байгаа үйл явдлаас шалтгаалсан байна гэж үзлээ” гэж хэт өнгөц, өрөөсгөл дүгнэжээ. Ингэж дүгнэх нь гэр бүлийн үл ойлголцол маргааныг бусдын эрүүл мэндэд халдаж шийдвэрлэхийг зөвтгөсөн мэт болжээ.  

Гэрч Г.И нь өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байж Д.Д-тай 1 жилийн хугацаанд хамтран амьдарч байгаа гэж мэдүүлсэн атлаа мөнгөний асуудал гарахаар /гар утсаа ломбарднаас авахдаа 300.000 төгрөг, байрны түрээс, магистрын сургалтын төлбөр 1.800.000 төгрөг гэх мэтээр нийт 14.000.000 орчим төгрөг/ хамтран амьдрагч Д.Д-т хандаж, өөрсдөө шийдвэрлэхгүй, Д.Б-д хандаж шийдвэрлүүлдэг байсан нь ойлгомжгүй санагддаг ба магадгүй Г.И нь Д.Б-ны гэнэн занг ашиглаж мөнгө завших санаа өвөрлөж Д.Б-ыг хохироочихоод, эцэст нь өөрөө гэрч болж үлдээд, Д.Б-ыг гэмт хэрэгтэн болгож байна.

Г.И нь Д.Б-д ярихдаа, тань шиг хүнтэй бол амьдрана, та 6 ханатай гэр, хашаа байшинтай болчихвол тантай амьдарна гэх зэргээр Д.Б-д итгэл төрүүлж байсан учраас Д.Б мөнгөний асуудалд байнга туслаж байсан байна.

Г.И нь зээлсэн гэдэг боловч ямар нэгэн зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг зөв тогтоож, нотлох баримтыг буруу үнэлснээр шүүгдэгч нарын хувийн байдлыг буруу дүгнэж, улсын яллагчийн ялын саналаас өөрөөр шүүгдэгч нарт ялгавартай хандаж, эдийн засаг, эрүүл мэндээрээ шууд хохирсон Д.Б-д илүү хүнд ял оногдуулсан байна.

Улсын яллагч хяналтын прокурор Б.Батбаяр нь шүүгдэгч нарт тус бүр 350 цагийн албадан ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан байхад шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дүгнэхдээ “Д.Д-н хувийн байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Д.Б-ны хувийн байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан түүнд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Д.Д-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Д.Б-ны зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ гэсэн бол, шүүгдэгч Д.Б-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан үзлээ гэсэн байна.

Д.Б өөрийгөө аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзсэн учраас бусдын биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэм бурууг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй талаараа анхнаасаа мэдүүлж, мөрдөн байцаалт, прокурорын шатанд хүсэлт гомдол гаргаж, анхан шатны шүүх хуралдааны үеэр ч өөрийг нь буруутай гэж үзэж байгааг тууштай эсэргүүцэж байсан нь харагддаг.

Д.Д нь тохиолдлоор шүүгдэгч Д.Б-ны нүүр, цээжинд 4-5 удаа цохисноос баруун 5 дугаар хавирганы далд хугарал, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, нүүрэнд цус хуралт, баруун, зүүн, шуу, гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн гэж шүүх үзжээ.

Харин Д.Д нь Д.Б-ны цээжинд 4-5 удаа цохиж, хавирч унагасны дараа Д.Б зугтах, холдох зорилгоор эсэргүүцэж байхдаа аргагүй хамгаалалт хэрэглэж нүүрэн тус газарт нь санаандгүй биеийн аль нэг хэсгээр нэг удаа хүрсний төлөө санаатай бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэх зүйлээр буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлаагүй байна.

Шүүх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг дүгнэхдээ, Д.Б-ыг гэр бүлийн харилцаанд үл ойлголцол бий болгож, гэр бүлийн харилцаанд дур мэдэн оролцсоноос гэмт хэрэг гарах болсон байна. Г.И нь хүнтэй гэрлэж байсан, гэрлэлтээ цуцлуулаагүй, хамтран амьдрагчтай гэдгийг нь Д.Б мэдээгүй, ямар ч эр хүн гэр бүлтэй эмэгтэй хүнд байнга туслахгүй байсан.

Гэрч Г.И-н гэрлэлтээ цуцлуулаагүй байхдаа Д.Д-тай хамтран амьдарч байгаа харилцааг хууль зүйн хувьд гэр бүлийн харилцаа гэж үзэх боломжгүй.

Дээрх байдлаар бодитоор болсон нөхцөл байдал тогтоогдож байхад янз бүрийн шалтгаан хэлж, мөнгө хэрэгтэй байна гэхээр нь хамтран амьдрагч, нөхөртэй гэж мэдэлгүй, мөнгө өгч тусалсны хариуд хамтран амьдрагч Д.Д-т олон удаа цохиулж, хавиргаа хугалуулж, хавируулж унаад зугтаж холдох гэж байхдаа аргагүй хамгаалалтын хэр хэмжээнээс хэтрүүлээгүй, аргагүй хамгаалалт хэрэглэсэн байтал хохирогч Д.Б-ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нэмж хохироогоод шүүгдэгч Д.Д-ыг 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан нь Д.Б Г.И-д залилуулж, эдийн засаг, эрүүл мэндээрээ хохироод, шүүхээс 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 4-5 сар ажил хөдөлмөр хийж, орлого олох боломжгүй болгочихлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, 1.3-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх хэсгийг тус тус үндэслэн шүүгдэгч Д.Б-ыг аргагүй хамгаалалт хэрэглэсэн, гэм буруугүй болохыг тогтоож, түүнийг цагаатгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Б нь надтай зодолдсон. Д.Б өмнө нь 2 удаа ирсэн. Би “ажил явдал гарсан байна” гэж хэлээд явуулж байсан. Гурав дахь удаагаа ирэхэд нь би зодолдсон. Энэ хүн манай гэр бүлд тайван байх уур амьсгал бүрдүүлдэггүй. Д.Б эхний мэдүүлэгтээ надтай зодолдсон, цээж рүү нь 2-3 удаа цохисон гэдэг. Аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй байна. ...” гэв. 

Шүүгдэгч Д.Д-н өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Аль хүртэл аргагүй хамгаалалт хийсэн гэдэг нь тодорхойлогдохгүй байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь Д.Б-ны үйлдлээс болсон. Эх нь нас бараад ажил явдалтай байхад Д.Б ирээд И-г “хайраа” гэж дууддаг. Тухайн үйл явдлыг бусниулах санаатай очсон гэж үзэж байна. Д.Д, Д.Б нар нь харилцан зодолдсон. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн. ...” гэв.

Прокурор Б.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Д.Б нь үйлдэл эхлээд дууссаны дараа босож ирэхдээ хамар луу нь цохисон бөгөөд уг үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.  

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Б нь 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, “.....”-ийн 11 дүгээр гудамжинд Д.Д-тай маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, зүүн доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Д.Д нь 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, “.......”-ийн 11 дүгээр гудамжинд Д.Б-тай “гэр бүл үймүүллээ” гэж маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь баруун 5 дугаар хавирганы далд хугарал, зүүн дээд 2 дугаар шүдний хугарал, нүүрэнд цус хуралт, баруун зүүн шуу, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Д.Б /хх 5-6/, Д.Д /хх 8-9/, гэрч Г.И /хх 11-12/, Г.У /хх 14/, шинжээч С.Төгсбуян /хх 99/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Д.Д-н биед хамар ясны хугарал, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэх шинжээчийн 08/шэ/115 дугаартай дүгнэлт /хх 24/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Д.Б-ны биед баруун 5 дугаар хавирганы далд хугарал, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, нүүрэнд цус хуралт, баруун шуу, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэх шинжээчийн 08/шэ/117 дугаартай дүгнэлт /хх 25/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б, Д.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ны Д.Д-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  

Д.Д-н Д.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгч Д.Б-д анхан шатны шүүхээс 300 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ял, шүүгдэгч Д.Д-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Д.Б-ны “... намайг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэм буруугүй болохыг тогтоож, цагаатгаж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч С.Даваасүрэнгийн “... Д.Б нь Д.Д-т олон удаа цохиулж, хавиргаа хугалуулж, хавируулж унаад зугтаж холдох гэж байхдаа аргагүй хамгаалалтын хэр хэмжээнээс хэтрүүлээгүй, аргагүй хамгаалалт хэрэглэсэн байтал Д.Б-д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Д.Д-ыг 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан. Д.Б нь Г.И-д залилуулж, эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирсон байхад 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 4-5 сар ажил хөдөлмөр хийж, орлого олох боломжгүй болгосон. Иймд Д.Б-ыг аргагүй хамгаалалт хэрэглэсэн, гэм буруугүй болохыг тогтоож, түүнийг цагаатгаж өгнө үү. …” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, хохирогч Д.Б-ны “... Тэгээд би холдоод аврахын хойно явж байхад нөхөр нь болох Д.Д гэдэг залуу ирээд “гэр бүл үймүүллээ” гээд цээжний баруун талд, хавирганы хавьд хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд хавирга эвгүй болчих шиг болсон. ... /хх 5-6/, хохирогч Д.Д-н “... Би Д.Б-ыг “та явчих, ажил явдалтай байна, наад асуудлаа дараа ярь” гэхэд “чамд хамаагүй” гэхээр нь маргалдсан. “Хоёулаа эр хүн шиг үзье” гээд эхлээд миний цээж рүү түлхэхээр нь би зөрүүлж цээжинд нь 2-3 удаа цохиж, хөлөөрөө хавирч унагаасан. Тэгтэл босож ирээд миний зүүн нүд, хамар луу 1 удаа цохиход цус гарч, манай эхнэр дундуур орж салгасан. ...” /хх 8-9/, гэрч Г.И-н “... Тэр хоёр барьцалдаж аваад түлхэлцэж байгаад Д.Д Д.Б-ны цээж хавьд 2-3 удаа цохиж, хавирч унагаахад Д.Б босож ирээд Б.Д-ын хамар нүүрний орчимд цохиход хамраас нь цус гарсан. Би дундуур нь орж салгахад Д.Б явсан. Гэртээ ирээд харахад Д.Д-н зүүн нүдний доор хөхөрсөн, хамар нь хавдсан байсан. ...” /хх 11-12/,

гэрч Г.У-н “... Д.Д-н зүүн нүдний доор нь хөхөрч, хамар нь хавдсан байсан. ...” /хх 14/, шинжээч С.Төгсбуянгийн “... Д.Б-ны биед учирсан 5 дугаар хавирганы далд хугарал гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт, нүүрэнд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ... Б.Д-н биед үүссэн хамар ясны хугарал, зүүн дээд доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” /хх 99/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08/шэ/115, 08/шэ/117 дугаартай дүгнэлтүүд /хх 24, 25/ хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Б.Д, Д.Б нарын мэдүүлгүүд хоорондоо харилцан зөрүүгүй байгаагийн зэрэгцээ тухайн гэмт хэргийн үйл явц болон өрнөлийг биечлэн харсан гэрч Г.И-н мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзнэ.

Шүүгдэгч нарын мэдүүлэг болон гэрч Г.И-н мэдүүлгээс дүгнэвэл, Д.Д-н биед хамар ясны хугарал, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтлийг Д.Б нь харилцан зодолдох явцдаа учруулсан байх бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Түүнчлэн, хууль тогтоогчоос аргагүй хамгаалалт гэдгийг өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилсан.

Аргагүй хамгаалалт хэрэглэх эрх нь аливаа нийгэмд аюултай довтолгоо, халдлага бодитойгоор хийгдсэн, хийгдэх нь тодорхой байгаа нөхцөл байдалд хэрэгжих боломжтой байдаг.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан хохирогч, гэрч, шинжээч, шүүгдэгч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Д.Д, Д.Б нар нь харилцан түлхэлцэж, улмаар Д.Д нь Д.Б-ыг зодож, хавирч газарт унагааснаар Д.Д-н довтолгоон дууссаны дараа Д.Б нь газраас босох явцдаа Д.Д-н нүүрэн тус газар цохиж, гэмтэл учруулж байгаа үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын хооронд зөрчилдөөнтэй байдал үүсч харилцан зодолдсон байх бөгөөд шүүгдэгч Д.Д-н довтолгоон дууссаны дараа Д.Б-ны зүгээс шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан “ ... хамар ясны хугарал, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол ...” учруулсныг аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэхгүй. 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн, шүүгдэгч Д.Д-т торгох ял, шүүгдэгч Д.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар сонгож шийдвэрлэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч С.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх Д.Б, Д.Д нарт оногдуулсан ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудад тодорхой заасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг баримтлан, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэрхэн биелүүлэх талаар дахин заах шаардлагагүй тул тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хэдийгээр анхан шатны шүүх Д.Д-т оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацаа заагаагүй байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар “... шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ” төлөхөөр заасан тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “... хуульд заасан хугацаанд ...” гэж нэмж, мөн тогтоох хэсгийн 7 дахь заалтад Иргэний хуулийн зүйл, хэсгийг буруу бичснийг зөвтгөж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулан шийдвэрлэлээ.