Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0780/З |
Дугаар | 128/шш2020/0810 |
Огноо | 2020-12-22 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 128/шш2020/0810
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: СХД-ийн Т-н хэлтсийн т-н улсын байцаагч Т.Б, Ц.Ш
Нэхэмжлэлийн шаардлага: “СХД-ийн Т-ын татварын хяналт шалгалтын улсын байцаагч нарын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3400106.. дугаар актаар ногдуулсан 102,263,...төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э*******, хариуцагч Т.Б, Ц.Ш*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй, регистрийн 202.... дугаартай, “Б” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Г.О, Ө.Өнар нь 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 340044 дугаартай дүгнэлт үйлдсэний дагуу Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Ш, Т.Б нар нь 1.022.363,3 төгрөгийн зөрчилд 20017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 3400106.. дугаар акт үйлдэж, 102.263,3 төгрөгийн нөхөн татвар
ногдуулсан.
Уг зөрчил нь “Д” ХХК, “Х” ХХК, “Ж” ХХК-иудаас худалдан авалт хийж, 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бичигдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падааны дүн юм.
Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3.3-т заасны дагуу Татвар нөхөн ногдуулах алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх, борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр хуульд заасан татварын төрөл болон суутгаж төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын тайлан гаргах өдрийн дараагийн ажлын өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор заасны дагуу 2012 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөр дууссан байхад 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ... дугаар акт үйлдэн, нөхөн татвар ногдуулсан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул “Б” ХХК нь 2017 оны 05 сарын 10-ны өдрийн 3400106.. дугаар татварын улсын байцаагчийн актаар 102,263,630.00 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг эс зөвшөөрч, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.
Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл нь Татварын ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй, тогтоолын үндэслэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааны талаар тодорхой үндэслэл гаргалгүй гомдлыг шийдвэрлэсэн.
Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3.3-т заасны дагуу 2012 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөр дууссан байхад 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 3400106.. дугаар акт үйлдэн, нөхөн татвар ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 05 сарын 10-ны өдрийн .... дугаар татварын улсын байцаагчийн актаар 102,263,630.00 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Б” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Г.О, Ө.Өнар 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 340044 тоот дүгнэлт үйлдсэний дагуу Сонгинохайрхан дүүргийн улсын байцаагч Ц.Ш, Т.Б нар 1022636.3 мянган төгрөгийн зөрчилд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3400106.. дугаар акт үйлдэн 102,623,630,00 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан. Уг зөрчил нь “Д” ХХК, “Х” ХХК, “Ж” ХХК-иудаас худалдан авалт хийж, 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бичигдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падааны дүн байдаг.
Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3.3-т заасны дагуу Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх, борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр хуульд заасан татварын төрөл болон суутгаж төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын тайлан гаргах өдрийн дараагийн ажлын өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор заасны дагуу 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бичигдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг дараа сарын 10-ны өдөр тайлагнах ёстой байдаг тул 2012 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөр дууссан байхад 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 340010.. дугаар акт үйлдэн нөхөн татвар ногдуулсан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
“Б” ХХК нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Уг маргаан таслах зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс Татварын ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, тогтоолын үндэслэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааны талаар тодорхой үндэслэл гаргалгүй гомдлыг шийдвэрлэсэн. Захиргааны акт үйлдэн татвар ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 340010.. дугаар актаар 102,263... төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий актыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчимд харшилсан. 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтийн байдлыг шалгасан. 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн татварын улсын байцаагчийн дүгнэлт хүчин төгөлдөр. Уг дүгнэлтийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тогтоол хүчин төгөлдөр байгаа. Энэхүү тогтоолоор маргаан бүхий актын хууль зүйн үр дагаврыг зохицуулсан.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу уг прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэсэн, хохирлыг хэрхэн гаргуулах тухай, сэжигтэн, шүүгдэгч хэрхэн маргах тухай тусгай зохицуулалтыг заасан байхад татварын улсын байцаагч нь 2017 онд нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалтад дахин шалгалт хийж, шинэ акт гаргасан нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан заалттай нийцэхгүй байна.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд зааснаар ил тодын тайланг гаргасан байдаг. Ил тодын тайланг хүлээж авсан татварын алба энэ талаар маргаагүй атлаа тухайн тайлан бүртгэлийн асуудлаар Маргаан таслах зөвлөлд хүчингүй гэсэн тайлбар хэлсэн нь хууль бус байна.
Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа шинээр тогтоогдсон буюу 2015 оны актад Иргэний хуулийн зохицуулалт хамаарахгүй. Өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, дүгнэлттэй холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байгаа учраас хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Т.Б, Ц.Ш нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг, барилга угсралт, засвар, засал чимэглэл, хөрөнгө түрээслүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, улсын бүртгэлийн 2006 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 901101.... дугаар гэрчилгээтэй, регистрийн 202.... дугаартай, “Б” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Сонгинохайрхан дүүргийн татварын улсын байцаагч Г.О, Ө.Өнар нь хяналт шалгалт хийж, 1,022,636.....төгрөгийн зөрчил илрүүлэн, 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 340... дугаартай дүгнэлт үйлдэн, прокурорын газарт шалгуулахаар өгсөн.
Дээрх дүгнэлтийн дагуу шалган, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар прокурорын тогтоол гарсан. Уг тогтоолын дагуу 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3400106.. дугаар актыг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б..., Ц.Ш... /Г.О, Ө.Өөөр дүүрэгт шилжсэн/ нар шалгаж, нийт 1,022,636.... төгрөгийн зөрчилд 102,263.... төгрөгийн нөхөн татвар ногдуулсан.
2012 онд “Д” ХХК-иас 010092726 дугаартай падаанаар 335,636,300.00 төгрөгийн, “Х” ХХК-иас 01009.... дугаартай падаанаар 342..... төгрөгийн, “Ж” ХХК-иас 010028...1 дугаартай падаанаар 345.... төгрөгийн, нийт 1,..... төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр хий бичилттэй падааныг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулан, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”, 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж тус тус заасныг зөрчсөн байсан.
Дээрх зөрчилд 102,..... төгрөгийн нөхөн татвар, 30,679,.... төгрөгийн торгууль, 51,.... төгрөгийн алданги, нийт 184.... төгрөгийн төлбөр ногдуулах байсан боловч 30....... төгрөгийн торгууль, 51...... төгрөгийн алданги, нийт 81........ төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулан чөлөөлсөн болно.
Хариуцагч Т.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2008-2011оны татварын ногдуулалтыг шалгаж, 2012 онд дүгнэлт гарсан. 2012 оны дүгнэлт нь Прокурорын газарт шалгагдаж, 2017 оны прокурорын тогтоол гарах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанд тооцсон. Тухайн үед “Б” ХХК-ийн захирал Ш.Ү-д танилцуулсан байгаа.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгуулах тухай 3 үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокурорын тогтоолын дагуу үйлдэгдэж байгаа акт бөгөөд шинээр шалгасан гэх тайлбар нь үндэслэлгүй. Актын хувьд илт хүчингүй болгох акт биш. Тухайн үед шалгагдаж прокурорын тогтоол гарсны дараа хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлж байсан. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгагдсан. “Б” ХХК нь хий бичилттэй падаан бичсэнээ хүлээн зөвшөөрсөн” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Б” ХХК нь тус шүүхэд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналтын шалгалтын улсын байцаагч нарын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3400106.. дугаар актаар 102,263,...төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан, нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... 2012 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөр дууссан байхад акт үйлдэн нөхөн татвар ногдуулсан нь ... хууль зүйн үндэслэлгүй, ...2017 онд нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалтад дахин шалгалт хийж, шинэ акт гаргасан нь ... Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан заалттай нийцэхгүй, ... санхүү, татварын тайлангаа зохих хугацаанд нь ил тодоор тайлагнасан...” гэж, хариуцагч нь “...нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулан, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн. ... Прокурорын тогтоолын дагуу акт үйлдэгдсэн. “Б” ХХК нь хий бичилттэй падаан бичсэнээ хүлээн зөвшөөрсөн ... Акт хууль зүйн үндэслэлтэй...” гэж тодорхойлон маргажээ.
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б, Ц.Шнар нь “Б” ХХК-ийн 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 3400106.. дугаартай актаар [1] “Б” ХХК нь 2012 онд “Д” ХХК-иас 010092.... дугаартай падаанаар 335.... төгрөгийн, “Х” ХХК-иас 010092... дугаартай падаанаар 342.... төгрөгийн, “Ж.” ХХК-иас 010028311 дугаартай падаанаар 345....... төгрөгийн, нийт 1,022,636,300.00 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн хэсэгт тусган, татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулалт орлогыг бууруулсан 102...... төгрөгийн зөрчилд 102,263,630.00 төгрөгийн нөхөн татвар, 30...... төгрөгийн торгууль, 51,131,815,00 төгрөгийн алданги ногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, 10 дугаар зүйлийн 10.2, 10.7-д заасныг үндэслэн 30........ төгрөгийн торгууль, 51..... төгрөгийн алданги, нийт 81...... төгрөгийн торгууль, алдангийг өршөөлд хамруулан чөлөөлж, 1,022..... төгрөгийн зөрчилд 102....... төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээрх татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл хянаад 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 5. дугаар тогтоолоор[2] 1,......... төгрөгийн зөрчилд 102.... төгрөгийн төлбөр тогтоосон татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байх ба хэргийн оролцогч нар татварын тооцооллын талаар маргаагүй.
1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь “ ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад акт үйлдэн нөхөн татвар ногдуулсан нь ...хууль зүйн үндэслэлгүй” гэж тодорхойлон маргаж байна.
Маргааны үйл баримтаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.О, Ө.Ө нар нь “ Б.” ХХК-ийн 2012 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын татварын улсын байцаагчийн 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 340044 дугаар дүгнэлтээр3 “Б” ХХК нь 2012 онд “Д”, “Х”, “Ж” ХХК-иудаас ямар ч бараа, ажил үйлчилгээ худалдан аваагүй, төлбөр төлөөгүй атлаа барилгын материал худалдан авсан, ажил хийлгүүлсэн мэтээр тус компаниудын нэр, тамга бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын 010092726, 10092751, 010028311 дугаартай падааныг хуурамчаар бичүүлэн бүрдүүлж, нэмэгдсэн өртгийн албан албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг санаатайгаар бууруулан, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэж, цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн” гэж үзсэн, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Бармон ” ХХК-ийн захирал Ш.Үыг Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, “Д”, “ Х”, “Ж” ХХК-иудаас бараа, материал худалдан аваагүй атлаа эдгээр компаниудын НӨАТ-ын падаан дээр 1,022,636,3 мянган төгрөгийн хий бичилт бичүүлэн авч, ашиглан 102,263,6 мянган төгрөгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэнийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоож, улмаар “ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 5,0 сая төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 40,0 сая төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн “зэргийг үндэслэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргүүлсэн, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар тогтоолоор4[3] “Б” ХХК-ийн захирал Ш.Ү-д холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийг баримтлан 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б, Ц.Ш нар нь дээрх улсын байцаагчийн дүгнэлт гаргах үндэслэл болсон баримтууд дээр тулгуурлан шалгалт явуулж, татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3400106.. дугаар акт үйлджээ.
Татварын ерөнхий хуулийн (2008 оны) 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, 11.3-д “Энэ хуулийн 11.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг дараахь байдлаар тоолж эхэлнэ”, 11.3.2-д “тайланг сар, улирал бүр гаргаж, татвар төлөхөөс хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн татварын тайланг гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс тоолж эхэлнэ”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006 оны) хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “ Албан татвар төлөгч нь бараа, ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харъяалах татварын албанд тушаана” гэж тус тус зааснаас үзэхэд энэхүү маргааны тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг 2012 оны 12 дугаар сарын буюу жилийн эцсийн татварын тайланг гаргасан байх өдрийн дараагийн ажлын өдөр буюу 2013 оны 01 дүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн тоолохоор байна.
Нэхэмжлэгчээс “...“Д” ХХК, “Х” ХХК, “Ж” ХХК-иудаас худалдан авалт хийж, 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичигдсэн ... 2012 оны 02 дугаар сарын 11-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой” гэсэн агуулгаар маргаж байх бөгөөд уг падааныг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 340044 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээр татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн эсэхийг цагдаагийн байгуулахаар шалгуулахаар дүгнэлт бичсэн, Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2.. дугаар тогтоолоор хий бичилт хийлгэн авч ашигласан болохыг тогтоож, маргаан бүхий 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3400106.. дугаар татварын улсын байцаагчийн актаар татварыг нөхөн ногдуулсан нь Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн “хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад акт үйлдэн, нөхөн татвар ногдуулсан” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэгч “ Б” ХХК нь “ ...Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд зааснаар санхүү, татварын тайлангаа зохих хугацаанд ил тодоор тайлагнасан... ” гэж, хариуцагч нь “...Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдах боломжгүй ... ” гэж маргаж байна.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө”, 4.1.1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль” гэж, 5 дугаар зүйлийн 5.1-д “Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж тус тус заажээ. Мөн Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор баталсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 2.1.1-д “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох ба энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг хэлэх”- ээр журамлан заажээ.
Дээрх хууль тогтоомжийн заалтын агуулгаас үзэхэд гагцхүү хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан орлого, түүнтэй адилтгах бусад орлогоо шударгаар, сайн дурын үндсэн дээр шинээр мэдүүлсэн, бүртгүүлсэн тохиолдолд албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөхөөр, ингэхдээ нуун дарагдуулсан хөрөнгө орлого нь аль нэг албан тушаалтны хяналт шалгалтаар тогтоогдоогүй тохиолдолд хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөхөөр байна.
Гэтэл энэхүү маргааны тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.О, Ө.Ө нар нь 2012 онд “Б” ХХК-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 340044 дугаар дүгнэлтээр3 “ Б ” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын 010092726, 10092751, 010028311 дугаартай падааныг хуурамчаар бичүүлэн бүрдүүлж, 102,263,600,00 төгрөгийг татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг санаатайгаар бууруулсан зөрчлийг илрүүлсэн байх тул нэхэмжлэгч хуулийн этгээд нь энэхүү хуулийн үйлчлэлд хамаарахгүй.
Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх зөрчлийг 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө татварын хяналт шалгалт явуулж, илрүүлсэн байх тул түүнийг нуун дарагдуулсан орлого, түүнтэй адилтгах бусад орлогоо шударгаар, сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн гэж үзэж, хүлээх хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна.
3. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь “ ... Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан тусгайлсан зохицуулалт байхад шинээр акт гаргасан нь өөрөө хууль бус ...” гэж тайлбарлаж байх боловч маргаан бүхий улсын байцаагчийн акт нь дээрх хууль үйлчлэх цаг, хугацааны дараа буюу 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш гарсан байх тул энэхүү хуулийн үйлчлэлд хамаарахгүй.
Мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “...ялаас өршөөн хэлтрүүлэх, ... эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй ...”, Татварын ерөнхий хуулийн (2008 оны) 33 дугаар зүйлийн 33.2.6-д “Татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, ...их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичнэ...”, 35 дугаар зүйлийн 35.3-д “энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан, дээрх маргаан бүхий актыг бичсэн зорилго нь өршөөлд хамрагдсан этгээдийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэгдэж, шинээр зөрчил буюу “ногдуулж төлөөгүй татварыг” илрүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн “...татварын улсын байцаагч нь 2017 онд нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалтад дахин шалгалт хийж, шинэ акт гаргасан ... Улсын байцаагчийн дүгнэлт гарсан байхад шинээр акт тогтоосон нь буруу...” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Б” ХХК нь “Д”, “Х”, “Ж” ХХК-иудтай бодитоор худалдан авалт хийгээгүй буюу дээрх компаниудад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй атлаа 2012 онд “Д” ХХК-иас 010092726 дугаартай падаанаар 335,636,300.00 төгрөгийн, “Х” ХХК-иас 010092751 дугаартай падаанаар 342,000,000.00 төгрөгийн, “Ж” ХХК-иас 010028311 дугаартай падаанаар 345,000,000.00 төгрөгийн, нийт 1,022,636,300.00 төгрөгийн худалдан авалт хийснээр НӨАТ-ын тайланд тусган, татвар ногдуулах орлого бууруулсан зөрчил гаргасан нь тогтоогджээ.
Иймд маргаан бүхий актаар дээрх зөрчилд 102,263,630,00 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын (2006 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй”, 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.2-т “ Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3-д “ энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заасантай нийцсэн, татварын улсын байцаагчийн акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий татварын улсын байцаагчийн акт нь холбогдох хуулийг зөрчөөгүй, энэхүү актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 10.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн (2008 он) 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3.2, 35 дугаар зүйлийн 35.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын (2006 он) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн СХД-ийн Т-н хэлтсийн т-н улсын байцаагч Т.Б, Ц.Ш нарт холбогдуулан гаргасан “СХД-ийн Т-ын татварын хяналт шалгалтын улсын байцаагч нарын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3400106.. дугаар актаар 102,263.... төгрөгийн нөхөн татвар ногдуулсан хууль бус актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.