Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 89

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Б.Чинбилэг,

шүүгдэгч О.Амартүвшин, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт О.Амартүвшинг холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201626010671 дүгээр хэргийг 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Станц 1-18 тоотод оршин суух,

Урьд 2009 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 67 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж, 2009 оны 5 дугаар сарын 14-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.1-д зааснаар 3 жил хасч хугацаа дуусаж суллагдсан, Оросоо овогт Амартүвшин /РД:ЧЕ81091013/.

 Шүүгдэгч О.Амартүвшин нь 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 02:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Сайхан хангай караоке баарны үүдэнд иргэн Т.Мянганбаярыг эхнэртэйгээ хардсаны улмаас маргалдан зодож, бие махбодид нь баруун зовхи, алимны салстад цус хуралт, хоёр шүдний хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолоор/

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Амартүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “” гэв.

 

201626010671 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   

Хохирогч Т.Мянганбаярын өгсөн: “” гэх мэдүүлэг /хх-10-11/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2975 дугаар дүгнэлтэнд: “1.Мянганбаярын биед баруун зовхи, алимны салстад цус хуралт, 2 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” Гэжээ /хх-13/,

Гэрэл зургын үзүүлэлт /хх-7/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-37-43/, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн захирамж /хх-67/, шинжээч Т.Номинцэцэгийг байцаасан тэмдэглэл /хх-85/, шүүгдэгчийн суурь боловсролын гэрчилгээ /хх-93/ хохирогч Мянганбаярын хүсэлт /хх-97/  зэргийг уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.  

Шүүгдэгч О.Амартүвшин нь 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 02:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Сайхан хангай караоке баарны үүдэнд иргэн Т.Мянганбаярыг эхнэртэйгээ хардсаны улмаас маргалдан зодож, бие махбодид нь баруун зовхи, алимны салстад цус хуралт, хоёр шүдний хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Амартүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч О.Амартүвшин нь урьд 2009 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 67 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж, 2009 оны 5 дугаар сарын 14-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.1-д зааснаар 3 жил хасч хугацаа дуусаж суллагдсан байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг” хэрэгсэхгүй болгоно гэсэн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Мянганбаярын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан боловч хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч О.Амартүвшинтэй сайн дураараа эвлэрсэн” тухай хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн тул хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байна гэж дүгнэн, уг үндэслэлээр шүүгдэгч О.Амартүвшинд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.Амартүвшин цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хойд овогт Оросоогийн Амартүвшинг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1-д тус тус зааснаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт О.Амартүвшинг холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар О.Амартүвшинг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.Амартүвшин цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Амартүвшинд авсан бусдын батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Амартүвшинд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                           Л.БААТАР