Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 594

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2018/00594

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 1-14 тоотод оршин суух, Боржигон овогт Г С нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, өөрийн байранд байрлах, “З Т Н” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /цаашид ОНӨААТҮГ гэх/ -д холбогдох,

 

Тэтгэмж 7 331 592 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.С нь З Т Н ОНӨААТҮГ-ийн Автобус 1 баазад 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдөр №42 тоот тушаалаар аижлд орж 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Б/708 тоот тушаалаар 12 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Г.С нь энэ байгууллагад бүх насаараа ажилласан боловч Автобус нэг ОНӨҮГ-н захиргаа, үйлдвэрчний хороо хоёрын хооронд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 2014 оны 01 дүгээр сарын 22-ны нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасан өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн заалтыг зөрчиж тэтгэмж олгоогүй. Г.Сгийн 1 сарын дундаж цалин 610 966 төгрөг, 12 сарын тэтгэмж 7 331 592 төгрөгийг тус байгууллагаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар дундаж цалин хөлсийг тодорхойлж байгаа. Хамтын гэрээний асуудлаар маргаж байна. Хамтын гэрээнд заасан асуудлын нэг бүрийг 2 тал нэгэн адил хүлээнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар зөрүүтэй асуудал гэдгийг шийдвэрлүүлнэ гэж хэлсэн. Зөрүүтэй асуудал нь хариуцлага байгаа. Өөр байгууллагатай гэрээ байгуулж зугтааж байгаа нь хамтын гэрээнийхээ үүрэг хариуцлагаас зугтааж байна гэж үзсэн. Дараа нь нэмэлт өөрчлөлт оруулсан. 2 үйлдвэрчний хороо хоорондоо нэгтгэж, нэгтгэсний үндсэн дээр автобус нэгдүгээр үйлдвэрчний хороо нь автобус нэгдүгээр үйлдвэрчний ОНӨААҮГ-ын дарга н.Одонтунгалагтай хийсэн гэрээ байдаг. Хамтын гэрээний өөрчлөлтийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд өөрчлөлт оруулах болон шинээр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр мөрдөнө гэж заасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “З Т Н” ОНӨААТҮГ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Сгийн нэхэмлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Г.С нь тус үйлдвэрийн газрын 1 дүгээр баазад 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдөр кондуктороор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасны дагуу 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/708 тоот тушаалаар тэтгэвэрт гарсан. Түүнийг өндөр насны тэтгэвэрт гарахад нь байгууллагаас хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-д заасны дагуу 8 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжид 4 300 000 төгрөг олгохоос 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж болох 1 075 000 төгрөгийг олгосон. Үлдэгдэл 3 225 000 төгрөгийг олгоно. Манай байгууллага 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хамтын гэрээг 2018 онд мөрдөж хэрэгжүүлэхээр хамтын гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлээд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ гэрээ бүртгүүлснээс хойш нэхэмжлэгч өндөр настны тэтгэвэрт гарсан болохоор сүүлд бүртгүүлсэн хамтын гэрээнд нэхэмжлэгч хамаарч байгаа. Тийм учраас бид гэрээний дагуу үүргээ биелүүлээд олгох ёстой мөнгийг олгоно. Нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг 537 500 төгрөгөөр бодсон. Энэ нь нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар бодсон. Дундаж цалин бодох журмын 4 дүгээр зүйлд зааснаар ажилтанд олгож буй тэтгэвэрт гарах тэтгэмжид хөнгөлөлтийн олговор буюу хоол унааны мөнгийг цалин хөлсны бүрэлдэхүүнд оруулахгүй гэж хасаж тооцсон. Тиймээс нэхэмжилсэн 7 331 592 төгрөгөөс хамтын гэрээний дагуу олгох 4 300 000 төгрөгийг хасаад үлдсэн 3 031 592 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.С хариуцагч “З Т Н” ОНӨААТҮГазарт холбогдуулан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээ, түүний 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр тохиролцсоны дагуу 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 7 331 592 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч “З Т Н” ОНӨААТҮГазар нь 2017 оны 07  дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт шинэ хамтын гэрээг бүртгүүлснээр 2014 оны 02 дугаар саын 05-ны өдрийн хамтын гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтийг мөрдөхгүй болсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, харин шинээр байгуулсан хамтын гэрээний дагуу тэтгэмж олгоход татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна.  

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.С нь Автобус-1 компанид 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мөнгө хураагчаар /кондуктор/ ажилд орж, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр б/708 дугаар  “З Т Н” ОНӨААТҮГ-ын захирлын тушаалаар Тээвэрлэлт, үйлчилгээний албаны шалгагч /кондуктор/ Г.С нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр цуцалж, ажлаас чөлөөлсөн, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “Автобус-1” ОНӨҮГ, “Автобус-3” ОНӨҮГ, “Цахилгаан тээвэр” ОНӨҮГ-уудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийг эх үүсвэрийн хамтаар шинээр байгуулагдсан Нийслэлийн “З Т Н” ОНӨААТҮГ-т 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийлүүлэхээр шийдвэрлэсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.С тасралтгүй 12 жил ажилласан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн, ажлаас халагдсаны тэтгэмж авах ёстой, тэтгэмжид  1 075 000 төгрөг авсан талаар зохигч маргаангүй бол  2013.02.05-ны өдрийн “Автобус-1” ОНӨҮГазар болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 1 жилийн хугацаатай байгуулсан хамтын гэрээ, уг гэрээний 2014.01.22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй гэж, харин хариуцагч З Т Н ОНӨААТҮГ нь Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хороо /цаашид ҮЭХ гэх/-той 2017.04.26-ны өдөр 2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг байгуулсан тул өмнөх хамтын гэрээний үйлчлэл дуусгавар болсон гэж маргаж байна.

Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээг үзвэл, 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэг талаас Автобус нэг ОНӨҮГ, нөгөө талаас үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдаж, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, “энэхүү хамтын гэрээ нь нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж заасан байна.

   Үүний дараа, “Автобус-1” ОНӨҮГ, “Автобус-3” ОНӨҮГ, “Цахилгаан тээвэр” ОНӨҮГ-уудыг татан буулгаж, өөрчлөн байгуулагдсан Нийслэлийн “З Т Н” ОНӨААТҮГазар нь Эв нэгдэл ҮЭХ-той 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг байгуулж, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт  заасны дагуу энэ хамтын гэрээ хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.

Хариуцагч дээрх хамтын гэрээг хүчин төгөлдөр бус, энэ гэрээний талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт хамтын гэрээг цуцлах санал хүргүүлснээр уг гэрээ цуцлагдсан гэж тайлбарласан боловч Засаг даргын Тамгын газрын даргатай хийсэн уулзалтын тэмдэглэл гэх баримт нь бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “З Т Н” ОНӨААТҮГ-ын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Төрбат  Нийслэлийн “З Т Н” ОНӨААТҮГ-ын ажилтны Эв нэгдэл ҮЭХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэг, бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан нь энэ хэрэгт хамааралтай гэж үзэхээргүй байна.

Иймд нэхэмжлэгчийг 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэг талаас Автобус нэг ОНӨҮГ, нөгөө талаас үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан хамтын гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 12 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж шаардах эрхгүй гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Шүүх ийнхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгч Г.Сг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Нийслэлийн “З Т Н” ОНӨААТҮГ-ын ажилтны Эв нэгдэл ҮЭХ-той байгуулсан хамтын гэрээний дагуу 8 сарын тэтгэмжээ авахад болон энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

            Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөнө.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагч “З Т Н” ОНӨААТҮГ-аас 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 7 331 592 төгрөг гаргуулах тухай Г.Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ                               Д.ЭНХЦЭЦЭГ