Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 01118

 

        Г.С-гийн нэхэмжлэлтэй,

       иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/00594 дүгээр шийдвэртэй, Г.С-гийн нэхэмжлэлтэй, “З” ОНӨААТҮГ-т холбогдох

12 сарын тэтгэмжид 7 331 592 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.С нь “З” ОНӨААТҮГ-ын Автобус-1 баазад 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 42 тоот тушаалаар ажилд орж, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Б/708 тоот тушаалаар 12 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Г.С нь энэ байгууллагад бүх насаараа ажилласан боловч Автобус-1 ОНӨҮГ-ын захиргаа, үйлдвэрчний хороо хоёрын хооронд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 2014 оны 01 дүгээр сарын 22-ны нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасан өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн заалтыг зөрчиж тэтгэмж олгоогүй. Г.С-гийн 1 сарын дундаж цалин 610 966 төгрөг, 12 сарын тэтгэмж 7 331 592 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлсийг тодорхойлно. Хамтын гэрээнд заасан асуудлын нэг бүрийг 2 тал нэгэн адил хүлээнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан зөрүүтэй асуудал нь хариуцлага байгаа. Өөр байгууллагатай гэрээ байгуулж байгаа нь хамтын гэрээний үүрэг хариуцлагаас зугтааж байна гэж үзсэн. Дараа нь нэмэлт өөрчлөлт оруулсан. 2 үйлдвэрчний хороо хоорондоо нэгтгэж, нэгтгэсний үндсэн дээр автобус нэгдүгээр үйлдвэрчний хороо нь автобус нэгдүгээр үйлдвэрчний ОНӨААҮГ-ын дарга н.О-тай хийсэн гэрээ байдаг.

          Хамтын гэрээний өөрчлөлтийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд өөрчлөлт оруулах болон шинээр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр мөрдөнө гэж заасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

  Хариуцагч “З” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Г.С тус үйлдвэрийн газрын 1 дүгээр баазад 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдөр кондуктороор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасны дагуу 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/708 тоот тушаалаар тэтгэвэрт гарсан. Түүнийг өндөр насны тэтгэвэрт гарахад нь байгууллагаас хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-д заасны дагуу 8 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжид 4 300 000 төгрөг олгохоос 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 1 075 000 төгрөгийг олгосон. Үлдэгдэл 3 225 000 төгрөгийг олгоно. 

   Манай байгууллага 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хамтын гэрээг 2018 онд мөрдөж хэрэгжүүлэхээр хамтын гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ гэрээ бүртгүүлснээс хойш нэхэмжлэгч өндөр настны тэтгэвэрт гарсан болохоор сүүлд бүртгүүлсэн хамтын гэрээнд нэхэмжлэгч хамаарна. Нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин хөлсийг 537 500 төгрөгөөр бодсон. Дундаж цалин бодох журмын 4 дүгээр зүйлд зааснаар ажилтанд олгож буй тэтгэвэрт гарах тэтгэмжид хоол унааны мөнгийг цалин хөлсны бүрэлдэхүүнд оруулахгүй хасч тооцсон. Иймд нэхэмжилсэн 7 331 592 төгрөгөөс хамтын гэрээний дагуу олгох 4 300 000 төгрөгийг хасч үлдэгдэл 3 031 592 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагч “З” ОНӨААТҮГ-аас 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 7 331 592 төгрөг гаргуулах тухай Г.С-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхээс "З" ОНӨААТҮГ нь Эв нэгдэл Үйлвэрчний эвлэлийн хороотой 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг байгуулж, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу энэ хамтын гэрээ хүчин төгөлдөр байна гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хууль зөрчпж байгуулагдсан хамтын гэрээг дагаж мөрдөх ёстой гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, шүүх гэрээний хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийгээгүй.

          “З” ОНӨААТҮГ-т ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах “З” ОНӨААТҮГ-ын  ажилтны  нэгдсэн  Үйлдвэрчний  эвлэлийн хороо, “З” ОНӨААТҮГ-ын Автобус-1 дүгээр баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Автобус-2 дугаар баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо, “З” ОНӨААТҮГ-ын Автобус-3 дугаар баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо зэрэг 4 Үйлдвэрчний эвлэлийн хороо үйл ажиллагаа явуулдаг. Түүний нэг нь манай Автобус-1 дугаар баазын Үйлдвэрчний эвлэлийн хороо юм. 2015 оны 08 дугаар сард Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 132 тоот тогтоолоор Aвтобус-1, Автобус-3 мөн цахилгаан тээвэр гэсэн гурван баазыг нэгтгэн нийлүүлж байгуулсан цагаас хойш 4 Үйлдвэрчний эвлэлийн хороотой болсон. Эдгээр Үйлдвэрчний эвлэлийн хороод тус тусдаа хамтын гэрээтэй, уг хамтын гэрээг мөрдөн ажиллаж байгаа. Гэтэл 4 Үйлдвэрчний эвлэлийн хороодод мэдэгдэлгүй захиргааны санаачилгаар Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороог шинээр байгуулж, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хамтын гэрээ байгуулж, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийи Засаг даргын Тамгын газарт бүртгүүлсэн.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 11 дүгээр зүйлийн 11.5, Үйлдвэрчний эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчин 4 үйлдвэрчний эвлэлийн хороодод мэдэгдэлгүй, хууль зөрчиж хамтын гэргээг байгуулсан байна. Ингэхдээ тус бүрийн хамтын гэрээнд заасан нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхльн хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангасан байсан асуудлуудыг дордуулсан. Дээрх 4 үйлдвэрчний эвлэлийн хороодтой ажил олгогчийн зүгээс хамтын гэрээг шинээр байгуулахаар хэлэлцээрийн шатанд явж байсан. Хууль зөрчсөн хамтын гэрээг дагаж мөрдөхөөр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

      Нэхэмжлэгч Г.С нь “З” ОНӨААТҮГ-т холбогдуулан тэтгэмжид 7 331 592 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч байгууллагаас тэтгэмжид 4 300 000 төгрөг олгохоос 1 075 000 төгрөг олгосон, үлдэх 3 225 000 төгрөгийг олгоно. Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 031 592 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

      “АВТОБУС НЭГ” ОНӨҮГазар нь Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Хамтын гэрээ”-нд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, мөн “З” ОНӨААТҮ газар нь “З” ОНӨААТҮГ-ын ажилтны “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээ”-г тус тус байгуулсан байна. /хх 5-12, 34-40/

    Талуудын маргаж байгаа үйл баримт, маргааны зүйл болох хамтын гэрээний дагуу олгогдох тэтгэмжийн асуудал нь  хамтын гэрээ хүчин төгөлдөр эсэх, хамтын гэрээ эрх бүхий байгууллага бүртгүүлсэн эсэх нөхцөл байдалд хамааралтай.

    “З” ОНӨААТҮГ-ын ажилтны “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэг, бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий “З” ОНӨААТҮГ-ын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Т-ын нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШЗ2018/0280 дугаар захирамжаар нотлогдож байна.

       Дээрх нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан “Эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлд хамаарах боломжтой.

       Иймд анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг тодруулж хэрэгт хамааралтай эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзнэ. Энэ нь хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөтэй байж болно.

        Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт хэргийн болон маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж, энэ ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг түдгэлзүүлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/00594 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатын шүүхэд буцааугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА